Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/121

 

 

 

 

 

  2024             3                7                                       2024/ДШМ/301            

 

Л.Ю-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Бичинхүү,

шүүгдэгч Л.Ю, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэхүү,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Ю-ны гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2305029231992 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Л.Ю, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянгол дүүргийн 6 дугаар хороо, ХДЗ6-109 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЮД82061691/, /С20562320/.

Л.Ю нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 36 дугаар байрны 109 тоотод үл ялих зүйлээс шалтаглан эхнэр БНХАУ-ын иргэн Л.Б-ий толгойн тус газарт гараараа, зүүн хөлийн гуя хэсэгт хөлөөрөө цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянгол прокурорын газраас: Л.Ю-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Лю овогт Л.Ю-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ю-ийг 2 /хоёр/ сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ю нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг түүнд анхааруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Л.Б нь цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Л.Ю нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Ю-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Л.Ю гаргасан давж заалдах гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүхээс дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоныг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс харгалзан үзэлгүй шууд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь надад оногдуулсан ял хүндэдсэн гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, миний бие том хүү Л.Билгүүдэйтэй /10 настай/ хамт амьдардаг бөгөөд хүү маань Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Оюунлаг дунд сургуульд 4 дүгээр ангид сурдаг. Одоогоор би Чингэлтэй дүүрэгт байрлах Black Bull ресторанд түүхий эд болон хүнс худалдан авах ажил хариуцан ажилладаг тул Улаанбаатарын хотын бүх дүүргүүдээр автомашинаар зорчин явах шаардлага гардаг.

Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ухамсарлаж байгаа байдал болон гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, оногдуулсан ялыг торгох ялаар сольж хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Л.Ю-ий өмгөөлөгч Г.Эрдэнэхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. ...Хэргийн нөхцөл байдлын хувьд тохиолдлын шинжтэй анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөөд хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсан гэж үзэхээр байна. Мөн хохирогчийн зүй бус үйлдэл байсан. Анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэгч нь ажилгүй байсан ба шүүх хуралдааны дараа ажилд орсон байсан. Одоогоор том хүүгийнхээ хамт амьдарч байгаа бөгөөд хүүхдээ сургуульд нь хүргэж өгч, авдаг. Тэрээр гэм буруугийн хувьд маргадаггүй түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгнө үү. ...” гэв.

Прокурор С.Бичинхүү тус шүүх хуралдаанд  гаргасан дүгнэлтдээ: “...Хэргийн хувьд хохирогчийн зүй үйлдлийн улмаас эхнэрийн биед халдсан үйлдэл нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Мөн анхан шатны шүүх хуралдааны үед шүүгдэг нь эрхэлсэн тодорхой ажилгүй байсан. Иймд миний зүгээс анхан шатны шүүх хуралдаанд Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлахаар санал тавьсан бөгөөд анхан шатны шүүх Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж, хүрээ хязгаарыг тэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Л.Ю-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Л.Ю нь 2023 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 36 дугаар байрны 109 тоотод үл ялих зүйлээс шалтаглан эхнэр БНХАУ-ын иргэн Л.Б-ий толгойн тус газарт гараараа, зүүн хөлийн гуя хэсэгт хөлөөрөө цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч Л.Б-ий “...2023 оны 8 дугаар сарын 12-ны орой гэртээ нөхөр уур хүргээд гар утсаа түүн рүү шидсэн чинь биеийн цээж хэсэгт оносон бөгөөд дахин нэг утсаа шидсэн чинь оноогүй юм. Гэтэл над руу уурлаад “чи юм шиддэг хэн бэ” гээд хэлээд уурлаж намайг цохиод байсан бөгөөд энэ үед 5-аас 6 удаа гараараа толгойн зүүн хэсэгт цохисон бөгөөд мөн зүүн хөлний гуя хэсэгт хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөж байсан. Тэгээд би толгойгоо дараад доош суусан чинь над руу ирээд “чиний амыг урна шүү” гэж хэлж байсан бөгөөд шууд өөрийн гараа зүүн гарын долоовор хуруугаа миний аманд хийхээр нь би хурууг нь хазсан чинь намайг цохихоо больсон. Би цагдаад дуудлага өгөөд хүлээгээд зогсож байхад цагдаа нар орж ирсэн бөгөөд цагдаа ирэх хооронд миний зүүн хөлний гуя хэсэгт хэд хэдэн удаа өшиглөсөн. ...” /хх 38-40/,

гэрч Ван Юухуа /Wang Yuhua/-гийн “...Миний хүү  Лю Баочин нь Л.Баовентэй гэрлээд дундаасаа хоёр хүүхэдтэй юм. Сүүлд муудалцсан гэж сонссон. Лю Баочин нь Л.Баовентэй муудалцаад хүү маань хэд хэд цохисон юм байх. Тэгээд шүүх эмнэлэгт үзүүлсэн чинь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэж дүгнэлт гарсан байсан. ...” /хх 78-79/,

Л.Ю-ий яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа зүйл, ангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эхнэр маань миний гарын хурууг хазаад тавихгүй байхаар нь гараа авах гэж цохисон. Миний хурууг хазаад тавихгүй болохоор нь гараа авах гэж алгадаж, цохиод гараа авсан. ...”/хх 24, 80/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Л.Б зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.. ..” гэсэн 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 10258 дугаартай /хх 45-46/ дүгнэлт, дуудлага лавлагааны хуудас /хх 4/, аюулын зэргийн үнэлгээ /хх 10/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Ю нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Л.Ю нь үл ялих зүйлээс шалтаглан эхнэр БНХАУ-ын иргэн Л.Б-ий толгойн тус газарт гараараа, зүүн хөлийн гуя хэсэгт хөлөөрөө цохиж, түүний эрүүл мэндэд зүүн чихний дэлбэн, баруун шуу, зүүн гуяны цус хуралт гэмтэл буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Ю-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар 2 /хоёр/ сарын хугацаанд “эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суугаа газар болох Нийслэлийн Сүхбаатар дүүргээс явахыг хориглох” зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Л.Ю-ий зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, бүсийг тэлэх болон оногдуулсан ялыг торгох ялаар солиулах талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх заалтад “…Энэ хуулийн зорилт нь гадаадын иргэний эрх зүйн байдлыг тогтоож, гадаадын иргэн Монгол Улсад орох, гарах, дамжин өнгөрөх, оршин суухтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино. …” гэж заасан тул шүүгдэгч Л.Ю-д холбогдох анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хувийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлэх нэмэлт заалт оруулах нь зүйтэй.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Ю-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 3-ны өдрийн 2023/ШЦТ/30 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Л.Ю-ий гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолд “шүүгдэгч Л.Ю-д холбогдох шийтгэх тогтоолын хувийг Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлсүгэй. ...” гэсэн нэмэлт заалт оруулсугай.

 

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ