Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ДШМ/295

 

                                                                                                                                  

 

       2024           3             6                                           2024/ДШМ/295                                          

 

А.У, С.Б нарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Д.Мөнхөө, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Эрдэнэбаяр,

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч А.Буянжаргал,

шүүгдэгч А.У, түүний өмгөөлөгч Г.Энхболд,

нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1191 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, шүүгдэгч А.Уы өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлоор А.У, С.Б нарт холбогдох эрүүгийн 2009011690784 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Боржигон овгийн А.У, 1968 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 55 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 21 дүгээр хороо, Горькийн 21-723 тоотод оршин суудаг, /РД:ЧИ68040908/,

Баянгол дүүргийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн 252 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ДШМ/755 шүүхийн магадлалаар 06 жил хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн.

2. Боржигон овгийн С.Б, 1971 оны 02 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эмэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын засал чимэглэгч мэргэжилтэй, ам бүл 3 нөхөр, зээгийн хамт Баянзүрх дүүргийн 7 дугаар хороо, 24-19 тоотод оршин суудаг, /РД:ХМ71020663/,

2000 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 472 дугаар таслан шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 39 дүгээр зүйлийг журамлан 127 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 30.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, хөнгөн ялыг нь хүндэд нь багтааж, 3 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг тогтоолд Нийслэлийн шүүхийн 2000 оны 9 дүгээр сарын 5-ны өдрийн 466 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127 дугаар зүйлийн 3, 131 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хориа ял оногдуулж. уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзаж өөрчлөлт оруулсан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 252 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дуаар 3, 3.1 дугээр зуйлийн 1, 3.7 дугаар зуйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлсэнийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ДШМ/755 дугаартай магадлалаар хорих ялыг 4 жилийн хорих ял болгон өөрчилж шийдвэрлэсэн.

А.У нь С.Бтэй бүлэглэн иргэн Д.Год “гадаад улс руу чөлөөтэй зорчих ногоон паспорт гаргаж өгнө" гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хаан банкны 5079002284 тоот данс руу 1.720.000 төгрөгийг, нийт 5.220.003 төгрөгрийг шилжүүлэн авч залилсан,

С.Б нь А.Утай бүлэглэн иргэн Д.Год “гадаад улс руу чөлөөтэй зорчих ногоон паспорт гаргаж өгнө" гэж хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 3.500.000 төгрөгийг бэлнээр, 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр өөрийн Хаан банкны 5079002284 тоот данс руу 1.720.000 төгрөгийг нийт 5.220.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

С.Б нь ганцаараа 2019 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Аыг “НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгож Хаан банкны 5079002284 дугаартай дансаар 4.030.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

Мөн 2019 оны 11 дүгээр сараас 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн хооронд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа иргэн Ц.Сийг “НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2019 оны 11 дүгээр сард 1.500.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 7-ны өдөр 1.070.000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 1.000.000 төгрөгийг тус тус бэлнээр авч нийт 3.570.000 төгрөгийг залилсан,

2020 оны 01 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Эыг “НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5107011449 дугаартай дансаар 2.750.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2000 оны 01 дүгээр сард үргэлжилсэн үйлдлээр “Нийслэлийн орон сууцны корпорациас захиалан бариулсан “Буянт-Ухаа 2” хотхонд түрээсээр орон сууцанд хамруулж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар иргэн Т.Ааар дамжуулан иргэн Б.Эыг төөрөгдөлд оруулж, улмаар түүнээс “түрээсний орон сууцны урьдчилгаа” гэх нэрийдлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Шинжлэх ухаан технологийн Их сургуулийн байранд 15.000.000 бэлнээр, 5.200.000 төгрөгийг дансаар, нийт 20.200.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан,

2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхдаа У.Цийг “НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Хаан банкны 5107011449 дугаартай дансаар 10.080.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан буюу С.Б нь үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бусадтай бүлэглэж зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг 2017 оны 12 дугаар сарын 24-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд бусдад нийт 45.850.000 төгрөгийн буюу үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: А.У, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг шүүгдэгч С.Бийг ганцаараа болон бүлэглэж, шүүгдэгч А.Уыг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад заасныг баримтлан А.Уд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч С.Бт энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял  дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 8 /найм/ сар 18 /арван найм/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жил 02 /хоёр/ сар 18 /арван найм/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2 дахь заалтуудад зааснаар С.Бийн энэ хэрэгтээ цагдан хоригдсон 177 хоногийг түүний эдлэх ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар С.Бийн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Уаас 3.500.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Год олгож, шүүгдэгч С.Бээс нийт 42.500.000 төгрөг гаргуулж хохирогч Д.Год 1.720.000 төгрөгийг, Б.Ад 4.030.000 төгрөгийг, Ц.Ст 3.570.000 төгрөгийг, Т.Эд 2.750.000 төгрөгийг, Б.Эад 20.200.000 төгрөгийг, У.Цид 10.080.000 төгрөгийг тус тус олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн А.У нь энэ хэрэгт 177 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдаж, шүүгдэгч А.У, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч С.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие нь барилгын засалчин мэргэжилтэй, “Тоок хөгжил констракшн” ХХК-ийг үүсгэн байгуулж, барилгын засвар, худалдаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, шавар, өрлөг, засал чимэглэлийн ажлыг гүйцэтгэж байсан.

            Би өөрийн болгоомжгүй, итгэмтгий сул талаасаа болж 2017 онд гэмт хэрэгт холбогдон шалгагдаж явсаар 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр анхан шатны шүүхээс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдан, үргэлжлүүлэн  2020 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 6 жил хорих ялаар шийтгэсэн ба Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхэд буцаасан. Анхан шатны шүүх 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр дахин хэлэлцээд намайг бусдад учируулсан хохирол 13.500.000 төгрөгийг төлж барагдуулсныг харгалзан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг миний бие дахин давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх зүйлчлэлийг хөнгөрүүлж, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 4 жил хорих ял болгон өөрчилсөн. Би хорих ангид оёдолчноор ажиллаад цалингаасаа хохирол төлбөрөө төлж, байнга шагналын 10 хоног авч байсан.

            Гэтэл хохирол төлбөр барагдуулсан байсан хэрэгт 2023 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр яллагдагчаар татаж, 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдөр 461 дүгээр хорих ангид шилжүүлсэн. 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр ялын хугацаа дуусч гэртээ харих байсан боловч 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан нь надад хүнд байна.

            Миний буруутай үйлдлээс болж ар гэрийнхэн маань намайг хамгаалж үүрэг хүлээх гэрээ нотариатаар баталгаажуулан охин Халиун амьдарч байгаа 2 өрөө байраа тавилгийн хамт, том хүү мөн амьдарч байгаа 2 өрөө байраа тавилгийн хамт, бага хүү автомашинаа, нөхөр 7.000.000 төгрөг зэргийг өгсөн нь хавтаст хэрэгт байгаа. Ар гэрээс минь хохирол барагдуулах санал тавьсан Б.Сэржмядаг өөрийгөө прокурор гэж танилцуулан ар гэрт минь дарамт үзүүлэн, шүүхийн асуудалгүй болсон гэж 2020 оны 3 дугаар сарын 2-ны нотариатын гэрээ хийлгэж авсан байсан. Гэтэл дахин үл таних 5 хүнээр гомдол гаргуулж, 42.350.000 төгрөг төлүүлэх болсноор эрх зүйн байдал минь дордох болсон талаар прокурор Н.Энхбуянд хэлэхэд “энэ хэрэг 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрөр Өршөөлд хамрагдана, бас хөөн хэлэлцэх хугацаа хэрэгжиж эхлэхээр үүнд бас багтах учраас ял нэмэх эрсдэл байхгүй, гэм буруу дээрээ маргалгүй ороод эцэслэн дуусгаад, хоригдож байх үед чинь хууль бусаар эд зүйлийг чинь авсан хүнээс нэхэмжилбэл таньд ашигтай” гэсэнд итгээд шүүх ажиллагаанд оролцож, прокурор солигдсоны улмаас болж миний эрх зүйн байдал дордож “нийгэмшээгүй” гэх үндэслэлээр хорих ял нэмүүлэх саналтай оролцсонд харамсаж байна. Хорих анги нийгэмшиж байгаа гэж үзэж шагналын 10 оноог өгдөг байсан ба ажил хийж, нийгэм, сэтгэл зүйн албаны сургалтуудад тогтмол хамрагдаж, сертификат, шагнал авсанд минь дүгнэлт хийлгүйгээр хэт нэг талыг баримталсанд гомдолтой байна.

            Ажлын гэрээгээр “Алтан шат” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байгаад, өмнөх хэргийн шүүх хурал болж, ял эдэлснээр гүйцэтгэлийн мөнгөө авч чадаагүй, нэхэмжлэл гаргах гэхээр хорихоос гараад ажил эрхлэх учраас нэр төрөө бодоод авч чадаагүй, түүнийгээ аваад төлнө. Ар гэрийнхэн минь байгаа бүхнээ өгчихсөн болохоор өөр өгөх эд хөрөнгөгүй тул тогтмол цалинтай ажил хийж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж, торгуулийн ял болгож, миний эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэж өгнө үү.

            Мөн би 2020 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Сарантунгалагаас 1.000.000 төгрөг, 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Цэнд-Аюушаас 10.080.000 төгрөг зэргийг аваагүй болох нь нотлогдох тул хасч тооцож өгнө үү. Би хүнд итгэх ямар үр дагавартайг өөрийн биеэр мэдэрч ойлгосон болохоор надад нэг удаа итгэл үзүүлж туслана уу. ...” гэжээ.

            Шүүгдэгч А.Уы өмгөөлөгч Г.Энхболд гаргасан давж заалдах гомдолдоо: “...А.Уыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар 6 жилийн хорих ял оногдуулж уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар хорих ангид ял эдэлж байхад Сүхбаатар дүүргийн прокурорын газраас 2023 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр эрүүгийн 2009011690784 дугаартай хэрэгт яллагдагчаар татаж, 2023 оны 6 дугаар сарын 6-ны өдрөөс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 407 дугаар ангиас шилжүүлэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон.

Эрүүгийн 2009011690784 дугаартай хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийтгэх тогтоолоор шүүгдэгч А.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, 177 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно. ...” гэж заасан. Иймд А.Уы энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд оруулан тооцохоор анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч А.Буянжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлсөн бөгөөд хорих ангидаа засран хүмүүжсэн гэдгийг хорих ангиас тодорхойлж өгсөн байдаг. Энэ хэрэгт холбогдуулан анхан шатны шүүхээс оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж, Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгөхийг хүсч байгаа. Тэрээр хорих ангиасаа гарч бусдад учруулсан хохирлоо төлөхийг хүсч байгаа. Мөн хохирлоо төлөх боломжтой талаараа илэрхийлдэг бөгөөд нөхөр, хүүхдүүдийн нийгмийн даатгал төлдөг талаар зэрэг баримтуудыг гаргаж өгсөн. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж, Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь заалтад заасныг хэрэглэж өгнө үү. Анхан шатны шүүх шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Зөвхөн шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулсан байдаг. Миний үйлчлүүлэгч одоо 56 настай, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн ба гаргасан давж заалдах гомдлыг нь бүрэн дэмжиж оролцож байна. ...” гэв.

Шүүгдэгч А.У тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэлэх тайлбаргүй. ...” гэв.

Прокурор С.Эрдэнэбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч С.Бийн хувьд хохирогч Цэнд-Аюуш, гэрч Ариунжаргал нарын мэдүүлэг, Хаан банкны дансны хуулга зэргээр түүний үйлдсэн гэмт хэрэг тогтоогдож байна. Мөн Сарантуяагаас 1.000.000 төгрөг авсан талаар Сарантуяаг, гэрч Ариунжаргалын мэдүүлэг нарын мэдүүлгээр тогтоогддог. С.Б нь хохирогч нарын хохирлыг барагдуулсан талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. А.Уы хувьд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлийг хэргийн хэрэгсэхгүй болгосон. Цагдан хоригдсон хоногийг шийтгэх тогтоолд дурьдсан бөгөөд энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг өөрчилж шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Б, шүүгдэгч А.Уы өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад А.У, С.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Учир нь, хавтас хэрэгт Мөрдөгчийн 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хохирогчоор У.Цийг тогтоосон тогтоол, түүний “...2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд ...” /2 хавтас 67-68 хуудас/ мөнгө өгсөн талаарх мэдүүлэг авагдсан ба 2 дахь хавтас 53-60 дахь хуудсанд зарлагын баримт, дансны хуулга зэрэг бичгийн баримтууд авагджээ. 

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүгдэгч С.Бийг хохирогч У.Цаас 10,080,000 төгрөгийг залилсан гэх үйлдлийг 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр үйлдсэн гэж яллах дүгнэлтэд дурдсан цаг хугацаагаар тодорхойлсон нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаас зөрүүтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно. ...” гэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...гэмт хэрэг гарсан байдал...”-ыг тогтооно гэж хуульчилсаныг тус тус зөрчсөн байна.

Яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолд шүүгдэгч С.Бийг ганцаараа “...2019 оны 8 дугаар сард Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Б.Аыг “НОСК-ийн түрээсийн орон сууцанд оруулна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгож, Хаан банкны 5079002284 дугаартай дансаар 4.030.000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан...” гэж залилах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй үйлдсэн гэж бичсэн атлаа тухайн үйл баримтад хууль зүйн дүгнэлт өгөхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.У, С.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо тухайн гэмт хэргийн ямар шинжээр гэм буруутай болохыг зааж өгөөгүй байхаас гадна  “...Д.Цэцэгдарьд “Хаан банкнаас хөөцөлдөж байгаа зээл бүтэхгүй бол таны “Сидан” ХЗХ-оос авсан зээлийг төлж чадахгүй байна. Хаан банкнаас авсан зээлээ үйлдвэрээ ажиллуулаад таны мөнгийг төлнө” гэж хуурч, улмаар 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Д.Цэцэгдарийн эзэмшлийн “Гарьд плаза” төв дахь 122.19 м.кв оффисын өрөөг Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хаан банканд 260.000.000 төгрөгийн барьцаанд тавиулан залилж, бусдад их хэмжээний хохирол учруулсан...” гэх үйлдлийг холбогдсон хэрэгт бичсэн зөрчил гаргажээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна. ...”, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...гэмт хэрэг үйлдэгдсэн газар, цаг хугацаа, арга, ...гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ, шинжийг тогтоосон хэргийн талаархи нөхцөл байдал. ...”, мөн зүйлийн 2.2 дахь заалтад заасан “...шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэр. ...”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “...шүүгдэгч Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох...”-ыг шийтгэх тогтоолд тусгана гэж тус тус заасныг зөрчсөн үндэслэлд хамаарах юм.

 

Шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан аль гэмт хэргийн шинжийг хангаж буйг эргэлзээгүй, зөв тогтоосноор Эрүүгийн хуульд заасан гэм буруугийн, шударга ёсны зарчим хангагдах бөгөөд тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн шинжид тохирсон ял шийтгэл оногдуулах, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхээр байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарах тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шийтгэх тогтоолыг дээрх үндэслэлээр хүчингүй болгосон тул шүүгдэгч С.Б, шүүгдэгч А.Уы өмгөөлөгч Г.Энхболд нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2023/ШЦТ/1191 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч А.У, С.Б нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               С.БОЛОРТУЯА

                        ШҮҮГЧ                                                                      Д.МӨНХӨӨ

            ШҮҮГЧ                                                                      Г.ЕСӨН-ЭРДЭНЭ