| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03808/И |
| Дугаар | 192/ШШ2025/04330 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04330
| 2025 оны 05 сарын 21 өдөр | Дугаар 192/ШШ2025/04330 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч У.Уын хариуцагч Б.Бт холбогдох 2 хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох, дундаа хамтран өмчлөх хөрөнгөөс өөрт болон хүү Б.Ии, Б.Ир нарт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч У.У нь нэхэмжлэлийн үндэслэлээ: Бид 2012 оноос 2024 оны 10 сарыг хүртэл хамтран амьдарч, бидний дундаас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.Ии, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Ир нар төрсөн бөгөөд ааваараа овоглодог. Хамт амьдрах хугацаанд 2022 онд Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа хороолол /171-21/ Архивчдын гудамж 817 дугаар байрны 107 тоот хаягт байрлах, 50,4 м.кв талбайтай 2 өрөө, Ү-2206126146 дугаартай орон сууцыг худалдан авсан.
Хариуцагч Б.Б нь 2023 оны 9 дүгээр сараас эхлэн гэрээсээ хоногоор явж эхэлсэн бөгөөд надад болон хүүхдүүдийн хувьд сэтгэл санааны хүчирхийлэл үйлддэг. Бид хамтран амьдрах хугацаандаа 2 өрөө байр, 2 машинтай болсон, зээлгүй. Бид гэрлэлтийн баталгаагүй учир 2 хүүхдээ өөрийн асран хамгаалалт авч, эцгээс нь тэтгэмж гаргуулна. Хамтын эд хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Буян-Ухаа хороолол (171-21) Архивчдын гудамж, 817 дугаар байрны 107 тоот хаягт байрлах, 50,4 м.кв талбайтай 2 өрөө /Ү-2206126146 дугаартай/ байрыг миний болон 2 хүүгийн өмчлөлд үлдээж, машинаа нэг нэгээр нь авахаар тохиролцсон учир бидний тохиролцсон байдлыг баталж өгнө үү. Хүүхдийн тэтгэлгийг 2028 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс төлж эхлэхээр мөн тохиролцсон гэжээ.
2.Хариуцагч нь Тусдаа амьдрах болсон шалтгаан ганц надаас шалтгаалаагүй. Миний хувьд архи ууж янз бүр болсон асуудал 2, 3 удаа байгаа. 2 хүүхдээсээ тусдаа амьдрахаар хямарч сэтгэл санаа хэцүү байсан. Нэхэмжлэлийн 3 шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. 2 хүүхдээ салгахгүй, ээж дээрээ байх нь зөв шийдвэр гэж үзэж байна. Байрны өмчлөлөөс нэрээ хасуулаад 2 хүүхэд болон эхнэртээ шилжүүлэх, 3 жилийн дараагаас 2 хүүдээ тэтгэмжийг төлөхөөр тохирсон гэж тайлбарлажээ.
3.Нэхэмжлэгч, хариуцагч нь 2008 онд танилцан, хамтран амьдарч, тэдний дундаас 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүү Б.Ии, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр хүү Б.Ир нар төрж, эцэг, эх нь гэрлэлтээ батлуулаагүй боловч хүүхдүүд эцэг Б.Бөөр овоглон төрсний гэрчилгээ авсан болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Хүү Б.Ии, Б.Ир нар нь эх У.Уын асрамжинд эрүүл бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмчийн болон Нийслэлийн Ерөнхий боловсролын 163 дугаар сургууль, Хан-Уул дүүргийн 290 дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх ба хүүхдүүдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б.Б нь зөвшөөрч, маргахгүй байна.
5. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг, эхийн үүрэг,
мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэжээ.
6.Нэхэмжлэгч У.У нь хүү Б.Ии, Б.Ир нарыг өөрийн асрамжид үлдээж, эцгээс нь хүүхдийн тэтгэлэгийн хуульд зааснаар гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нь зөвшөөрч маргахгүй байх тул тэднийг эхийнх нь асрамжид үлдээж, эцгээс нь Гэр бүлийн тухай хуульд заасан хугацаа, хэмжээгээр хүүхдийн тэтгэлгийг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь хүүхдүүдийн эрх, ашиг сонирхолд болон хуульд нийцнэ гэж үзлээ.
7.Мөн талуудын хоорондын 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан эвлэрлийн гэрээгээр хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч У.У, хариуцагч Б.Б нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа хороолол /171-21/ Архивчдын гудамж, 817 дугаар байр 107 тоот хаягт байрлах, 50,40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалтай эд хөрөнгийн өмчлөлөөс өөрийн нэрийг хасуулж, орон сууцыг хүү Б.Ии, Б.Ир, У.У нарын өмчлөлд шилжүүлэх, 2 хүүхдийн тэтгэлэгийг 2028 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн төлөхөөр тохиролцжээ.
8.Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д Энэ хуулийн 106.3, 106.4-т зааснаар ...зохигч эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй бол шүүх ...зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгч захирамж, шүүх тогтоол гаргана. Эдгээр тогтоол, захирамжид энэ хуулийн 74.4-т заасан зохицуулалт нэгэн адил хамаарна заасныг үндэслэн зохигчийн дээрх эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Уад олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2014 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Ии, 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Ир нарыг эх У.Уын асрамжинд үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Бөөс 2028 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн хүү Б.Ирийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, хүү Б.Ии, Б.Ир нарыг 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч У.У, хариуцагч Б.Б нарын өмчлөлд бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буян-Ухаа хороолол /171-21/ Архивчдын гудамж, 817 дугаар байр 107 тоот хаягт байрлах, 50,40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны зориулалтай эд хөрөнгийн өмчлөлөөс өөрийн нэрийг хасуулж, орон сууцыг хүү Б.Ии, Б.Ир, У.У нарын өмчлөлд шилжүүлэхээр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бөөс улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.Уад олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ