| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 133/2024/00380/И/Т |
| Дугаар | 305/ШШ2025/00369 |
| Огноо | 2025-06-02 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 305/ШШ2025/00369
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Бүгд Найрамдах Солонгос улс, ********* хот, ******************* хаягт оршин суух, Х овогт Н-н А-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн *************** сумын ************** багт оршин суух, Т овогт Г-н Э-т холбогдох 34,870,000(гучин дөрвөн сая найман зуун далан мянга) төгрөгийн үнэ бүхий 231(хоёр зуун гучин нэг) тооны бог, бод мал гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, гэрч М.А, М.Н, Г.И нарыг оролцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлийг шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Отгонбаяр хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага: 34,870,000(гучин дөрвөн сая найман зуун далан мянга) төгрөгийн үнэ бүхий 231(хоёр зуун гучин нэг) тооны бог, бод мал гаргуулах тухай.
2.Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл “... Н овогтой А миний бие М овогтой Г-тай 2009 оны 07 дугаар сарын 17-нд гэр бүл болж, 2009 оны 08 дугаар сарын 23-нд хүү Г овогтой Б төрсөн одоо 14 настай. Би ажил хийхээр Бүгд найрамдах Солонгос улс руу 2018 онд явж хүү эцэг М.Г-н хамт амьдарч байсан. Нөхөр болох М овогтой Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-нд зуурдаар нас барсан. Манай гэр бүл талийгаачийг нас барахад 2021 онд адуу 17, хонь 158, ямаа 156, нийт 331 тооны бог бод мал тоолуулсан байсан. Талийгаачийг нас барсны дараа түүний ах дүүс нь 2022 оны 10 дугаар сард манай 331 тооны малаас 100 тооны буюу хонь 51, ямаа 44, адуу 5 ширхгийг тоолж өгчихөөд бидний хамтын амьдралын хугацаанд бий болсон үлдсэн 231 толгой малыг өгөхгүйгээр өөрсдөө авч бидний өмчлөх эрхийг зөрчсөн. Манай үлдсэн 12 адуу, нэг адуу 1,000,000 төгрөг, 107 хонь, 1 хонь 130,000 төгрөг, 112 ямаа, нэг ямаа 80,000 төгрөг хууль ёсны өвлөгч, өмчлөгчийнхөө хувьд 2022 оны 11 дүгээр сард Говь-Алтай аймгийн *********** сумын Засаг Даргад эд хөрөнгө болон малыг эрхлэн хамгаалалт тогтоолгох тухай хүсэлтийг гаргаж байсан. Би хүүгийнхээ хамт 2021 оны жилийн эцсийн тооллогоор тоолуулсан малаа нэхэмжилж байгаа бөгөөд ямар нэгэн төл мал болон ашиг шимийг нь нэхэмжлээгүй. Иймд хууль бус эзэмшигч болох иргэн Г.Э-с 34,870,000 төгрөгийн үнэ бүхий 231 тооны малыг гаргуулж олгож өгнө үү...” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд гаргасан шаардлага, тайлбартаа “...А-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. А дараах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан байгаа. Г-тай 2009 оны 07 дугаар сарын 17-нд гэр бүл болсон. Гэр бүл болоод 08 дугаар сарын 23-нд хүү Б төрсөн. Одоо 15 настай. А нь 2018 онд Солонгос улс руу ажил хийхээр явдаг. Г нь 2022 оны 03 сарын 06-нд зуурдаар нас бардаг. Зуурдаар нас барснаас хойш Г овогтой Б буюу хүү нь А- төрсөн эх дээр очиж амьдрах болсон. Нас барснаас хойш өнөөдрийг хүртэл А-н төрсөн эхтэй нь хамт амьдарч байдаг. Талийгаачийг нас барсны дараа гэр бүлийн дундын өмч байсан 2021 оны жилийн эцсийн малын А дансны тооллогоор 331 мал байсан. Нийт 17 адуу, хонь 158, ямаа 156 гээд нийт 331 мал байсан. Гэтэл талийгаачийн ах дүүс нь талийгаачийг нас барсны дараа А-н хувь гэж А-д нийт өгч авсан тоо байдаг. Энэ дээр хариуцагч хавтаст хэргийн материалаас харахад Э бас тайлбартаа хэлсэн байсан. Нийт 157 малыг бол өгсөн гэдэг байдлаар тайлбар хэлдэг. Өгсөн баримтаас нь харах юм бол эндээс 100 тооны малыг өгсөн байдаг. Өгөхдөө 2022 оны 10 дугаар сард, 2022 оны 05 дугаар сард мал төллөөд үндсэн малаас нь болохоор нийт 100 тооны буюу хонь 51, ямаа 44, адуу 5 ширхгийг тоолж өгсөн. Ингээд 100 малыг өгсөн. Дээрээс нь 2022 оны 10 дугаар сард мал өгөхдөө энэ одоо өгсөн 157 малыг өгсөн гэж ярьдаг боловч энэ 57 мал нь бол төл нь байсан. Хурга, ишиг, унага байсан. Нэхэмжлэгчийн хувьд 2021 оны малын А дансны хуулгаар буюу энэ гэр бүлийн 3 гишүүний дундын өмч бол 331 тооны мал тоологддог. Ингээд дундын өмчөөс энэ гэр бүлийн хувьд бол гэрлэлт цуцлаагүй, ямар нэгэн байдлаар гэр бүл байсан. Нөхөр нь зуурдаар нас бардаг. 331 тооны малыг хуваахад 1 хүнд 110 тооны мал тооцогдохоор байгаа. Ингээд А-д бол өөрт нь оногдох хувь гэж 100 малыг ах дүүс нь тооцож өгдөг. Үүнээс дундын өмч болон мөн өвийн журмаар авах ёстой хашаа, Г нас барсантай холбоотойгоор ах дүүс нь өвийн журмаар авч байгаа. Одоо үлдсэн түүнд оногдох малыг буюу нийт 231 тооны малыг авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Ах дүүсийнх нь хувьд талийгаачийн эхнэр нь Солонгос улс руу ажил хийх гээд явдаг. Ингээд хүү нь 15 настай эмээ дээрээ амьдардаг. Мал ахуйг нь өмчлөх эрхтэй холбоотой өвөлжөө, хаваржааг нь ингээд авчихдаг. Ерөөсөө өгдөггүй. Тайлбартаа болохоор зээлийг нь төлсөн, эсвэл амьд байхдаа зарж борлуулаад бараг идчихсэн. Эсвэл зудад үхсэн гэдэг байдлаар ерөөсөө энэ холбогдох дундын болон өв залгамжлалын журмаар авах ёстой өв хөрөнгийг ах дүүс нь өгдөггүй. Иймд хуулиар 231 тооны малын үнийг Э-с гаргуулж өгнө үү ...” гэв./шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Хариуцагч хариу тайлбартаа “... Говь-Алтай аймгийн ********** сумын иргэн Г.Э миний бие нь А-н гаргасан нэхэмжлэлийг хүлээн аваад дараах тайлбарыг гаргаж байна. Н.А нь манай ээжийн дүү буюу манай нагац М.Г-тай 2009 онд гэр бүл болж 2014 оноос хойш тусдаа амьдарч байгаад 2017 онд Солонгос явсан. Миний дүү Г нь салсан цагаасаа хойш хүү Б-н хамт хоёулаа амьдарч байгаад 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ гэнэт нас барсан.
Манай нагац 2020 оны 11 дугаар сард ********** сумаас малаа тууварлан манай ээжийн нагацын хүүхдүүд болох Ц.П, Ц.М нартай ирж байсан. Ирснийхээ дараа манай нагац эгч А-н малд малаа нийлүүлж маллаж байсан. Хэдэн мал очиж хэдэн малаа зарж байсныг нь мэдэх байх. Ингээд нагацыг маань нас барсны дараа эхнэр болох А-н ах Б, зээ Э, хүргэн О нар ирж авч явсан. Ингэж авч явахдаа хонь 79, ямаа 69, адуу 9 адуу нийт 157 малыг авч явсан.
2022 онд нагацыг нас барсны дараа манай эмээ, хүү Б, нагац Э, манай ээж Н нар ирж малыг тоолж ямааг нь самнаж авч явсан. Ноолуурыг зарж талийгаачийн ********** сумын ***********-н дэлгүүрт өртэй байсныг нь мөнгө нэмж төлсөн сураг гарч байсан. Тэгэхэд манай эмээ тоолж тэмдэглэж авч байсан. 2021 онд манай нагацын нэр дээр тоологдсон малын тоо харьцангуй ихээр тоологдсон байх бөгөөд нотлох баримтаар гаргаж өгсөн А дансанд бичигдсэн гарын үсэг нь манай нагацын гарын үсэг биш байна. Тиймээс нэмж бичүүлж засварлаад надаас илүү мал авахаар нэхэмжилж байна гэж үзэж байна. Манай нагац нь 2020, 2021 он дамнаж манай тэнд байхдаа өвс тэжээлд 10 мал өвлийн идшинд 12 мал хувийн хэрэгцээндээ 10 гаруй мал, 20 гаруй мал зудад үхсэн ...” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “... Хариуцагч Э-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа. Э нь бичиг үсэг мэдэхгүй ийм хүн байсан учраас шууд итгэмжлэл хийж орж ирсэн байгаа. Ах дүүсийнх нь хоорондын энэ тайлбараас бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад зөвшөөрдөггүй вэ гэхээр үлдсэн малыг нь бид хүлээлгэж өгсөн. Ирэхдээ яг хэдэн толгой малтай ирснийг нь бол бид мэдэхгүй. Тэгэхдээ 300 гаруй малтай бол ирээгүй гэдэг асуудлыг ярьдаг. Тэрнээс хойш аймгийн хэмжээнд зуд турхан болсон. **********-д очсон малдаа өвс авсан байгаа. Өвс авна гэж мал зарж байсан. Малаар өвс сольж байсан гэдгээр нь тайлбарыг нь хэлдэг. Тэгэхээр өөрөө хамт маллаж байсан, өөрөө манай дээр мал маллаж байсан учраас бид яг тоо толгойг нь тоолж байгаагүй. Нас барсных нь дараа хадмууд нь ирээд малыг нь авъя гэхэд нь яг өөрийнх нь эм тамгаар хөөгөөд бид зүслээд хүлээлгэж өгсөн. Байгаа малыг нь л хүлээлгэж өгсөн гэдэг байдлаар тайлбар хэлдэг. Тэгээд ерөнхийд нь нэхэмжлэл гарснаар нэхэмжлэлтэй холбоотой асуудлуудыг ярихад *********** сумд малаа нэг бүрчлэн тоолуулаагүй. Энэ хүн мал тоолуулдаггүй. Мал нь ********** сумд байсан. Улмаар өөрөө *********** сумд байж байгаад цагаан сарын дараа нас барсан байдаг. Тэгэхээр ********** сумд очоод тоолуулах ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол хамаагүй, үндэслэлгүй тоо бичигдсэн байна. Учир нь яагаад тэгж байна гэхээр багийн Засаг дарга хийгээд байгаа хүн бол нэхэмжлэгч буюу эхнэрийнх нь төрсөн ах юм. Бид нар энэ янз бүрийн юм хийчихлээ гэдэг байдлаар бол хандсан. Тэрэнтэй холбоотойгоор А дансны гарын үсэг нь биш байна. Энэ бол ингэж бичдэг хүн биш. Өөрөө бол шал өөрөөр бичдэг юм гэдэгтэй холбоотойгоор цагдаад хүсэлтүүдийг тавиад цагдаагийн хэлтэст хандаж шалгуулсан. Энэнтэй холбоотойгоор А дансны гарын үсэг бол Г-н гарын үсэг биш болох нь тогтоогдоод гараад ирсэн байдаг. Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэг бол хаагдсан. Яагаад хаагдсан гэхээр ерөнхийдөө бол тухайн субъектүүд нь биш байна. Хоёрт тухайн А данс гээд байгаатай холбоотой статистик нь бүртгэгдчихсэн байна гэсний улмаас хаагдсан. Энийг хэн бүртгүүлдэг вэ гэхээр багийн Засаг дарга бүртгүүлдэг юм байна билээ. Ерөнхийдөө жилийн эцсээр ирж, он гарсны дараа малын тооллого болсны дараа багийн дарга нар ирж өөр өөрийнхөө багийн юмыг бол бүртгэдэг юм байна. Мөн цаашлаад үзэхээр хавтаст хэрэгт бол нэхэмжлэгч тал нэлээн хэдэн гэрчүүдийг асуулгасан байна билээ. Малын тоонд явдаг хүмүүсийг малын А данс ямар тохиолдолд засвартай байгаад байна вэ? гэдэг асуудлыг ярихад бусад ард талын дүнгүүд бол засагдах боломжтой бид нар засварладаг. Яг малын нэгдсэн тоо бол засагдах ямар ч боломжгүй гэж тайлбар, мэдүүлгүүдийг өгсөн байна. Гэтэл энэ дээр ерөөсөө малын нэгдсэн дүн үнэхээр хамгийн их засвартай байдаг. Ингээд харахаар 150 хэд гэсэн байхад 300 хэд болгоод биччихсэн ч юм шиг иймэрхүү тохиолдлууд бол харагдаж байгаа. Эндээс бол үнэхээр энийг сэжиглэхгүй байхын аргагүй. Ямар тохиолдолд тэнд очоод юу болдог яадаг ийдгийг бол бид мэдэхгүй байгаа ч гэсэн А данс бол ямар нэгэн байдлаар засвартай ирсэн. Хавтаст хэрэгт 3 удаа А данс ирсэн. Гурвуулаа өөр хоорондоо зөрөөтэй байсан. Тийм учраас энэ А данстай холбоотой ямар нэгэн асуудал гарсан юм болов уу гэдэг үүднээс шалгалтын ажиллагаануудыг хийлгэсэн байдаг. Тэгээд энэ асуудлаас болж зөвшөөрдөггүй. Мөн тайлбарлахдаа тэр Г-н ээжийнх нь болоод эгчийнх нь дэвтрүүдийг мөн гаргаж өгсөн. Энэ дээр юу байна вэ гэхээр ээж нь бол нас барахаасаа өмнө хүүхдүүдийнхээ малыг ********** сум руу тууварт явахдаа тоолж байсан. Манай ээж ********** руу 4, 5 айлын мал нийлүүлж тууж явсан. Ингэхэд нөгөө хүмүүсийн малыг тоолж ээж бичиж байсан. Талийгаачийнх хүртэл ээж бичсэн байх ёстой гэдэг байдлаар бол дэвтэр гаргаж өгсөн. Тэр дэвтэр дээр ямар ямар тооллого бичигдсэн бэ гэдгийг одоо гэрчээр орж ирэх А гэдэг хүн тайлбарлах байх. Тэгэхээр тэндээс ******** руу хэдэн тоо толгой мал явсан юм бэ. Яг 330 хэдэн мал явсан юм уу. Яваагүй юм уу. Тэнд очоод яг юу болсон бэ гэдэг асуудал эндээс харагдана. Тэгэхээр 100 хэдэн малыг тоолж хүлээлгэж өгөөд байгаа хэдий ч 231 толгой малыг хүнээс ингэж нэхэмжилнэ гэдэг бас үнэхээр хэцүү А дансанд бариад зуд турхан байна, малчид зарж борлуулна, өөрөө хоол хүнсэнд хэрэглэнэ. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шийдэж өгнө үү ...” гэв. /шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Нэхэмжлэгчээс цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримтууд:
-Говь-Алтай аймгийн *********** сумын 1-р багийн Засаг даргын 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 196 дугаартай албан бичгийн хуулбар.
- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын маягт./М.Г/
- Оршин суугаа газрын тодорхойлолтын хуулбар./М.Г, Н.А, Г.Б/
- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2023, 2024 оны тооллогын маягтын хуулбар./Н.А/
- Э, О нарын гарч бичвэрийн Төрийн банкны дардас бүхий хуулбар.
5.Хариуцагч талаас цуглуулж, иргэний хэрэгт гаргасан нотлох баримтууд:
- Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020, 2021 оны тооллогын маягтын хуулбар./М.Г/
- Оторт явахад малын тоо толгой тэмдэглэж байсан М.А-н дэвтэр гэх цэнхэр хавтастай дэвтэр.
- Б.У хүүгээ нас барсны дараа ямааг нь самнахдаа тоо толгой гаргаж байсан гэх бор өнгийн хавтастай жижиг дэвтэр.
- Харилцагчид төвлөрсөн хадгаламжид үнэт цаасны данс нээх гэрээ.
- Хариуцагч Г.Э-н Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан өргөдөл.
6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******************* дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа./М.Г, Н.А/
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******************* дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа./М.Г/
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ********** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа./Г.Б/
- Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн албан бичиг, Г.Э 2021, 2022, 2023 онуудын жилийн эцсийн Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллогын маягтын хуулбарууд.
-Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын 2024 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 1/186 дугаартай албан бичиг./тодорхойлолт/
-Говь-Алтай аймгийн ************* сумын Засаг даргын 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 1/152 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийн хуулбар.
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ************* дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа./М.Г, Н.А/
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн ************* дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа./М.Г/
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн *************** дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа./Г.Б/
-Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын маягтын хуулбар./М.Г/
- Говь-Алтай аймгийн ************** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 3/441 дугаартай албан бичиг, түүний хавсралт 2021-2024 оны мал тооллогын комисс томилсон тогтоолын хуулбар.
-Говь-Алтай аймгийн *********** сумын Засаг даргын Тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2/67 дугаартай албан бичиг, түүний хавсралт тус сумын Засаг даргын А/163 дугаартай захирамжийн хуулбар, Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2021 оны тооллогын маягтын хуулбар./М.Г/
- Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн ************** дугаартай гэрлэсний бүртгэлийн лавлагаа. /М.Г, Н.А/
-Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 21 дугаартай албан бичиг, түүний хавсралт хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ 2021 оны 12 дугаар сарын байдлаар.
- Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай албан бичиг.
-Гэрч Ц.Г-н мэдүүлэг.
-Гэрч Д.Э-н мэдүүлэг.
-Гэрч С.Б-н мэдүүлэг.
-Гэрч Д.Д-н мэдүүлэг.
- Гэрч Н.Д-н мэдүүлэг.
-Гэрч Ш.З-н мэдүүлэг.
-Гэрч Г.Л-н мэдүүлэг.
-Гэрч Б.Б-н мэдүүлэг.
7.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:
-Төрийн банкны Говь-Алтай салбарын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 41/1534 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан М.Г-н зээлийн гэрээ болон холбогдох гарын үсэгтэй материалуудын хуулбар.
-Говь-Алтай аймгийн Прокурорын газрын 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн Ц-1/581 дугаартай албан бичиг, түүний хавсралт ГОА012/017 дугаартай шинжээчийн дүгнэлтийн хуулбар.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
2.Нэхэмжлэгч Н.А-н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д нь Г.Э-т холбогдуулан 34,870,000(гучин дөрвөн сая найман зуун далан мянга) төгрөгийн үнэ бүхий 231(хоёр зуун гучин нэг) тооны бог, бод мал гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д шүүх хуралдаанд “...231(хоёр зуун гучин нэг) тооны бог, бод малын үнэ 34,870,000(гучин дөрвөн сая найман зуун далан мянга) төгрөгийг гаргуулах...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь “... Ах дүүсийнх нь хоорондын энэ тайлбараас бол нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрдөггүй. Яагаад зөвшөөрдөггүй вэ гэхээр үлдсэн малыг нь бид хүлээлгэж өгсөн. Ирэхдээ яг хэдэн толгой малтай ирснийг нь бол бид мэдэхгүй. Тэгэхдээ 300 гаруй малтай бол ирээгүй гэдэг асуудлыг ярьдаг. Тэрнээс хойш аймгийн хэмжээнд зуд турхан болсон. *********** очсон малдаа өвс авсан байгаа. Өвс авна гэж мал зарж байсан. Малаар өвс сольж байсан гэдгээр нь тайлбарыг нь хэлдэг. Тэгэхээр өөрөө хамт маллаж байсан, өөрөө манай дээр мал маллаж байсан учраас бид яг тоо толгойг нь тоолж байгаагүй. Нас барсных нь дараа хадмууд нь ирээд малыг нь авъя гэхэд нь яг өөрийнх нь эм тамгаар хөөгөөд бид зүслээд хүлээлгэж өгсөн. Байгаа малыг нь л хүлээлгэж өгсөн гэдэг байдлаар тайлбар хэлдэг ... ****** сумд малаа нэг бүрчлэн тоолуулаагүй. Мал нь ********* сумд байсан. Улмаар өөрөө ********сумд байж байгаад цагаан сарын дараа нас барсан байдаг. Тэгэхээр ******сумд очоод тоолуулах ямар ч үндэслэл байхгүй. Энэ бол хамаагүй, үндэслэлгүй тоо бичигдсэн байна. Учир нь яагаад тэгж байна гэхээр багийн Засаг дарга хийгээд байгаа хүн бол нэхэмжлэгч буюу эхнэрийнх нь төрсөн ах юм. Бид нар энэ янз бүрийн юм хийчихлээ гэдэг байдлаар бол хандсан. Тэрэнтэй холбоотойгоор А дансны гарын үсэг нь биш байна. Энэ бол ингэж бичдэг хүн биш. Өөрөө бол шал өөрөөр бичдэг юм гэдэгтэй холбоотойгоор цагдаад хүсэлтүүдийг тавиад цагдаагийн хэлтэст хандаж шалгуулсан. Энэнтэй холбоотойгоор А дансны гарын үсэг бол Г-н гарын үсэг биш болох нь тогтоогдоод гараад ирсэн байдаг. Энэхүү хэрэг бүртгэлтийн хэрэг бол хаагдсан. Яагаад хаагдсан гэхээр ерөнхийдөө бол тухайн субъектүүд нь биш байна. Хоёрт тухайн А данс гээд байгаатай холбоотой статистик нь бүртгэгдчихсэн байна гэсний улмаас хаагдсан. Энийг хэн бүртгүүлдэг вэ гэхээр багийн Засаг дарга бүртгүүлдэг юм байна билээ. Ерөнхийдөө жилийн эцсээр ирж, он гарсны дараа малын тооллого болсны дараа багийн дарга нар ирж өөр өөрийнхөө багийн юмыг бол бүртгэдэг юм байна. Мөн цаашлаад үзэхээр хавтаст хэрэгт бол нэхэмжлэгч тал нэлээн хэдэн гэрчүүдийг асуулгасан байна билээ. Малын тоонд явдаг хүмүүсийг малын А данс ямар тохиолдолд засвартай байгаад байна вэ? гэдэг асуудлыг ярихад бусад ард талын дүнгүүд бол засагдах боломжтой бид нар засварладаг. Яг малын нэгдсэн тоо бол засагдах ямар ч боломжгүй гэж тайлбар, мэдүүлгүүдийг өгсөн байна. Гэтэл энэ дээр ерөөсөө малын нэгдсэн дүн үнэхээр хамгийн их засвартай байдаг. Ингээд харахаар 150 хэд гэсэн байхад 300 хэд болгоод биччихсэн ч юм шиг иймэрхүү тохиолдлууд бол харагдаж байгаа. Эндээс бол үнэхээр энийг сэжиглэхгүй байхын аргагүй. Ямар тохиолдолд тэнд очоод юу болдог яадаг ийдгийг бол бид мэдэхгүй байгаа ч гэсэн А данс бол ямар нэгэн байдлаар засвартай ирсэн. Хавтаст хэрэгт 3 удаа А данс ирсэн. Гурвуулаа өөр хоорондоо зөрөөтэй байсан. Тийм учраас энэ А данстай холбоотой ямар нэгэн асуудал гарсан юм болов уу гэдэг үүднээс шалгалтын ажиллагаануудыг хийлгэсэн байдаг. Тэгээд энэ асуудлаас болж зөвшөөрдөггүй ... Тэгэхээр тэндээс ******** руу хэдэн тоо толгой мал явсан юм бэ? Яг 330 хэдэн мал явсан юм уу. Яваагүй юм уу. Тэнд очоод яг юу болсон бэ гэдэг асуудал эндээс харагдана. Тэгэхээр 100 хэдэн малыг тоолж хүлээлгэж өгөөд байгаа хэдий ч 231 толгой малыг хүнээс ингэж нэхэмжилнэ гэдэг бас үнэхээр хэцүү А дансанд бариад зуд турхан байна, малчид зарж борлуулна, өөрөө хоол хүнсэнд хэрэглэнэ. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзаж үзээд шийдэж өгнө үү...” гэж тайлбарлаж, татгалзжээ.
4.Хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлахад дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд:
4.1.Н.А талийгаач М.Г 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүү Г.Б төрж, нөхөр М.Г нь 2022 оны 03 дугаар сарын 06-ны өдөр нас барснаар 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлт дуусгавар болсон болох нь:
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн *************** дугаартай иргэн Ж овогтой М.Г, Х овогтой Н.А нар 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдөр бүртгүүлсэн, 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон, гэрлэлт цуцалсан бүртгэлгүй бөгөөд нөхөр М.Г нас барсан гэх мэдээлэл бүхий лавлагаа.
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ************** дугаартай “эцэг М.Г, эх Н.А, Г. Б эрэгтэй, 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн...” гэх мэдээлэл бүхий төрсний бүртгэлийн лавлагаа.
-Улсын бүртгэлийн мэдээллийн нэгдсэн сангийн 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******************* дугаартай М.Г, нас барсан он, сар, өдөр 2022-03-06, бүртгэсэн он, сар, өдөр 2022-03-16 гэх нас барсны бүртгэлийн лавлагаа болон зохигч нарын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
4.2.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж, 126.2 дахь хэсэгт Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид дараах хөрөнгө хамаарна гээд 126.2.1-т “гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон болон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө” гэж хуульчилжээ.
Хэрэгт авагдсан бичгийн болон мэдүүлгийн баримтаар М.Г нь Н.А-тай гэр бүл болсноос хойш буюу 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрөөс хойш мал маллаж амьдарсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд энэ үйл баримттай талууд маргаагүй тул М.Г-гийн нэр дээр тоологдсон 331 тооны бог, бод мал нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч байна.
4.3.Иргэний хуулийн 515 дугаар зүйлийн 515.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгчийн эд хөрөнгө, эрх өвлөгдөх бөгөөд мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, 520.1.2-т энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ нар хууль ёсны өвлөгч болохоор хуульчилсан.
Уг зохицуулалтын дагуу М.Г эд хөрөнгийн хууль ёсны өвлөгч нь түүний эхнэр Н.А, төрсөн хүү Г.Б нар байна. М.Г, Н.А нарын гэрлэлтийг захиргааны болон шүүхийн журмаар цуцлаагүй бөгөөд Н.А нь М.Г-г нас барах үед Солонгос улсад ажил хөдөлмөр эрхэлж байсан нь тэдний хамтын амьдралыг үгүйсгэх үндэслэл болохгүй юм.
Хүү Г.Б нь 2009 оны 08 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, нэхэмжлэл гаргах үед 16 нас хүрээгүй буюу Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт зааснаар иргэний эрх зүйн бүрэн бус чадамжтай байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт зааснаар эрх зүйн бүрэн бус чадамжтай хүний эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг түүний хууль ёсны төлөөлөгч болох эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь шүүхэд төлөөлөх тул нэхэмжлэгч нь Н.А нь хүү Г.Б төлөөлөн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
4.4.М.Г нь малчин бөгөөд 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор 17 адуу, 158 хонь, 156 ямаа нийт 331 тооны мал тоолуулсан, түүнийг нас барах үед мал нь Говь-Алтай аймгийн ********* сумын ************* багийн малчин Г.Э-н хариулга, маллагаанд үлдсэн болох нь:
-Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай “****** сумын **** багийн иргэн М. Г нь 2021 оны жилийн эцсийн мал тооллогоор нийт 331 тооны мал тоолуулснаас адуу 17, хонь 158, ямаа 156 байна” гэх агуулга бүхий албан бичиг.
-Гэрч Ц.Г “... 2021 онд хүүтэйгээ хамт амьдарч байсан байх, хүү нь байдаг байсан... Насаараа малчин байсан, малтай хүн байсан. Гэхдээ мал нь тухайн үед хаана байсныг мэдэхгүй, нас барсных нь дараа хөрөнгийн эрхлэн хамгаалалт тогтооход цаасан дээр бичсэн хэдэн малын тоо ирж байсан. Хэдэн мал гэж байсныг нь одоо санахгүй байна... Тухайн малчны мал өөр сумд байсан эсэхийг мэдэхгүй гэхдээ өөр сумд байгаа тохиолдолд тэндээ тавиул мал гэж тоологдоод үндсэн малчны нэр дээр ******сумд А данс бичигдэнэ...” гэх мэдүүлэг.
-Гэрч Д.Э “...М.Г нас барахаасаа өмнө малтай байсан ... Манай сумд зуд болсон тул мал нь ******** сум руу яваад ******** сумд тоологдож байсан. Дараа жил нь дүү Б нь явж малыг нь авч ирсэн... Малд нь эрхлэн хамгаалалт тогтоох ажиллагаа хийгдээгүй, гэр бусад эд хөрөнгөд ажиллагаа хийгдсэн ...” гэх мэдүүлэг.
-Гэрч Н.Д “... 2021 онд би 1 дүгээр багийн Засаг даргаар ажиллаж байсан. Тухайн үед мал тооллогын 5 хэсэг гарсан. Манай хэсэг М.Г-н малын тоолоогүй бусад хэсэгт хуваарилагдсан байсан. Тийм болохоор мэдэхгүй байна... Мал тоологч, шивэгч гэж тусдаа байдаг. Тоологч нь малаа тоолоод ирэхээр мал тооллогын программ дээр шивэгч нь шивдэг. Дансыг тооллогын комисс шийдвэрлэнэ. Тухайн үед тоолж байсан хүмүүс нь туршлага бага байдаг тул алдаа гарсан байсан. Тооллогын мэргэшсэн хүмүүс байхгүй төрийн албан хаагч нар жил болгон тооллогын комисст ордог. Тооллого эхлэхээс өмнө 2 хоног заавар өгдөг. Гэхдээ алдаатай зөрүүтэй бичиж ирэх зүйл байдаг. Талийгаачийн дансны тухайд 2024 онд шүүхээс данс явуул гээд А дансыг нь харсан чинь баллачихсан байсан. Тэгээд программтай тулгаж харахад хонь, ямаа хоёрын тоог зөрүүлээд биччихсэн байсан. Тэгээд мал программ дээр байгаа тоогоор нь шинээр бичээд явуулсан. “Мал” программ нь зөвхөн багийн Засаг дарга харах эрхтэй, нэг оруулсан тоог засах ямар ч боломжгүй байдаг. Тухайн программд нэгэнт орсон тоог засах эрхтэй нэг ч хүн байхгүй. Программаас харж бичсэн болохоор засваргүй А данс нь хүчинтэй...” гэх мэдүүлэг.
-Гэрч Г.Б “ ...Ээжийнхээ ээж дээр аавыг өнгөрснөөс хойш амьдарч байгаа. Намайг 8 дугаар ангид байхад аав нас барсан... 300 гаруй мал байсан. Нас барахаас нь өмнө Э ахынд байсан. Аав Э ахынд сардаа нэг удаа 7 хоног байж байгаад ирдэг байсан... Одоо мал нь манай ээжийн ах дээр байгаа. Хэдэн мал байгааг нь мэдэхгүй... Аав мал зарах дургүй хүн байсан болохоор мал зараагүй, үхсэн эсэхийг нь мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг.
-Гэрч Г.И “...Г нь Э, А эгч нартай отроор ирсэн хүн … 2021 онд билүү хавар нас барсан… Нас барахад нь мал нь Э дээр говьд байсан … Би цуг хаваржиж байсан… Г гэдэг хүн цуг мал дээрээ малаа төллүүлж байгаад******* сум руу яваад дахиж эргэж ирээгүй … Отроор очихдоо хэдэн тооны малтай байсныг нь сайн мэдэхгүй байна. Айлуудын малтай байсан болохлоор би сайн мэдэхгүй байна …” гэх мэдүүлэг.
-Гэрч М.Н “… Г манай хүү Э 2019 оны намар 10 сард очсон. Тэгээд 2020 оны намар нь малаа авсан. Өөрөө манай хүүгийнд байгаад малаа малладаг байсан… Хэдий хэр тооны мал очсоныг би мэдэхгүй … Нас барсных нь дараа манай ээж, хотоос манай эрэгтэй дүү нар очиж ямааг нь самнаад хүүг нь дагуулж очоод малыг нь тоолж барьж өгч байсан. Би тэр үед байгаагүй… ” гэх мэдүүлэг.
-Гэрч М.А “…*******байхдаа ганцаараа малладаг байсан. Хаваржаа нь сумын төвтэй ойрхон. Өвөл болохоор хүүхдээ харах гээд сум руу ороод айлд хөлсөөр малаа өгөөд, хавар мал төллөхөөр гардаг байсан … ********* 2019 оны намар 10 сард очсон. Би 2019 оны 08 сард яваад манай дүү 10 сард аажим очсон. Би тэгээд 2020 оны хавар буцаад ирсэн. Манай дүү буцаагүй үлдчихсэн… ********* байхдаа мал нь Э малтай, саяын ирсэн залуугийн малтай цуг байсан … Би очсон малынх нь тоог очсон хойно нь ирээд нэг ялалцаад өгөөч гэхээр нь тоолоод тэмдэглэлийн дэвтэр дээр тэмдэглэсэн … Миний дэвтэр хар хөх өнгийн дэвтэр гээд дэвтрээс хараад эм хонь 41, эр хонь 22, хурга 28, эм ямаа 64, эр ямаа 43 нийт 160 мал … 2019 оны тоо. Тэгээд малаа өөрөө тоолуулдаг байсан. Манай дүү малынхаа төлийг жил болгон зарчихдаг байсан. Өрхийн орлого гэж байхгүй. Ажил хийдэггүй түрүүгээрээ хувцас хунараа, хүүхдэдээ хувцас хунараа авч өгөөд бас хэрэгцээг нь хангаад, өвс тэжээлээ авдаг…” гэх мэдүүлгээр тогтоогдож байна.
Зохигчид М.Г-н эзэмшлийн мал түүнийг нас барах үед Г.Э-н хариулгад байсан талаар маргаагүй болно.
5.Иргэний хуулийн 126 дугаар зүйлийн 126.1 дэх хэсэгт “Гэрлэснээс хойш хамтран амьдарсан хугацаанд бий болсон гэр бүлийн гишүүдийн хуваарьт хөрөнгөөс бусад хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмч мөн” гэж хуульчилжээ. Энэ зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Н.А болон М.Г нарын гэрлэснээс хойш бий болсон эд хөрөнгө болох 331 тоо толгой мал нь тэдний болон гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөд хамаарна. Мөн Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасанчлан өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй юм. Энэ эрхийнхээ дагуу тухайн малыг өөрийн хариулга маллагаанд авч үлдсэн хариуцагч Г.Э-с шаардах эрхтэй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Н.А-н уул малын өмчлөх эрх нь Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-т заасан “нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх” хууль ёсны өвлөгч байх бөгөөд адил хэмжээгээр өвлөх эрхтэй гэж заасны дагуу М.Г-д ногдох хэсгийг Н.А, хүү Г.Б адил өвлөн авах эрхтэй гэж тодорхойлогдоно. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Н.А нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн өөрт ноогдох хэсгээс гадна өвлөн авах хэсгээ ч бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж тайлбарлагдана.
Иймээс шүүх хариуцагч Г.Э-с 231(хоёр зуун гучин нэг) тооны бог, бод малын үнэ 34,870,000(гучин дөрвөн сая найман зуун далан мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгож шийдвэрлэсэн болно. Тодруулбал, нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаа малын үнийг гаргуулах гэж тодорхойлсон бөгөөд хариуцагч талаас энэ талаар маргаагүй болно. Малын үнийн талаар Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 27 дугаартай албан бичиг ирүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн малаа үнэлсэн үнэлгээ болон тухайн цаг хугацааны малын зах зээлийн үнийн дундаж хоёрт зөрүү гараагүй тул нэхэмжлэгчийн тодорхойлсон үнээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан болно.
6.Өвлүүлэгч М.Г-н эд хөрөнгө буюу 331 тооны бог бод малаас 100 тооны бог, бод малыг түүний хууль ёсны өвлөгч Н.А Г.Э-с авсан гэх бөгөөд үлдсэн 231 тооны бог, бод малыг гаргуулахаар нэхэмжилсний дагуу хариуцагч талаас малын тоон дээр маргаж, мал тооллогын маягт засвартай, малын тоог ихэсгэж бичиж, илүү мал нэхэмжилж байна гэж маргажээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмаар явагдах ба энэ хүрээнд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч, хариуцагч талууд өөрийн шаардлага татгалзлаа нотлох баримтыг шүүхэд цуглуулж, бүрдүүлж гаргах үүрэгтэй.
Хариуцагч талаас М.Г-н нэр дээр 2021 оны жилийн эцсээр тоологдсон малын тоо буруу, хэт өндөр байна, А данс дээрх тоог засварласан байна, нас барсных нь дараа байсан бүх малыг нь өгсөн гэж маргаж байгаа боловч хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, М.Г-н амьд ахуй үеийн цаг хугацаанд хийгдсэн мал тооллогын баримтад үндэслэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон бөгөөд хариуцагч нь хэдэн тооны малыг хэд болгон өөрчлөн засварласан талаар үндэслэл бүхий нотлох баримтыг гарган мэтгэлцээгүй болно. Түүнчлэн хэрэгт гаргаж өгсөн тэмдэглэлийн дэвтрүүдэд тусгагдсан мэдээллүүд нь Г-н малын бүх тоо толгойг хамарсан гэж үзэх боломжгүй, тодорхой бус байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байна.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,300 (гурван зуун гучин хоёр мянга гурван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-с 332,300 (гурван зуун гучин хоёр мянга гурван зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 126 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 520 дугаар зүйлийн 520.1 дэх хэсгийн 520.1.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Э-с 231(хоёр зуун гучин нэг) тооны бог, бод малын үнэ 34,870,000(гучин дөрвөн сая найман зуун далан мянга) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 332,300 (гурван зуун гучин хоёр мянга гурван зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Э-с 332,300 (гурван зуун гучин хоёр мянга гурван зуу) төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Н.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА