Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/01

 

Б.С, Б.М, Р.Ж, Л.А,

Л.А, С.А, Д.Ц нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ш.Төмөрбаатар, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж,

цагаатгагдсан этгээд Б.М, түүний өмгөөлөгч Г.Нарантуяа,

цагаатгагдсан этгээд Р.Ж, түүний өмгөөлөгч Ц.Батзаяа, Б.Отгонжаргал

цагаатгагдсан этгээд Л.А, Л.А нарын өмгөөлөгч С.Соронзонболд,

шүүгдэгч Б.С, цагаатгагдсан этгээд С.А нарын өмгөөлөгч Г.Бат-Отгон,

нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/384 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, цагаатгагдсан этгээд С.А нарын өмгөөлөгч Г.Бат-Отгон, шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Б.С, Д.Ц, цагаатгагдсан этгээд Б.М, Р.Ж, Л.А, Л.А, С.А, нарт холбогдох эрүүгийн 1934002850138 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. С, 1983 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн З суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын кадастрын инженер мэргэжилтэй, ажилтай, ам бүл 4, эхнэр хүүхдийн хамт тус ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

2. С, 1973 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн З суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, "З хаан", "..." ХХК-ийн захирал, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 543 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Төв аймаг дахь сум дундын 23 дугаар шүүхийн 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 214 дүгээр зүйлийн 214.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1, 248 дугаар зүйлийн 248.1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэх,

3. Ж, 1973 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төв аймгийн З суманд төрсөн, 50 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй гэх,

4. А, 1986 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн З суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй гэх,

5. А, 1987 оны 8 дугаар сарын 05-ны өдөр Төв аймгийн З суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй гэх,

6. А, 1986 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр Төв аймгийн З суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, уул уурхайн цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн 2003 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 7 хоногийн хорих ялаар шийтгэснийг мөн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоолыг 2 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэгдэж байсан гэх,

7. Ц, 1965 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн З суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрхзүйч мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт ... тоотод оршин суух хаягтай улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Шүүгдэгч Б.С нь Төв аймгийн З сумын Засаг дарга буюу Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа үргэлжилсэн үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр З сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр "Хайлаастын ам" гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор "Хайлаастынхан" гэх нөхөрлөлтэй "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг хууль бусаар байгуулж, Б.М, Р.Ж. Л.А, Л.А. С.А нарт давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 107,155,965 төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан,

мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр З сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Нарангийн ар" гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 0,031 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор "Өгөөж хайрхан" нөхөрлөлтэй 02 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг хууль бусаар байгуулж, тус нөхөрлөлд давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 8,292,690 төгрөгийн хохирол учруулсан,

мөн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр "Өвөр дөтлүүр" гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 0.35 талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор "Баян нутаг” нөхөрлөлийн ахлагч Д.Цтэй "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай" гэрээг байгуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 19,422,286 төгрөгийн хохирол учруулан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт,

Л.А, Р. Ж. Б.М, Л.А С.А нар нь бүлэглэн, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулан 2017 оны 6 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сар хүртэлх хугацаанд Төв аймгийн З сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Хайлаастын эх" гэх газар З сумын Засаг дарга болон "Хайлаастынхан" нөхөрлөлийн хууль бусаар байгуулсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ"-ээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээний 4.3 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлож, байгаль орчинд нийт 107,155,965 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

 шүүгдэгч Д.Ц нь 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Төв аймгийн З сумын Тосон 1 дүгээр багийн нутаг "Өвөр дөтлүүр" гэх сумын Засаг дарга 6 Сгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж баталсан "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай" хууль бус гэрээгээр халхавчлан орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан 0.35 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, экологи эдийн засагт 19,422,286 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Б.Сд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.М, Л.А, Р.Жамъяандорж, С.А, Л.А, Д.Ц нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С, А, Ж, А, А нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “ гэмт хэргийн шинжгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Л.А, Б.М, Р.Ж, Л.А, С.А нарыг цагаатгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 34.14 дүгээр зүйлийн  2 дахь хэсэгт заасныг баримтлан Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Сг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйчилж,

Шүүгдэгч Л.А, Б.М, Р.Ж, Л.А, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож,

Шүүгдэгч Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Цийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тусгай зөвшөөрөлгүйгээр газрын хэвлийд халдсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цд хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнсэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн цагдан хоригдсон 8 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 төгрөгөөр тооцож 120.000 төгрөгийг  түүнд оногдуулсан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгийн торгох ялаас хасаж, түүний торгох ялыг 9,880,000 /есөн сая найман зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сд оногдуулсан 9,880,000 /есөн сая найман зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь тэнссэн 3 жилийн хугацаанд ажил, оршин суугаа газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ц нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж,

Шүүгдэгч Б.Сд оногдуулсан торгох ялыг биелэлтэд мөн шүүгдэгч Д.Цийн үүрэг хүлээлгэсэн хугацаанд тус тус хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сгийн нийтийн албанд ажиллах эрхийг нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Цээс байгаль орчинд учруулсан гэм хорын хохирол 17,922,286 /арван долоон сая есөн зуун хорин хоёр мянга хоёр зуун наян зургаа/  төгрөгийг гаргуулж, /Төв аймгийн З сумын Тамгын газарт/ улсын төсөвт оруулж,

Эрүүгийн 1934002850138 дугаартай хэрэгт Р.Жийн эзэмшлийн хуучин Хово маркийн 1120 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Б.Мын эзэмшлийн 49,000,000 төгрөгийн үнэ бүхий 2715 УН улсын дугаартай 18Н00853СА504240 арлын дугаартай ковш маркийн тээврийн хэрэгслүүдийг тус тус битүүмжилсэн мөрдөгчийн тогтоол, Б.Мын 5029715024, 5070360714, 5112083906, 5112097283 тоот данс, Р.Жийн 5023122563, 5163123747 тоот данснуудыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгож, хууль ёсны эзэмшигчид нь буцаан олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч Д.Ц 8 хоног цагдан хоригдсоныг,  шүүгдэгч Б.С, Д.Ц болон цагаатгагдсан этгээд Л.А, Б.М, Р.Ж, Л.А, С.А нарын иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С, Д.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлж,

Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарлаж,

Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.С, Д.Ц, цагаатгагдсан этгээд Л.А, Б.М, Р.Ж, Л.А, С.А нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 2023/ШЦТ/384 тоот тогтоолыг хүлээн аваад уг тогтоолын тогтоох хэсгийн гуравт хохирол хор уршгийн талаар шүүгдэгч Д.Цээс 17,922,286 төгрөгийг гаргуулж улсын орлого болохоор шийдвэрлэсэн. Д.Цээс хэсэгчлэн төлүүлэхээр гэж тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь Д.Ц биеийн байдал муу эмчийн хяналтад байдаг, ажил орлогогүй болно. Эрүүл мэндийн дүгнэлтийг үндэслэн /хохирол төлсөн, илэрхийлсэн/ зэргийг үндэслэн 3 жил тэнссэн Эрүүгийн хариуцлагыг 2 жил тэнсэн ял болгож, Эрүүгийн хариуцлагын хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Бат-Отгон давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 208 тоот шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гарч шүүх хуралдааныг хойшлуулсан үед Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Э.Баатархүү нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний үйлчлүүлэгч Б.Сд яллагдагчаар татсан тухай тогтоол танилцуулахдаа /яллагдагчаас дахин мэдүүлэг авсан тэмдэглэл 13-хх 178-179х/ уг тогтоолыг биет хэлбэрээр танилцуулаагүй бөгөөд надад уг тогтоол нь байхгүй, мөн прокуророос хэрэг буцаж ирээгүй гэж тайлбарласан. Мөн миний үйлчлүүлэгч Б.Сд яллагдагчаар татсан тогтоол танилцуулахдаа “Эрүүгийн хуулийн 22.1 зүйлийн 2 дахь хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа” тухай танилцуулж мэдүүлэг авсан. Гэтэл миний үйлчлүүлэгч Б.Сг урьд эрүүгийн хуулийн 24.2 зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангиар яллагдагчаар татсан байсан боловч Прокурорын хяналтын шатанд дээрх үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон юм. Мөн Б.Сд гардуулсан 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 459 тоот яллах дүгнэлт зөвхөн эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн байна. Учир нь 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 2 тоот яллагдагчид холбогдох зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 зүйлийн 1 дэх хэсгээр Б.Сг яллагдагчаар татсан үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгосон юм. /12хх 185-186хуудас/,

2. Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Э.Баатархүү нь 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр миний үйлчлүүлэгч Б.Сг Эрүүгийн хуулийн 22.1 зүйлийн 2 дахь хэсэг, 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж байгаа тухай танилцуулж мэдүүлэг авсан. Өөрөөр хэлбэл урьд сонсгосон ялыг хүндрүүлж яллагдагчаар татсан тогтоол үйлдэгдсэн тухай танилцуулсан. Гэтэл хяналтын прокурор шинээр яллах дүгнэлт үйлдэлгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлд зааснаар шүүх хуралдаан хойшилсон тохиолдолд 34.16 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар “Шүүх энэ зүйлийн 5-д заасан үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах бол энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдолд тусгасан асуудлыг шийдвэрлэх, шүүгдэгчид зүйлчлэлийг өөрчлөн сонсгох мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гаргуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах ба прокурор шүүхээс тогтоосон хугацаанд эдгээр ажиллагааг явуулж, шүүх хуралдаанаар хэлэлцүүлнэ.” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтийг дахин үйлдэж яллагдагч нарт гардуулж өгөөгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил мөн.

3. Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 208 тоот шүүх хуралдааныг хойшлуулах тухай захирамж гарч улсын яллагч Ц.Сонинмөнхөд яллах дүгнэлтийг хуулийн дагуу гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад илэрсэн зөрчлийг хуулийн дагуу арилгаж, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу явуулахыг даалгасан боловч дээрх ажиллагаанууд огт хийгдээгүй байдаг. Тухайлбал: Авлигатай тэмцэх газрын мөрдөгч, комиссар Г.Авир нь Төв аймаг дахь цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байхдаа шалгаж байсан тухайн 173400458 тоот хэргийг үргэлжлүүлэн шалгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 3-т “өмнө нь тухайн хэрэгт прокурор, мөрдөгч, өмгөөлөгч, оролцогч, бусад оролцогч, шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар оролцсон бол” тухайн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болохгүй мөн хуулийн 9.5 дугаар зүйлийн 3-т мөрдөгчөөр оролцож болохгүй тухай өөрийн санаачлагаар татгалзах үүрэгтэй" гэж хуульчилсан байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохоос татгалзаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.

4. 1хх-н 29-34 дүгээр талд Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч Б.Билгүүн нь 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдөр “гүйцэтгэх ажлын шугамаар олж авсан мэдээллээр Төв аймгийн З сумын Хайлааст багын нутагт “З хаан” ХХК-ийн захирал н.С нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж хэргийн газрын үзлэг тэмдэглэл, хэргийн газрын гэрэл зургийг бэхжүүлж улмаар 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 173400458 тоот хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар мөрдөгч ажиллагаа явуулснаас 24 цагийн дотор прокурорт уг ажиллагааг хүчинтэйд тооцуулахаар зөвшөөрөлгүй явуулах болсон үндэслэлийг прокурорт нотлох баримт тайлбарын хамт хүргүүлэхээр заасан байна. Гэвч мөрдөгч Б.Билгүүн нь хуульд заасан дээрх ажиллагааг хийгээгүй байна. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан байна.

5. Прокурор миний үйлчлүүлэгч Б.Сг Төв аймгийн З сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах”, мөн журмын 12 дугаар зүйлийн 12.1-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 8 дугаар сарын 28-ны өдөр тус сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өвөр дөтлүүр” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 0.35 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Баян нутаг” нөхөрлөлийн ахлагч Д.Цтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай гэрээ” байгуулж, түүнд давуу тал бий болгосны улмаас байгаль орчинд 19,422,286 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь: Миний үйлчлүүлэгч Б.С нь Ашигт малтмалын тухай хууль болон тухайн үед үйлчилж байсан 2010 оны 308 тоот “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг зөрчөөгүй. Тухайлбал:

-Ашигт малтмалын тухай хуулийн 3.2 дугаар зүйлд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлохтой холбогдсон харилцааг журмаар зохицуулах бөгөөд уг журмыг Засгийн газар тогтооно” 1996 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай хуулийн” 4.1.23-т Бичил уурхай эрхлэн гэж үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй, ашиглалтын болон технологийн хог хаягдлаар бий болгосон талбайд ашигт малтмал олборлох зорилгоор Иргэний хуулийн 481.1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгэгдээгүй нөхөрлөлийн, Иргэний хуулийн 35 дугаар зүйлд заасан нөхөрлөл болон 36.4-д заасан хоршооны хэлбэрээр зохион байгуулагдсан иргэдийн эрхэлж байгаа үйл ажиллагааг” гэж хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл “Баян нутаг” нөхөрлөл хуульд заасан үндэслэл журмын дагуу үйл ажиллагаа явуулж байсан.

Мөн З сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр “Бичил уурхайгаар ашиглах газрыг шийдвэрлэх тухай” 01 тоот тогтоол гаргаж уг тогтоолыг хавсралтын хамт Засаг дарга Б.Сд хүргүүлсэн бөгөөд уг тогтоолын хавсралтын 40-д “Баян нутаг” нөхөрлөлтэй байгуулсан гэрээнд заагдсан “Тосонгийн адаг” гэх газрын байршлыг тусгасан байдаг.

6. Мөн Прокурор миний үйлчлүүлэгч Б.Сг Төв аймгийн З сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах”, мөн журмын 12 дугаар зүйлийн 12.1-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хяналт тавина гэсэн заалтуудыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарангийн ар” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 0.031 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Өгөөж хайрхан” нөхөрлөлтэй 02 тоот “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг байгуулж, нөхөрлөлд давуу тал бий болгосны улмаас байгаль орчинд 8,292,690 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Учир нь:

Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Г.Одхүү нь эрүүгийн 1902006050224 тоот хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж /З сумын Засаг дарга Б.С нь “Өгөөж хайрхан нөхөрлөл”-ийн ахлагч У.Ариунболдтой байгуулсан гэрээнд заагдсан газарт/ Б.Бурмаа нь ашигт малтмал олборлосон хэргийг Нийслэлийн прокурорын газар 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 24 тоот “Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” тогтоол үйлдэж хэрэгсэхгүй болгосон байдаг. Өөрөөр хэлбэл Б.Бурмаагийн ашигт малтмал олборлосон үйлдлийг Прокурорын байгууллага гэмт хэргийн шинжгүй байна гэж үзсэн байна. Мөн “Өгөөж хайрхан” нөхөрлөлийн ахлагч У.Ариунболдыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэрчээр оролцуулсан юм. Өөрөөр хэлбэл У.Ариунболдын Засаг дарга Б.Стай “Өгөөж хайрхан” нөхөрлөлийг төлөөлж гэрээ байгуулсан үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна гэж мөрдөгч болон улсын яллагч үзсэн байна. Өөрөөр хэлбэл Б.С нь гэмт хэрэг үйлдсэн гэдэг эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, хууль ёсны зарчим зөрчигдсөн байна.

7.12022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 459 тоот яллах дүгнэлтэд бичигдсэнээр Б.С нь “Хайлаастынхан” нөхөрлөлтэй бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг хууль бусаар байгуулж, тус нөхөрлөлд давуу байдал бий болгосон, Өгөөж хайрхан нөхөрлөлтэй 02 тоот бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг хууль бусаар байгуулж тус нөхөрлөлд давуу байдал бий болгосон, “Баян нутаг” нөхөрлөлийн ахлагч Д.Цтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай” гэрээ байгуулж түүнд давуу байдал бий болгосон гэсэн байна. Гэтэл хэрэгт авагдсан үйл баримтуудаар дээрх нөхөрлөлүүдэд ямар байдлаар давуу байдал олгосон нь огт тогтоогддоггүй. Давуу байдал гэж юуг ойлгож байгаа нь ч огт ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл давуу байдал олгосон нь тогтоогдохгүй байна.

8. “Хайлаастынхан”, “Баян нутаг”, “Өгөөж хайрхан” нөхөрлөлийн байгаль орчинд хохирол учирсан үйлдэл нь гэмт хэргийн биш зөрчлийн шинжтэй бөгөөд Зөрчлийн тухай хуулийн долоодугаар бүлэгт заасан “Байгаль орчин, амьтан, ургамал хамгаалах” журмын эсрэг зөрчлийн шинжийг агуулж байна. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч Б.С нь Эрүүгийн хууль зөрчсөн ямар нэг үйлдэл хийгээгүй юм

Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаар миний үйлчлүүлэгч Б.С нь дээрх үйлдлүүдэд гэм буруугүй нь тогтоогдож байгаа бөгөөд Б.Сгийн эрхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад олон зөрчсөн бөгөөд Б.Сгийн үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байна. Шийтгэх тогтоолын үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар Б.С нь дээрх үйлдэл холбогдолд гэм буруутай гэдэг нь эргэлзээтэй байна Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож миний үйлчлүүлэгч Б.Сг цагаатгаж өгнө үү.” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Б.Жигмэддорж гаргасан саналдаа: Б.С нь албан тушаалын байдлаа яаж урвуулан ашиглаад байгаа нь тодорхойгүй. Хохирлын шинж байдаггүй. Иймд түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд /Б.М/-ын өмгөөлөгч Г.Нарантуяа гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол хууль ёсны гарсан байна. Б.Мын хувьд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд /Р.Ж/-ийн өмгөөлөгч Б.Отгонжаргал гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд /Р.Ж/-ийн өмгөөлөгч Ц.Батзаяа гаргасан саналдаа: Г.Бат-Отгон өмгөөлөгчийн гаргасан гомдлын хувьд ямар үндэслэлээр гомдол гаргаад байгаа нь тодорхойгүй. Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй, ямар нэгэн зөрчил гаргаагүй тул хэвээр үлдээж өгнө үү гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд /Л.А, Л.А нар/-ын өмгөөлөгч С.Соронзонболд гаргасан саналдаа: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Б.С гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна. Сумын төсөв хязгаарлагдмал байдаг тул аль болох зардал мөнгө гаргалгүй, ухагдсан газар нутгийн нөхөн сэргээлтийн ажлыг хийх зорилгоор нөхөрлөлтэй гэрээ байгуулсан. Иймд надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Б.М гаргасан тайлбартаа: Шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон цагаатгагдсан этгээд Р.Ж гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө байр суурийг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч  Г.Бат-Отгон, шүүгдэгч Д.Цийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2. Шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаж чадаагүй байна.

3. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Төв аймгийн З сумын Засаг дарга Б.С нь 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/173 тоот албан бичгээр “тус сумын ИТХ-ын 2017 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 01 тоот тогтоолын дагуу сумын тусгай хэрэгцээнд авч, сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 17 тоот албан бичгээр баталгаажсан нэр, солбилцол бүхий газруудад бичил уурхайн зориулалтаар ажиллаж болох эсэх талаар дүгнэлт гаргаж өгөх” утга бүхий хүсэлтийг Ашигт малтмал газрын тосны газарт уламжилсан байна. /2хх 80/

Уг албан бичгийн хариуд Ашигт малтмал газрын тосны газраас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “Танай 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 1/173 тоот албан бичгээр ирүүлсэн талбайнууд нь гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөлтэй давхцалгүй байна.

Иймд Ашигт малтмалын тухай хуулийн 4.1.23 болон 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Монгол Улсын Засгийн газраас баталсан 151 дугаартай тогтоолын дагуу “Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох журам”-ын дагуу орон нутагтаа зохион байгуулж ажиллана уу” гэсэн албан тоотыг Төв аймгийн З сумын Засаг дарга Б.Сд ирүүлжээ. /2хх 81/

            Монгол Улсын Засгийн газрын  2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 151 дугаар “Журам батлах тухай” тогтоолд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ыг хавсралт ёсоор баталж, бичил уурхайгаар ашигт малтмал олборлох үйл ажиллагаатай холбоотой бичил уурхайн аюулгүй байдлын дүрэм, бичил уурхайн нөхөн сэргээлтийн аргачлалыг боловсруулж, баталж мөрдүүлэх, нэгдсэн удирдлагаар хангахыг холбогдох яамдын сайд, газрын дарга нарт даалгаж, журмыг хэрэгжүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд зохион байгуулж ажиллахыг бүх шатны Засаг дарга нарт тус тус үүрэг болгож, энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцжээ.

            Мөн гэрч Д.Мөнхтамир “...Манайхаас хариу өгсөн албан бичгийг бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар гаргасан дүгнэлт гэж ойлгож болохгүй, үүнийг дүгнэлт гэж үзэхгүй. Тухайн З сумын Засаг даргаас ирүүлсэн албан бичигт дурдсан байсан газар зүйн солбилцол бүхий талбайнууд нь нийт 400 гаруй га хэмжээ бүхий газрыг хамарсан 70 гаруй нөхөрлөлийн ажиллах талбай байсан. Тэгэхээр дээрх 151 тоот тогтоолоор батлагдсан журамд нэг суманд 10 хүртэл нөхөрлөл, нийт 50 га-аас хэтрэхгүй газрыг бичил уурхайгаар ашиглах талаар заасныг, мөн сумын Засаг дарга манай байгууллага руу шууд бичгээр дүгнэлт гаргуулах талаар хүсэлт гаргах эрхгүй, тухайн аймгийн Засаг даргаар дамжуулж хандах талаар заасан байгаа... Үүний дагуу тухайн газарт нь эрдсийн хуримтлал байгаа эсэх, үйлдвэрлэлийн ашигтай бус нөөц талбай бий эсэхийг судалж тогтоосны үндсэнд... журамд нийцүүлж дүгнэлтийг гаргадаг. 2017 онд Төв аймгийн З сумын нутаг дэвсгэрт бичил уурхайгаар ашигт малтмал олборлох чиглэлээр манай байгууллагаас ямар ч дүгнэлт гараагүй...” /1хх 163-164/ гэж мэдүүлсэн.

               Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт “Засгийн газрын тогтоол, Ерөнхий сайдын захирамж нь тэдгээрт болон хуульд өөрөөр заагаагүй бол гарсан өдрөөсөө эхлэн хүчин төгөлдөр болно” гэж хуульчилсан бөгөөд хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан Засгийн газрын шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт нийт байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан, иргэн биелүүлэх үүрэгтэй. Үүнээс үзвэл  Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн “Журам батлах тухай”ийн 151 дүгээр тогтоолын хавсралт ёсоор баталсан “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам” нь тухайн батлагдсан өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байна.

            Өмнө нь бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай харилцааг зохицуулж байсан “Журам батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 308 дугаар тогтоолыг Засгийн газрын 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн тогтоолоор хүчингүй болгож шинэ журам мөрдөгдөж эхэлсэн байхад анхан шатны шүүх “Төв аймгийн З сумын засаг дарга нийтийн албан тушаалтан шүүгдэгч Б.С “Хайлаастынхан” нөхөрлөлийн ахлагч Л.А нарын хооронд “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ” байгуулсныг Ашигт малтмалын тухай хууль болон тухайн цаг хугацаанд мөрдөгдөж байсан Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 308 дугаартай тогтоолын хавсралт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-г зөрчөөгүй байна” гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болж чадаагүй байна.      

            4. Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 2 дугаар зүйлд “үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ” гэж заасан.

            Гүйцэтгэх ажлын шугамаар олж мэдсэн “Төв аймгийн З сумын Хайлааст багийн нутагт 2017 оны 7 дугаар сард “З хаан” ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлосон” гэх мэдээллийг мөрдөгч Б.Билгүүн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 10 цаг 35 минутад хүлээн авч тэмдэглэл үйлджээ. /1хх 29/

            Улмаар 2017 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 173400458 дугаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тогтоол үйлдсэн байна. /1хх 001/

            Мөн өдөр Төв аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга О.Батбаатар нь “Мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг хэд хэдэн мөрдөгчид даалгах тухай” мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын тогтоол үйлдэж эрүүгийн 173400458 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах мөрдөгчдийн хэсгийг Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч Г.Авир, Эрүүгийн цагдаагийн тасгийн эдийн засгийн мөрдөгч Б.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй байгуулжээ. /1хх 112/

            Мөрдөгч нь хүн хуулийн этгээд, албан тушаалтнаас гэмт хэргийн талаарх гомдол гаргасан, эсхүл мэдээлсэн тохиолдолд мэдээллийг хүлээн авч шалгахаас гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.2 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн шинжийг өөрөө шууд илрүүлсэн тохиолдолд гомдол, мэдээллийг хүлээн авч шалгах эрхтэй.

             Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Хорин зургаадугаар бүлэгт прокурорын зөвшөөрлөөр нууцаар явуулж болох мөрдөн шалгах нууц ажиллагааны талаар хуульчилсан.

            Уг бүлэгт заасан хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянах, хязгаарлах, харилцаа холбооны сүлжээнд хяналт тогтоох, орон байр, орон байрнаас бусад газар, тээврийн хэрэгсэлд нэвтэрч, хяналт тогтоох, ажиглалт явуулах, хяналттай хүргэлт, хяналтын худалдан авалт явуулах зэрэг мөрдөн шалгах ажиллагаануудаас алийг мөрдөгч хууль зөрчин явуулсан талаар анхан шатны шүүх дүгнээгүй, эрүүгийн 1934002850138 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 26.8 дугаар зүйлд заасан мөрдөгчийн нууц ажиллагааны магадалгаа хэрэгт хавсаргагдаж ирээгүй байхад анхан шатны шүүх ямар нотлох баримтад үндэслэж мөрдөгч Б.Билгүүнийг мөн хуулийн 26.7 дугаар зүйлд заасан “Мөрдөн шалгах ажиллагааны журам” зөрчиж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан гэж үзэн түүнийг буруутгаж байгаа нь тодорхой бус байна.    

            5. 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч Г.Авир нь бүртгэлийн 604 дугаартай “Төв аймгийн З сумын Засаг даргаа ажилладаг эрх бүхий албан тушаалтан нь бусдад давуу байдал олгож, “Өгөөж хайрхан” нөхөрлөлтэй хууль бус гэрээ байгуулсны улмаас улсад хохирол учирсан” гэх гомдол, мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. /6хх 01/

            Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах ажиллагаа явуулах албаны даргын 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн тогтоолоор хэрэг бүртгэлтийн 193400285 дугаартай хэргийг мөрдөгч Г.Авирт шилжүүлж, уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахыг үүрэг болгожээ. /7хх 10/

            Мөрдөгч Г.Авир нь дээрх 2 хэрэг бүртгэлтийн хэрэгт гэрч У.Ариунболд /6хх 15-17, 18/, гэрч Б.Нямдорж /6хх 21-23/, гэрч Г.Ган-Очир /6хх 24-26/, гэрч С.Цэнд-Аюуш /6хх 27-28/, гэрч Д.Уранчимэг /6хх 32/, гэрч Н.Хэрлэнчимэг /6хх 33-34/, гэрч Б.С /6хх 35-37/, яллагдагч Б.С /6хх 245-246, 8хх 100-104/, гэрч С.Эрдэнэцогт /7хх 52-54/, гэрч Д.Мөнхтамир /7хх 55-57/, гэрч Ж.Батжаргал /7хх 58-60/, гэрч Б.Бурмаа /8хх 114-115/, гэрч Н.Хэрлэнчимэг /8хх 116-117/ нараас мэдүүлэг авч, 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр нийт 213 хуудас бичмэл, нотлох баримтуудыг /7хх 62/, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр нийт 64 хуудас бичмэл, нотлох баримтуудыг /8хх 28/ хуулбарлан энэ тухай тэмдэглэл үйлдэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

            Дээрх мөрдөн шалгах ажиллагаа явагдсаны дараа 2020 оны 7 дугаар сарын 01-ний өдөр яллагдагч Б.Сд холбогдох эрүүгийн 1934008700137 дугаар хэргийг эрүүгийн 1934002850138 дугаар хэрэгт /6хх 248-249/, яллагдагч Б.М нарт холбогдох эрүүгийн 1734004580194 дугаар хэргийг Б.Сд холбогдох 1934002850138 дугаар хэрэгт /8хх 213/ тус тус нэгтгэсэн байна.

            Үүнээс үзэхэд мөрдөгч Г.Авирын яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авах, бичмэл нотлох баримтуудыг хуулбарлан тэмдэглэл үйлдэх зэрэг мөрдөн шалгах ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу явагджээ.  

            Өөрөөр хэлбэл яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргүүдийг нэгтгэхээс өмнө хэрэг бүртгэлтийн хэрэг тус болгонд мөрдөгчийн явуулсан ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан мөрдөгчөөр оролцож болохгүй тохиолдолд хамаарахгүй бөгөөд анхан шатны шүүх Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, комиссар Г.Авир нь дээрх хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр өөрөө татгалзах хуулийн зохицуулалтай байжээ гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй.  

6. Мөн прокурорын яллах дүгнэлт болон шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Сгийн үйлдлийг “албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр З сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Нарангийн ар” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 0,031 га талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Өгөөж хайрхан” нөхөрлөлтэй 02 дугаартай бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээг хууль бусаар байгуулж, тус нөхөрлөлд давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 8,292,690 төгрөгийн хохирол учруулсан,

“Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай журам”-ын 6 дугаар зүйлийн 6.1.2-т “бичил уурхайгаар ашигт малтмал олборлох талаар бичил уурхай эрхлэгч этгээдийн гаргасан өргөдлийг үндэслэн тухайн талбайд дүгнэлт гаргуулах саналыг аймаг, Нийслэлийн Засаг даргад уламжлах”, мөн журмын 12 дугаар зүйлийн 12.1-т “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтэд нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага хяналт тавина” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2017 оны 08 дугаар сарын 28-ны өдөр тус сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Өвөр дөтлүүр” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 0.35 талбайд хууль бусаар ашигт малтмал олборлолт явуулах зорилгоор “Баян нутаг” нөхөрлөлийн ахлагч Д.Цтэй “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлосон талбайд нөхөн сэргээлт хийх тухай” гэрээг байгуулж, түүнд давуу байдал бий болгосны улмаас тухайн газарт ашигт малтмалын үйл ажиллагаа явуулж байгаль орчинд 19,422,286 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг” үйлдсэн гэж тусгасан нь түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлд заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинж давхар агуулагдаж байгаа мэт ойлгогдохоор бичигдсэнийг дурдах нь зүйтэй.

            7. Иймд анхан шатны хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. 

            8.1Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Б.Сгийн өмгөөлөгч Г.Бат-Отгон, шүүгдэгч Г.Цийн өмгөөлөгч Ж.Энх-Амгалан нарын гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй, шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 2023/ШЦТ/384 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Б.С, Д.Ц, Л.А, Б.М, Р.Ж, Л.А, С.А нарт урьд авсан авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                

 

                                                                                                        

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

                                    ШҮҮГЧИД                                           Ш.ТӨМӨРБААТАР

                                                                                                Р.МӨНХ-ЭРДЭНЭ