| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/02736/И |
| Дугаар | 192/ШШ2025/04417 |
| Огноо | 2025-05-22 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 22 өдөр
Дугаар 192/ШШ2025/04417
2025 5 22 192/ШШ2025/04417
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.С нь Б.Цийг эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Б.Цийн оршин суух хаяг нь тодорхойгүйгээс нэхэмжлэгч Л.С нь 44,840,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа шүүхээр шийдвэрлүүлэх боломжгүй байгаа болох нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 191/ШЗ2025/13468 дугаартай Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж,
Хаан банкны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Хаан банкны 2024 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
Хаан банкны 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга,
шүүхээс хариуцагч Б.Цийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 5, 339 тоот хаягт Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлэхэд уг хаягт бүртгэлтэй боловч одоогоор оршин суудаггүй болох нь тус хорооны Засаг даргын тодорхойлолт бүхий Монгол шуудан ХК-ийн мэдэгдэх хуудасны буцаалтаар,
шүүхээс 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Б.Цийн 8805-8310 дугаарын утас руу удаа дараа залгахад утсаа аваагүй,
Б.Цийн 8919-6347 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна,
Б.Цийн 9475-1364 дугаарын утас руу залгахад холбогдох боломжгүй байна гэх хариу өгсөн болох нь шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр,
шүүгчийн 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 192/ШЗ2025/21890 дугаартай Нотлох баримт бүрдүүлэх тухай захирамжаар Баянгол, Хан-уул, Согинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Тамгын газраас Төрийн мэдээллийн Хур системээс Б.Цийн оршин суух хаягийн талаарх лавлагааг гаргуулахад Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, булгийн 5 гудамж, 339 тоотод оршин суудаг гэх хариуг ирүүлсэн нь Шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудас хүргүүлсэн дээрх хаягтай тохирч байх тул иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Аварзэд овогтой Батбилгүүний Ц /РД УХ93110275/-ийн оршин байгаа газрыг олж тогтоох зорилгоор эрэн сурвалжлуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
/хх-ийн 4, 5-7, 18, 19, 20, 21, 22-25 дугаар тал/
Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Б.Цийг эрэн сурвалжлах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3, 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд Аварзэд овогтой Батбилгүүний Ц /РД **********/-ыг эрэн сурвалжилж, түүний оршин байгаа хаягийг олж тогтоон, баримтжуулж, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М /утас ********/-д мэдэгдэхийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст даалгасугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болох бөгөөд зохигч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ