Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 396

 

                                       

 

 

 

 

 

 

 

 

 

                                                                                                                                                   

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч П.Нархажид,

          шүүгдэгч Б.Т , түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Т т холбогдох эрүүгийн 1806 01355 0333 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 48 настай эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Бгийн Т.

 

            Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТөвийн иргэн Х.Нарантуяагийн эзэмшлийн лангууны хэсэгт өлгөөтэй байсан 70 метр булган эмжээрийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т  мэдүүлэхдээ: “…Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйл байхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хийсэн хэрэгтээ гэмшиж байнаа.” гэв.

 

   Мөн талуудын хүсэлтээр мөрдөн байцаалтад цугларсан нотлох

баримтуудаас хохирогч Х.Нарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-11-12, 36/, гэрч Г.Ганзоригтын өгсөн мэдүүлэг /хх-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/, эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-5-6/, шүүгдэгч Б.Т ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/, шүүгдэгч Б.Т ийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-13, 30/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

        Шүүгдэгч Б.Т  нь 2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТөвийн иргэн Х.Нарантуяагийн эзэмшлийн лангууны хэсэгт өлгөөтэй байсан 70 метр булган эмжээрийг хулгайлсан болох нь:

 

Мөрдөн байцаалтад хохирогч Х.Нарантуяагийн өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын 2-ны өглөө манай нөхөр Х.Ганзоригт “Нарантуул” зах дээр бараагаа дэлгэсэн…би араас нь 11 цаг 10 минутын орчим очиход булган эмжээрээ алдсан байсан. Тэгээд “Нарантуул” захын цагдаад хандаад камер шүүхэд манай булган эмжээрийг хулгайлсан хүн “Капитал” банк руу ороод гарч байгаа бичлэг авагдсан байсан…метрийг нь 10.000 төгрөгөөр зардаг болохоор надад 700.000 төгрөгийн хохирол учирсан…бараагаа хүлээж авсан тул надад нэхэмжлэх зүйл байхгүй.” /хх-11-12, 36/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад гэрч Г.Ганзоригтын өгсөн: “…2018 оны 2 сарын 2-ны өдөр 8 цаг  болж байхад баз хүргэн Бат-Эрдэнийн хамт гэрээсээ “Нарантуул” зах дээр бараагаа гаргаж дуусгаад….Бат-Эрдэнийг хоол олоод ир гээд явуулсан…дүү Бат-Эрдэнэ ирээд “өлгөөтэй байсан эмжээр байхгүй байна, яасан юм бэ” гэж асуухаар нь харсан чинь алга болсон байсан…70 метр эмжээр байсан…буцааж метрлэж үзэхэд 70 метр байсан, дутсан зүйл байхгүй.” /хх-14/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад А.Т ийн гэрчээр өгсөн: “…2018 оны 2 дугаар сарын      2-ны өглөө би “Нарантуул” зах орсон бөгөөд зах орох болсон шалтгаан нь хүүхэддээ плажны материал авах гэж орсон. Ингээд “Нарантуул” захын бөс бараа материал зардаг хэсгээр явж байсан чинь хүмүүс тэргэн дээр бараагаа ачаад зөөж байсан бөгөөд доошоо харсан чинь газар хар бараан өнгийн зүйл унасан байхаар нь аваад ойр хавьд хүмүүс байгаа эсэхийг хартал эзэн нь гэх хүн харагдаагүй. Би санаатай аваагүй. Юу гэдгийг нь мэдэхгүй аваад шууд цаашаа “Нарантуул” захын урд талын “Капитал” банк руу орсон….Буцааж хүлээлгэж өгөхөд 70 метр урттай зүйл байсан.” /хх-13/ гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад А.Т ийн яллагдагчаар өгсөн: “…Өлгөөтэй байсаныг нь би татаад авсан юм. Би өмнөх мэдүүлэгтээ сандраад худлаа хэлсэн. Би гэм буруугаа ойлгож байгаа бөгөөдд надад бага шийтгэл оногдуулахыг хүсэж байна.” /хх-30/ гэх мэдүүлэг,

 

-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-9/,

-Эд зүйл хураан авч хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-5-6/,

-“Дамно” ХХК-ны хөрөнгө үнэлгээний тайлан /хх-15-16/

-Шүүгдэгч А.Т ийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-21/,

-Шүүгдэгч А.Т ийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-20/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Т  2018 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Нарантуул” ОУХТөвийн иргэн Х.Нарантуяагийн эзэмшлийн лангууны хэсэгт өлгөөтэй байсан 70 метр булган эмжээрийг хулгайлсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч нь хохирогчид учруулсан материаллаг хохирлыг төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар А.Т т холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.Т т ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д оногдуулсан зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1, 5, 9, 36.2, 36.6, 36.8  дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овгийн Бгийн Тийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Т т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж,

хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          3. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Т  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

  4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  5. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

          6. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол А.Т т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС