| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 305/2025/00323/И |
| Дугаар | 305/ШШ2025/00348 |
| Огноо | 2025-05-28 |
| Маргааны төрөл | Хүнийг сураггүй алга болсонд тооцох буюу нас барсан гэж зарлах, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 305/ШШ2025/00348
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн ********** сумын ************ багт оршин суух, Х овогт Н-н С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-н нэхэмжлэлтэй,
Нас барсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр оролцов.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өөрийгөө оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулах хүсэлт гаргасан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: Ж-Н Ц-н нас барсан байдлыг тогтоолгох тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл: Х овогт Н-н С миний бие 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Э.Ж-тай гэр бүл болж байсан. Бид нарын дундаас 2001 оны 02 дугаар сарын 17-ний өдөр хүү Ж.Ц төрсөн билээ. Хүү маань 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрийн гадаа байсан мотоциклд дарагдаад нас барсан байсан юм. Тухайн үедээ бид эмнэлэг, цагдаад хандаж байгаагүй, хүүгээ хөдөөлүүлсэн юм. Тухайн үедээ сумын захиргаанд хүүгээ нас барсан талаар хэлж байсан. Ингээд нас барсны гэрчилгээ аваагүй өдий хүрсэн. 4 хүүхэдтэй ээжийн одон хөөцөлдөх гэхээр хүү Ж.Ц-г нас барсан байдлыг шүүхээр тогтоолгох болсон тул хүү Ж овогтой Ц-г 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр нас барсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримт:
-Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/308 дугаартай албан бичиг
-Төрсний бүртгэлийн лавлагаа /Ж.Ц/
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа /Н.С/
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа
- Иргэний үнэмлэхийн лавлагаа /Н.С/
-Иргэний үнэмлэхийн лавлагаа /Э.Ж/
-Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03-06/3712 дугаартай архивын лавлагаа /2010 оны хүн амын тооллого/
4.Шүүхийн журмаар бүрдүүлсэн нотлох баримт: Байхгүй.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нотлох баримтын шаардлага хангаж, иргэний хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хууль зүйн болон бодит үндэслэлд дүгнэлт хийж, нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх эрх зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Н.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь Ж-н Ц-н нас барсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
3.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3.1.С овогт Ж-н Ц 2001 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Нэгдсэн эмнэлэгт төрснийг 2001 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр иргэний төрсний бүртгэлийн ******************* дугаарт бүртгүүлжээ.
Хэрэгт авагдсан Ж-н Ц-н төрсний бүртгэлийн лавлагааны хүүхдийн эцгийн нэр хэсэгт ************* регистрийн дугаартай, Э-н Ж, эхийн нэр хэсэгт ************* регистрийн дугаартай, Н-н С гэж бүртгэгдсэн байх бөгөөд *********** регистрийн дугаартай, Э-н Ж, ************** регистрийн дугаартай, Н-н С нар нь 1998 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаагаар тогтоогдлоо.
3.2.Говь-Алтай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 15/308 дугаартай Тус аймгийн ************ сумын харьяат иргэн Ж-н Ц (************)-н нас барсны бүртгэлийг Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн сангаас болон *********** сумын нас барсны бүртгэлийн дэврийн 2001-2025 онд шүүж үзэхэд бүртгэл байхгүй болно гэх агуулга бүхий тодорхойлолтоор Ж-н Ц-н нас барсан талаар бүртгэл хийгдээгүй болох нь тогтоогдож байна.
3.3 Нэхэмжлэгч ... Хүү маань 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Гэрийн гадаа байсан мотоциклд дарагдаад нас барсан байсан юм. Тухайн үед бид эмнэлэг цагдаад хандаж байгаагүй, хүүгээ хөдөөлүүлсэн юм ... Нас барсны гэрчилгээ авалгүйгээр өдий хүрсэн ... гэх тайлбар гаргасан бөгөөд Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 03-06/3712 дугаартай ... Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 3 дугаар хуудсанд Говь-Алтай аймгийн ********* сумын ************ багийн оршин суугч: өрхийн тэргүүн С ургийн овогтой Э Ж эрэгтэй, 1973 оны 10 дугаар сард төрсөн, 37 настай, хүү С ургийн овогтой Ж-н Г 2005 оны 08 дугаар сард төрсөн, 5 настай, эхнэр Х ургийн овогтой Н-н С 1976 оны 04 дүгээр сард төрсөн 34 настай, охин С ургийн овогтой Ж-н Ж 1999 оны 08 дугаар сард төрсөн, 11 настай гэж бүртгэгдсэн байна... гэх агуулга бүхий лавлагаагаар С овогт Жа-н Ц нь 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн ****** сумын *********** багт байрлах гэртээ нас барсан болох тогтоогдож байна.
4.Дээрх бичгийн нотлох баримтуудаар Ж-н Ц-н нас барсан талаарх бүртгэл улсад байхгүй бөгөөд тэрээр 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр ахуйн ослын улмаас нас барсан болох нь тогтоогдож байх тул Э-н Ж, Н-н С нарын гэр бүлд 2001 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүү Ц нь 2003 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэртээ нас барсан болохыг тогтоох үндэслэлтэй байна.
5.Ийнхүү Ж-н Ц /**************/-г нас барсан болохыг тогтоолгох нь түүний эх Н-н С алдарт эхийн одон авахад эрх зүйн ач холбогдолтой байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
6.Хүсэлт гаргагч Н.С-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М-н хүсэлтийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасныг баримтлан Э-н Ж, Н-н С нарын гэр бүлд 2001 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, хүү Ж-н Ц /**************/ нь 2005 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говь-Алтай аймгийн *********** сумын ************* багт байрлах гэртээ нас барсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 70,200(далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА