2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04673

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04673

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Б.Баярмаа, А.Зүмбэрэл нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: А ХХК /Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Олимпын гудамж, Нью хоризонс оффис 8 давхар 802 тоотод оршин байх, РД 5554527/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, 02 дугаар хороолол, Хатанбаатар Магсаржавын гудамж, 5а байрны 43 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигон овогт Лхагвасүрэнгийн Н /РД ЦИ84102822/-т холбогдох, 

26,735,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б /РД И******/, Г.Н /РД Ч***********/,

Хариуцагч Л.Н,

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.У /ҮД ***/,

Иргэдийн төлөөлөгч С.Бя,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Л.Нт холбогдуулан 26,735,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

Үүнд: Нэхэмжлэгч А ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр QW0018118 23/23 дугаартай Агула V тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г иргэн М.Нтай байгуулж, тус гэрээний дагуу түүний эзэмшлийн 88-81УАУ улсын дугаартай, Toyota sai маркийн тээврийн хэрэгслийг даатгасан байдаг. Дээрх гэрээнд заасан даатгалын зүйл болох 88-81 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг М.Н жолоодон зам тээврийн хөдөлгөөнд оролцож явах үед иргэн Лхагвасүрэнгийн Н өөрийн өмчлөлийн 20-63 УНИ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслээр мөргөж, зам тээврийн осол гаргасан.

Улмаар эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар зам тээврийн осол нь 20-63 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоодон явсан Л.Н Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох зүйл заалтыг зөрчсөний улмаас тохиолдсон болохыг тогтоосон байна. Нөгөөтэйгүүр зам тээврийн ослын улмаас даатгуулагч М.Н нь өөрийн 88-81 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг тогтоолгохоор Паннакл экспертс ХХК-аар автомашин техникийн үнэлгээ хийлгэхэд нийт 26,805,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ.

Ингээд даатгуулагч М.Нын зүгээс хохирлын үнэлгээг тогтоолгосны үндсэн дээр холбогдох нөхөн төлбөрийн баримт, материалыг бүрдүүлэн манай А ХХК-д даатгалын нөхөн төлбөр гаргуулахаар ирүүлсэн ба даатгагчийн зүгээс тус нөхөн төлбөрийн материалыг хүлээн авч, судлан үзэхэд холбогдох нотлох баримтаар даатгалын тохиолдол бий болсон нь бүрэн тогтоогдсон байна.

Түүнчлэн даатгагч нь тухайн зам тээврийн осолд буруутай этгээд болох хариуцагч Л.Нээр даатгалын зүйл болох тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг нөхөн төлүүлээгүй буюу даатгагч Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д зааснаар даатгагчид даатгалын нөхөн төлбөрийг олгож, гэм хорын улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авах боломжтой байсан.

Улмаар даатгагчийн зүгээс даатгуулагчид 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр даатгалын нөхөн төлбөрийг талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан QW0018118 23/23 дугаартай Агула V тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-нд заасан үндэслэл, журмын дагуу тооцож, нийт 26,735,000 төгрөгийг олгож, гэм хорын улмаас учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрхийг хуульд зааснаар шилжүүлэн авсан болохыг дурдах нь зүйтэй.

Иймд хариуцагч Л.Нээс гэм хорын хохиролд 26,735,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-ийн эзэмшлийн ХААН банк дахь 5447305861 тоот дансанд олгож өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Л.Н нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах тайлбарыг гаргажээ.

Үүнд: Би 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хорооны нутаг дэвсгэр Шангрила их дэлгүүрийн зүүн хойно байрлах дөрвөн замын уулзварт Toyota sai маркийн 88-81 УАУ улсын дугаартай автомашины зам тээврийн осолд холбогдсон. Л.Н би зүүн гар тийш хөдөлгөөний чиглэл өөрчлөхдөө зөвшөөрсөн ногоон гэрлээр үзэгдэх орчныг ажиглан хөдөлгөөн эхлүүлсэн. Гэтэл уулзвар гарах мөчид 1 дүгээр эгнээгээр явсан Toyota sai маркийн машин хурдтай ирж мөргөсөн. Улмаар Л.Н намайг Зөрчлийн тухай хуулиар 100,000 төгрөгөөр торгосон.

Харин хохирогч гэх Toyota sai маркийн машины жолооч М.Н хохирлын үнэлгээг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Пиннакл экспертс ХХК түүний хөрөнгийн үнэлгээний мэргэжилтэн Х.Ууганбаяр, Х.Ганбаяр нараар хийлгэсэн бөгөөд автомашины техникийн үнэлгээний 154/ДД31530547 дугаартай тайланд нийт хохирлын хэмжээг 26,805,000 төгрөг гэж тогтоосон.

Би Пиннакл экспертс ХХК-ийн үнэлгээний мэргэжилтэн Х.Ууганбаяр, Х.Ганбаяр нараар хийлгэсэн тайланг хүлээн зөвшөөрөхгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт гарсантай холбоотой Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон Үнэлгээний компанид гомдол гаргасан.

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага Монголын мэргэшсэн Үнэлгээчдийн институтэд хандахад оношлогооны дүгнэлт нь эвдрэлийг нотлох баримт болгон ашиглах шаардлага хангахгүй, моторын дээд анги дуу орсон гэсэн нь хөдөлгүүрийг бүхэлд нь солих үндэслэл болохгүй учир дээрх гэмтлийг эд ангиудын үнэлгээнээс хасвал 22,495,000 төгрөг болно гэсэн.

Дээрх үнэлгээг би мөн зөвшөөрөхгүй, хэт өндөр үнэлгээ гарсан тул 18,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрнө гэжээ.

 

3.Иргэдийн төлөөлөгч С.Бя шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Л.Н нь осол хийсэн гэм буруутай тул хохирлыг барагдуулах ёстой. Даатгалын компани тодорхой эрсдлээ бодож шинжээчийн дүгнэлтийн мөнгийг хүлээн зөвшөөрөх. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх нь зүйтэй гэжээ.

 

4.Нотлох баримтын тухайд:

4.1 Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамжид 291,625 төгрөг төлсөн баримт,

Нэхэмжлэгч А ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар,

Нэхэмжлэгч А ХХК-ийн ТЗ201/23 дугаартай тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар, гэрчилгээний хавсралт,

Нэхэмжлэгч А ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/316 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан QW0018118 23/23 дугаартай Агула V тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ,

Хөгжил финанс ББСБ-ын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 24/179 дугаартай тодорхойлолт,

ХААН банкны 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн шилжүүлгийн мэдээлэл,

88-81 УАУ улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт,

2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа,

2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

Хариуцагч Л.Нийн иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа,

20-63 УНИ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт,

Пиннакл экспертс ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 154/ДД31530547 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, хавсралт,

Монголиан хайбрид автоматив ХХК-ийн үзлэгийн баримт,

88-81 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн фото зургууд,

Нэхэмжлэгч А ХХК-ийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 01/12 дугаартай итгэмжлэл олгох тухай албан бичиг,

А ХХК-ийн ХААН банкны 5447305861 дугаартай дипозит дансны дэлгэрэнгүй хуулга гэсэн баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас: хариуцагч Л.Нээс 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр олгосон итгэмжлэл,

Л.Нийн өмгөөлөгч Ж.Ундармаатай 2025 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр байгуулсан 25/36 дугаартай Өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх гэрээ,

Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт НЭЗХЭ-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 396а дугаартай Шинжээчийн дүгнэлт гэх баримт, хавсралт, 88-81 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн фото зургууд гэсэн баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч А ХХК нь хариуцагч Л.Нт холбогдуулан 26,735,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь зарим хэсгийг нь эс зөвшөөрч, маргажээ.

 

2.Шүүх нэхэмжлэгч А ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

3.Хавтас хэрэгт авагдсан Хөгжил финанс ББСБ-ын 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 24/179 дугаартай тодорхойлолт, 88-81 УАУ улсын дугаартай Toyota sai маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт, 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны магадлагаа, 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 20-63 УНИ улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолт гэх баримтууд болон зохигчийн тайлбараар 2024 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 01 дүгээр хороо, Япон элчингийн уулзвар замд хариуцагч Л.Н нь тоёота приус маркийн 20-63 УНИ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 8.11-д Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл асаагүй бол /гэрлэн дохионы зохицуулалттай үед/ уг чигт хөдөлгөөнийг хориглоно гэсэн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган, иргэн М.Нын жолоодон явсан тоёота сай маркийн 88-81 УАУ улсын дугаартай автомашинтай мөргөлдсөн болох нь тогтоогджээ.

 

4.Иргэн М.Н нь нэхэмжлэгч А ХХК-тай өөрийн эзэмшлийн 88-81 УАУ улсын дугаартай, тоёота сай маркийн тээврийн хэрэгслийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл хугацаагаар даатгуулахаар 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн QW0018118 23/23 дугаартай Агула V тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-г байгуулан, улмаар дээрх ослын улмаас даатгалын тохиолдол үүссэн, А ХХК-аас 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдөр даатгалын нөхөн төлбөрт 26,735,000 төгрөгийг Пиннакл экспертс ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 154/ДД31530547 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, хавсралт, Монголиан хайбрид автоматив ХХК-ийн үзлэгийн баримтыг үндэслэн даатгуулагч М.Нд шилжүүлсэн үйл баримт мөн тогтоогдож байна.

 

5.Ийнхүү даатгуулагчид нөхөн төлбөрийг төлснөөр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ,

Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д ...буруутай этгээдээс төлбөр нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалаар олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж заасны дагуу хохирол нэхэмжлэх эрхийг шилжүүлэн авах эрх талуудын хооронд 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байгуулагдсан QW0018118 23/23 дугаартай Агула V тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ-ний 7 дугаар зүйлийн 7.8-д буруутай этгээдээс нэхэмжлэх даатгуулагчийн эрх нь даатгалын гэрээгээр олгогдсон нөхөн төлбөр, түүнтэй холбогдон гарсан зардлын хэмжээгээр даатгагчид шилжинэ гэж зааснаар нэхэмжлэгч А ХХК-д шилжиж, тэрээр даатгуулагч М.Нын тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг буруутай этгээдээс шаардах эрх үүсчээ.

 

6.Хариуцагч Л.Н нь даатгуулагч М.Нд гэм хор учирсан тодруулбал өөрийн гэм буруугийн талаар болон шаардах эрх шилжүүлж авсан үйл баримтад маргаагүй, харин Пиннакл экспертс ХХК-ийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 154/ДД31530547 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайланг зөвшөөрөхгүй, хохирлын хэмжээ хэт их тогтоогдсон, бодит байдалтай нийцээгүй гэж маргаж, Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт НЭЗХЭ-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 396а дугаартай Шинжээчийн дүгнэлт гэх баримт, хавсралт, 88-81 УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэлийн фото зургууд гэсэн баримтуудыг татгалзлын үндэслэлээ болгож, нэхэмжлэлээс 18,000,000 төгрөгийг төлөхөд татгалзахгүй гэж тайлбарлав.

 

7.Хэрэгт авагдсан Хөрөнгийн үнэлгээний мэргэжлийн байгууллага Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институт НЭЗХЭ-ийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 396а дугаартай Шинжээчийн дүгнэлт гэх баримт нь Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу эрх бүхий этгээдээс томилогдсон мэргэжилтнүүдийн гаргасан дүгнэлт биш, зөвлөмжийн шинжтэй байх тул шүүх уг баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг багасгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

8.Иймд хариуцагч нь уг хохирлын хэмжээ хэт их тогтоогдсон, бодит байдалтай нийцээгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.6-д зааснаар нотлоогүй тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д Гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжинэ гэж заасныг үндэслэн хариуцагч Л.Нээс 26,735,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

9.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч С.Бя Л.Н нь осол хийсэн гэм буруутай тул хохирлыг барагдуулах ёстой. Даатгалын компани тодорхой эрсдлээ бодож шинжээчийн дүгнэлтийн мөнгийг хүлээн зөвшөөрөх. Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрэх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн болно.

 

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Л.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 291,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7-д заасныг баримтлан хариуцагч Л.Нээс 26,735,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 291,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Л.Нээс улсын тэмдэгтийн хураамжид 291,625 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ

 

ШҮҮГЧИД Б.БАЯРМАА

 

А.ЗҮМБЭРЭЛ