| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2024/04746/И |
| Дугаар | 192/ШШ2025/04328 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04328
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 192/ШШ2025/04328 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 90а байрны 133 тоотод оршин суух, эрэгтэй, Гал овогт Долгорсүрэнгийн Т /РД *******/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Н ХХК /Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилт 5-132 тоотод оршин байх, РД ****/-д холбогдох,
Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Д.Т,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.З нар оролцов.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г өөрийн эзгүйд хэргийг хэлэлцэх хүсэлт гаргасан тул нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол /18081/, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 90а байрны 133 тоотод байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Үүнд: Би 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Н ХХК-ийн тухайн үеийн захирал Г.Б өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 3 дугаар 48 айлын орон сууцны 16 тоот байрыг буулгаж, шинэ орон сууцаар хангах гэрээг байгуулж, 90а байрны 133 тоот, 53 м.кв байрыг 17 м.кв-ын зөрүүнд нь 17,000,000 төгрөгийг гэрээний дагуу төлөхөөр тохирч, байрны мөнгийг бүрэн төлсөн.
Улмаар 2015 онд 90а байр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч, гэрээний дагуу 90а байрны 8 давхарын 133 тоот орон сууцанд 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдөр ороод өнөөдрийг хүртэл байрандаа амьдарч байна.
Иймд Н ХХК-д төлбөр тооцоогүй тул намайг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90а байрны 133 тоотын 53м.кв талбайтай байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч, дараах тайлбарыг гаргажээ.
Үүнд: Д.Тын нэхэмжилсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90а байрны 1 дүгээр орц, 133 тоотын 53 м.кв талбайтай байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус байрыг улсын комисс хүлээн авч, ашиглалтад орсон тул Д.Тын өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэжээ.
3.Нотлох баримтын тухайд:
3.1 Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг төлсөн баримт,
Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт,
Нэхэмжлэгч Д.Тын иргэний үнэмлэхний хуулбар,
Н ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газар-т гэх албан бичгийн хуулбар,
2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-ын 48 дугаар байрны оршин суугчидтай байгуулсан орон сууцаар хангах тухай гэрээ,
2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16/133 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-48 айлын 16 тоот орон сууцны оршин суугч иргэн Долгорсүрэн овогтой Ттай хийсэн 16 тоот гэрээний хавсралт /нэмэлт/ гэрээ,
2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримт, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт,
2020 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Маргад СӨХ-ны бэлэн мөнгөний орлогын баримт,
2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт,
Төрийн банкны 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн төлбөрийн баримт,
УБЦТС ТӨХК-ийн 2017 оны 10 дугаар сарын 25, 2018 оны 8 дугаар сарын 16, 11 дүгээр сарын 13, 10 дугаар сарын 16, 2019 оны 02 дугаар сарын 13, 2018 оны 3 дугаар сарын 22, 5 дугаар сарын 17, 02 дугаар сарын 22, 2019 оны 3 дугаар сарын 14, 2018 оны 9 дүгээр сарын 14, 4 дүгээр сарын 18, 7 дугаар сарын 16, 01 дүгээр сарын 16, 2019 оны 01 дүгээр сарын 11, 2020 оны 01 дүгээр сарын 10, 2019 оны 9 дүгээр сарын 11, 10 дугаар сарын 15, 12 дугаар сарын 11-ний өдрүүдийн төлбөрийн нэхэмжлэхүүд,
УБЦТС ХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 2022 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан,
Төрийн банк-ны 2018 оны 10 дугаар сарын 22, 2019 оны 01 дүгээр сарын 25, 2018 оны 9 дүгээр сарын 21-ны өдрүүдийн төлбөрийн баримт,
УБЦТС ТӨХК-ийн Иргэнд очих бэлэн мөнгөний орлогын баримт,
Маргад СӨХ-ны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт,
Төрийн банкХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 21, 12 дугаар сарын 20, 2019 оны 12 дугаар сарын 18, 12 дугаар сарын 18, 02 дугаар сарын 21, 2020 оны 6 дугаар сарын 19, 5 дугаар сарын 20, 2022 оны 02 дугаар сарын 23, 5 дугаар сарын 02, 6 дугаар сарын 27, 5 дугаар сарын 26, 2017 оны 11 дүгээр сарын 24, 2017 оны 12 дугаар сарын 25, 2018 оны 6 дугаар сарын 26, 2017 оны 10 дугаар сарын 27, 2018 оны 5 дугаар сарын 04, 5 дугаар сарын 28, 01 дүгээр сарын 29, 3 дугаар сарын 30, 8 дугаар сарын 22, 7 дугаар сарын 19-ний өдрүүдийн гүйлгээний баримт гэсэн баримтуудыг,
3.2 Хариуцагчаас: Н ХХК-ийн Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа,
Н ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн Итгэмжлэл гарах тухай албан бичиг,
Н ХХК-ийн 2025 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн Итгэмжлэл гаргах тухай албан бичиг гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
3.3 Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5/11752 дугаартай Хариу хүргүүлэх тухай алба бичиг гэсэн баримтыг бүрдүүлсэн болно.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч Д.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
1.1 Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Н ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага шүүхэд гаргасныг хариуцагч Н ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат зөвшөөрч, маргахгүй байна.
2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Би 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Н ХХК-ийн тухайн үеийн захирал Г.Баяржаргалтай 3 дугаар 48 айлын орон сууцны 16 тоотыг буулгаж, шинэ орон сууцаар хангах гэрээг байгуулж, 90а байрны 133 тоот 53 м.кв байрыг 17 м.кв зөрүүнд нь 17,000,000 төгрөгийг гэрээний дагуу төлөхөөр тохирч, байрны мөнгийг бүрэн төлж, 2015 онд 90а байр ашиглалтад орж, улсын комисс хүлээн авч, гэрээний дагуу 90а байрны 8 давхрын 133 тоотод 2015 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс хойш амьдарч байна. Иймд Н ХХК-д төлбөр тооцоогүй тул намайг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90а байрны 8 давхрын 133 тоот, 53 м.кв байрны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганбат нь Д.Тын нэхэмжилсэн Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90а байрны 01 дүгээр орц, 8 давхар, 133 тоотын 53 м.кв байрны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тус байрыг улсын комисс хүлээн авч ашиглалтад орсон тул Д.Тын өмчлөлд шилжүүлэхэд татгалзах зүйлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргаж, маргахгүй байна.
4.Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар болон зохигчийн тайлбараар дараах үйл баримт тогтоогджээ.
4.1 Нэхэмжлэгч Д.Т нь хариуцагч Н ХХК-тай 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 16 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-ын 48 дугаар байрны оршин суугчидтай байгуулсан орон сууцаар хангах тухай гэрээ болон 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 16/133 дугаартай Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны 3-48 айлын 16 тоот орон сууцны оршин суугч иргэн Долгорсүрэн овогтой Ттай хийсэн 16 тоот гэрээний хавсралт /нэмэлт/ гэрээ-г тус тус байгуулан, уг гэрээгээр өөрийн өмчлөлийн 3-ын 48 дугаар байрны 16 тоот, 000064043 гэрчилгээтэй, 36 м.кв талбайтай орон сууцыг буулгаж, оронд нь шинээр баригдах орон сууцны А блокын 8 давхрын 133 тоотод байрлах, 53,05 м.кв талбайтай байрыг зөрүү 17.05 м.кв-ын үнэ 17,050,000 төгрөгийг төлж авахаар тохиролцжээ.
4.2 Улмаар нэхэмжлэгч Д.Т нь гэрээний дагуу шинээр баригдсан Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90а байрны 8 давхрын 133 тоот, 53 м.кв бүхий талбайтай байранд 2016 оноос хойш одоог хүртэл оршин сууж байгаа болох нь хэрэгт авагдсан Н ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай Сонгинохайрхан дүүргийн эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн газар-т гэх албан бичгийн хуулбар, 2016 оны 9 дүгээр сарын 09-ний өдрөөс хойш ашиглалтын зардал төлсөн талаарх Маргад СӨХ, Төрийн банк ХК, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн төлбөрийн нэхэмжлэхүүд, Хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, төлбөрийн баримт, бэлэн мөнгөний орлогын баримт, гүйлгээний баримтуудаар тогтоогдож байна.
4.3 Дээрхээс нэхэмжлэгч Д.Т, хариуцагч Н ХХК-ийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагджээ.
4.4 Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх бөгөөд гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна. Ажил гүйцэтгэгч ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийгээ захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй.
4.5 Нэхэмжлэгч Д.Т нь гэрээний дагуу орон сууцны 17.05 м.кв талбайн төлбөрийг бүрэн төлсөн талаар зохигч маргаагүй байх тул хариуцагч нь гэрээнд зааснаар орон сууцыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй байна.
4.6 Түүнчлэн нэхэмжлэгч Д.Т нь нэхэмжлэлд дурдсан орон сууцанд 2016 оноос одоог хүртэл хугацаанд амьдарч байгаа, уг орон сууцны талаар улсын бүртгэлд өөр өмчлөгчийн бүртгэл байхгүй болох нь хавтас хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 5/11752 дугаартай албан бичиг, Улаанбаатар Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн хэрэглэгчийн дансны дэлгэрэнгүй тайлан, Н ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 63 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн уг орон сууцны ашиглалтын зардлыг төлсөн баримтуудаар давхар тогтоогдож байх тул нэхэмжлэгч Д.Тыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90а байрны 133 тоотод байрлах, 53 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Н ХХК-д даалгаж, Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно гэж зааснаар нэхэмжлэгч Д.Тыг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт даалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 110 дугаар зүйлийн 110.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Гал овогт Долгорсүрэнгийн Тыг Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, 90а байрны 133 тоотод байрлах, 53 м.кв талбайтай, орон сууцны өмчлөгчөөр тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхэд шаардлагатай баримтуудыг бүрдүүлж өгөхийг хариуцагч Н ХХК-д, нэхэмжлэгч Д.Тыг дээрх орон сууцны өмчлөгчөөр бүртгэхийг Улсын бүртгэлийн газарт тус тус даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Таас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Тт олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ