Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 69

 

 

       Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Л.Алтан даргалан,

       Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Болорзаяа

            Увс аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор:  Х.Энхтуул,                  

       Шүүгдэгч: Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж, Увс аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т ургийн овогтой Б-ийн Г-д холбогдох эрүүгийн 1835001130080 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Увс аймаг дахь Хөдөлмөрийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн 2-р курсын оюутан, ам бүл-5, аав, ээж 2 дүүгийн хамт Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг 18 дугаар байрны 06 тоотод оршин суудаг, гавъяа шагналгүй, РД:ОЮ97112219, Т ургийн овогтой Б-ийн Г.

            Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг “Залуус Өргөө” байрны гадна хохирогч А.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  1. Шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

                  Шүүгдэгч Г нь 2018 оны 03 дугаар сарын 18-ны шөнө согтуугаар Увс аймгийн Улаангом сумын 11-р багийн нутаг “Залуус Өргөө” байрны гадна хохирогч А.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч А.А-ын хэрэг бүртгэлтэд өгсөн: “ Г бид хоёр найз нөхдийн холбоотой. Би 2018 оны 03 дугаар сарын 18-ны орой найз Н, Б бид 3 Улаангом сумын 7-р багт байх найз М-ын гэрт очсон, тэднийд 4-лээ нийлээд хоол хийж идээд 750 граммын 2 шил архи, 500 граммын 1 шил архи хувааж ууцгаасан. Тэгээд 23 цагийн орчим тэдний гэрээс Н, Б бид гурав гараад “Андууд” баарны караоке орж 1 цаг орчим дуулаад тэндээ 500 граммын нэг нэг лааз пиво уугаад Н гэрлүүгээ явсан, би тэндээс гарч ганцаараа “Жетс” нэртэй баарны гадуур явж байгаад Хөдөлмөрийн дээд сургуульд хамт оройн ангид сурдаг Г-той таарсан юм. Тухайн үед баар хааж байсан ба Г-ын найз охин О баараа хаагаад  гарч ирэхдээ нэг шил архи авч ирснээ Г-д өгсөн юм. Тэгээд бид гурав ярилцаад тухайн архийг манай гэрт уухаар болоод тэндээсээ алхаад Улаангом сумын 11-р багт байх “Залуус өргөө” байрны 4 давхарын 19 тоотод байх манай гэрт бид гурав ирсэн. Тэгээд бид нар нөгөө архиа ууж байгаад О-ээр гэрт байсан бууз жигнүүлж идсэн. Бид гурав хоол идээд архиа уунгаа юм ярьж байгаад би 00 орж байснаа санаж байна. Би тухайн үед нилээн согтсон байсан учир зарим үйл явдлыг тодорхой санахгүй байна. Тэгээд 00-ийн өрөөнөөс гараад Г бид хоёр тамхи татахаар гэрээс гарсан. Манай гэрт О ганцаараа үлдсэн. Байрны орцны үүдэнд Г бид хоёр тамхи татаад зогсож байгаад би Г-оос “Чи урьд нь нэг охинтой явдаг байсан. Одоо О-тэй яваад байгаа юм уу” гэж асуухад Г уурлаж надтай маргалдсан ба шууд намайг барьж аваад толгойгоороо миний хамар луу нэг удаа мөргөхөд би газар унасан. Тэгтэл Г миний дээр гарч сууж байгаад миний нүүр лүү гараараа нилээн олон удаа цохисон. Миний хамар, нүд, уруул, шүд рүү гараараа цохиж гэмтээсэн. Тэгэхэд нь би “Одоо боллоо ш дээ, босоочээ” гэж хэлсэн бөгөөд тухайн үед миний хамар амнаас цус гараад цус ам руу ороод байсан. Тэгж байтал Г миний дээрээс босоод манай орц руу яваад орчихоор нь би шууд цагдаа дээр очиж дуудлага өгсөн юм. Тэгээд цагдаа нарыг дагуулаад гэрлүүгээ очиж явтал Г манай гэрийн орцноос гарч ирж байсан. Г бид хоёрын хооронд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Одоо миний биеийн байдал хэвийн байгаа бөгөөд хааяа толгой хатгаж өвдөөд байгаа. Г-д зодуулснаас болж миний  хамар яс хугарсан байсныг эмчээр эмчлүүлж эм тариа авч хэрэглэсэн юм. Надад одоогоор 200.000 төгрөгийн бодит хохирол учирсан бөгөөд хохирлын баримт байхгүй. Би Улаанбаатар хотод очиж хамар, шүд зэргээ үзүүлэх учир би Г-оос 500.000 нэхэмжилж байна. Г нь надаас уучлалт гуйсан боловч одоогоор надад учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 04-05/,

                  хохирогч А.А-ын хэрэг бүртгэлтэд дахин өгсөн: “Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Г нь надад 500.000 төгрөг өгч миний хохирол гомдлыг бүрэн барагдуулж, надаас уучлалт гуйж бид хоёр хоорондоо эвлэрсэн. Одоо надад Г-оос нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол тэмцэл байхгүй. Энэ хэргийг хурдан хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 06/,           

                  гэрч Б.О-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн: “Би Улаангом сумын 9-р багийн нутагт ээж, эгч, дүү нарын хамт амьдардаг. 2017 оны 09 дүгээр сард Улаангом суманд байдаг Хөдөлмөрийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн ангид элсэж орсон ба одоо оройн 2-р дамжаанд суралцаж байгаа. Одоогоос 4 сарын өмнө манай сургуульд нэг ангид сурдаг Г гэх залуутай үерхэж эхэлсэн юм. Би 2017 оны 12 дугаар сарын сүүлээр Улаангом сумын 3-р багт байрлах “Жетс” нэртэй бааранд барменаар ажилд орсон юм. 2018 оны 03 дугаар сарын 18-ны орой намайг баар хаагаад гараад ирэхэд Г нь  Хөдөлмөрийн дээд сургуулийн нэг ангид сурдаг А-тай хамт зогсож байсан. Тэгтэл  А  “3-лаа манай гэрт очъё” гэж хэлсэн ба хамт алхаад тэдний гэрт орсон. А-ын гэрт ороход хүн байгаагүй ба Г нэг шил 750 граммын “Соёрхол” нэртэй архи задалсан ба бид 3 бууз жигнэж идэнгээ архи уусан. Тухайн архийг А, Г хоёр тэнцүү хувааж уусан байх. Тэгээд тэр хоёр архиа ууж байгаад хамт 00-ийн өрөө рүү орчихоод гарч ирээд Г, А хоёр “Тамхи татчихаад ирье” гээд гэрээс хамт гарсан юм. Тэгэхээр нь би орон дээр утсаа оролдоод хэвтэж байгаад түр зуур унтчихсан байсан. Гэтэл гэнэт хаалга хүн цохихоор нь босоод хаалга тайлахад Г ганцаараа орж ирсэн. Г-ын нүүрийг нь харахад хамарных нь дээд хэсгээр шалбарчихсан байхаар нь юу болсныг асуухад “А-тай гадаа тамхилж байгаад маргалдаад А цагдаа руу явчих шиг боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юунаас болж А-тай маргалдсан эсхийг асуухад шалтгаанаа надад хэлээгүй. Тухайн үед Г-ын баруун гарны гадна талын үе хэсгээр нь цус болчихсон байхаар нь тэр хоёрыг зодолдсон байна гэж ойлгосон юм. Тэгээд Г бид хоёр А-ын гэрээс гараад намайг Г таксинд суулгаж өгөөд өөрөө цагдаа руу А-ын араас явна гэж хэлээд үлдсэн юм. А-ын гэрт Г, А хоёр архи ууж байхдаа маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Зүгээр хоорондоо юм ярьж байгаад “Гарч тамхилна” гэж гараад зодолдчихсон орж ирсэн. Ямар шалтгаанаар маргаж зодолдсон талаараа надад Г юм хэлээгүй. Г бид хоёр үерхээд 4 сар гаруй болж байгаа. Энэ хугацаанд надтай болон өөр хүнтэй маргалдаж байсныг нь би хараагүй. Хувь хүний хувьд төлөв даруу зантай, хөгжилтэй шогч, анги хамт олондоо нэр хүндтэй, хичээлдээ сайн залуу юм. Муу зуршлын хувьд тамхи татдаг, архи согтууруулах ундааг баяр ёслолын үеэр тааруулж тохируулж хэрэглэдэг юм” гэх мэдүүлэг /хх-ийн 08-09/,                  

                  гэрч Д.Б-ийн хэрэг бүртгэлтэд өгсөн : “2018 оны 03 дугаар сарын 18-ны өдөр бид нар цэргийн баяр тэмдэглэж М-ын гэрт 750 граммын 1 шил архи, 500 граммын 2 шил архи  хувааж уугаад М-ын гэрээс 22 цагийн орчим Н, А бид гурав гарсан. Харин М гэртээ үлдсэн юм. Бид гурав гараад Улаангом сумын 7-р багт байх “Андууд” нэртэй караокед 1 цаг дуулангаа нэг нэг лааз 500 граммын пиво уугаад цагаа дуусгаад гарсан юм. Караокенээс гараад Н гэрлүүгээ харихаар явсан. Харин А бид хоёр Н-аас салаад “Зогсоо хайрхан” гуанзны урд талын замаар хамт явж байгаад би төв эмийн сангийн таксины зогсоол орчмоос А-аас салаад гэртээ харьсан юм. А “Гэртээ харина” гээд Цэдэнбалын талбай чиглээд явсан. Тэгээд маргааш нь ажил дээр байж байтал А “Эрүүл мэндийн даатгалын дэвтэр таглуулна” гэж ирсэн. Тухайн үед А-ын нүүр, ам нь хавдчихсан байхаар нь юу болсныг асуухад А надаас салж яваад Хөдөлмөрийн дээд сургуульд хамт нэг ангид сурдаг залуугаар зодуулсан гэж хэлсэн. Яг ямар шалтгаанаар зодуулсныг нь би мэдэхгүй ” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,

       шүүгдэгч Б.Г-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “....Тэгж байтал баар хаах цаг болоод би найз охиноо хүлээгээд баарны гадна тамхи татаад зогсож байтал Хөдөлмөрийн дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн оройн ангид хамт сурдаг А гэх залуу ганцаараа явж байгаад над руу хүрээд ирсэн. Тэгээд бид хоёр уулзаад хоорондоо юм яриад зогсож байтал А надад “Манай гэрт хүн байхгүй. Эхнэр хүүхэд хоёр маань хот явсан учир манай гэрт очиж ганц шил юм ууя” гэхээр нь би найз охин О-ийг хүлээж байна гэдгээ хэлсэн. Тэгтэл А “Тэгвэл гурвуулаа хамт явъя” гэж хэлээд О-ийг гараад ирэхээр нь би нэг шил 750 граммын “Соёрхол” нэртэй архи авахуулаад А-ын гэрлүү бид гурав алхаж явсан юм. А-ын гэрт ороод архиа задлаад бид гурав ууж эхэлсэн ба О тухайн архинаас 2 хундага уугаад “Дахин архи уухгүй” гэж хэлээд орон дээр гараад утсаараа  оролдоод сууж байтал бууз жигнэж идэхээр болоод О бууз жигнээд бид нар идсэн. А бид хоёр архи уугаад хагасалж байтал А намайг “00-ийн өрөөнд оръё” гэхээр нь би хамт 00-ийн өрөө рүү ороход А надад “О-ийг хоёулаа манай гэрт байхад нь хамт унтчихая” гэсэн утгатай үг хэлэхээр нь миний уур хүрээд “Чи одоо надад хэлж байгаа үгээ ойлгож байна уу” гэхэд А “Чи урьд нь С-той явалдаж байсан. Одоо О-тэй явалдаад байгаа юм биш үү” гэж хэлсэн. Тэгэхээр нь би юм дугарахгүй 00-ийн өрөөнөөс гарахад араас А намайг шоглосон байдалтай инээгээд үлдсэн. Тэгээд 00-ийн өрөөнөөс А гарч ирээд намайг “Гарч тамхи татъя” гэхээр нь би А-тай хамт гарч орцны үүдэн дээр тамхи татаж байтал А “Хоёулаа үзэх үү” гээд дөхөөд ирсэн. Тэгэхээр нь би А-ыг барьж аваад толгойгоороо хамар луу нь нэг удаа мөргөж унагаагаад нүүрлүү нь 2-3 удаа цохисон юм. Тэгтэл А “Намайг босгочих” гэж хэлэхээр нь босготол гараараа миний нүүрлүү 2 удаа цохихоор нь би дахин буцаагаад нүүр лүү нь гараараа 1 удаа цохиход А газарт унасан. Тэгээд би А-ын дээр гарч байгаад нүүр лүү нь гараараа 4-5 удаа цохичихоод А-ыг тэнд нь үлдээгээд О-ийг авахаар А-ын гэрлүү орсон. О намайг харчихаад юу болсныг асуухаар нь “Би А-тай маргалдаад зодолдчихлоо” гэж хэлсэн бөгөөд ямар шалтгаанаар зодолдсон гэдгээ хэлээгүй. Тэгээд О-ийг аваад гараад иртэл А алга болчихсон байхаар нь О-ийг таксинд суулгаж өгчихөөд буцаад А-ыг хайж гэрт нь ороод гараад иртэл цагдаа нар ирж намайг авч яваад эрүүлжүүлэх байранд оруулсан юм. А бид хоёрын хооронд урдны өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Урьд өмнө нь бид хоёр хэрэлдэж, маргалдаж, зодолдож байгаагүй. Миний биеийн байдал хэвийн байгаа. Тухайн үед миний хамрын арьс өнгөц шалбарсан байсан. Би А-аас уучлалт гуйж эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. А надад гомдолгүй гэсэн бичиг хийж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Надад хөнгөн ял шийтгэж өгнө үү”  гэх мэдүүлэг,                 

                  Монгол Улс Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 03дугаар сарын 21-ний өдрийн 215 дугаартай: “Үзүүлэгч А.А-ын биед тухайн үед гэмтэл учирсан байна. Хамар яс хугарсан, дээд уруулын дотор талд 2,5 см хэмжээтэй язарсан шархтай, уруулын гадна талд цус хуралт, зүүн нүдний салстад цус харвалттай, 22-р шүд хөдөлсөн, 2 нүдний зовхи хар хөхөрсөн, зөөлөн эдийн няцралт зэрэг гэмтлүүд үүссэн байна. Дээрхи гэмтлүүд нь гадны мохоо хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл өөрийнх нь хэлж байгаа тухайн цаг хугацаанд үүссэн шинэ гэмтлүүд байна. Дээрхи гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. А.А-ын биед урьд нь бэртэл гэмтэл байхгүй. Уг гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаанд нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 15-р тал / зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.                                          

                 Шүүгдэгч Б.Г-ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Б.Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.   

                  2. Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар: 

                  Шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.

                  Шүүгдэгч Б.Г-ын зан байдлын талаар гэрч К.Б-гийн: “Г нь миний 4 хүүхдийн 2 дахь хүүхэд бөгөөд бага наснаасаа аав ээжийн гар дээр хүмүүжсэн. Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийн 11-р ангийг төгсөж, бүрэн дунд боловсрол эзэмшсэн юм. 2014 онд “Этүгэн” их сургуулийн компьютер программ хангамжийн ангид элсэн орж суралцаж байгаад хувийн шалтгаанаар сургуулиас гарсан. Завхан аймгийн Завхан Тэс суманд байрлах Хилийн цэргийн 0277-р ангид 1 жилийн цэргийн алба хаасан.  2017 оны 6-р сард цэргээс халагдаж ирээд 2017 оны 9-р сард Улаангом суманд байх Хөдөлмөрийн дээд сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн оройн ангид элсэн орж одоо сурч байгаа. Манай хүү Г нь хувь хүний хувьд төлөв даруу, ажил хийхдээ сайн, хүнтэй зөв боловсон харьцаатай, хүмүүжилтэй хүүхэд юм. Тамхи татдаг, харин архи согтууруулах ундаа хэрэглэдэг эсхийг нь мэдэхгүй. Манай гэр бүл доторхи уур амьсгал тайван учир манай хүүхдүүд тэр хүмүүжлээр хүмүүжсэн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,

                  гэрч Б.Б-ийн өгсөн “Б.Г нь манай 2 дахь хүүхэд бөгөөд бага наснаасаа аав ээжийн гар дээр хүмүүжиж Улаангом сумын Цогцолбор 1-р сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн юм. 2016 онд цэргийн албанд тэнцээд Завхан аймгийн Завхан тэс суманд Хилийн цэргийн 0277-р ангид 1 жилийн цэргийн алба хаасан. Тэгээд 2017 оны 6-р сард халагдаж ирээд 9-р сард Улаангом суманд байх Хөдөлмөрийн дээд сургуулийн нягтлан бодох бүртгэлийн оройн ангид элсэн орж одоо сурч байгаа. Манай хүү Г нь хувь хүний хувьд даруу, дуу цөөнтэй, ажил төрөл хийхдээ сайн, хүнтэй зөв боловсон харьцаатай, хүмүүжилтэй хүүхэд юм” гэх мэдүүлэг /хх-ийн 12/ болон Хөдөлмөрийн дээд сургуулийн Увс аймаг дахь салбар сургуулийн захирал Ц.Лумжавын 2018.04.03-ны өдрийн “Б.Г нь тус сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн оройн 2-р дамжаанд сурдаг болно” гэх тодорхойлолт зэрэг нотлох баримтууда хэрэгт авагджээ.                         

                  Шүүгдэгч Б.Г анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 27-р тал/-аар нотлогдсон байна.                         

                  Шүүгдэгч Б.Г-ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.А-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд  хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлыг эмчлүүлэхэд гарсан зардал, хор уршгийн талаархи нотлох баримтууд хэрэгт авагдаагүй боловч шүүгдэгчээс хохирогч А.А-ын  нэхэмжилсэн 500000 /таван зуун мянга/ төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн мэдүүлэг болон хохирогчийн 2018 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр цагдаагийн газарт хандан шүүгдэгчээс нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй талаар гаргасан хүсэлт  /нотариатоор гэрчлүүлсэн/-ээр нотлогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиг байхгүй гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах ба шүүгдэгч Б.Г нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа төлсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал, улсын яллагч торгох ял оногдуулах санал гаргасан зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зохистой гэж дүгнэв. 

                  Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

                  Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохирол, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр шийдвэрлэв.            

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь :

                   1. Шүүгдэгч Т ургийн овогтой Б-ийн Г-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 550 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг  нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            4. Шүүгдэгч Б.Г энэ хэрэгт цагдан хоригдоогүй, гаргуулах хохиролгүй, байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Г-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэрэглэсүгэй.

         7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                               ДАРГАЛАГЧ,

                                                               ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.АЛТАН