2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04085

 

 

 

 

 

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 192/ШШ2025/04085

Улаанбаатар хот

 

                         

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, 189-3 тоотод оршин суух, эрэгтэй, Боржигин овогт Эрдэнэбилэгийн М /РД ********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Г ХХК /Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт гудамж, 129/1 тоотод оршин байх, РД *******/-д холбогдох,

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн 11,155,000 төгрөг, алданги 2,810,060 төгрөг, нийт 13,965,060 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н /РД *********/,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б/РД ************/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Э нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч ГХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 11,155,000 төгрөг, алданги 2,810,060 төгрөг, нийт 13,965,060 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Би ГХХК-ийн автомат зуухны үйлдвэрийн захирал Х.Силамтай 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Гмаркийн 250 квт хүчин чадалтай автомат зуухыг 23,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг зуухыг 1 сарын дотор нийлүүлнэ, хэрэв хугацаандаа нийлүүлэхгүй бол өдрийн 0.3 хувийн алданги төлөх, урьдчилгаа 50 хувийн төлбөр 11,155,000 төгрөгийг Х.Силамын Голомт банкны 110534064 тоот дансанд гэрээ хийсэн өдөр байршуулна гэсэн гэрээ байгуулсан.

Би гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг байршуулж, 1 сарын дараа зуухыг авья гэтэл манай захиалсан зуухыг өнөө маргаашгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд одоо утсаа авахгүй алга болсон.

Иймээс гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч нь зуухыг хүлээлгэн өгөх боломжгүй гэсэн тул ГХХК-аас автомат зуухны урьдчилгаанд төлсөн 11,155,000 төгрөг, гэрээний 2.2-т зааснаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 84 хоногийн алдангийг 0.3 хувиар тооцон 2,810,060 төгрөг, нийт 13,965,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах байдлаар тайлбарлаж байна.

Үүнд: Зуухыг хүлээлгэн өгөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагын 11,155,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна. Алдангийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь гэрээнээс татгалзсан бол алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй тул алдангийг төлөхгүй гэжээ.

 

3.Нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс: Улсын тэмдэгтийн хураамжид 233,804 төгрөг төлсөн баримт,

Нэхэмжлэгч Э.М иргэний үнэмлэхний хуулбар,

Нэхэмжлэгч Э.М2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Д.Н олгосон итгэмжлэл,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан 6776 дугаартай Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ,

ХААН банк ХК-ийн шилжүүлгийн мэдээлэл,

2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Х-40 дугаартай Гмаркын автомат зуух худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас:

2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Д.Б олгосон итгэмжлэлийг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн болно.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Э.М нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

1.1 Нэхэмжлэгч Э.М нь хариуцагч ГХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, гэрээний дагуу шилжүүлсэн 11,155,000 төгрөг, алданги 2,810,060 төгрөг, нийт 13,965,060 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

1.2 Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би ГХХК-ийн захирал Х.Силамтай 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Гмаркийн 250 квт хүчин чадалтай автомат зуухыг 23,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, уг зуухыг 1 сарын дотор нийлүүлэх, хэрэв хугацаандаа нийлүүлэхгүй бол өдрийн 0.3 хувийн алданги төлөх, урьдчилгаа 50 хувийн төлбөр 11,155,000 төгрөгийг Х.Силамын Голомт банкны 110534064 тоот дансанд гэрээ хийсэн өдөр байршуулах гэрээ байгуулан, гэрээний дагуу урьдчилгаа төлбөрийг төлж, 1 сарын дараа зуухыг авья гэтэл зуухыг өнөө маргаашгүй өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн.

Иймээс гэрээний хугацаа 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дуусгавар болсон, хариуцагч нь зуухыг хүлээлгэн өгөх боломжгүй гэсэн тул ГХХК-аас урьдчилгаанд төлсөн 11,155,000 төгрөг, гэрээний 2.2-т зааснаар 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл 84 хоногийн алдангийг 0.3 хувиар тооцон, 2,810,060 төгрөг, нийт 13,965,060 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баясгалан Зуухыг хүлээлгэн өгөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагын 11,155,000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлж барагдуулна. Гэрээнээс татгалзсан бол алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй тул алдангийг төлөхгүй гэж тайлбарлан, маргаж байна.

 

3.Хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Хавтас хэрэгт авагдсан 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Х-40 дугаартай Гмаркын автомат зуух худалдах, худалдан авах гэрээ гэсэн баримтаар хариуцагч ГХХК нь 23,000,000 төгрөгийн үнэтэй Гмаркийн 250 квт /шинэ/ хүчин чадалтай автоматжуулагдсан зуухыг нэхэмжлэгч Э.Мас урьдчилгаа 11,155,000 төгрөгийг Голомт банк-ны 1105340364 дугаартай Х.Силамын дансанд байршуулснаас хойш 30 хоногт дагалдах хэрэгслийн хамт үйлдвэрлэж, бэлэн болгон хүргэж, холбон өгөх, үлдэгдэл төлбөр 11,155,000 төгрөгийг автомат зуухыг акт үйлдэн жагсаалтаар хүлээн авахдаа дээрх дансанд төлж барагдуулах, гэрээний баталгаат хугацаа 365 хоногт хүчинтэй байх, гүйцэтгэгч ГХХК нь ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй буюу чанарын доголдлыг тогтоосон хугацаанд арилгаагүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлөхөөр тохиролцжээ.

 

3.2 Улмаар нэхэмжлэгч Э.М нь 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр Силам Хаугажай гэх Голомт банкны 1105340364 тоот дансанд 11,155,000 төгрөгийг Гзуух урьдчилгаа Э.М гэх утгаар төлсөн болох нь тогтоогдож байх бөгөөд зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй тул шүүх уг үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

3.3 Дээрхээс зохигчийн хооронд 2024 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр байгуулагдсан Х-40 дугаартай Гмаркын автомат зуух худалдах, худалдан авах гэрээ-ний агуулга, зорилго болон талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан байх ба уг гэрээгээр хариуцагч ГХХК нь гэрээний 1.1, 2.2-т зааснаар Гмаркийн 250 квт /шинэ/ хүчин чадалтай автоматжуулагдсан зуухыг нэхэмжлэгч Э.Мас урьдчилгаа 11,155,000 төгрөгийг 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шилжүүлснээс хойш 30 хоногт дагалдах хэрэгслийн хамт үйлдвэрлэж, бэлэн болгон хүргэж, холбон өгөхөөр тохиролцсон байна.

 

3.4 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд уг гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэжээ.

 

3.5 Хариуцагч ГХХК нь гэрээнд заасны дагуу Гмаркийн 250 квт /шинэ/ хүчин чадалтай автоматжуулагдсан зуухыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дагалдах хэрэгслийн хамт үйлдвэрлэж, бэлэн болгон хүргэж, холбон өгөх үүргээ биелүүлээгүйгээс урьдчилгаа төлбөр 11,155,000 төгрөгийг нэхэмжлэгч Э.Мд буцаан төлөх талаар талууд маргаагүй, харин гэрээний үүргээ биелүүлээгүйгээс алданги төлөх үүрэг үүссэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

3.6 Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан бөгөөд хариуцагч ГХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д гүйцэтгэгч ажлыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй ...тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.3 хувиар тооцож алданги төлөх үүргийг хүлээжээ.

 

3.7 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Гэрээнээс татгалзсан бол алданги төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж маргаж байх боловч хариуцагч нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т зааснаар нэхэмжлэгч Э.Мас урьдчилгаа төлбөр 11,155,000 төгрөгийг төлснөөс эхлэн ажлын 30 хоногт буюу 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зуух болон дагалдах хэрэгслийг үйлдвэрлэж бэлэн болгох үүргээ биелүүлээгүй, гэрээ цаашид ч биелэгдэх боломжгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар алданги шаардах эрхтэй гэж үзлээ.

 

3.8 Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1-д ямар нэгэн үр дүн гарахгүй нь илт бол нэмэлт хугацаа тогтоохгүйгээр цуцлах-аар заасан, үүрэг гүйцэтгэгч хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1-д заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй, хугацаа хэтрүүлсэн, Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5 болон гэрээний 2.2-т заасан хугацаа дууссан буюу үүрэг дуусгавар болсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу шилжүүлсэн мөнгийг буцаан шаардах, түүнчлэн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж зааснаар үүргийн гүйцэтгэлтэй холбоотой алданги шаардах эрхтэй байна.

 

3.9 Алдангийг нэхэмжлэгчийн урьдчилгаа төлбөр төлсөн 2024 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс гэрээний 2 дугаар зүйлийн 2.2-т заасан ажлын 30 хоногийг хасч, 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 12 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл буюу нэхэмжлэл гаргасан өдрийг хүртэл нийт 72 хоногоор тооцон 2,409,480 төгрөгийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг үндэслэн хариуцагч ГХХК-аас гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

 

3.10 Дээрхээс хариуцагч ГХХК-аас гэрээний үүрэгт урьдчилан төлсөн 11,155,000 төгрөг, алдангид 2,409,480 төгрөг, нийт 13,564,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мд олгож, нэхэмжлэлээс 400,580 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээгээр хариуцагч ГХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мд олгох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч ГХХК-аас 13,564,480 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мд олгож, нэхэмжлэлээс 400,580 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 233,804 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ГХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 225,772 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Мд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ