Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 2024/ДШМ/303

 

 

 

 

 

  2024             3                7                                       2024/ДШМ/303            

 

Л.Цид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мөнхөө даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,  

шүүгдэгч Л.Ц, түүний өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/91 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Цын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор Л.Цид холбогдох эрүүгийн 2303006990554 дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Гучид овгийн Л.Ц, 1980 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “UB Cab”-д жолооч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12 дугаар гудамжны 193 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ХИ80082971/,

Л.Ц нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрила төвийн зүүн талын замд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд “Тоёота Приус-20" загварын 24-20 УНО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Skooter" унаж явсан М.Дтэй мөргөлдөж М.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Л.Цийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Гучид овгийн Л.Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Л.Цийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Л.Цид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ц нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, хохирогч М.Д нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Л.Цид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ц нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Л.Цийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч нь эхнэр, 3 хүүхдийн хамтаар Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 12 дугаар гудамжны 193 тоот хаягт оршин суудаг хэдий ч такси үйлчилгээний компанид ажиллан амьжиргаагаа залгуулдаг учир түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгааралалтын бүсээс гарахыг хориглосон байгаа нь түүний амьдралын чанарыг эрс дордуулсан, ашиг орлого олох, ар гэрээ асран тэтгэх боломжийг эрс багасгаж хаасан шийдвэр боллоо.

Мөн түүний хүүхдүүд Баянгол дүүргийн 12 дугаар хороо, Энхбаярын зам дагуу байрладаг “Хүслийн өргөө” бүрэн дунд сургуульд суралцдаг бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч нь үр хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгч, авч чадахгүй болох нөхцөл байдал үүсч байгаа ба энэ нөхцөл байдал нь хүүхдүүдийн нь эрүүл мэнд, амь насанд нь аюул учруулж байгааг харгалзан түүнд оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчипгээ үзүүлэхээс бусад тохиолдолд Нийслэлийн нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалт тогтоож, Л.Цийн жолоодох эрхийг 6 /зургаа/ сарын хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн 2 /хоёр/ жилийн хугацааг 1 /нэг/ жил болгон багасгаж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгөхийг хүсье. ...” гэв.

Шүүгдэгч Л.Ц тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Г.Нандин-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Л.Цид тухайн зүйл, ангид заасан ялын хамгийн доод хэмжээ бөгөөд оршин суугаа газрын нутаг дэвсгэрээр буюу дүүргээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоосон нь үндэслэлтэй. Энэ нь ялын бодлогод нийцсэн байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Л.Цид холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

Шүүгдэгч Л.Ц нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Шангрила төвийн зүүн талын замд 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн орчимд “Тоёота Приус-20" загварын 24-20 УНО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, мөн дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4-д “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно. Харин түр буюу удаан зогсохыг зөвшөөрсөн замын хэсэгт жолооч тээврийн хэрэгслээ хөвөөн дээр зогсоох, хөвөөнөөс эргэж зорчих хэсэг рүү орохын тулд 1.2 тэмдэглэлийг давж болно.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас “Skooter" унаж явсан М.Дтэй мөргөлдөж М.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

хохирогч М.Дгийн “...2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 17 цаг 50 минутын орчим Сүхбаатар дүүргийн ертөнцийн зүгээр урагшаа чиглэлтэй буюу Шангрила төвийн зүүн талд зам дээр Skooter унаад явж байхад “приус 20” маркийн автомашин үргэлжилсэн цагаан шугам давж эргэсэн. Тэгээд машин ирж байгаа эсэхийг харахын завдалгүй хурдтай эргээд мөргөсөн. ...Сэтгэл санааны болон эмчилгээний зардал нэхэмжилнэ. ...” /хх 14-15/,

иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн “...Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 160.000 /нэг зуун жаран мянга/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү. ...” /хх 22/,

            Л.Цийн яллагдагчаар “...Тухайн өдөр өөрийн эзэмшлийн “приус 20” загварын 24-26 УНО улсын дугаартай автомашиныг жолоодоод Шангрилангийн зүүн замаар хойноос урагш чиглэлтэй 2 дугаар эгнээгээр явж байгаад, түгжрэл их болохоор нь үргэлжилсэн цагаан шугам даваад зүүн гар тийш эргэх үйлдэл хийсэн. Тэгэхдээ чигээрээ явсан Skooter жолоодож явсан хүнтэй мөргөлдсөн. Би буцаж эргэх үйлдэл хийхдээ толиндоо харахад надад юм харагдаагүй. ...” /хх 89/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “...М.Дгийн биед духны хөндийн гадна, дотор ялтас руу үргэлжилсэн шугаман хугарал, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэсэн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 13127  дугаартай /хх 40-41/ дүгнэлт,  

 

дуудлага лавлагааны хуудас /хх 4/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 6/, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх 7/, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх 8/, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 9-10/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх 46/, Автотээврийн Үндэсний төвийн техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 47-50, 51/, авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх 52/, хохирлын баримтууд /хх 62-67, 72/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Анхан шатны шүүхээс гэмт хэргийг хэн, хэзээ, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Л.Ц нь гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Л.Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл заалтыг зөрчин “Тоёота Приус-20” загварын 24-20 УНО улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа “Skooter” унаж явсан М.Дтэй мөргөлдөж түүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Цид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан тухайн зүйлд зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 2 /хоёр/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэснийг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Л.Цын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэр “…Зорчих эрх хязгаарлах ялын бүсийг Нийслэлийн нутаг дэвсгэрээр тогтоож, Л.Цийн жолоодох эрхийг 6 сарын хугацаагаар, зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн 2 жилийн хугацааг 1 жил болгон багасгаж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Зорчих эрхийг хязгаарлах ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас явах болон тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг түүнд хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр, засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ бүсийг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр дээрх эрхийг нь тодорхой хугацаанд хязгаарлаж буй ялын төрөл юм.

 

Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол, хор уршиг, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлуудыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор хүнд биш ял оногдуулсан нь түүний хувийн байдал, гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байх тул шүүгдэгч Л.Цийн зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ, бүсийг тэлэх эсхүл өөрчлөх, буруутган дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Цийн өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Анхан шатны шийтгэх тогтоолын 4 дэх талд “...шүүгдэгч С.Ариунболдод Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар. ...” гэж шүүгдэгчийн нэрийг буруу бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасан байх тул үүнийг цаашид анхаарбал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 2024/ШЦТ/91 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Цын өмгөөлөгч Т.Мөнхдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МӨНХӨӨ

 

                        ШҮҮГЧ                                                                        Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                        Г.ЕСӨН-ЭРДЭНЭ