Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01055

 

 

 

 

 

 

 

 

 

"И" ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00975 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "И" ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч "У С" ХХК-д холбогдох, төлбөрийн зөрүү 18,652,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай, гэрээ цуцалсны хохирол 5,718,240 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Амартүвшин, хариуцагчийн өмгөөлөгч Э.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Талууд 2018 оны 05 сарын 16-ны өдөр “Бараа материал нийлүүлэх тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр "У С" ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд "И" ХХК-ийн барьж буй 76 айлын “Blue mon” хотхоны 6 блок барилгын дулаалгад зориулж 24-25 нягттай 1 мЗ-ын үнэ нь 135,000 төгрөгийн үнэ бүхий 2754 м3 хөөсөнцрийг 1 өдөрт 80 м3-аас доошгүй хэмжээтэйгээр 1 сарын хугацаанд захиалагч талд нийлүүлэх, "И" ХХК нь тус хөөсөнцрийн төлбөрт нийт 371 790 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон.

Нэхэмжлэгч нь гэрээний төлбөрт 43,500,000 төгрөгийг бэлнээр, Ланд круйзер 200 маркийн автомашиныг 67,000,000 төгрөгөөр, BMW Х5 маркийн автомашиныг 33,000,000 төгрөгөөр тус тус үнэлж хариуцагчийн төлбөрт тооцон, нийт төлбөрийн дүн 143,500,000 төгрөг болж байна. Харин хариуцагч нь 124,848,000 төгрөгийн үнэ бүхий барилгын дулаалгын хөөсөнцрийг манай компанид нийлүүлсэн байдаг ба үүний зөрүү нь 18,652,000 төгрөг болно. "У С" ХХК нь гэрээгээр тохиролцсон чанарын шаардлага хангасан барилгын хөөсөнцрийг талуудын хэлэлцэж тохиролцсон хугацаанд гэрээнд заасан тоо хэмжээгээр нийлүүлж чадахгүй байсан тул талууд гэрээг цуцалж "И" ХХК нь үлдэгдэл хөөсийг гуравдагч этгээдтэй гэрээ байгуулах замаар захиалан худалдаж авсан байдаг. Энэ талаар талууд тооцоо нийлж баталгаажуулсан.

Иймд "И" ХХК-аас гэрээний төлбөрт илүү төлсөн 18,652,000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжилж байна гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь талуудын байгуулсан гэрээний дагуу "И" ХХК нь нийлүүлэгч талд төлбөрт тооцон Ланд круйзер 200 маркийн автомашиныг 67,000,000 төгрөг, BMW Х5 машиныг 33,000,000 төгрөг, Дүнжингарав хотхоны 101 байр 34 тоот, 74 м кв талбайтай 3 өрөө сууцыг 138,495,000 төгрөг, бэлнээр 43,500,000 төгрөг хүлээлгэн өгсөн. Нийлүүлэгч нь гэрээний дагуу захиалагч талд хөөсөнцөр нийлүүлж байсан.

Хөөсөнцөр нийлүүлэх хугацаанд захиалагч тал гэрээний үүргийг үл ялиг зөрчсөн үндэслэлээр захиалагч гэрээгээ цуцлах, өөр газраас хөөсөнцөр авахаар болсон талаар хэлэхэд захиалагч талын санал бодлыг хүндэтгэн гэрээг цуцлах саналыг хүлээн зөвшөөрсөн. Нэгэнт бид гэрээгээ цуцалсан учраас тооцоо нийлсэн. "У С" ХХК-д шилжүүлсэн Дүнжингарав хотхоны 101 байр 34 тоот, 74,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг Инэл ХХК-д 2019 оны 03 дугаар сард эгүүлэн хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцсон. Нэхэмжлэгчээс хариуцагчид өгсөн төлбөрийн тооцоогоор 143,500,000 төгрөг өгсөн, хариуцагчаас нэхэмжлэгчид 124,848,000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлсэн байсан. Үлдсэн ажлыг гүйцэтгэхийн тулд бэлэн мөнгөний шаардлага гарсан учраас бартераар манайд шилжүүлсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгөө түр хугацаанд бид өөрсдийнхөө эзэмшилд шилжүүлж авсан.

Манайх тооцохдоо гэрээг цуцлахгүйгээр 100 хувь гүйцэтгэж дуусгана гэж бодсон тул бартераар нэхэмжлэгч талаас авсан Дүнжингарав хотхон 101 дүгээр байрны 34 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг н.Дашнямтай гэрээ байгуулж урьдчилгаа төлбөрт түүнээс 70,000,000 төгрөгийг бэлнээр авч, тухайн орон сууцыг н.Дашнямын эзэмшилд шилжүүлсэн. Тооцоо нийлсэн актад зөвхөн "У С" ХХК-ийн нийлүүлсэн хөөсийг тооцсон байдаг бөгөөд гэрээг цуцлахад манайд төлөвлөгдөөгүй зардлууд гарсан. Үүнд, тухайн байранд манайхаас 30,000,000 төгрөгийн засвар хийгдсэн байдаг боловч засварын үнийн дүн дээр маргаан гарсан тул шинжээч томилуулаад шинжээчийн дүгнэлтээр 5,718,240 төгрөгийн засвар хийсэн гэсэн тооцоо гарсан байдаг.

Гэрээг цуцалсантай холбоотойгоор манай компани 9,000,000 төгрөгийг "И" ХХК-ийн ажилтан Г.Дөлгөөнд шилжүүлж өгсөн. Хэрэв "И" ХХК гэрээг цуцлаагүй байсан бол орон сууцны засварт 5,718,240 төгрөг, илүү төлөлтийн буцаалт 9,000,000 төгрөг, нийт 14,718,240 төгрөгийн зардал манайхаас гарахгүй байх байсан.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилж буй 18,652,000 төгрөгөөс гарсан зардал болох байрны засварын 5,718,240 төгрөг, ажилтан Г.Дөлгөөний дансаар шилжүүлсэн 9,000,000 төгрөг, нийт 14,718,240 төгрөгийг хасч тооцон, үлдэх 3,933,760 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

Хариуцагч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Дээрх гэрээний дагуу бараа нийлүүлэх явцад "И" ХХК нь өөр компаниас хөөсөнцөр авч, “танай компани фасадын хөөсийг нь нийлүүлээд явах уу” гэж байснаа сүүлдээ “гэрээгээ цүцлах” санал гаргасан. Тооцоо нийлэхэд манайд шилжүүлэн өгсөн орон сууцны үнийг бодолгүй, эргээд авах боломжгүй болсон эд хөрөнгийг төлбөр тооцоонд оруулан бодсон. Тус орон сууцыг төлбөр тооцоонд оруулаагүй шалтгаан нь орон сууцыг манайд итгэмжлэлээр шилжүүлж өгөхөөр гэрээнд заасан байсан боловч, өмчлөлд шилжүүлж өгөөгүйгээс болж, н.Дашнямд байрыг шилжүүлэн өгч тооцоог дуусгавар болгож чадаагүй. Дүнжингарав хотхон дахь байрыг бусдад зарахаар болсноос болж, зардал мөнгөний асуудал үүсэн, байрыг шилжүүлж авсан хүн байранд засвар хийж, төлбөр мөнгө гаргасан талаар хэлэхэд танайх нэгэнт тус байрыг бусдад зарахаар болсон бол байраа худалдаад авчих, байрны үнийг төлчихвөл байрны асуудал шийдэгдэх болно гэдэг талаар ярилцсан.

Гэтэл барилгын ажлын улирал дуусч байх үед бидний тохиролцсон гэрээг "И" ХХК-ийн санаачилгаар цуцалсантай холбоотой манай компанийн санхүүгийн чадвар буурч, үүнээс болж байрны мөнгийг төлөх асуудлыг шийдвэрлэж чадаагүй. Тиймээс "И" ХХК-ийн менежер Г.Дөлгөөнтэй ярьж, орон сууцанд их хэмжээний засвар хийгдсэн, үүнээс болж, өр төлбөрт орох болоод байна гэдэг талаар ярилцаж тохиролцсоны үндсэн дээр "И" ХХК-д 9,000,000 төгрөг шилжүүлсэн. Компанийн менежер Г.Дөлгөөн нь үлдэгдэл 9,000,000 төгрөгийг байрыг суллаж өгснөөс хойш нэхэхэд нь байрны засварт орсон мөнгөний асуудлыг шийдүүлмээр байна гэхэд ямар нэг хариу өгөөгүй. н.Дашнямыг орон сууцнаас гарахад нь түүнээс урьдчилгаа төлбөр авсан, засвар хийсэн зэргээс болж, түүнд өөр компаниас бартераар авсан байрыг өгөхөөр болж, урьдчилгаа төлбөрт нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хотхоны 101 дүгээр байр, 34 тоот 74,4 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцанд засвар хийсэн 30,000,000 төгрөгийг тооцохоор тохиролцсон.

Ийнхүү нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээний үүргээ зөрчсөнөөс болж бодитоор учирсан 30,000,000 төгрөгийг хохиролд тооцон гаргуулах шаардлага гаргасан. Гэвч шинжээчийн дүгнэлтээр 5,718,240 төгрөг болохыг тогтоосон тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Иймд "И" ХХК-иас гэрээ цуцалсны хохиролд 5,718,240 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав хотхон 101 дүгээр байр, 34 тоот хаягт байрлах, 3 өрөө байрыг нь хариуцагчид шилжүүлж өгөхөөс өмнө тэрээр гэрээний үүргээ хангалтгүй биелүүлсэн байдаг. Тухайн үед "И" ХХК-ийн нэг хувьцаа эзэмшигч н.Сарантуяа нь өөрийн өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хотхон 101 дүгээр байрны 34 тоот орон сууцыг компанид тэнцүү хэмжээгээр хөрөнгө оруулалт хийхийн тулд төлбөрт тооцуулахыг зөвшөөрсөн. Гэрээнд тусгагдсаны дагуу хариуцагч нь хөөсөнцөрийг хугацаандаа нийлүүлэх үүргээ биелүүлэхгүй байнга тасалдуулж байсан. Үүнээс болж манайх туслан гүйцэтгэгч нарт огт ажиллаагүй үед нь цалин олгох асуудал үүссэн.

Гэрээний төлбөрт тооцсон орон сууцыг 2018 оны 05 сард хүлээлгэн өгсөн, түүнээс биш эзэмшүүлэхээр эзэмшилд нь шилжүүлээгүй байтал өөрөө өмчлөгч биш мөртлөө бусадтай худалдах, худалдан авах гэрээ байгуулж, урьдчилгаа төлбөрт н.Дашням гэдэг хүнээс 70,000,000 төгрөг бэлнээр, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгсэл хүлээн авсан байдаг. "У С" ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдаж, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Дүнжингарав хотхон 101 дүгээр байрны 34 тоотод байрлах 3 өрөө орон сууцыг буцаан шаардахад орон сууцнаас н.Дашнямыг гаргах гаргах боломжгүй болсон байсан. Хариуцагч компанийн захирал Г.Батхуяг нь байрны түрээс гэж сар бүр 1,000,000 төгрөг тооцож төлье, цаашдаа байрыг худалдаж авна гэж тохиролцон түрээсийн гэрээ байгуулсан. Уг орон сууцыг чөлөөлж авахын тулд өмчлөгч болох н.Сарантуяагийн хүүхэд Г.Дөлгөөн энэ харилцаанд оролцсон.

Гэтэл түүний хувийн эзэмшлийн дансаар түрээсийн төлбөр 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн атлаа үүнийг манайд илүү төлсөн мөнгийг буцааж төлсөн гэж ярьж байгаа нь үндэслэлгүй. Гэрээгээр тохиролцсоны дагуу өдөрт 80 м3 хөөсөнцрийг нийлүүлэхэд 10,800,000 төгрөг болохоор байтал өдөрт хамгийн их гэхэд 6,840,000 төгрөгийн хөөсөнцрийг манайд нийлүүлж байснаас гэрээгээ цуцалсан.

Гэрээгээр тохирсон хэмжээ, цаг хугацаанд нь хөөсөнцөрөө нийлүүлж чадахгүй байсан учраас хариуцагчтай тохиролцон гэрээгээ цуцалж, гэрээгээ дүгнэн тооцоогоо нийлсэн бөгөөд "У С" ХХК-д манайхаас авсан зүйлээ буцааж өгөхийг хүссэн албан бичиг явуулж байсан. Байрны засварыг н.Дашням хийж гүйцэтгэсэн гэвэл тэр өөрийнхөө зардлаар хийсэн. Гэтэл хариуцагч нь 30,000,000 төгрөгийн засвар хийсэн гэдэг нь шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэж байна. Хэрэв засвар хийсэн бол уг зардлыг засвар хийсэн гэх н.Дашням нэхэмжлэх эрхтэй байхаас гадна тухайн байрны өмчлөгч н.Сарантуяа байсаар байтал "И" ХХК-аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй.

Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч "У С" ХХК-аас 18,652,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "И" ХХК-д олгож, "И" ХХК-аас 5,718,240 төгрөг гаргуулах тухай Ууган сүмбэр ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч "У С" ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 251,210 төгрөг гаргуулан нэхэмжлэгч "И" ХХК-д, шинжээчийн зардалд 300,000 төгрөг гаргуулан шинжээч “Мөнх Эстимэйт” ХХК-д тус тус олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 251,210 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307,950 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: "У С" ХХК-д "И" ХХК-ийн илүү төлсөн гэх 18,652,000 төгрөгийн 9,000,000 төгрөгийг буцаан "И" ХХК-ийн менежер Г.Дөлгөөний дансанд шилжүүлсэн байдаг. Тэрээр компанийг төлөөлөн гэрээ байгуулсан болох нь “Бараа материал нийлүүлэх тухай” гэрээгээр тогтоогддог. Гэтэл гэрээ байгуулсан этгээд нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцож, худал мэдүүлж байхад шүүх хэргийг тал бүрээс нь бодитой үнэлэх үүргээ биелүүлээгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад захиалагч талын нийлүүлэгч талд шилжүүлсэн орон сууц нь н.Сарантуяагийн нэр дээр байдаг гэж нэхэмжлэгч дурдсан учраас  тус компанийн хувьцаа эзэмшигчдийн талаарх мэдээллийг эрх бүхий байгууллагаас гаргуулахад "И" ХХК-ийн менежер Г.Дөлгөөний ээж н.Сарантуяа нь нэхэмжлэгч компанийн 50 хувийн хувьцаа эзэмшигч болох нь тогтоогдсон. Гэтэл энэ бүх харилцан хамаарал бүхий этгээдүүдийн гэрээний үүрэг болон хөрөнгө, хөрөнгийн эрхтэй холбоо бүхий маргаан байхад анхан шатны шүүх “талууд Г.Дөлгөөний дансаар мөнгийг хүлээн авах талаар тохиролцоогүй байна” гэж дүгнэсэн нь буруу.  

“Бараа материал нийлүүлэх тухай” гэрээний төлбөрт "И" ХХК-аас "У С" ХХК-д шилжүүлэн өгсөн Дүнжингарав хотхон дах 101 дүгээр байр 34 тоот, 74,7 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг хариуцагч гэрээний төлбөрт тооцож авсан учраас бусдад худалдан борлуулахаар тохирч бусдын эзэмшилд шилжүүлсэн. Тухайн орон сууцыг эзэмшилдээ авч, ашиглаж байсан н.Дашням нь орон сууцанд 30,000,000 төгрөгөөр засвар хийсэн талаар орон сууцыг чөлөөлж өгөхдөө хэлдэг бөгөөд хариуцагч компаниас өөр  бусдаас бартерт авсан орон сууцыг нь авахдаа 30,000,000 төгрөгийг төлбөр тооцоондоо оруулан авсан болох нь компанийн захирал н.Батхуяг, н.Дашням нарын хооронд байгуулсан “Орон сууц худалдах,худалдан авах гэрээ”-ээр тодорхойлогддог.

Гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилуулан засвар хийлгэсэн үнэлгээг 5,713,240 төгрөгөөр тогтоосон. Үүнтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнг багасгаж, нэхэмжлэлийн шаардлага 18,652,000 төгрөгийн 9,000,000 төгрөгийг буцаан өгсөн болох, байрны засварын үнэлгээ 5,718,000 төгрөгийг хасч, үлдэх 3,933,760 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх талаар маргасан. Анхан шатны шүүх дээрх бодит нөхцөл байдал, нотлох баримтыг бүрэн үнэлээгүйгээс болж, хариуцагч нь давхар хохирч байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан ба анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулжээ.

 

Нэхэмжлэгч "И" ХХК төлбөрийн зөрүү 18,652,000 төгрөг гаргуулахаар шаардсан /1хх 1-2/ бол хариуцагч "У С" ХХК уг шаардлагаас 3,933,760 төгрөгийг зөвшөөрч, үлдсэнийг нь эс зөвшөөрч маргасан /1хх 70-71, 2хх 121/ ба нэхэмжлэгчид холбогдуулан гэрээ цуцалсны хохирол 30,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гаргаж /2хх 46-47/, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сөрөг шаардлагаа 24,281,760 төгрөгөөр багасгаж, 5,718,240 төгрөг гаргуулна гэжээ. /2хх 125/

 

Талууд 2018 оны 05 сарын 16-ны өдөр “Бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ” байгуулж, уг гэрээгээр "У С" ХХК нь чанар, стандартын шаардлага хангасан хөөс нийлүүлэх, "И" ХХК нь 1 м3 хөөсийг 135,000 төгрөгөөр тооцож төлбөрийг мөнгө болон эд хөрөнгөөр төлөхөөр харилцан тохиролцсон байна. /1хх 8-12/

 

Анхан шатны шүүх дээрх эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж зөв тодорхойлсон ба талууд уг гэрээг харилцан тохиролцож цуцалсан үйл баримт, улмаар харилцан тооцоо нийлж худалдагч "У С" ХХК нь худалдан авагч "И" ХХК-д нийт 18,652,000 төгрөгийг өглөгтэй болохыг тодорхойлсон үйл баримтыг тус тус зөв тогтоожээ.

 

Тодруулбал, хариуцагч "У С" ХХК нь 2018 оны 01 сарын 01-ний өдрөөс 2018 оны 12 сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд нийт 143,500,000 төгрөгийг мөнгө, эд хөрөнгөөр хүлээн авсан боловч нийт 124,848,000 төгрөгийн хөөсөнцөр нийлүүлсэн учир "И" ХХК-д төлбөрийн зөрүү болох 18,652,000 төгрөгийн өр төлбөртэй болохыг тодорхойлж, талууд гарын үсэг, тамгаар баталгаажуулсан нь 1-р хавтаст хэргийн 18 дахь талд авагджээ.

 

Зохигчид гэрээ байгуулсан, гэрээг цуцалсан, тооцоо нийлсэн үйл баримтын талаар маргаагүй. Түүнчлэн, худалдах, худалдан авах гэрээ хүчинтэй байх цаг хугацаанд "И" ХХК-аас "У С" ХХК-ийн эзэмшилд Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Дүнжингарав хотхон, 101-р байрны 34 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцыг хүлээлгэн өгсөн, "У С" ХХК нь уг орон сууцыг иргэн Л.Дашнямд худалдаж, түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн боловч гэрээ цуцлагдсантай холбоотойгоор Л.Дашнямын эзэмшлээс гаргуулж "И" ХХК-д буцаан хүлээлгэн өгсөн үйл баримтын талаар зохигчид мөн маргаагүй.

 

Харин тооцоо нийлсэн баримтаар тодорхойлсон мөнгөн дүнг буцаан төлөх эсэх, уг дүнгээс хариуцагчийн шилжүүлсэн 9,000,000 төгрөг болон орон сууцанд хийсэн засварын зардал 5,718,240 /шинжээчийн дүгнэлтээр тодорхойлогдсон/ төгрөгийг хасч тооцох эсэх нь маргааны зүйл болжээ.

 

"У С" ХХК-аас "И" ХХК-ийн ажилтан Г.Дөлгөөний данс руу нийт 9,000,000 төгрөгийг шилжүүлсэн талаархи баримт 1-р хавтаст хэргийн 102-105-р талд авагджээ. Тус 9,000,000 төгрөгийн талаар нэхэмжлэгч нь орон сууцны түрээсийн төлбөр гэж, хариуцагч нь хөөсний мөнгийг буцаан шилжүүлсэн гэж тус тус харилцан адилгүй тайлбарлан маргажээ.

 

Хэрэгт авагдсан 2018 оны 11 сарын 21-ний өдөр үйлдсэн "У С" ХХК-ийн захирал Г.Батхуягийн гар бичмэлд тусгагдсан “...тус хугацаанд шийдээгүй тохиолдолд тус байрны...хугацааг түрээсэнд тооцон 1 сарын 1 сая төгрөгөөр бодож түрээсийн төлбөр хэлбэрээр төлөх болно. ...Иймд манай зүгээс тус компанид гэрээний тал дээр гомдол саналгүй болно” гэсэн агуулга /1хх 16/, Г.Дөлгөөний эзэмшлийн Хаан банк дахь 5134028097 тоот данс руу 2019 оны 01 сарын 16-ны өдөр 2,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ “Уугансүмбэр ххк-с дүнжин.хотхон 101.34түрэ” гэж бичсэн гүйлгээний утга /1хх 102/, данс эзэмшигч Г.Дөлгөөний шүүхэд өгсөн “...Би түлхүүрийг нь өгсөн учраас намайг хариуцаж мөнгө төгрөгийг авч бай гэсэн...”, “...9 сая орчим төгрөг...”, “...2018 оны 07 сарын 20-ны өдрөөс хойш хөлсөлье гэсний дагуу сар бүр төлбөр төлнө гэж байсан ч утсаа авахаа байсан. 2018 оны 09-11 саруудад шаардлага тавьж байсан. Гэхдээ тэр үед н.Дашням гэх хүний эхнэр нь төрсөн учир өвлийн цагт байрнаас гарах боломжгүй байна гэсэн. н.Батхуяг захирал н.Дашнямтай хамт ирж түрээслэнэ гэж бичиг хийж өгч байсан...”, “...Энэ бол байрны түрээсийн төлбөр...” гэсэн мэдүүлэг /2хх 63-68/ зэргийг харьцуулан үнэлвэл, хариуцагч “Уугансүмбэр” ХХК-аас Г.Дөлгөөнд шилжүүлсэн 9,000,000 төгрөгийг хөөсний төлбөрийн зөрүүг буцаан шилжүүлсэн гэж үзэх боломжгүй, энэ талаархи хариуцагч талын давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр Баянзүрх дүүрэг, 26-р хороо, Дүнжингарав хотхон, 101-р байрны 34 тоот хаягт байршилтай 3 өрөө орон сууцанд хийгдсэн засвар, тохижилтыг 5,718,240 төгрөгөөр тогтоожээ. Орон сууцыг нэхэмжлэгч талд буцаан хүлээлгэн өгсөн учир гэрээ цуцлагдсантай холбоотой өөрт учирсан хохирол гэж хариуцагч тал 5,718,240 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт “Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй” хэмээн заажээ. Өөрөөр хэлбэл, хариуцагч "У С" ХХК нь гэрээ цуцлагдсантай холбоотой учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч "И" ХХК гэрээний үүргээ зөрчсөнтэй холбоотойгоор гэрээ цуцлагдсан, мөн гэрээ цуцалсны улмаас "У С" ХХК-д хохирол учирсан байхыг ойлгоно.

 

Өмнө дурдсан 1-р хавтаст хэргийн 16-р талд авагдсан "У С" ХХК-ийн захирлын гар бичмэлд “...Манай компанийн зүгээс гэрээний үүргээ биелүүлээгүй тул...” гэж бичсэн байх тул “...нийлүүлэгч тал хугацаандаа бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээгүйгээс гэрээ цуцалсан гэж ямар ч нотлох баримтгүй худал ярьсныг шүүх үнэлсэн...” гэсэн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шийдэл зөв. Түүнчлэн орон сууцыг түр хугацаанд эзэмшиж байсан Л.Дашням нь тухайн орон сууцанд засвар, тохижилт хийсэн болох нь түүний өгсөн гэрчийн мэдүүлэг /1хх 121-124/, хариуцагчийн хариу тайлбараар тогтоогдсон тул уг зардлыг "У С" ХХК-аас гарсан гэж үзэх боломжгүйг тайлбарлах нь зүйтэй.

 

Дээрхийг нэгтгэн дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 26-ны өдрийн 101/ШШ2021/00975 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч талаас улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 сарын 29-ний өдөр төлсөн 251,210 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Н.БАТЗОРИГ                                                     

                                           ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                                            Д.НЯМБАЗАР