2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04701

 

 

 

 

 

2025 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 192/ШШ2025/04701

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Трю Эл хотхон, 720 дугаар байрны 206 тоотод оршин суух, эрэгтэй, Түшээ гүн овогт Ггийн Г/РД ***********/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хан-уул дүүргийн 25 дугаар хороо, Буянт ухаа, Наадамчдын зам гудамж, Сөүл гарден хотхон 314 дүгээр байрны 801 тоотод оршин суух, эмэгтэй, Хэрээд овогт Ганбатын Х /РД **********/-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт болон хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 111,977,500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.М  /РД ЕБ83031423/,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б  нар оролцов.

Хариуцагч Г.Хд хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй учир нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Г.Хд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 77,000,000 төгрөг, алдангид 8,977,500 төгрөг, хамтран ажиллах гэрээний үүрэгт шилжүүлсэн 26,000,000 төгрөг, нийт 111,977,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 

1.1Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Би Г.Хыг 2020 оноос найз нөхдөөр дамжуулан таньдаг болсон. Г.Х нь тухайн үед Оюун ухааны хөгжлийн академид ажилладаг гэж ярьдаг байсан.

Анх танил болсны дараахан Монгол гүүний эхэсээс гаргаж авсан сэрүмний түүхий эдийг Монголоос Япон руу нийлүүлэх, Японоос бэлэн бүтээгдэхүүн болгож Монгол руу бөөнөөр нь нийлүүлэх буюу Монголд гоо сайхны бүтээгдэхүүний шинэ брендтэй болох төсөл байна. Чи энэ төслийг нэг сонирхоод надад хөрөнгө оруулаач ээ, чи хэрвээ үүнд хөрөнгө оруулбал чи эндээс маш их ашиг авна. Эхний ээлжинд Японоос 1000 ширхэгийг бүтээгдэхүүн болгож оруулж ирье. Тэгэхийн тулд чи хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэх зэргээр маш олон удаа надтай уулзан, ятгаж санал тавьж гуйсан. Надад тухайн үед гоо сайханы бүтээгдэхүүний тестэр гэж зүйл өгч, би турших маягаар хэд хоног хэрэглэж үзэхэд маш сайн үр дүнтэй байхаар нь би түүнд итгэсэн.

Г.Х чи энэ бизнест ердөө 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих. Эхлээд 20 сая, дараа нь нэмээд 30 сая төгрөгөөр нийт 50 сая-ын хөрөнгө оруулалт хийхэд бүх бизнес багтаад эхлэх боломжтой гэх зэргээр ятгасан. Би багагүй эргэлзэж бодсоны эцэст

2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 18 сая төгрөг,

2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 9 сая төгрөг,

2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 сая төгрөг,

2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10 сая төгрөг гэж 4 удаагийн гүйлгээгээр нийт 53 сая төгрөг Г.Хын данс руу шилжүүлсэн.

Эдгээр мөнгийг Япон руу бүтээгдэхүүний үнэр дарах ажил болон бүтээгдэхүүний сав баглааны үнэ, патент ашигласны төлбөр гэх зэргээр надад хэлж авсан. Би мөнгөө өгсний дараа Г.Хд мөнгөө хэрхэн яаж зарцуулж, юунд төлж байгаа талаараа гүйлгээнийхээ баримтыг үзүүлээрэй гэж удаа дараа шаарддаг боловч өнөөдрийг хүртэл нэг ч удаа нэг ч гүйлгээний баримт надад файлаар ч, цаасаар ч үзүүлээгүй.

Эндээс миний хамтран ажиллах итгэл алдарч, хуурч мэхэлж байж болзошгүй гэж бодож эхэлсэн боловч Г.Х 2022 оны 4 сард надаас Япончуудаас бүтээгдэхүүн хөгжүүлэх патентыг нь худалдаж авахад мөнгө маш их хэрэгтэй байна. Яаралтай 50 сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өмнөх мөнгөнийхөө зарцуулалт болон үр дүнг үзээгүй байж би чамд дахиж мөнгө нэмж өгөхгүй гэхэд тэгвэл 3 сарын хугацаатай, хүүтэй зээлье гэж гуйсаар дахиад 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэмж 50 сая төгрөг дансаар шилжүүлж авсан.

Г.Хд мөнгө өгөх үеэр Монгол улс цар тахалын үр дагавраар эдийн засгийн хямралтай, хил гааль хаалттай хэцүү үе байсан учраас эхний 1 жил би түүнд итгэж, тэвчээртэй хүлээсэн боловч надаас авсан 103 сая төгрөгийн нэг ч зарцуулалтын болон Япон руу шилжүүлсэн гүйлгээний баримтыг үзүүлээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл анх ярьсан бүтээгдэхүүн нь Монгол улсын хилээр орж ирсэн эсэх нь ч мэдэгдэхгүй, бүтээгдэхүүнийг хэзээ савлаж, худалдах нь ч тодорхойгүй нөхцөл байдалтай байсаар өнөөдрийг хүрсэн.

Би Г.Хын үйлдлийг залилангийн шинжтэй гэмт хэрэг байж болзошгүй гэж үзэн Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч Залилах гэмт хэргийн шинжгүй гэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн шат, шатны Прокурорын баримт, тогтоолыг нэхэмжлэлд хавсаргав.

Г.Хд шилжүүлсэн 5 удаагийн гүйлгээний эхний 18,000,000 төгрөг, 9,000,000 төгрөгийг зээлийн гэрээний үүрэгт шилжүүлснийг зээлийн гэрээг нотлох баримтаар гарган өгч байна.

Энэ зээлийн гэрээг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бичгээр байгуулахдаа зээлүүлсэн мөнгөний хэмжээг 27,000,000 төгрөг гэж тэмдэглэж, гэрээний 3.7-д үүргийн гүйцэтгэлийг хангуулах аргад гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай алдангийг хоног тутамд тооцож авахаар гэрээ хийсэн байна.

Иймд 27,000,000 төгрөгийн 1 хоногийн алданги нь 13,500 төгрөг байх бөгөөд нийт 665 хоногийн үүргийн зөрчилтэй гэж тооцоолон, энэ гэрээний нийт алдангид 8,977,500 төгрөгийг Г.Хаас өмнөх шаардлага дээр нэмж ихэсгэн гаргаж буйг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү.

Иймд зээлийн гэрээний үүрэгт амаар тохиролцож шилжүүлсэн 50,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр үндсэн зээлийг төлөхөөр тохиролцсон боловч төлөөгүй тул мөн өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 665 хоногийн алдангид 1 хоногийн 13,500 төгрөг, нийт 8,977,500 төгрөг,

Хамтран ажиллах гэрээг амаар байгуулан гэрээний дагуу шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг уг гэрээнээс татгалзаж байгаа учир буцаан гаргуулахаар нийт 111,977,500 төгрөгийг Г.Хаас гаргуулахаар нэхэмжилж байна.

Хариуцагч Г.Х хамтран ажиллахаар Ихэс гоо косметикс ХХК-ийг байгуулан компанийн хувьцааны 40 хувийг нэхэмжлэгч Г.Г ээж Л.Г эзэмшдэг гэж эрүүгийн хэрэгт мэдүүлсэн боловч Л.Ггийн шүүхэд гэрчээр өгсөн мэдүүлэгт энэ талаар огт мэдэхгүй гэсэн байдаг.

Мөн 103,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс хариуцагч Г.Хд шилжүүлсэн талаар, Г.Х Цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт буцааж өгөөгүй байгаа талаар хэлсэн байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч Г.Х хариу тайлбараа өгөөгүй болно.

 

3.Нотлох баримтын тухайд:

3.1 Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамжид 673,000 төгрөг төлсөн баримт,

2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Г.Г ХААН банкны 5133157013 тоот данснаас 10,000,000 төгрөгийг Ихэс гоо косметик ХХК-ийн Голомт банкны 1905163993 тоот дансанд шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

Мөн данснаас 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Г.Хын Голомт банкны 1805038838 тоот данс руу 18,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

Мөн данснаас 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г.Хын Голомт банкны 1805038838 тоот данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

Мөн данснаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16,000,000 төгрөгийг Ихэс гоо косметик ХХК-ийн Голомт банкны 1905163993 тоот дансанд шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

Мөн данснаас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Г.Хын Голомт банкны 1805038838 тоот данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4005 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1684 дугаартай Хариу мэдэгдэх хуудас,

Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/04 дугаартай Хариу мэдэгдэх хуудас,

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа,

Мөн өдрийн Хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0220604405 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол,

Нэхэмжлэгч Г.Г 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэл,

Нэхэмжлэгч Г.Г 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн итгэмжлэл,

Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 158,590 төгрөг төлсөн баримт,

Мобиком корпораци ХХК-ийн гэрээ шилжүүлэх баримт, үйлчилгээний гэрээ, хэрэглэгчийн хувийн мэдээлэл гэсэн баримтууд,

2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ,

Хариуцагч Г.Хын иргэний үнэмлэхний лавлагаа, нэхэмжлэгч Г.Г иргэний үнэмлэхний хуулбар,

Нэхэмжлэгч Г.Г 2024 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн итгэмжлэл гэсэн баримтуудыг,

 

3.2 Хариуцагчаас:

Хариуцагч Г.Хын иргэний үнэмлэхний лавлагаа,

Хан-уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт,

Төрийн банкны 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 23-04-173 дугаартай албан бичиг,

Г.Хын 2024 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн итгэмжлэл гэсэн баримтуудыг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн байна.

 

3.3 Шүүхээс нэхэмжлэгч талын хүсэлтээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Г.Хаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл,

Ихэс гоо косметикс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм гэсэн баримтуудыг,

2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нэхэмжлэгч Г.Г гар утасны инстаграмм хаягт үзлэг хийсэн тэмдэглэл,

Л.Гг гэрчээр асуусан тэмдэглэл гэсэн баримтуудыг нотлох баримтаар бүрдүүлсэн болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэгч Г.Г нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

1.2 Нэхэмжлэгч Г.Гнь дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Г.Х Монгол гүүний эхэсээс гаргаж авсан сэрүмний түүхий эдийг Монголоос Япон руу нийлүүлэх, Японоос бэлэн бүтээгдэхүүн болгож Монгол руу бөөнөөр нь нийлүүлэх буюу Монголд гоо сайхны бүтээгдэхүүний шинэ брендтэй болох төсөл байна. Чи энэ төслийг нэг сонирхоод надад хөрөнгө оруулаач ээ, чи хэрвээ үүнд хөрөнгө оруулбал чи эндээс маш их ашиг авна. Эхний ээлжинд Японоос 1000 ширхэгийг бүтээгдэхүүн болгож оруулж ирье. Тэгэхийн тулд чи хөрөнгө оруулах хэрэгтэй байна гэх зэргээр маш олон удаа надтай уулзан, ятгаж санал тавьж гуйж, надад гоо сайханы бүтээгдэхүүний тестэр гэж зүйл өгч, би турших маягаар хэд хоног хэрэглэж үзэхэд маш сайн үр дүнтэй байхаар нь би түүнд итгэж, ...Г.Х чи энэ бизнест ердөө 50 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийчих... гэх зэргээр ятгасан, би багагүй эргэлзэж бодсоны эцэст 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 18 сая төгрөг, 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 9 сая төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16 сая төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10 сая төгрөг гэж 4 удаагийн гүйлгээгээр нийт 53 сая төгрөг Г.Хын данс руу шилжүүлсэн. Эдгээр мөнгийг Япон руу бүтээгдэхүүний үнэр дарах ажил болон бүтээгдэхүүний сав баглааны үнэ, патент ашигласны төлбөр гэх зэргээр надад хэлж авсан.

...Г.Х 2022 оны 4 сард надаас Япончуудаас бүтээгдэхүүн хөгжүүлэх патентыг нь худалдаж авахад мөнгө маш их хэрэгтэй байна. Яаралтай 50 сая төгрөг шилжүүлэх хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би өмнөх мөнгөнийхөө зарцуулалт болон үр дүнг үзээгүй байж би чамд дахиж мөнгө нэмж өгөхгүй гэхэд тэгвэл 3 сарын хугацаатай, хүүтэй зээлье гэж гуйсаар дахиад 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр нэмж 50 сая төгрөг дансаар шилжүүлж авсан.

Г.Хд мөнгө өгөх үеэр Монгол улс цар тахалын үр дагавраар эдийн засгийн хямралтай, хил гааль хаалттай хэцүү үе байсан учраас эхний 1 жил би түүнд итгэж, тэвчээртэй хүлээсэн боловч өнөөдрийг хүрсэн тул Баянзүрх дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гомдол гаргасан боловч Залилах гэмт хэргийн шинжгүй гэж, хэрэг бүртгэлтийн хэргийг хааж шийдвэрлэсэн.

Г.Хд шилжүүлсэн 5 удаагийн гүйлгээний эхний 18,000,000, 9,000,000 төгрөгийг 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бичгээр байгуулахдаа зээлүүлсэн мөнгөний хэмжээг 27,000,000 төгрөг гэж тэмдэглэж, гэрээний 3.7-д ...гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай алдангийг хоног тутамд тооцож авахаар гэрээ хийсэн. Иймд 27,000,000 төгрөгийн 665 хоногийн алдангид 8,977,500 төгрөгийг Г.Хаас нэмж нэхэмжилнэ.

Иймд зээлийн гэрээний үүрэгт амаар тохиролцож шилжүүлсэн 50,000,000 төгрөг, 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр бичгээр байгуулсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 27,000,000 төгрөг, алдангид 8,977,500 төгрөг,

Хамтран ажиллах гэрээг амаар байгуулан гэрээний дагуу шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг уг гэрээнээс татгалзаж байгаа учир нийт 111,977,500 төгрөгийг Г.Хаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.

 

2.Хариуцагч Г.Хд шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдөр, нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус тус гардуулсан, тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй гэж зааснаар хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй тул шүүх мөн хуулийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заасан үр дагаварыг түүнд нэхэмжлэл, мэдэгдэх хуудсыг гардуулах үед болон шүүх хуралдааны товыг мэдэгдэх үед түүний 8904-8885 дугаарын утсаар, оршин суугаа харьяалах буюу Хан-уул дүүргийн 25 дугаар хорооны Засаг даргаар нь дамжуулан мэдэгдсэн боловч тэрээр хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй болно.

 

3.Хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар болон нэхэмжлэгч талын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3.1 Зээлийн гэрээний тухайд:

Хэрэгт авагдсан 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн Зээлийн гэрээ гэх баримтаар нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Г.Хд 27,000,000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, гэрээ байгуулагдахаас өмнө зээлдэгчийн Голомт банкны 1805038838 тоот дансанд 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр 9,000,000 төгрөг, 18,000,000 төгрөгийг тус тус шилжүүлснийг талууд тодорхойло, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тохиролцож, гэрээг мөн өдөр нотариатчаар гэрчлүүлжээ.

 

3.2 Түүнчлэн нэхэмжлэгч Г.Г ХААН банкны 5133157013 тоот данснаас 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Г.Хын Голомт банкны 1805038838 тоот данс руу 18,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл, мөн данснаас 2021 оны 7 дугаар сарын 23-ны өдөр Г.Хын Голомт банкны 1805038838 тоот данс руу 9,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл гэх баримтуудаар 27,000,000 төгрөгийг дээрх зээлийн гэрээний үүрэгт зээлдүүлэгч Г.Гнь зээлдэгч Г.Хд шилжүүлсэн болох нь мөн тогтоогдож байна.

 

3.3 Дээрх гэрээний заалтууд нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д "Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ" гэж заасантай нийцэж байх бөгөөд хариуцагч Г.Х нь зээлийг гэрээгээр тохиролцсон хугацаанд нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэг хүлээсэн байх боловч тэрээр уг үүргээ бүрэн биелүүлж, бүрэн төлсөн эсэх талаар тайлбараа, нотлох баримтын хамт шүүхэд ирүүлээгүй болно.

 

3.4 Мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.7-т гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэжээ.

 

3.5 Дээрхээс зээлдэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алдангийг төлөхөөр тохиролцсон, зохигч анз төлөх гэрээг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар бичгээр хийсэн байх тул хариуцагч Г.Х нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр алдангийг нэхэмжлэгчид төлөх үүрэг хүлээжээ.

 

3.6 Хариуцагч нь дээрх зээлийн төлбөрт хэзээ, хэдэн төгрөгийг буцаан төлсөн талаарх тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул нэхэмжлэгчийн тооцооллоор зээлийн төлбөрийг тооцох нь зүйтэй байна.

 

3.7 Иймд нэхэмжлэгч Г.Гнь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 236.6-д зааснаар зээлийн үндсэн төлбөрт 27,000,000 төгрөг, алдангид 8,977,500 төгрөг, нийт 35,977,500 төгрөгийг хариуцагч Г.Хаас шаардах эрхтэй байна гэж үзлээ.

 

4.Зээлийн гэрээний үүрэгт 50,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

4.1 Нэхэмжлэгч нь 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр 50,000,000 төгрөгийг хариуцагч Г.Хд амаар тохиролцон зээлдүүлж, өөрийн ХААН банкны 5133157013 тоот данснаас хариуцагчийн Голомт банкны 1805038838 тоот данс руу шилжүүлсэн гэж, ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл гэх баримтыг үндэслэл болгодог.

 

4.2 Шүүхээс хариуцагч Г.Хд нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр гардуулсан, тэрээр 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хариу тайлбараа ирүүлэх үүрэгтэй боловч хариу тайлбар болон нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул шүүх нэхэмжлэгчийн ХААН банкны 5133157013 тоот данснаас 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр Г.Хын Голомт банкны 1805038838 тоот данс руу 50,000,000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл гэх баримтыг үндэслэн талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ амаар байгуулагдсан, гэрээний дагуу зээлийн төлбөрийг буцаан төлсөн болохоо хариуцагч Г.Х нотлоогүй, хариу тайлбар, татгалзлаа нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй тул хавтас хэрэгт авагдсан баримтын хүрээнд хариуцагч Г.Хаас зээлийн төлбөрт 50,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэд олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

5.Иймд хариуцагч Г.Хаас зээлийн гэрээний үүрэгт болон алдангид нийт 85,977,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэд олгох үндэслэлтэй байна.

 

6.Хамтран ажиллах гэрээний үүрэгт 26,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:

 

6.1 Хэрэгт авагдсан 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэгч Г.Г ХААН банкны 5133157013 тоот данснаас 10,000,000 төгрөгийг Ихэс гоо косметик ХХК-ийн Голомт банкны 1905163993 тоот дансанд шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

Мөн данснаас 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16,000,000 төгрөгийг Ихэс гоо косметик ХХК-ийн Голомт банкны 1905163993 тоот дансанд шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 4005 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газрын 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 4/1684 дугаартай Хариу мэдэгдэх хуудас,

Нийслэлийн Прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/04 дугаартай Хариу мэдэгдэх хуудас,

2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн Хохирогчид эрх, үүрэг тайлбарласан, хууль сануулсан баталгаа,

Мөн өдрийн хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авсан тэмдэглэл,

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөгчийн 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 0220604405 дугаартай Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол,

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Г.Хаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл,

Ихэс гоо косметикс ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм,

Шүүхээс Л.Гг гэрчээр асуусан тэмдэглэл гэсэн баримтуудаар нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэ, Г.Х нар нь хамтран гоо сайхны бүтээгдэхүүн Япон улсад үйлдвэрлүүлж, Монгол улсад борлуулахаар тохиролцож, нэхэмжлэгч Г.Гнь хариуцагч Г.Хын Ихэс гоо косметик ХХК-ийн Голомт банкны 1905163993 тоот дансанд 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 10,000,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 16,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

 

6.2 Хариуцагч Г.Х нь дээрх 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбараа мөн шүүхэд ирүүлээгүй болно.

6.3 Хариуцагч Г.Х нь шүүхэд хариу тайлбар өгөөгүй боловч хэрэгт авагдсан 2022 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Г.Хаас гэрчийн мэдүүлэг авсан тэмдэглэл гэх баримтад ...Г.Ган-Эрдэнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн Япон улсад үйлдвэрлүүлж, Монгол улсад борлуулах төслөө хэрэгжүүлэхийн тулд хамтран Ихэс гоо нэртэй компани байгуулж, тухайн компанийн 40, 60 хувийг эзэмшихээр тохирч, Ихэс гоо косметик ХХК-ийг байгуулж, хамтран хувьцаа эзэмшигчээр Г.Ган-Эрдэнийг бүртгэх гэтэл би хувьцаагаа ээж Л.Ггийн нэр дээр 40 хувийг авья гээд эхний ээлжинд 200,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийе гэж тохирч, Г.Г...103,000,000 төгрөгийг хийсэн. Үлдсэн хөрөнгө оруулалтыг хийх боломжгүй байна гэхээр нь хувьцаагаа багасга, өөр хөрөнгө оруулагч ольё гэхэд үгүй гэж маргалдсаны улмаас Г.Гнамайг цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байна. Компанийн 40 хувийг Г.Г төрсөн эх Л.Г эзэмшдэг. ...Ковидын улмаас хил, гааль хаасантай холбоотой бүтээгдэхүүн удаж орж ирсэн гэсэн тайлбарыг өгсөн, нэхэмжлэгч нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу шилжүүлсэн 26,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

 

6.4 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх, мөн хуулийн 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болохоор тус тус заажээ.

 

6.5 Шүүхэд гэрчээр асуугдсан Л.Г Г.Гманай хүү, Г.Хыг танихгүй. Ихэс гоо косметик ХХК гэж надад байхгүй, энэ компанийн талаар мэдээлэл ч байхгүй, би цахилгаан тоног төхөөрөмжийн техникч мэргэжилтэй, одоо тэтгэвэрт гарсан, ач хүүгээ хардаг, энэ компанийн талаар болон 40 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдсэн талаар огт мэдэхгүй гэж мэдүүлсэн байна.

 

6.6 Дээрхээс нэхэмжлэгч, хариуцагч нар нь хамтран ажиллахаар тохиролцохдоо Ихэс гоо косметикс ХХК-ийг байгуулсан гэж үзэх боломжгүй, уг хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, компанийн дүрэм зэргээр нэхэмжлэгч Г.Гнь тухайн компанийн хувьцаа эзэмшигч биш болох нь тогтоогдож байна.

 

6.7 Хамтран ажиллах гэрээний гол шинж нь хамтын ажиллагааны явцад тодорхой зорилго хэрэгжсэнээр ашиг олох, харин алдагдалтай ажилласан бол хамтран хариуцлага хүлээх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан шаарджээ.

 

6.8 Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1, 480.1.4-т хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно гэж зааснаар талууд гоо сайхны бүтээгдэхүүн Япон улсад үйлдвэрлүүлж, Монгол улсад борлуулах зорилготой хамтын үйл ажиллагаа нь цаашид хэрэгжих боломжгүй болсон тул нэхэмжлэгч Г.Гнь оруулсан хөрөнгө болох 26,000,000 төгрөгийг буцаан авах эрхтэй юм.

 

7. Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч Г.Хаас зээлийн гэрээний үүрэгт болон алданги, хамтран ажиллах гэрээний үүрэгт нийт 111,977,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэд олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 831,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Г.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 831,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэд олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6, 476 дугаар зүйлийн 476.1-д заасныг баримтлан хариуцагч Г.Хаас 111,977,500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 831,590 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Хаас улсын тэмдэгтийн хураамжид 831,590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Ган-Эрдэнэд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ