Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2021/01032

 

 

 

 

 

 

 

 

 

Э.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/00645 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч О.Ариунтуяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч "ЭХҮҮТП" ОНӨТҮГ-т  холбогдох нийт 7 414 850 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ганбат, Г.Болор-Эрдэнэ, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Баян-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: 2020 оны 02 сарын 12-ны өдөр Э.А-г ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан өдрүүдийн цалинтай тэнцэх нөхөх олговор олгох гэсэн шүүхийн шийдвэр гарсан боловч хариуцагч байгууллага нь ажилд авахгүй нааш цааш удаа дараа явуулж цаг хугацаа болон эдийн засгийн хувьд хохироосон. Ингээд 2020 оны 10 сарын 05-ны өдөр "ЭХҮҮТП" ОНӨТҮГ ОНӨТҮГ-ын даргын Б/26 тоот тушаалаар Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаалд томилогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 сарын 12-ны өдрөөс ажилд эгүүлэн томилсон 2020 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговор 6 680 000 төгрөг, амралтын мөнгө 734 850 төгрөг, нийт 7 414 850 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2020 оны 04 сарын 10-ны өдөр Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болсны дараагаар Э.А-г ажилд нь эгүүлэн томилох талаар тус газрын ажилтан тухайн үеийн Газрын дарга Г.Наранбаяр, Захиргааны хэлтсийн дарга Д.Энх-Амгалан нар удаа дараа дуудсан боловч ирж уулзаагүй. Ингэж явсаар 2020 оны 10 сарын 05-ны өдөр анх ирж уулзсан өдрөөс Э.А-г ажилд эгүүлэн томилсон болно. Хариуцагч байгууллага нь шүүхийн шийдвэрийг биелүүлж Э.А-г ажилд нь эгүүлэн томилох хүсэлтэй байсан, харин нэхэмжлэгч нь удаа дараа дуудсан боловч ирж уулзаагүй нь санаатайгаар хугацаа хожсон үйлдэл байсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 55.1, 55.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 5 955 345 төгрөгийг хариуцагч "ЭХҮҮТП" ОНӨТҮГ ОНӨТҮГ-аас гаргуулан нэхэмжлэгч Э.А-д олгож, үлдэх 1 459 505 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар дээрх олговроос Нийгмийн даатгал, Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хэмжээгээр суутган зохих байгууллагад шилжүүлэн, Нийгмийн даатгалын, Эрүүл мэндийн даатгалын дэвтэрт ажилгүй байсан хугацааны шимтгэл, хураамж төлсөн тухайн бичилт хийхийг "ЭХҮҮТП" ОНӨТҮГ ОНӨТҮГ-т даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 587 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 110 235 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.А-д буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: 2021 оны 03 сарын 17-ны өдрийн шүүх хурлын үеэр тус шүүхэд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс тус газрын даргаар ажиллаж байсан Г.Наранбаярыг гэрчээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахгүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.2, 38.6, 43.1, 43.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэхүү хүсэлт нь хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байсан ба энэхүү хэргийн үндэслэл болсон 2020 оны 04 сарын 10-ны өдрийн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 809 дугаартай магадлал хүчин төгөлдөр болсон тэр хугацаанд Г.Наранбаяр нь тус газрын даргаар ажиллаж байсан бөгөөд Э.А-г ажилд эгүүлэн томилох үүрэг хүлээсэн этгээд байсан юм. Гэтэл тухайн гэрчээс “ажилд яагаад эгүүлэн томилоогүй талаарх” хариуцагч нарын гэрчээр асуулгах хүсэлтийг шүүх хангаагүйгээр хуралдаж шийдвэрлэсэн нь хэргийг үндэслэл бүхий үнэн зөвөөр шийдвэрлэж чадаагүй гэж үзэж байна. Мөн "ЭХҮҮТП" ОНӨТҮГ ОНӨТҮГ нь төсвийн мөнгөөр санхүүждэг төрийн статус бүхий байгууллага тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2 дахь хэсэгт зааснаар тус газрын даргаар ажиллаж байсан Г.Наранбаяртай холбоотойгоор гэм хорын асуудал үүсэхээр байх тул гэрчээр оролцуулах зайлшгүй шаардлагатай байсан. 2021 оны 03 сарын 16-ны өдөр нэхэмжлэгчийн зүгээс шүүхэд хүргүүлсэн нотлох баримтыг 2021 оны 03 сарын 17-ны өдөр буюу шүүх хуралдааны үеэр бидэнд танилцуулж хуралдсан нь хэргийн оролцогчийн нотлох баримттай танилцах, нотлох баримтыг судлах хугацаа авах, нотлох баримттай холбоотойгоор нэмэлт нотлох баримт цуглуулах, түүнд тайлбар өгөх зэрэг эрхийг зөрчсөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчлийг гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж өгнө үү гэжээ.  

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан, мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Нэхэмжлэгч Э.А- нь хариуцагч "ЭХҮҮТП" ОНӨТҮГ ОНӨТҮГ-т холбогдуулан 2020 оны 02 сарын 12-ны өдрөөс 2020 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 6 680 000 төгрөг, амралтын мөнгө 734 850 төгрөг, нийт 7 414 850 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч “Э.А-г ажилдаа ор гэж удаа дараа дуудсан ирээгүй” гэсэн үндэслэл заан эс зөвшөөрч маргажээ. /хх 1, 28/

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 сарын 12-ны өдрийн 182/ШШ2020/00356 дугаар шийдвэрээр Э.А-г "ЭХҮҮТП" ОНӨТҮГ ОНӨТҮГ-ын олон нийт, гадаад харилцаа хариуцсан мэргэжилтнээр эгүүлэн тогтоож шийдвэрлэснийг /хх 7-10/ Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 сарын 10-ны өдрийн 809 дугаар магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсний дагуу /хх 11-14/ хариуцагч "ЭХҮҮТП" ОНӨТҮГ ОНӨТҮГ нь Э.А-г 2020 оны 10 сарын 05-ны өдөр Олон нийт, хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтнээр томилсон /хх 3/ болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх ба зохигчид энэ талаар маргаагүй.

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2020 оны 02 сарын 12-ны өдрөөс Э.А-г ажил, албан тушаалд томилсон 2020 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацааг хамааруулан ойлгох ба энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй. Учир нь ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас халаагүй бол дээр дурдсан хугацаанд Э.А- ажил үүргээ гүйцэтгэж, холбогдох цалин хөлсийг авах байсан гэж үзнэ.

 

Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрт Э.А-гийн нэг сарын дундаж цалин хөлсийг 805 303 төгрөг гэж дүгнэсэн /хх 9-арын нүүр/ байх тул анхан шатны шүүхийн зүгээс уг дүнг үндэслэн 2020 оны 02 сарын 13-ны өдрөөс 2020 оны 10 сарын 05-ны өдөр хүртэлх хугацаа цалин хөлстэй тэнцэх олговорт нийт 5 955 345 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

Мөн анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангасан нь зөв. Харин нэхэмжлэгч Э.А- нь холбогдох хугацаанд ажил үүргээ биечлэн гүйцэтгээгүй учир ээлжийн амралт эдлэх эрх үүсэхгүй, улмаар амралтын мөнгө шаардах эрхгүй. Иймд амралтын мөнгө 734 850 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв.

 

Хариуцагч нь “нэхэмжлэгчийг ажилд ор гэж удаа дараа дуудсан боловч ирээгүй” гэж тайлбарлаж байх боловч энэхүү тайлбараа баримтаар нотлоогүй. Өөрөөр хэлбэл, дээрх үйл баримт нь албан бичиг, утсаар ярьсан тэмдэглэл зэрэг нотлох баримтаар тогтоогдох учиртайгаас гадна ажилтныгг дуудан уулзах нь шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн үг биш, харин ажилд томилсон тушаал бодитойгоор гарч байж шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогдох юм.

 

Нэхэмжлэгч талаас шүүх хуралдааны өмнө шинээр гаргаж өгсөн 4 хуудас нотлох баримттай /шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт, уг хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн гүйцэтгэх хуудас/ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2021 оны 03 сарын 17-ны өдөр танилцсан /хх 42-46/ ба шинээр гаргаж өгсөн нотлох баримттай холбоотойгоор аливаа хүсэлтийг шүүхэд гаргаагүй байх тул анхан шатны шүүхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх боломжгүй. Түүнчлэн хариуцагч талаас гаргасан гэрч асуулгах тухай хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.8.1-д заасан үндэслэлээр болон ач холбогдолгүй, шаардлагагүй үндэслэлээр тус тус хангахгүй орхиж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 182/ШШ2021/00645 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх улсын тэмдэгтийн хураамж 110 235 төгрөгийг хариуцагч "ЭХҮҮТП" ОНӨТҮГ ОНӨТҮГ-аас гаргуулан улсын төсөвт оруулсугай.   

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                

                           ШҮҮГЧИД                                                     Ч.ЦЭНД

 

                                                                                                 Д.НЯМБАЗАР