| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/01008/И |
| Дугаар | 192/ШШ2025/03254 |
| Огноо | 2025-04-23 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 192/ШШ2025/03254
| 2025 оны 04 сарын 23 өдөр | Дугаар 192/ШШ2025/03254 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.Ц нь хариуцагч Г.Цэд холбогдуулан гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүү Ц.З ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасны зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч Г.Ц нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2019 онд танилцан, хамтран амьдарч, 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Бидний дундаас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү Ц.З төрсөн. Хүүг төрсөн цагаас эхлэн би өдөр шөнөгүй ажил хийж мөнгө олдог байсан. Нэг ч удаа найзуудтайгаа гадуур явж зугаацаж байгаагүй. Би архи тамхи хэрэглэдэггүй, гэр бүлийн хүчирхийлэл нэг ч удаа үйлдэж байгаагүй. ...эхнэр Ц.Ц шоу цэнгээнд явж, гэр бүлээс гадуур харилцаа үүсгэж, намайг хуурч сэтгэл санаагаар их унагаж байсан. Би гэр бүл, хүүгээ бодож энэ байдлыг нь хүлээн зөвшөөрч, удаа дараа уучилж байсан. Архи ууж гэртээ оройтож ирдэг болсон. Цаашид хамт амьдрах боломжгүй, таарч тохирохгүй нь нэгэнт тодорхой болсон бөгөөд бидний дунд хайр сэтгэл байхгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Би хүү Ц.Зийг өөрийн асрамжид үлдээж өгнө үү. Учир нь эх Ц.Ц нь гадаад улсад ажил хийж амьдрах хүсэлтэй, хамтын амьдралын хугацаанд бий болгосон Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 66 тоот, 2 өрөө байрыг миний хуваарьт хөрөнгө зарсан орлогын эх үүсвэрээр буюу 90,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Эхнэр Ц.Ц энэ байрыг худалдаж авахад ямар ч хөрөнгө мөнгө оролцуулаагүй.
Хан-уул дүүргийн 14 дүгээр хорооны Өлзийт хороолол дахь Ногооны 106 тоот газрыг 42,000,000 төгрөгөөр, Тоёота аква маркийн 34-87 УЕА улсын дугаартай машиныг 13,000,000 төгрөгөөр, 5 ширхэг үйлчилгээний зориулалттай мах, ногооны хөргөгчийг нийт 13,000,000 төгрөгөөр, угаалгын машин 3,000,000 төгрөгөөр тус тус худалдан авсан, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36а байрны 66 тоот, 2 өрөө тавилгатай байрыг жилийн хугацаатай 16,800,000 төгрөгөөр түрээслэсэн. Дээрх 187,800,000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгөөс өөрийн хуваарьт хөрөнгө болох 100,000,000 төгрөгийг, мөн дундын хөрөнгө болох 87,800,000 төгрөгнөөс өөрт болон хүүд ногдох хөрөнгийг эхнэр Ц.Цээс гаргуулах хүсэлтэй байна гэжээ.
2.Хариуцагч Ц.Ц нь гэрлэлтээ цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Анх танилцаж хамтран амьдрах үед Г.Ц ҮХОБ-д харуул хийдэг, сард 650,000 төгрөгийн цалинтай, ...гар дээрээ 480,000 төгрөгийн цалин авдаг, цалингийн болон ББСБ-ын нийт 6 сая төгрөгийн зээлтэй, түүнийгээ надаас туслаач, зээлээ төлөх боломжгүй байна, эргээд төлнө гэж гуйж байж бүх зээл, өрөө төлүүлсэн хирнээ буцаж төлөөгүй. ... ажлаасаа гарч бүтэн нэг жил эмнэлэгээр явсан бөгөөд энэ хугацааны бүх зардлыг /шамбарам, түрүү булчирхайн эвэрхийний хагалгаа, хоол, хэрэглээний/ бүгдийг нь миний бие гаргасан.
...тусдаа гарахад хадам талаас гэр бүл болсонд зориулж 2 өрөө байр бид хоёрт өгсөн, Манай талаас гэрийн тавилга, машин өгсөн. ...хүү Ц.З төрөх үед би ээжийнхээ дэргэд, ээжээрээ туслуулж, хүүгээ 9 сар хүргэсэн. Энэ хугацаанд би өөрийн дикритний мөнгөөр амьдарч байсан. ... Г.Ц огт ажил хийгээгүй, амьдралын шаардлагаар би 2021 оны 9 сараас ажилдаа орсон.
...Гэр бүлээс гадуур өөр хүүхэнтэй харилцаа холбоотой байсан. Г.Ц харин хувийн орон зай руу байнга бүдүүлгээр халддаг, хартай, ажил хийлгэхгүй хардаад байснаас ажлаасаа гарч хувиараа 6 нэрийн дэлгүүр ажиллуулж, ажил эрхэлдэг болсон боловч дэлгүүрт орсон гарсан худалдан авагч нартай байнга харддаг, ...хянаж, чагнана, тагнаж хэрүүл маргаан үүсгэн доромжилдог. Энэ бүхнийг тэсэж тэвчихэд хэцүү байдаг. 2024 онд өөрсдийн амьдарч байгаа байраа түрээслүүлнэ гэж ... уурлаж, ...аргагүйн эрхэнд орон байраа түрээслүүлж, хадмын гэрт нэг өрөөнд нь түрээсийн мөнгө төлж амьдарсан үеэс түүний зан авир өөрчлөгдөж, чанга дуугаар харьцдаг болж, хүсээгүй байхад секс хийхийг шаардаж, цохиж, өшиглөж орилдог болсон....... хэл ам ихтэй, хэрүүл болгонд дийлээд сурчихсан, байраа авна, сална гэж ...хүний хувийн орон зай руу халддаг, гэр бүлийн хүчирхийлэл /сэтгэл санаа болон бэлгийн хүчирхийлэл/ үйлддэг, гаж донтой, хардаж сэтгэцийн эмгэгтэй, хүн гүтгэдэг, худалч, мөрийтэй тоглоомчин, итгэлгүй, хариуцлагагүй, гэр бүлээ аваад явах чадваргүй.
Төрсөн ганц хүүгээ эрүүл мэнд, сэтгэл санаа, амьдралыг бодохгүй хөрөнгө мөнгө ярьж, эцэг хүний шинжгүй авирлаж байгаа хүнд өгөхгүй.
нагац эгч Ц.Бүрэнжаргалын миний нэр дээр эзэмшлийн газар авахуулсныг Г.Ц сайн мэдэж байгаа ...бид хоёр мөнгө төлж аваагүй. ..нагац эгч маань бидэнд 10 сая төгрөг зээлсэн мөнгөөр дэлгүүрээ тохижуулсан, дахин 20 сая төгрөгийг зээлж бараа бүтээгдэхүүн авсан. ...гэрлэлт цуцалж, эд хөрөнгө хуваасан тохиолдолд уг өрийг ч гэсэн адил тэнцүү хувааж төлөх хүсэлтэй байна.
би хүүгийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот байранд амьдрах хүсэлтэй, нэхэмжлэгч Г.Цид оногдох хэсгийг өгөхөд татгалзахгүй.
...гэр орноо тавилгатай нь түрээслэсэн мөнгөөр нь Г.Цийн нэхээд байгаа 3 сая төгрөгийн үнэтэй угаалгын машиныг, мөн түүний ахынх нь зурагтыг худалдаж авсан гэх мэт олон зүйлийг авч өгсөн, ээжийнх нь байрны түрээсийн мөнгийг бас өгсөн, гэр бүлийн хэрэгцээнд буюу амьдрал ахуйд зарцуулагдаад дууссан болно.
13 сая төгрөгийн үнэтэй 5 ширхэг үйлчилгээний зориулалттай мах, ногооны хөргөгчийг нагац эгчээс зээлсэн 10 сая төгрөгөөр авсан одоо үнэ нь буурсан, аква тоёота маркийн 34-87 УЕА улсын дугаартай машиныг 17 сая төгрөгөөр манай аав, ээж хоёр надад авч өгсөн учир Г.Цид оногдох хувь байхгүй гэж үзэж байна гэж тайлбарлажээ.
3.Гэрлэгчид нь 2019 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 1119000079 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүү Ц.З төрж, эцэг Г.Цаар овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 00008 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзэхээр байна.
5.Гэрлэгчид нь 2024 оноос тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
7.Нэхэмжлэгч нь хүү Ц.Зийг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэгийн хуульд зааснаар төлөх тухай тайлбар гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байгаа, хүүхэд бага нас /4 нас/-ны зэргийг нь харгалзан түүнийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.
Хариуцагч Ц.Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот, 2 өрөө орон сууцны үнэ болох 90 сая төгрөгөөс 60 сая төгрөгийг, 3 сая төгрөгийн үнэтэй угаалгын машин зэргийг нэхэмжлэгчид 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцжээ.
Дээрхээс хариуцагч Ц.Цийн Миний бие бага насны хүүгийн хамт Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот байранд амьдрах хүсэлтэй байгаа бөгөөд нэхэмжлэгч Г.Цид оногдох хэсгийг өгөхөд татгалзахгүй гэсэн тайлбарыг нэхэмжлэгч Г.Ц зөвшөөрч, орон сууцнаас ногдох хэсэг 60 сая төгрөгийг авч, орон сууцыг хариуцагч Ц.Ц, хүү Ц.З нарын өмчлөлд үлдээхээр тохиролцсон гэж үзэхээр байна.
8.1 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, ... хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч Г.Цийн 42 сая төгрөгөөр худалдан авсан Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо, Доод Өлзийт 106 тоот эзэмшлийн газар, 13 сая төгрөгийн үнэ бүхий аква тоёота маркийн 34-87 УЕА улсын дугаартай автомашин, 13 сая төгрөгийн үнэтэй 5 ширхэг үйлчилгээний зориулалттай мах, ногооны хөргөгч, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот, 2 өрөө орон сууцыг түрээслэсэн төлбөр 16,800,000 төгрөг нийт 187,800,000 төгрөгийн нэхэмжлэлээс 124,800,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Ц, хүү Ц.З нарын өмчлөлд үлдээх,
Хариуцагч Ц.Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот, 2 өрөө орон сууцны үнэ болох 90 сая төгрөгөөс 60 сая төгрөгийг мөн 3 сая төгрөгийн үнэтэй угаалгын машин зэргийг нэхэмжлэгчид 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
9.Дээрхээс дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдийг эхийнх нь асрамжинд үлдээж, эцгээс нь тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх, гэрлэгчдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар эвлэрснийг баталж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 543,150 төгрөг /472,950+70,200/-ийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Дэлэг овогт Ганболдын Ц, хариуцагч Бүд овогт Цацралболдын Ц нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр төрсөн хүү Ц.Зийг эх Ц.Цийн асрамжинд үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Цаас хүү Ц.Зийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Ц нь 42 сая төгрөгөөр худалдан авсан Хан-уул дүүргийн 14 дүгээр хороо, Доод Өлзийт 106 тоот эзэмшлийн газар, 13 сая төгрөгийн үнэ бүхий аква тоёота маркийн 34-87 УЕА улсын дугаартай автомашин, 13 сая төгрөгийн үнэтэй 5 ширхэг үйлчилгээний зориулалттай мах, ногооны хөргөгч, Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот, 2 өрөө орон сууцыг түрээслэсэн төлбөр 16,800,000 төгрөг, нийт 187,800,000 төгрөгийн нэхэмжлэлээс 124,800,000 төгрөгийн шаардлагаас татгалзаж,
Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот, 2 өрөө орон сууцыг хариуцагч Ц.Ц, хүү Ц.З нарын өмчлөлд үлдээх,
Хариуцагч Ц.Ц нь Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 36и байрны 66 тоот, 2 өрөө орон сууцны үнэ болох 90 сая төгрөгөөс 60 сая төгрөг, 3 сая төгрөгийн үнэтэй угаалгын машин зэргийг нэхэмжлэгч Г.Цид 2026 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Цээс улсын тэмдэгтийн хураамжид 543,150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Цид олгосугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ