| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/03514/И |
| Дугаар | 192/ШШ2025/04676 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/04676
2025 6 02 192/ШШ2025/04676
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Д.Бийн хариуцагч М.Ад холбогдох гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
1.1 Нэхэмжлэгч Д.Б нь нэхэмжлэлийн үндэслэлээ ...Д.Б миний бие 2007 онд М.Атай танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулж, гэр бүл болсон. Хамтран амьдрах хугацаанд 2009 оны 12 дугаар сарын 06-ны өдөр охин А.М төрсөн. Бидний хоорондын зан харилцааны таарамжгүй байдал, үл ойлголцол асуудлаас болж миний бие 2017 онд Солонгос улс руу ажил хийхээр явсан. 2018 онд М.А Солонгос улсад ирсэн боловч уулзаж байгаагүй. М.А одоо Солонгос улсад ажиллаж амьдардаг бөгөөд өөр хүнтэй хамтын амьдрал зохиож хоёр хүүхэдтэй болсон. Иймд гэрлэлтийн баталгааг цуцалж өгнө үү гэж тайлбарлажээ.
2.Хариуцагч М.А нь Миний бие М.А (РД *************4) Монгол Улсын иргэн би нэхэмжлэгч Д.Бт хариу тайлбар бичиж байна.
Бид 2006 онд Бүгд Найрамдах Турк улсад танилцаж, 2009 онд гэрлэлтээ батлуулж, бидний охин А.М 2009 онд Турк улсад төрсөн болно. Бид 2013 онд Монгол Улсад нүүж ирснээс хойш гэр бүлийн таарамж муу, харилцааны асуудалтай байсан.
2015 оноос хойш миний бие гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэж, иргэн О-тай тусдаа амьдарч байсан. Үүнийг мэдсэн Д.Б 2017 онд БНСУ-руу явж, бид үүнээс хойш уулзаагүй өдийг хүрсэн нь үнэн болно.
Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй бөгөөд охин А.Мыг ээж Д.Бийн асрамжид хамт байхыг зөвшөөрч байна.
Миний бие шинээр гэр бүл болсон хүнтэйгээ, хүүхэдтэйгээ хамт амьдардаг тул Д.Бтэй эргэж нийлэх боломжгүй учраас гэрлэлтийн баталгааг хууль ёсны дагуу цуцалж өгнө үү гэсэн тайлбарыг гаргажээ.
3.Гэрлэгчид 2007 онд танилцан, хамтран амьдарч, гэрлэлтээ 2009 оны 5 дугаар сарын 11-ний өдөр төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн болох нь 41 дугаарт бүртгэлтэй гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар, гэрлэгчдийн дундаас 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдөр охин А.М төрж, эцэг М.Ааар овоглон төрсний гэрчилгээ авсан байх ба хүүхэд эхийнхээ асрамжид эрүүл бойжиж байгаа болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, өрхийн эмнэлэгийн тодорхойлолт, Нийслэлийн Ерөнхий боловсролын Хөгжил сургуулийн тодорхойлолт болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.
4.Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 132.4-т зааснаас бусад гэр бүлийн харилцаанаас үүссэн маргааны эвлэрүүлэн зуучлах ажиллагааг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх ажиллагааны нэг гэж үзнэ гэж заасан ба талууд шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч эвлэрэл амжилтанд хүрээгүй болох нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчийн ажиллагаа дуусгавар болсон тухай 2024 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 00294 дугаартай тэмдэглэлээр тогтоогдож байна. Иймд талуудыг хуульд заасан урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хэрэглэсэн гэж үзнэ.
5.Гэрлэгчид нь зан харилцааны таарамжгүй байдлаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн тайлбарыг гаргасан, гэрлэгчдийг эвлэрүүлэн зуучлах ажиллагаа амжилтгүй болж дуусгавар болсон, хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэн амьдрах хүсэлгүй, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрч тохиролцсон байх тул шүүхээс тэдэнд эвлэрүүлэх хугацаа өгөх шаардлагагүй байна гэж үзэн, гэрлэлтийг цуцалж шийдвэрлэлээ.
6.Нэхэмжлэгч нь охин А.Мыг өөрийн асрамжид үлдээх нэхэмжлэл гаргасныг хариуцагч зөвшөөрч, маргаагүй, мөн нэхэмжлэгч нь эцгээс нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэсэн тайлбарыг гаргасан зэргийг харгалзан хүүхдүүдийн өссөн орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж үзлээ.
7.Түүнчлэн гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдаж байна.
8.Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэн, гэрлэгчдийн гэрлэлтийг цуцлан, насанд хүрээгүй хүүхдүүдийг эхийнх нь асрамжинд үлдээж, нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй гэснийг болон гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг тус тус дурдах нь зүйтэй.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн учир хариуцагч М.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Түмэд овогт Дэлгэрийн Б, хариуцагч Тайлаах овогт Мандатын А нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төрсөн охин А.Мыг эх Д.Бийн асрамжинд үлдээсүгэй.
3.Нэхэмжлэгч нь хүүхдийн тэтгэлэг тогтоолгохгүй, гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг тус тус дурдсугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Ааас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Бт олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
6.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д заасныг баримтлан гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 хоногийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баярчимэгт даалгасугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ