Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/302

 

 

 

 

           2024           3               7                                          2024/ДШМ/302

 

Б.От холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

өсвөр насны шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч А.Очбадрал,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Ц.Амар, шүүгч Б.Бямбабаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлоор Б.От холбогдох эрүүгийн 2308000002086 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Б.О, 2007 оын 03 дугаар сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 16 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, “Универсал” политехник коллежийн 1 дүгээр курст суралцдаг ам бүл 5, эх, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 40 дүгээр хороо, 0119 дүгээр цэргийн ангийн 2 дугаар гудамжны 16а тоотод оршин суух, ял шийтгэлгүй. /РД:УП07231316/,

Өсвөр насны шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Уянга” караокены цайны газарт төрсөн ах, хохирогч Б.Дтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, цээжний зүүн хэсэгт хутгалж, “цээжинд хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, уушиг авчилт гэмтэл” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйллийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өсвөр насны шүүгдэгч Боржигон овогт Баяндэлгэрийн Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүгдэгч Б.Оыг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан, өсвөр насны шүүгдэгч Б.От оногдуулсан 5 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.От оногдуулсан хорих ялыг сургалт, хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлж, эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг тал нь бор, нөгөө тал нь металл дэгээтэй, саарал өнгийн бариултай, нийт урт 18 см, ажлын хэсэг 6 см урт, 1 ширхэг тонгорог, ногоон өнгийн алчуур зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн “Эд мөрийн баримт устгах комисс”-т даатгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, өсвөр насны шүүгдэгч Б.О нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.О, иргэний хариуцагч Н.Баярдэлгэр нараас нийт 1.631.000 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга/ төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд тушааж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ арга авч, түүний эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

            Өсвөр насны шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах гомдолдоо: “...Хохирогч Б.Д нь шүүгдэгч Б.Оыг цохиж, алгадасны улмаас шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн эхлэл болсон байдаг. Түүний холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддог. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоодоогүй юм. Иймээс Б.О нь өсвөр насны шүүгдэгч ба 16 настай, Универсал политехник коллежийн 1 дүгээр курсэд суралцдаг сурагч, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, мөрдөн байцаалтын шатнаас эхлэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байсан, хохирогчийн зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өсвөр насны шүүгдэгчид анхан шатны шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг хэрэглэж оногдуулсан ялыг 2 дахин багасгаж 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байх бөгөөд үүнийг үндэслэж гаргасан өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “учруулсан хохирлоо нөхөн” гэх үндэслэлд хамаарч байх тул шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал гэж үзэж байна. ...” гэв.            

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж, тодруулснаас гадна хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хасаж буюу хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.О нь 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, “Уянга” караокены цайны газарт төрсөн ах, хохирогч Б.Дтой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, цээжний зүүн хэсэгт хутгалж, “цээжинд хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, уушиг авчилт гэмтэл” бүхий эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Б.Дашдондогийн “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дүү Б.О 15 цагийн орчим ирээд ээжээс “мөнгө байна уу, мөнгө хэрэгтэй байна” гэж нэхээд байхаар нь би “Чи гэртээ ирэхгүй ээжид туслахгүй байж яах гээд мөнгө нэхээд байгаа юм” гэхэд уурлаад надад сонсогдохгүй юм яриад үглээд байхаар нь би баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нь нэг удаа алгадаад, зүүн гарын булчин хэсэг рүү нь хоёр удаа гараа атгаж байгаад цохисон чинь ухарч байгаад өмднийхөө халааснаас тонгорог гаргаж ирээд шууд миний зүүн уушгины орчим хатгаад гараад зугтаасан. Ээж түргэн тусламж дуудахад эмнэлэг, цагдаа нар ирээд намайг Цэргийн төв эмнэлэгт хэвтүүлсэн. ...” /хх 14/,

гэрч Б.Энхтуяагийн “...2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.О ирээд хоол идэж байхад нь ах Б.Дашдондог нь “гэр орондоо ир ээ, гэртээ бай, гадуур тэнэх чинь арай дэндээд байна шүү” гэж хэлсэн чинь Б.О “би тэр гэрт чинь очихгүй” гэж хэлснээс болж муудалцаж, гал тогооны өрөөнд байхдаа Дашдондог дүүгээ хэд хэдэн удаа цохиод авсан чинь дүү нь уурлаад халааснаасаа жижиг тонгорог гаргаж ирээд Б.Дашдондогийн баруун талын суганы доод хэсэгт хутгалчихсан. Би салгах гээд чадаагүй, Отгонбаяр зугтаагаад яваад өгсөн. Б.О маань гэртээ ирэхгүй, хааяадаа л нэг ирвэл их юм. Хаана, юу хийгээд яваад байгаа талаар мэдэхгүй байна. ...” /хх 21-24/,

иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Б.О нь Б.Дашдондогийн биед халдаж эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байх бөгөөд хохирогч Б.Дашдондог нь 2023 оны 10 дугаар сард Эрүүл мэндийн даатгалын сангаас 1,631,000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг өсвөр насны яллагдагч Б.Оаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан  банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 97/,

өсвөр насны шүүгдэгч Б.Оыны яллагдагчаар өгсөн “...Би тухайн өдөр хичээлээ тараад ээжийн ажил дээр 15 цагийн орчим ирээд гал тогоонд сууж байхад манай ах Дашдондог дүүг сургуульд нь хүргээд орж ирсэн. Хоол идэж байхад Дошдондог “чи гэртээ харихгүй юм уу” гэхээр нь “харьнаа” гээд би ээжээс “мөнгө байна уу хувцас авъя, хувцасны мөнгө өгчих” гэхэд ах Дашдондог “чи яах гээд ээжээс мөнгө нэхээд байгаа юм, гэртээ ирэхгүй, ээжид тус болохгүй байж” гээд баруун гараараа миний зүүн чамархай хэсэгт нэг удаа цохиход ээж Энхтуяа ирээд “боль” гээд ахын гараас татаж холдуулаад эргээд ажлаа хийж байхад Дашдондог “би чиний цүнхийг гэр лүү аваад явъя, гэртээ оч” гэхээр нь би “ямар лайтай юм бэ” гээд амандаа хэлэхэд ах Дашдондог “юу гээд байгаа юм” гээд дахиж ирээд толгой руу 3 удаа цохихоор нь би босоод холдоод халаасанд байсан тонгорогоо гаргаж ирээд Дащдондог над руу ойртохоор зүүн хавирга орчимд 1 удаа хутгалаад гарч зугтаасан. Тухайн хутгыг гудамжнаас олж байсан. Гаргасан үйлдэлдээ их гэмшиж байна. ...” /хх 118/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...Б.Дашдондогийн биед цээжинд хутгалагдсан шарх, цээжний зүүн хөндийд хий, шингэн хуралдалт, уушги авчилт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл хурц ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар амь насанд аюултай туп гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонго алдагдуулахгүй. ...” гэсэн 2023 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 13815 дугаартай /хх 34-36/ дүгнэлт,  

дуудлага лавлагааны хуудас /хх 3/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 4-5/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 6-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 49, 50-51/, өвчтөний түүх /хх 66-72/, яаралтай тусламжийн хуудас /хх 73-75/, нас тоолсон тухай тэмдэглэл /хх 121/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйллийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс өсвөр насны шүүгдэгч Б.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйллийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Оыг 5 /тав/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулий ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, оногдуулсан 5 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар тогтоож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.  

Өсвөр насны шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч А.Очбадрал “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогддог тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж өсвөр насны шүүгдэгч Б.От оногдуулсан 5 жилийн хорих ялыг хоёр дахин багасгаж, эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сараар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэлгүй байна.

Өсвөр насны шүүгдэгч Б.О нь давж заалдах шатны шүүх хуралдаанд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1.631.000 төгрөг төлсөн болохыг дурьдаж байна.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/102 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, өсвөр насны шүүгдэгч Б.Оын өмгөөлөгч А.Очбадралын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Өсвөр насны шүүгдэгч Б.О нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100 9000 200 80 тоот дансанд 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 1.631.000 төгрөг төлсөн болохыг дурьдсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.МӨНХӨӨ

ШҮҮГЧ                                                            Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ