Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2024/ДШМ/247

 

 

 

 

 

 

  2024            02            27                                       2024/ДШМ/247

 

 

                   Ц.С-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Лхагвасүрэн,

нарийн бичгийн дарга Б.Энхдөлгөөн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Булгантамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1078 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар эсэргүүцлээр Ц.С-д холбогдох .............................. дугаар эрүүгийн хэргийг 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Ц.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 03 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө .................. нутаг дэвсгэр ...............2 давхарт байрлах зочид буудалд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хана мөргүүлсэн, улмаар хохирогчийн эрүүл мэндэд зүүн 6 дугаар шүдний булгарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн үргэлжилсэн үйлдлээр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын эхээр ................. хороонд үйл ажиллагаа явуулдаг ........... дүгээр хороололд ............. нэртэй караоке дотор хүнтэй хардсаны улмаас өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр гараараа сандал руу түлхэж унагаасан,

мөн үргэлжилсэн үйлдлээр 2023 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ...........................дүүргийн нутаг дэвсгэрт авто машинтай явж байхдаа айл руу орсонгүй гэх шалтгаанаар өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хурдтай явж байгаад огцом тоормослох үйлдэл хийж юм мөргүүлсэн,

мөн үргэлжилсэн үйлдлээр нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр .................... байрны голд өөрийн гэр бүлийн хамаарал бүхий хамтран амьдрагч хохирогч Д.С-д гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үснээс нь зулгааж, хана мөргүүлсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Ц.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт Ц.С-г холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Ц.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Ц.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.С-д оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлэх болохыг Ц.С-д сануулж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Лхагвасүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.С-ийн байнгын шинжтэй буюу 4 удаагийн үйлдлийг дурдаж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд Ц.С-ийн зүгээс гэм буруу болон хохирол, хор уршиг дээр маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг удаа дараа тавьж ирсэн. Гэвч шүүх шинжлэн судлах нотлох баримтын жагсаалтад хохирогчийн өгсөн бүх мэдүүлгийг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгийг болон бусад баримтуудыг харьцуулан шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзсэн хэрнээ ямар үндэслэлээр хэрэгт авагдсан баримтуудыг үнэлэхгүйгээр шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэж буйгаа тодорхой тайлбарлаж чадаагүй гэж үзэж байна. Ц.С-ийн гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон буюу 2022 оны 02 дугаар сарын эхээр, 2023 оны 2 дугаар сарын 23-ны өдөр, 2023 оны 03 дугаар сарын 02-03-нд шилжих шөнө, мөн 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр үйлдэгдсэн нь давтамжийн хувьд байнга гэх шинжийг хангаж байна. Шүүх хохирогч Д.С-ийн зүгээс анх мэдүүлэхдээ 2023 оны 02 дугаар сарын эхээр .............. дүүргийн ......дүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг ..... дүгээр хороололд ....... нэртэй караоке дотор хүнтэй хардсаны улмаас сандал руу түлхэж унагаасан гэж мэдүүлээгүй, дахин мэдүүлэг авах үед л мэдүүлсэн байна гэдэг үндэслэлээр тухайн үйлдэл холбогдлыг хүчингүй болгож байнга үйлдсэн гэж үзээгүй. Гэтэл тухайн хэрэгт авагдсан гэрч С.Г-ын “...хяналтын камер хараад байсан чинь С-г нөхөр нь хоёр түлхэж газар унагааж байхыг хараад очоод боль гэж хэлээд салгаад гаргаад явуулсан юм...” гэх мэдүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд болон, шүүхийн хуралдаан дээр яллагдагч Ц.С-ийн зүгээс сандал руу түлхэж унагаасан гэдгээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байхад хэрэгт авагдсан нотлох баримтуудыг бүрэн үнэлж дүгнээгүй зодсон үйлдэл нь тогтоогдохгүй байна гэж хийсвэр байдлаар дүгнэж гэмт хэргийн шинжгүй гэж үзсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй байна. Прокуророос хэргийг зүйлчилж яллах дүгнэлт үйлдэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан зүйлчилсэн нь Ц.С-ийн бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь тусдаа гэмт хэрэг бус, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйлдлийн нэг байнгын шинжид хамаарч байгаа гэдгийг журамлаж өгсөн гэж ойлгогдохоор байхад шүүх Ц.С-ийн үйлдлийг ямар үндэслэлээр хасаж байнга үйлдсэн болох нь тогтоогдохгүй гэж үзсэн нь ойлгомжгүй байна. Мөн тус хэрэгт гол анхаарах зүйл нь Ц.С-ийн үйлдлийн арга хэлбэр бөгөөд түүний зүгээс шууд цохих зодохоос илүү хана мөргүүлэх, түлхэх, юм мөргүүлэх зэргээр хүний эрүүл мэндэд хохирол учруулахуйц шууд санаатай, идэвхтэй үйлдлээр илэрч байгаад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна. Иймд Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 2023/ШТ/1078 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Ц.С-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд шийтгэх тогтоолыг хүчингүй болгох дараах үндэслэл тогтоогдов.

Прокуророос Ц.С-г гэр бүлийн хамаарах бүхий харилцаатай хамтран амьдрагч Д.С-тай маргалдан түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учраалах гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, мөн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон гэмт хэрэгт мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх, шүүгдэгч Ц.С-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцатай хүнийг байнга зодсон үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж үзэв.

Харин Ц.С нь гэр бүлийн хамаарал бүхий харилцатай Д.С-г үргэлжилсэн үйлдлээр зодож түүнд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжтэй нөхцөл байдал байхад мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял  шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх бөгөөд  “шүүгдэгч, хохирогч нарын хооронд тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдан эрх, эрх чөлөөнд халдсан нь гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй бус үйлдэл” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, гэр бүлийн хүчирхийллийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна гэр бүлийн ашиг сонирхол хамаарах бөгөөд хууль тогтоогч гэр бүлийн хамаарал бүхий хүний эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна.

Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд”, 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”, 5.1.2 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” /цаашид “хохирогч” гэх/ гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг” ойлгоно гэж хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд болон нэр томъёог тодорхойлжээ.

Түүнчлэн гэр бүлийн хамаарал бүхий харьцаатай хүн гэх хууль зүйн ойлголтыг дэлгэрүүлэн тайлбарласан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн нэр томьёоны тодорхойлолтоор “хамтран амьдрагч” гэдэгт гэрлэлтээ бүртгүүлээгүй ч харилцан тохиролцсоны үндсэн дээр гэр бүлийн харилцаа үүсгэн хамт амьдарч байгаа хүмүүсийг ойлгохоор заасан.

Мөн хохирогч Д.С /хх 12-13, 21-22/, гэрч Я.П /хх 17/ нарын мэдүүлгүүд, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх 47/ зэрэг нотлох баримтуудаар хохирогч Д.С, шүүгдэгч Ц.С нар нь эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч гэр бүлийн харилцаа үүсгэн амьдарч байгаа, дундаасаа хүүхэдтэй хамтран амьдрагч нар болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь гэр бүлийн гишүүд хооронд үүссэн байх гол утга агуулга, шалгууртай учраас “гэр бүлийн гишүүд”-тэй холбоотой суурь ойлголт, харилцааг зохицуулсан Гэр бүлийн тухай хуулийн нарийвчилсан зохицуулалтыг “Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад баримтлах” шаардлагатай болохыг анхаарвал зохино. 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад, хохирогч Д.С-ийн “...С миний куртикнээс зулгаагаад явуулахгүй, чирч авч яваад хүүхдийн тоглоомын талбай дээр байрлах жижиг байшингийн ард орж байгаад намайг шууд хоёр гараараа хана руу 2 удаа түлхсэн. ...” /хх 12-13/, гэрч Я.П-ийн “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр зочид буудалд манай охиныг дагуулж ороод үсдэж байгаад хана мөргүүлж зодож, цохисон байсан. Тэгээд нүд ам нь хөхөрч хавдсан, шүдний хоёр араа нь хугарчихсан байсан. ...” /хх 17/, гэрч Э.Б-ийн “...2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр дуудлага мэдээллийн дагуу очиж шалгахад хардалтын улмаас нөхөр С нь эхнэр С-тай хэрүүл маргаан хийсний улмаас биед нь халдаж, .............. дүүргийн ........ дугаар хороо 1, 2 дугаар байрны тоглоомын талбайн голд байрлах цагаан өнгийн жижиг байшинг мөргүүлсэн байсан ба хувцсыг нь урсан байсан. Мөн тухайн үед иргэн С нь их айсан янзтай, уйлсан байсан. ...” /хх 76/, гэрч С.Г-ын “...хяналтын камер хараад байсан чинь С-г нөхөр нь хоёр түлхэж газар унагааж байхыг хараад очоод боль гэж хэлээд салгаад гаргаад явуулсан. ...” /хх 79/, шинжээч Б.Ц-ийн “...Д.С-ийн биед үзлэг хийхэд зүүн 6 дугаар шүдний булгарал болон баруун бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдсон нь Гэмтлийн зэрэг тогтоох журмаар шүдний булгарал нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин цус хуралт дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахгүй. ...” /хх 81-82/ гэх мэдүүлгүүд, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 62-71/, гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5-6/, дуудлага мэдээллийн лавлагаа /хх 83-84/, “...Д.С-ийн биед зүүн 6 дугаар шүдний булгарал, баруун бугалгад цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх шүдний гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг 5 хувиар тогтонги алдагдуулна. ...” гэсэн Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 3648 дугаар шинжээчийн дүгнэлт /хх 29-30/, гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 97-103/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 104-106/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх 109-113/ зэрэг нотлох баримтуудаар Ц.С нь хохирогч Д.С-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тогтоогджээ.

Иймд анхан шатны шүүхийн Ц.С-д холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээтэй бөгөөд мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч заавал биелүүлэх үүрэгтэй болно.

Давж заалдах шатны шүүхээс эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэхгүйгээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан аль нэг үндэслэлээр доод шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдолд анхан шатны шүүх нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу дахин явуулж, дээд шатны шүүхийн шийдвэрт дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг зөвтгөж, Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилго, нийтлэг зарчмуудад нийцсэн, хууль ёсны ба үндэслэл бүхий шийдвэр гаргах үүрэг хүлээнэ.

Иймд, прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Прокурор Г.Лхагвасүрэнгийн бичсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 53 дугаар эсэргүүцлийн зарим хэсгийг хангаж, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1078 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ

                                    ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ