Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2025/0398

 

2025 05                                                                                                                              128/ШШ2025/0398
 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн
би даргалж, тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх
хуралдаанаар,
Дүгнэлт гаргагч: Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э,
Хариуцагч: Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны
байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х,
Гуравдагч этгээд: “Ү констракшн” ХХК /РД:/,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.А нарын хооронд
үүссэн Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль
орчны хяналтын улсын байцаагч С.Хын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний
өдрийн 0062452 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар шинэ
захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэхтэй холбоотой
маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Дүгнэлт гаргагч прокурор Г.Э, хариуцагч улсын
байцаагч С.Х, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1.Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль
орчны хяналтын улсын байцаагч С.Хын зүгээс “Ү констракшн”
ХХК-ийг “зөвшөөрөлгүй барилга барьсан” гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 7.17
дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирол нөхөн төлбөрт
24,809,091 төгрөгийг гаргуулахаар 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн
0062452 дугаар шийтгэлийн хуудсаар шийдвэрлэсэн.
1.2.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд
хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Эгаас “Зөрчил шалган
шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь хэсгийг удирдлага болгон,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны
хяналтын улсын байцаагч С.Хын 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн
0062452 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт
гарах хүртэл шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх” шаардлага бүхий дүгнэлтийг

 

тус шүүхэд 2025 оны 02 дугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн ба 2025 оны 03 дугаар
сарын 06-ны өдрийн 128/ШЗ2025/1559 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны
хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байна.
Хоёр. Дүгнэлтийн үндэслэл:
2.1. Дүгнэлт гаргагч Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх
ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э шүүхэд гаргасан
дүгнэлтийн үндэслэлдээ: “...Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг
бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э би,
Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны
хяналтын улсын байцаагч С.Х нь тус прокурорын газраас Зөрчлийн тухай
хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээсэн
2402000784 дугаартай хэргийг шалган, 2025 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн
0062452 дугаартай шийтгэлийн хуудсаар "Ү констракшн” ХХК-ийг
“зөвшөөрөлгүй барилга барьсан” гэж Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн
2 дахь хэсэгт зааснаар таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000
төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, хохирол нөхөн төлбөрт 24,809,091 төгрөгийг
гаргуулахаар шийдвэрлэсэн 2402000784 дугаартай хэргийн материалыг
шалгалтын явцад хянав.
Зөрчлийн хэрэгт Нийслэлийн прокурорын газрын "Зөрчлийн талаарх гомдол,
мэдээллийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгож, зөрчлийн
хэрэг нээх тухай" 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 79 дугаартай
прокурорын тогтоол, эрх бүхий албан тушаалтны “Зөрчлийн талаар амаар болон
харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай”
2024 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн тэмдэглэл, эрх бүхий албан тушаалтны
үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Н.А 2025 оны 01
дүгээр сарын 29-ний өдөр холбогдогчоор авсан “...ашиглалтын газар 12 давхар
барилга баригдсан, барилга нь 2024 оноос баригдаж эхэлсэн” гэх мэдүүлэг,
“М” ХХК-ийн зөвшөөрөлгүй барилга барьсан талбайд хийсэн байгаль
орчны хохирлын үнэлгээний тайлан, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны
тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах 03184 дугаартай гэрчилгээ,
“М******* *******” ХХК-ийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайлан,
0062452 дугаартай шийтгэлийн хуудас зэрэг нотлох баримтууд авагджээ.
Хэрэгт авагдсан баримтуудаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын
2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/150 дугаартай тушаалаар “Ү
констракшн” ХХК-д дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан цаазат
газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам гэх нэртэй газарт 29950,4
м.кв га талбайг ашиглахыг зөвшөөрч, 03484 дугаартай гэрчилгээг 2024 оны 01
дүгээр сарын 08-ны өдөр шинэчлэн олгосон байна. Тус компани нь дархан цаазат
газрын тусгай хамгаалалттай газарт зоорьтой, 12 давхар барилга барих барилгын
ажлыг эхлүүлж, ашиглалтад ороогүй, хашааны гадна авто зам, авто зогсоол
хийхээр бэлдсэн, цементээр талбай цутгасан, хог овоолсон, 00-той, талбайн эргэн
тойронд 35 ширхэг контейнер байрлуулсан зэрэг байдлаар газрыг ашиглаж байсан
зэрэг нөхцөл байдлууд тогтоогдож байна. Гэвч эрх бүхий албан тушаалтан шийтгэл
оногдуулах шийтгэлийн хуудаст зөрчлийн улмаас байгаль орчинд учирсан
хохирлыг тооцож, нөхөн төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэхдээ “М”
ХХК-ийн дүгнэлтийг үндэслэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай

 

нийцээгүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт заасан “Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг
нотлох үүрэг хүлээнэ” гэснийг зөрчсөн байх тул хууль зүйн хувьд алдаатай
шийдвэрийг зөвтгөх шаардлага үүсжээ. Тодруулбал хэрэгт авагдсан эрх бүхий
албан тушаалтны хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд
зэрэг нотлох баримтуудыг эрх зүйн ухамсраа удирдлага болгон, тал бүрээс нь
бодит байдлаар нь үнэлж дүгнэхэд, “Ү констракшн” ХХК нь тусгай
хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон ямар ямар үйл ажиллагаа
явуулсан, үүний улмаас байгаль экологид хэрхэн ямар байдлаар нөлөөлснийг
нарийвчлан шалгаж тодорхойлох, хэргийн газарт хийх үзлэгийг нарийвчлан нэг
бүрчлэн хийсний үндсэн дээр хэрэгт авагдсан шинжээчийн 3 дүгнэлтээс аль
дүгнэлт нь илүү зөрчлийн шинж, нөхцөл байдалтай бодитой нийцэж байгааг
үнэлсний үндсэн дээр шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь
хэсгийг удирдлага болгон Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын
захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Хын 2025 оны 01
дүгээр сарын 29-ний өдрийн 0062452 дугаартай шийтгэлийн хуудаст өөрчлөлт
оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл шүүхээс захиргааны актыг
түдгэлзүүлэхээр прокурорын дүгнэлт бичив” гэжээ.
2.2.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд
хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Э шүүх хуралдаанд гаргасан
нэмэлт тайлбартаа: “...Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагааны хяналтын прокурор
миний бие зөрчлийн 2402000784 дугаартай хэргийн хууль зүйн үндэслэлийг хянах
явцад Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль
орчны хяналтын улсын байцаагч С.Хын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний
өдрийн 0062452 дугаартай шийтгэлийн хуудас нь эргэлзээ бүхий нөхцөлүүд
үүсгэсэн учраас шийтгэлийн хуудсыг түдгэлзүүлж, шийдвэрийг зөвтгөх нь зүйтэй
гэсэн үндэслэлээр дүгнэлтийг бичсэн. Дүгнэлтийн гол үндэслэл нь “Ү
констракшн” ХХК нь зөвшөөрөлгүй барилга барьсан үндэслэлээр Зөрчлийн тухай
хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний
буюу 5,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж хохирол мөнгөн төлбөрт
24,809,091 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн шийтгэлийн хуудсыг гаргасан.
Шийдвэрийн гол үндэслэлийн тухайд тухайн зөрчлийн 2402000784 дугаартай
хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шийтгэлийн хуудсаар оногдуулсан
хохирол, нөхөн төлбөрийг тооцсон 24,809,091 төгрөгийг ямар үндэслэлээр тооцож,
энэ шийдвэрийг гаргасан нь эргэлзээ бүхий болсон. Учир нь зөрчлийн талаарх
гомдол мэдээллийг хүлээж авч эрх бүхий албан тушаалтан хэргийн газрын үзлэг
хийсэн. Энэхүү үзлэгээр нийт 12 давхар барилга баригдсан бөгөөд барилгыг
тойроод их хэмжээний барилгын хог цугларсан мөн газрыг ухсан нөхцөл байдал
тогтоогдсон. Үүнтэй холбогдуулан “М” ХХК-аас байгаль орчны
хохирлын үнэлгээг гаргасан. “Ү констракшн” ХХК-аас хүсэлт гаргасны
дагуу дахин шинжилгээ хийлгэж “М******* *******” ХХК-аас байгаль орчны хохирлын
үнэлгээг дахин гаргуулсан. Тухайн хэрэгт нийт 3 дүгнэлтийг хавсаргасан. Үнэлгээг
гаргахдаа газрын хэмжээг 3 төрлөөр тооцож гаргаж ирсэн тул ажиллагаа явуулж
эргэлзээ бүхий нөхцөл байдлыг тогтоож, хохирол, нөхөн төлөлт тооцсон эргэлзээ
бүхий нөхцөл байдлыг арилгах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан.

 

Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7 дахь
хэсгийг үндэслэн байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Хын 2025
оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулах хүртэлх
хугацаагаар захиргааны актыг түдгэлзүүлэх санал дүгнэлтээ дэмжиж оролцож
байна” гэв.
Гурав. Хариу тайлбар, татгалзал:
3.1. Хариуцагч улсын байцаагчаас шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар,
татгалзалдаа: “...Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын
ахлах зөвлөх Г.Эгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай
“Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлөх тухай”
дүгнэлтийн тухайд. Байгаль орчны хяналтын улсын байцаагч С.Х би
2402000784 дугаартай “Зөвшөөрөлгүй барилга барьсан” гэх зөрчилд “М*******
*******” ХХК-аар хохирол нөхөн төлбөр тооцуулсан тус хуулийн этгээдээс үнийн
дүнгийн илт зөрүүтэй хоёр өөр үнийн дүн бүхий хохирол нөхөн төлбөрийн үнэлгээг
ирүүлсэн. Уг хохирол нөхөн төлбөрийн үнэлгээг “Ү констракшн” ХХК-д
танилцуулахад манай компани уг хохирол нөхөн төлбөр тооцуулсан үнэлгээг
хүлээн зөвшөөрөөгүй, дахин үнэлгээ хийлгүүлэх хүсэлтээ ирүүлсний үндсэн дээр
Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.13 дугаар зүйлийн 1.13.3.1 дахь
заалтыг үндэслэн тусгай зөвшөөрөл бүхий “Г*******” ХХК, “С******* *******
*******”, “А*******”, “М” ХХК-д хохирол нөхөн төлбөрийн
үнэлгээ тооцуулахаар хамтран ажиллах санал хүргүүлснээс “М”
ХХК-аас хохирол, нөхөн төлбөр тооцон хамтран ажиллах боломжтой талаар хариу
ирүүлсний дагуу “Зөвшөөрөлгүй барилга барьсан” гэх зөрчлийн хэрэгт
зөвшөөрөлгүй баригдсан 12 давхар барилгад тус хуулийн этгээдээр хохирол, нөхөн
төлбөр тооцуулан ажилласан болно.
Иймд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын
ахлах зөвлөх Г.Эгийн 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 26 дугаартай
"Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг өөрчлөх тухай"
дүгнэлтийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
3.2. Хариуцагч улсын байцаагчаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт
тайлбартаа: “...Анх “М******* *******” ХХК-аас хохирол төлбөрийн үнэлгээг
тооцуулахад 60 гаруй сая төгрөгөөр хохирол нөхөн төлбөрийн үнэлгээтэйгээр
тооцогдож ирсэн. Холбогдогч компанид хохирлын үнэлгээг мэдэгдсэний дараа
өмнөх үнэлгээ буруу байсан гээд 500 гаруй сая төгрөгийн хохирлын үнэлгээг надад
авчирч өгсөн. Холбогдогч байгууллагад энэ тухай тайлбарлахад яагаад өндөр
үнийн зөрүүтэй үнэлгээ гаргасан тухайд асууж, хүлээн зөвшөөрөхгүй байсан тул
дахин хүсэлт өгч үнэлгээ хийлгэсэн. Үүний дагуу Зөрчил шалган шийдвэрлэх тухай
хуулийн 1.13 дугаар зүйлийн 3-т заасны дагуу дахин үнэлгээний компаниар
үнэлгээг тооцуулсан. “М” ХХК-аар үнэлүүлэхэд 24,809,091 төгрөгийн
хохирол нөхөн төлбөрийг тооцоолсон. Зөрчлийн хэрэгт зөвшөөрөлгүй 12 давхар
барилга барьсан үндэслэл байсан. Үүний дагуу зөрчлийн хэрэг нээж барьсан
барилгад нь хохирол нөхөн төлбөрийн үнэлгээг тооцсон” гэв.
Дөрөв. Гуравдагч этгээдийн хариу тайлбар:
4.1. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр
ирүүлсэн хариу тайлбартаа: “...Манай компани тухайн зөрчлийг үйлдсэнээ сайн
дураар хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ хүрээнд эрх бүхий шинжээчийн

 

гаргасан үндэслэл бүхий дүгнэлтийг хүндэтгэн хүлээн зөвшөөрч, дүгнэлтээр
тогтоогдсон хохирлын хэмжээг нөхөн төлөхөө илэрхийлж зөрчил шалган
шийдвэрлэх ажиллагаанд оролцсон бөгөөд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний
өдрийн 0062452 дугаартай шийтгэх хуудсаар ногдуулсан 5,000,000 төгрөгийн
торгууль болон 24,809,091 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан.
Захиргааны актыг түдгэлзүүлэхийн гол тулгуур санаа нь маргаан бүхий захиргааны
акт, өөрөөр хэлбэл хуулийн этгээдэд үүрэг хүлээлгэсэн, эсхүл эрхийг нь
хязгаарласан захиргааны актын биелэлтийг түр зогсоож, захиргааны акт гаргахдаа
бий болгосон мэргэжлийн алдаа, зөрчлийг шүүхээс маргаан шийдвэрлэх явцад
шинжлэн судлах боломжгүй тул шийдвэрт заасан хугацаанд засах үүргийг
ногдуулдаг онцлогтой. Дээр дурдсанчлан эрх бүхий этгээдээс гаргасан захиргааны
акт буюу шийтгэлийн хуудас бүрэн хэрэгжиж дууссан тул прокурорын дүгнэлт буюу
гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
4.2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд
гаргасан нэмэлт тайлбартаа: “...Манай компанийн хувьд анх зөрчил үйлдсэнээ
хүлээн зөвшөөрч шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нөхөн төлбөрийг төлөх
саналтайгаар оролцсон. Өмнөх өдөр нь “М******* *******” ХХК нь 64,000,000 үнэлгээ
гаргасан. Тухайн дүгнэлтийг хийхдээ “М******* *******” ХХК нь манай компанийн
төлөөллийг оролцуулаагүй. Ямар компани томилогдсон тухай огт мэдэгдээгүй
байсан. Маргааш нь шинжээчийн дүгнэлт өөрчлөгдөж 580 гаруй сая төгрөгийн
хохирлын үнэлгээ гаргасан байсан. Манай компанийн зүгээс анхдагч шинжээчийн
дүгнэлт байх ёстой бөгөөд эрх бүхий албан тушаалтнаас дахин шинжилгээ хийлгэх
шийдвэр гаргаагүй байхад дахин шинжээчийн дүгнэлт гаргасан. Тухайн үед
шинжээчийн дүгнэлтийн зардлыг гаргуулахаар тухайн компани ирсэн гэж манай
компанийн зүгээс тайлбарласан. Төлбөрийг төлөхгүй бол шинжээчийн дүгнэлтээ
өөрчилнө гэж манай компанид хандсан. Тухайн үеийн нөхцөл байдлыг харгалзан
шинжээчийн дүгнэлтийг ашиг сонирхлын зөрчилтэй байна гэж үзээд шинжээчээр
оролцуулахаас татгалзаж нэмэлтээр дахин шинжээчээр “М” ХХК
томилогдсон. Тухайн компанийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэн эрх бүхий албан
тушаалтны шийтгэлийн хуудас гарсан тухайн шийтгэлийн хуудасны дагуу манай
компани нөхөн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан. Одоогийн нөхцөл байдлын
тухайд манай компанийн барилга эхлүүлэх зөвшөөрөл албан ёсоор баталгаажиж
гарсан. Улсын комисст хүлээлгэж өгөхөөр хүсэлтээ өгсөн байна. Мөн бүрэн
биелэгдээд дууссан захиргааны актыг түдгэлзүүлж, шинээр акт гаргахаар шаардаж
буй нь үндэслэлгүй гэж үзэж байна” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэрэгт нотлох баримтаар авагдсан үйл баримт болон шүүх
хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбаруудад харьцуулан дүгнэлт
хийж, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт
тавих хэлтсийн хяналтын прокурор Г.Эгийн дүгнэлтийг дараах үндэслэлээр
бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Прокуророос дүгнэлтийн шаардлагын үндэслэлдээ: “зөрчлийн улмаас
байгаль орчинд учирсан хохирлыг тооцож, нөхөн төлбөрийг гаргуулахаар эрх бүхий
албан тушаалтнаас шийдвэрлэхдээ “М” ХХК-ийн дүгнэлтийг
үндэслэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тодруулбал, хэрэгт
авагдсан шинжээчийн гурван дүгнэлтээс аль дүгнэлт нь илүү зөрчлийн шинж,

 

нөхцөл байдалтай бодитой нийцэж байгааг үнэлсний үндсэн дээр шийдвэрлэх нь
зүйтэй, хууль зүйн хувьд алдаатай шийдвэрийг зөвтгөх шаардлага үүссэн гэж үзэж,
шүүхээс захиргааны актыг дахин гаргах үндэслэлээр маргаан бүхий шийтгэлийн
хуудсыг түдгэлзүүлэх”-ээр шаардаж маргасан бол, хариуцагчаас “зөвшөөрөлгүй 12
давхар барилга барьсан үндэслэлээр зөрчлийн хэрэг нээж, барьсан барилгад нь
хохирол нөхөн төлбөрийн үнэлгээг тооцсон” гэж, гуравдагч этгээдийн зүгээс “бүрэн
биелэгдээд дууссан захиргааны актыг түдгэлзүүлж, шинээр акт гаргахаар шаардаж
буй нь үндэслэлгүй” гэж тус тус тайлбарлан дүгнэлтийн шаардлагыг эс зөвшөөрч
маргаж байна.
3. Гуравдагч этгээд “Ү констракшн” ХХК-д Байгаль орчин, аялал
жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн
А/150 дугаар тушаалаар дүүргийн нутагт орших Богдхан уулын дархан
цаазат газрын тусгай хамгаалалттай газар нутгийн Нүхтийн ам гэх нэртэй газарт
29950,4 м.кв га талбайг “аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах,
отоглох, ажиглалт судалгаа, шинжилгээ хийх, зохих журмын дагуу барьсан орон
байрыг ашиглах зориулалтаар” ашиглахыг анх зөвшөөрч, мөн сайдын 20 оны 12
дугаар сарын 28-ны өдрийн А/729 дүгээр тушаал ёсоор газар ашиглах эрхийн
хугацааг 2027 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүртэл сунгаж, 03484 дугаартай
гэрчилгээг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шинэчлэн олгожээ.
4. Газрын нэгж талбарын 1781112983 дугаарт ашиглах эрх авсан “Ү
констракшн” ХХК-ийг тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулахдаа
12 давхар барилгын ажлыг эхлүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар
зүйлийн 2 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжийг агуулсан гэж үзэж, 2024 оны 12
дугаар сарын 17-ны өдрийн 79 дүгээр Прокурорын тогтоолоор зөрчлийн хэргийг
нээж, зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахыг Богдхан уулын дархан
цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын
байцаагчид даалгаснаар,
5. 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах
тухай” 0062452 дугаар маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “дархан цаазат газрын
хязгаарлалтын бүсэд зөвшөөрөлгүй барилга барьж, Тусгай хамгаалалттай газар
нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг зөрчсөн” зөрчил нь
холбогдогчийн тайлбар, газрын үзлэг, бичиг баримтаар нотлогдсон гэж үзэж,
холбогдогч “Ү констракшн” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар
зүйлийн 2-т зааснаар зүйлчлэн таван мянган нэгж буюу 5,000,000 /таван сая/
төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, нөхөн төлбөрийн 24,809,091.00 төгрөг
төлүүлэхээр шийдвэрлэжээ.
6. Дархан цаазат газарт явуулах үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар
нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлд зааснаар хориглож зохицуулсан. Энэ
зүйлийн 5-д “энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж
барих” гэж заасан ба мөн хуулийн 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсэд байгаль
орчинд сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулах
хязгаарлалтын бүсийн дэглэмийг тогтоосон тухайлбал, 11 дүгээр зүйлийн 7-д
“аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа
шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах” эрх үүргээ зөрчсөн
тохиолдолд мөн хуулийн 42 дугаар зүйлийн 1-д зааснаар хяналт тавих үүргийг
хариуцагч эрх бүхий захиргааны байгууллага, албан тушаалтан эрх хэмжээнийхээ

 

хүрээнд хэрэгжүүлж, мөн хуулийн 43 дугаар зүйлийн 1-д заасны дагуу зөрчлийн
хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасны дагуу явуулж, Зөрчлийн тухай
хуулийн 7.17 дугаар зүйлийн 2. “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар
хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол
учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх
хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний
төгрөгөөр торгоно” гэж зааснаар зүйлчлэн шийтгэл оногдуулсан гэж үзэхийн тулд
зөрчлийн хэргийн холбогдогчийн хэрэгжүүлсэн зөвшөөрөлгүй үйл ажиллагаа нь юу
байв, зөвшөөрөлгүй барилга барьсан гэдэгт юуг хамааруулах вэ зэрэгт анхаарал
хандуулахаар, нөгөө талд эрх бүхий албан тушаалтны хэрэгжүүлсэн захиргааны
үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн үү, өөрөөр хэлбэл, зөрчлийн хэрэг нээсэн
тогтоол ёсоор шалгалтыг хийсэн байна уу гэдэгт хариу өгөхөөр байна.
7. Зөрчлийн болон захиргааны хэрэгт, Улаанбаатар хот, дүүргийн
дугаар хороо, Богдхан уулын дархан цаазат газрын Нүхтийн зам-1 тоот, “Ү
констракшн” ХХК-ийн зөвшөөрөлгүй барилга барьсан талбайд хийсэн байгаль
орчны хохирлын үнэлгээний тайлангууд авагдсан.
7.1. Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024
оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/1519 дугаар албан бичгээр газар ашиглагч
нь холбогдох баримт бичиггүй үйл ажиллагаа явуулснаас байгаль орчинд
учруулсан хохирол, нөхөн төлбөрийг тооцуулахаар хандсанаар,
7.2. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас олгосон байгаль орчны
нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн 0000222 дугаар гэрчилгээтэй,
регистрийн 6332811 дугаартай “М******* *******” ХХК нь 2025 оны 01 дүгээр сарын
16-ны өдрөөр тус тус огноолон, 66,4,500 /жаран зургаан сая дөрвөн зуун хорин
гурван мянга таван зуу/ төгрөгийн, 548,447,900 /таван зуун дөчин найман сая
дөрвөн зуун дөчин долоон мянга есөн зуу/ төгрөгийн байгаль орчинд учруулсан
хохирлын үнэлгээний хоёр тайланг гаргаж хүргүүлсэн.
7.3. Гуравдагч этгээд “Ү констракшн” ХХК-аас 2025 оны 01 дүгээр
сарын 19-ний өдрийн 25/02 дугаар албан бичгээр тайланг дахин гаргуулах талаар
хүсэлт гаргасныг хүлээн авч, эрх бүхий албан тушаалтнаас 2025 оны 01 дүгээр
сарын 21-ний өдрийн ЗХБ-49-өөр тогтоол гаргаж, зөрчлийн 2402000784 дугаартай
хэрэгт “М” ХХК-ийн шинжээчийг оролцуулахаар шийдвэрлэснээр,
7.4. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас эрх олгосон, байгаль орчны
нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх эрхийн 0210041 дүгээр гэрчилгээтэй,
регистрийн 5305888 дугаартай “М” ХХК-аас 2025 оны 01 дүгээр
сарын 28-ны өдрийн 24,809,091 /хорин дөрвөн сая найман зуун есөн мянга ерэн
нэг/ төгрөгийн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээний тайланг гаргаж
хүргүүлсэн.
8. Маргаан бүхий энэ тохиолдолд үнэлгээний тайланд тусгагдсан хохирол,
нөхөн төлбөрийн үнийн дүн нь зөрчлийн хэргийн холбогдогч “Ү
констракшн” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад буй талбайн хэмжээг 508 м.кв, 29950
м.кв, 4592 м.кв-аар өөр өөрөөр авснаас шалтгаалсан байх ба Зөрчлийн тухай
хуулийн долдугаар бүлэгт заасан “байгаль орчин, амьтан, ургамлыг хамгаалах
журмын эсрэг зөрчил”-д хамаарах 7.17 дугаар зүйлийн гарчиг нь “Тусгай
хамгаалалттай газар нутагт хориглосон үйл ажиллагаа явуулах” гэх бөгөөд тусгай
хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан байх нь

 

уг зүйлийн 2 дахь хэсгийн нөхцөл /гипотез/ нь байна. Энэ үүднээс тусгай
хамгаалалттай газар нутгийн нэг ангилалд хамаарах дархан цаазат газарт
хориглох үйл ажиллагааг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12
дугаар зүйлд зааж, гуравдагч этгээдийн гаргасан зөрчил нь мөн зүйлийн 5-д “энэ
хуулийн 11 дүгээр зүйлийн 7-д зааснаас өөр барилга байгууламж барих” гэдэгт
хамааруулж үзвэл, барилгажаагүй талбайг хасаж, зөвшөөрөлгүй баригдсан
барилгын суурийн нийт 508 м.кв талбайн хэмжээгээр тооцож гаргасан үнэлгээний
тайланг шууд үгүйсгэх боломжгүй юм.
9. Иймд Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1. “Зөрчлийн шинжийг
энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 4. “Энэ
хуулийг төсөөтэй хэрэглэхгүй”, 1.3. дугаар зүйлийн 1. “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн
этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь
зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд
тохирсон байна”, 2. “энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж
зааснаар тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй барилга барих
зөрчлөөр зүйлчлэн гуравдагч этгээдэд шийтгэл оногдуулсан маргаан бүхий
шийтгэлийн хуудсыг хариуцагчаас дахин шинэ акт гаргуулахаар түдгэлзүүлэх
үндэслэлгүй байна.
10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар
зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн
41.1, 41.1.14-т зааснаар прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн
болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган
шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5,
Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-т заасныг баримтлан Богдхан
уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын
улсын байцаагчид холбогдуулан гаргасан “Богдхан уулын дархан цаазат газрын
хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын улсын байцаагч
С.Хын 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 0062452 дугаартай
шийтгэлийн хуудаст өөрчлөлт оруулахаар шинэ захиргааны акт гарах хүртэл
шүүхээс захиргааны актыг түдгэлзүүлэх тухай” шаардлага бүхий Нийслэлийн
прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн
хяналтын прокурор Г.Эгийн дүгнэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3,
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3
дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын дүгнэлт нь улсын тэмдэгтийн
хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар
зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор
хүчин төгөлдөр болох ба мөн хуулийн зүйлийн 113 дугаар зүйлийн 113.2-д
зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш таван хоногийн дотор
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол
гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН