2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04053

 

 

 

 

 

 

 

 

2025 5 14 192/ШШ2025/04053

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч О.Өын хариуцагч Ш.Пд холбогдох гэрлэлт цуцлах, 3 хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

 

1.1 Нэхэмжлэгч О.Ө нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Зан харилцааны таарамжгүй байдлаас үүдэн гэрлэлтийг цуцлуулж, хүүхдүүдээ би өөрийн асрамжид авна, тэтгэлэг тогтоолгохгүй, эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэж тайлбарлажээ.

 

2.Хариуцагч Ш.П ньгэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охин У, хүү И, охин Н 3 хүүхдээ Өын асрамжид үлдээхийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргажээ.

 

3.Гэрлэгчид 2009 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 0025 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Ө.У, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү Ө.И, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин Ө.Н нар төрж, эцэг О.Өаар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхдүүд эцгийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

 

4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 00056 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.

 

5.Гэрлэгчид нь зан харилцааны таарамжгүй байдлаас болж тусдаа амьдарч байгаа, цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон,

шүүхээс шүүгчийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 192/ШЗ2025/07108 дугаартай Гэрлэгчдэд эвлэрүүлэх арга хэмжээ авах тухай захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2 сарын хугацаатай түдгэлзүүлж, эвлэрүүлэн зуучлах бүх талын арга хэмжээ авахыг тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид даалгаж, шийдвэрлэсэн боловч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон,

гэрлэгчдийн хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдний гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ. 

 

6.Нэхэмжлэгч нь охин Ө.У, Ө.Н, хүү Ө.И нарыг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй, мөн нэхэмжлэгч нь эхээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тайлбарыг гаргасан зэргийг харгалзан хүүхдүүдийн өссөн орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

7.Түүнчлэн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.

 

  8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдүүдийг эцгийнх нь асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг болон гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Ш.Паас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Өад олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Боржигон овогт Оюубаатарын Ө, хариуцагч Бэсүд овогт Шаравдоржийн П нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2010 оны 12 дугаар сарын 03-ны өдөр охин Ө.У, 2015 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүү Ө.И, 2017 оны 8 дугаар сарын 14-ний өдөр охин Ө.Н нарыг эцэг О.Өын асрамжинд үлдээсүгэй.

 

3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Паас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч О.Өад олгосугай.

 

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ