| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2018/0361/Э |
| Дугаар | 447 |
| Огноо | 2018-04-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ба.Эрдэнэбаатар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,
Улсын яллагч Ба.Эрдэнэбаатар,
Хохирогч Г.Дашзэвэг,
Шүүгдэгч Г.А, түүний өмгөөлөгч Н.Ганбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б овогт Г-ын Ад холбогдох эрүүгийн 1806016660390 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгад ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо гялалзах хэсэг 2-18-8 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар:УС87041231, Б овогт Г-ын А,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних иргэн Г.Дашзэвэгийг архины шилээр нүүр рүү цохин зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Дашзэвэг мэдүүлэхдээ: “Би 1 дүгээр сарын 21 ны өдөр цайз руу ажилдаа явсан. Г.А миний нүүрэн тус газарт архины шилээр цохисонд гомдолтой байна. Би шүүгдэгчээс 1.500.000 төгрөг нэхэмжилсэн. Нэмж хохирлын баримт авчираагүй. Би урдны авах мөнгө төгрөгөө оруулсан юм. Г.А надаас уучлалт гуйсан.” гэв.
Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Г.Дашзэвэгийн өгсөн мэдүүлэг /хх-5, 8/, гэрч Б.Батчулууны өгсөн мэдүүлэг /хх-10/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2899 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-21/, яллагдагч Г.А гийн өгсөн мэдүүлэг /хх-12-33/, шүүгдэгч Г.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/, шүүгдэгч Г.Агийн ял шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних иргэн Г.Дашзэвэгийг архины шилээр нүүр рүү цохин зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Мөрдөн байцаалтад хохирогч Г.Дашзэвэгийн өгсөн: “....Шоовко, Ооно бид гурав интернзт тоглоомын газраас гараад нэг шил архи дэлгүүрээс авч уугаад Ооноогийн гэрт очсон Ооноогийн гэрт Улаанаа ирсэн байсан ба Ооноогийн гэрт пиво ууж байгаад Улаанаатай мөнгөний авлагын талаар ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэгээд би Улаанаад хандаж хоёулаа айлын гэрт маргалдаж байгаад яахав гарч байгаад ярилцъя гэж хэлээд бид хоёр гэрээс гарахад Улаанаа архины шилээр шууд миний нүүрэн хэсэгт 2 удаа цохисон. Тэгээд Улаанаа зугтаад явсан..." гэх мэдүүлэг /хх- 5/,
"...интернэт тоглоомын газар байж байгаад 1 цагийн дараа Одбаярын гэрт очсон чинь А согтуу архи уучихсан. Одбаяр тасарчихсан унтаж байсан Тэр үед би Атай хамт явсан самарны мөнгөнөөс болж маргалдаад. А миний хамар руу цохиж цус гаргасан чинь Одбаярын эхнэр гэрт зодоон хийлээ гээд уурлаж бид хоёрыг гэрээс хөөж гаргахаар нь А бид хоёр гараад дахин маргалдаж байгаад , би одоо маргалдахаа болье маргааш эрүүлдээ учираа олно гэж хэлээд буцаж Одбаярын гэрт бид хоёр орсон чинь эхнэр нь ор засаж унт гэж хэлсэн, А мөнгөнөөс болж хэрүүл хийгээд байхаар нь Одбаярын эхнэр дахин уурлаад бид хоёрыг гэрээс хөөж гаргасан, миний урд А хашааны хаалгаар түрүүлж гарсан араас нь би хаалгаар гарсан чинь шууд миний нүүр рүү архины шилээр гурван удаа цохичихоод зугтсан. Тэр үед Одбаярын эхнэр хараад цагдаа дуудсан...Г.А намайг 0.75 архины шилээр хоёр нүд рүү гурван удаа цохисон..." "...Би Ад гомдолтой байна энэ хүнээс эмчилгээний зардал 1.500.000 төгрөг нэхэмжилж байна..." /хх- 7-8/,
Мөрдөн байцаалтад гэрч Б.Батчулууны өгсөн: "...2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр манай нөхөр Одбаяр Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо төвийн 6 тоотод согтуу байна гэхээр нь би очиж авах санаатай очиход Дашзэвэг, А гурав байсан ...А нөхөр хоёроо аваад гэртээ ирсэн. Тэр үед А 0.5 шилтэй архи авч манайд уугаад манай нөхөр тасраад унтсан... Дашзэвэг чи миний самрын мөнгийг аваад өгөөгүй одоо өг гээд л салаавч гаргаад Агийн шанаа хэсэг рүү нэг удаа цохисон чинь А өөдөөс нь босч ирээд зөрүүлээд цохисон. Тэгэхэд Г.Дашзэвэгийн хамарнаас цус гарахаар нь би тэр хоёрыг гэрээс хөөж гаргасан. Хашаанд хороондоо маргалдаад байхаар би гараад тэр хоёрыг салгаад гэртээ оруулаад ор засаад унт гэсэн тэр хоёр дахин маргалдаад байхаар нь миний уур хүрээд та нар гэрээс гар гээд дахин хөөгөөд, ууж байсан 0.75 шилтэй хараа архийг өгч гаргасан, гадаа зодолдоод байхаар нь би харах санаатай гэрээс гартал А гартаа барьж байсан архитай шилээрээ Дашзэвэгийн нүүр рүү цохисон тэгэхээр нь би наад талаас нь чи хүн аллаа ш дээ гээд бахирсан чинь Дашзэвэг барьж байсан архины шилээ блокон хананд шидэж хагалсан. Тэгээд А өөрөө алга болчихсон байхаар нь би дүү Жанцанг дуудаж гачууртын эмнэлэгт Дашзэвэгийг хүргүүлсэн. /хх- 10/,
Мөрдөн байцаалтад Г.Агийн яллагдагчаар өгсөн: "...Одбаярын эхнэр гэрт зодоон хийлээ гээд бид хоёрыг хөөгөөд гэрээс гаргахаар нь бид гадаа маргалдаж байгаад буцаж Одбаярын гэрт орсон. Одбаяр тасарчихсан унтаж байсан. үлдэгдэл архи ууж байгаад Дашзэвэг чи намайг түрүүлж цохисон гээд маргаан хийгээд байсан Батчулуун та хоёр манай гэрээс гар гээд ууж байсан шилтэй архи надад өгөөд гэрээс хөөж гаргахаар нь бид хашааны гадаа гарч байгаад дахин маргаад би Г.Дашзэвэгийг баруун гараараа нэг удаа толгой руу нь цохиод, дахиж зүүн гартаа барьж байсан архитай байсан шилээр нүүр рүү нь нэг удаа хүчтэй цохисон. Батчулуун гэнэт хашаанаас гарч ирээд чи хүн аллаа гэж орилсон тэгэхээр нь айсандаа гартаа байсан архины шилээ хаяад урагшаа зугтаад Гачууртын эцэс Ундраа дэлгүүрийн хажуунаас цагдаад баригдсан..." /хх- 12/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2899 дугаартай дүгнэлт:
1. Г.Дашзэвэгийн биед тархи доргилт, баруун нүдний ухархайн гадна дээд ханын зөрүүтэй хугарал, баруун хөмсөг, духанд шарх, зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун шуу, нуруунд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх нэг цаг хугацаанд үүсэх боломжтой.
З. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэ! тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй /хх- 21/,
- шүүгдэгч Г.Агийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/,
- шүүгдэгч Г.Агийн ял шалгах хуудас /хх-25/ зэрэг болно.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.
Иймд шүүгдэгч Г.А нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт зүс таних иргэн Г.Дашзэвэгийг архины шилээр нүүр рүү цохин зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч нь хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчид баримтаар нэхэмжилсэн хохирлыг нөхөн төлсөн нь эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хялбаршуулсан журмаар Г.Ад холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Г.Ад 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Г-ын Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Ад 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Г.А нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Г.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурьдсугай.
6. Хохирогч Г.Дашзэвэг нь хохирлын баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС