Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2024/ДШМ/02

 

Ш.Т-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч Ц.Отгонцэцэг, шүүгч Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Хэрлэнчимэг,

шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга,

нарийн бичгийн дарга М.Дөлгөөн нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ш.Т-т холбогдох эрүүгийн 2134000980407 дугаар хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1984 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Төв аймгийн Цээл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн эдийн засагч мэргэжилтэй, хувиараа газар тариалан эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Баруун Ард Аюушийн 2-15 тоотод оршин суудаг, 1 удаа ял шийтгэгдсэн, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Т,

Шүүгдэгч Ш.Т нь бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Д.Дгээс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авахаар тохиролцож дээрх техникүүдийг Дорнод аймгийн Баяндун сумаас Төв аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 72,600,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дах хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч бусдад их  хэмжээний хохирол учруулж залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 870,000 /найман зуун далан мянга/ төгрөгийг хасч, торгох ялыг 19,130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19,130,000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тт оногдуулсан 19,130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19,130,000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар оногдуулсан 19.130 /арван есөн мянга нэг зуун гуч/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 19,130,000 /арван есөн сая нэг зуун гучин мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

Шүүгдэгч Тт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн 2134000980407 дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулга давж заалдах гомдолд болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: “...Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 388 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гомдлыг гаргаж байна.

1.Шүүхийн шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухайд:

 Шүүх Ш.Тыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бодит байдалд нийцээгүй. Түүний үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзнэ. Гэм буруугүй учраас хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү.

Үйл баримтын хувьд иргэний эрх зүйн харилцаа буюу зээлээр худалдах худалдан авах хэлцлийг хийсэн байна. Хэлцлийн бүх нөхцөлийг харилцан тохиролцсон гэж үзнэ. Иргэний хуулийн 43.1-д “амаар хийх хэлцлийг дараах тохиолдолд хийсэн гэж үзнэ”, 43.1.1-д “хэлцлийн гол нөхцөлийг талууд хэлэлцэн тохиролцсон” гэсэн бөгөөд талууд харилцан тохиролцоод худалдагч тал аваачиж өгсөн зардлыг худалдан авагч гаргасан, 72.0 сая төгрөгөөр тохиролцсон. Урьдчилгаа 9.0 сая төгрөгийг төлсөн. Тэгэхээр талууд гол нөхцөлөө тохиролцсон гэж үзнэ.

Мөн хуулийн 43.3-т “нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авснаа өөрийн тодорхой үйлдлээр илэрхийлсэн бол уг хэлцлийг бодит үйлдлээр хийгдсэн гэж үзнэ” гэснээр тодорхой үйлдлээр аваачиж хүлээлгэн өгсөн нь бодит үйлдлээр хийгдсэн гэж үзэхээр байна. Ийм учраас иргэний эрх зүйн худалдах худалдан авах харилцаа үүссэн нь гэмт хэргийн шинжгүй буюу гэмт хэрэг биш гэж үзнэ.

Асуудал нь урьдчилгаа 9.0 сая төгрөг өгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүйд байна. Гэхдээ үлдэгдэл төлбөрийг төлүүлэх олон арга механизм байдаг.

2019 оноос 2020 онуудад огт уулзаагүй утсаар ярьж холбогдоогүй. Мэдээж худалдан авагч тал мөнгөний боломжгүй байсан, ковид-19 таарсан гэх мэт шалтгаан хэлнэ. Үлдэгдэл төлбөр төлөөгүй асуудал нь залилан мэхлэх гэмт хэргийн шинж биш Иргэний эрх зүйн харилцаа юм. Өөрөөр хэлбэл, үүргийн гүйцэтгэлийг хангуулах Иргэний хуулийн зохицуулалт үйлчилнэ. Эд хөрөнгөө байгаа газрыг мэдэж байгаа учраас өөрийнх гэдгээ нотлон очиж авч болох байсан, нэмэлт гэрээ хийж анз алдангийн асуудлыг шийдэх боломж байсан.

Залилах гэмт хэргийн шинжгүй гэдэг нь 1-д анхны тохиролцоо бүгд хийгдсэн, худалдан авагч оргон зугтаагүй эзэмшилд авсан зүйлээ бусдад шилжүүлээгүй өөртөө хадгалуулж байсан, очоод авах боломжтой, нэмэлт гэрээ хийх боломжтой, үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломж бүрэн байсан. Худалдагч тал энэ эрхээ хэрэгжүүлээгүй нь гэмт хэрэг гэж үзэх үндэслэл болохгүй.

Зээлээр худалдах худалдан авах хэлцлийн үр дүнд үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй асуудал үүссэн. Эрүүгийн хуулийн 1.4-ийн 2-т “гэм буруугүйгээр энэ хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй”, 3-т “Гэмт хэрэг үйлдсэн өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаагүй, хэргийн нөхцөл байдлын улмаас ухамсарлах боломжгүй байсан, учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй, мэдэх ёсгүй байсан бол хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзнэ” гэсэн бөгөөд Улсын Дээд шүүхийн  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 65 тогтоолд “гэм буруугүйгээр хохирол учруулах гэдэг нь нийгэмд аюултай үйлдэл гарсан, улмаар нийгэмд аюултай үйлдэл бий болсон, мөн тэдгээрийн хооронд шалтгаант холбоо байгаа эсэх нөхцөлийг хамруулан үздэг тул гадаад илрэлийн хувьд гэмт хэрэг гэж дүгнэж болохуйц тохиолдол хамаардаг бөгөөд гагцхүү гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив шинж чанар болох гэм буруу үгүйсгэгдсэн тохиолдлыг ойлгодог” гэж тайлбарласан байна. Тэгэхээр субьектив санаа зорилго байсан уу санаатай гэмт хэрэг мөн үү гэдэг асуудал яригдана. Бодит байдалд трактор тармуур шүүгдэгчид хэрэгтэй байсан уу хэрэгтэй байсан, хохирогчид зарах шаардлага байсан уу байсан, харин ч цаашлаад хамтран ажилласан байдаг. Тэгэхээр субьектив санаа зорилго байхгүй, санаатай гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Ш.Тын хувьд трактор чиргүүл анх хаана авсан тэндээ байсан үлдэгдэл төлбөрөө төлөөгүй л асуудал юм. Гэхдээ тайлбарт дурдсан субьектив шинж буюу субьектив тал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн байх нь хулгайн гэмт хэргийн субьектив шинж чанар гэсэн онолын ойлголт байдаг.

Ш.Т нь санаатай залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй юм. Мөн Эрүүгийн хуулийн 2.3-ийн 2-т санаатай гэмт хэргийг “өөрийн үйлдэл, үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэсэн. Тэрээр санаатай гэмт хэрэг үйлдээгүй нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 634 тогтоолд “Аливаа болгоомжгүй гэм буруу нь эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох... урьдчилан мэдэх ёстой, боломжтой байх буюу хайхрамжгүй хандах гэсэн хоёр хэлбэрээр илэрдэг. Санаатай гэмт хэргийн тухайд зориуд хүргэсэн байдгаараа дээрх гэм буруугийн болгоомжгүй хэлбэрүүдээс ялгагддаг” гэжээ. Ш.Т нь хэлцэл хийсэн ковид болон бусад шалтгаанаар төлбөрийг төлөөгүй удаасан үйлдэл нь мэдэх ёстой байсан, хайхрамжгүй хандсан хэлбэрээр илэрсэн гэж үзнэ. Харин санаатай гэмт хэрэг хийгээгүй буюу хүсэж үйлдээгүй, хор уршигт зориуд хүргээгүй болно.

Улсын Дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 538 тогтоолд “Гэрээний харилцаа нь... гэрээний эрсдэлийг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй” гэсэн бөгөөд иргэний хууль тогтоомжийн дагуу үүссэн, гэрээний биелэлтийн талаар харилцан мэдээлэл солилцох, харилцан гомдлын шаардлага гаргах эрхээ хэрэгжүүлээгүй нь эрсдэлд орсны улмаас үүссэн маргааныг залилан мэхлэх гэмт хэрэг гэж үзэхгүй гэж ойлгоно.

Иймд Ш.Тыг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2-т заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, 1.7-ийн 1, 2-т зааснаар хэргийн бодит байдлыг тогтоох, нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15-ийн 2-т зааснаар “эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсний дагуу аман хэлцэл хийгдсэн үлдэгдэл төлбөр төлөөгүй үйлдэл нь гэмт хэрэг гэж үзэхэд эргэлзээтэй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгах нэг үндэслэл юм.” гэв.

Шүүгдэгч Ш.Т давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Дгээс 3 жижиг бага оврын трактор, 2 ширхэг хадуур авсан.  Д бид хоёр 2017 оны намар танилцаад 2018 оны хавар нь уулзахад Д техник зарах гэж байгаа, өөрөө техникүүдийг оруулж ирдэг мэтээр тайлбарлаж хэлсэн. Гэтэл өөр компаниас аваад дамжуулж надад зарсан болж таарсан. “Номгон Ургац” ХХК-иас техникүүдийг авахдаа мөн ялгаагүй надтай адилхан л үйлдэл гаргасан. Тухайн компанид тоног төхөөрөмжийнхөө мөнгийг өгөхгүй бас удаасан байсан. Д бид хоёр техник худалдаж авах талаар болон үнэ хөлсөө тохирсон. Тэгээд техникээ хэрхэн авчрах талаар ярилцахад Д “ахад нь крантай машин байгаа харин шатахууны зардлыг нь өгчих” гэж хэлсэн. Тэгээд би хүлээн зөвшөөрөөд 1,000,000 төгрөгийг Дгийн дансанд шилжүүлсэн. Ингээд нэг нь техникүүдээ авчирна, нөгөөх нь түлшнийх нь зардлыг өгнө гэж тохирсон. Д техникүүдээ манай суманд авч ирэхдээ манай компанийн тоног төхөөрөмж болон хийж байгаа бизнесийг хараад 2-уулаа хамтарч ажиллая гэсэн. Ингэхдээ ашгийн буюу орлогын 5-10 хувийг авах санал тавьсан. Би саналыг хүлээн зөвшөөрсөн. Д надад чи гэрээнүүдийг нь хийгээд бай би бригадыг ахлаад араас чинь явъя гэдэг байсан. Ингээд Сэлэнгэ, Баянчандмань, Завханы Тосонцэнгэл, Их-Уул сумуудад царгас ургамал тариалах ажилд явсан. Их-Уул суманд 30,000,000 төгрөгийн гэрээт ажил, Тосонцэнгэл суманд 90,000,000 төгрөгийн гэрээт ажилд явуулсан. Баянчандмань суманд 4,000,000 төгрөгийн ажил хийсэн. Гэвч Д нь Баянчандмань суманд очоод хийсэн айлаасаа хашааны материалын мөнгө аваад хэрэглэсэн байсан. Үүнээс эхлэн би Дд итгэхээ больсон. Д Завхан аймагт оччихсон байхаар нь ажлыг нь эхлүүлээд Тосонцэнгэл сумынх нь хүмүүстэй уулзуулаад хийх ажлыг нь бэлдэж өгсөн. Би ажлыг нь бодиттой эхлүүлж өгч үйл ажиллагааны зардалд 2,000,000 төгрөг өгсөн. Тэгээд би дараагийн ажил руугаа явлаа гэж хэлээд явахад  ажиллаж байгаа хүмүүсээс шатахууны төлбөрийг зээлээр авсан байдалтай байсан. Нөгөө ажил хийлгүүлж байгаа компанийн хүмүүс над руу утасдаад гэрээгээ цуцаллаа, хамтарч ажиллахгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би учир байдлыг тодруулж асуухад тэр хүн чинь архи дарс уугаад болохгүй байна гэдэг зүйл ярьсан. Миний эхлүүлсэн ажлуудыг цуцлуулаад олох байсан орлогыг үгүй хийсэн. Завханы ажил нилээд өндөр мөнгөн дүнтэй учир уг ажлыг хийж дуусгавал таны мөнгийг өгнө гэж хэлсэн. Би ч өөрөө дотроо тэгж тооцоолсон байсан. Д ч гэсэн ингэж ярьсан талаар мэдэж байх ёстой. Тэгтэл миний эхлүүлсэн ажлыг үгүй хийчхээд хоосон техникүүдээ ачаад ирэхэд миний сэтгэл санаа сонин байдалд орсон. Д намар нь манай компани дээр ирж уулзахад нь надад та ингэж бодит хохирол гаргачихлаа, үүнийг яаж шийдэх талаар ярилцсан. Тэрнээс хойш Д 2 жил ямар ч холбоо бариагүй, сураггүй алга болсон. Мөн ковид цар тахал гарч уулзаагүй, холбоогүй байсан. Намайг прокуророос Дгийн мөнгийг өгөлгүйгээр өөр хүний мөнгө өгсөн байна гэж хэллээ. Д надад өөрөө их хэмжээний бодит хохирол учруулчихаад, үүнийгээ 2-уулаа шийдье гэхэд ерөөсөө шийдэхгүй алга болсон. Гэрээ байгуулаад эхлүүлсэн ажлыг маань Д нурааж, архи уугаад алга болсон. Нөгөө 2 жолооч нь юу хийхээ мэдэхгүй байдалтай байсан. Эцсийн дүндээ би өөрөө хэрэгтэн болчихсон зогсож байна. Би шүүхийн шийдвэрийг хүндэтгэнэ. Би энэ хугацаанд нэлээн сайн ойлгож авлаа гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Хэрлэнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ш.Т нь Э.Дгийн 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдаж авна, цаашид хамтран ажиллах болно гэх мэт үг үйлдлээр итгэл үнэмшил үзүүлэн 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр техник хэрэгслийг шилжүүлж аваад урьдчилгаанд 9.0 сая төгрөг өгсөн боловч гэрээ байгуулалгүй төлбөр өгөхөөс зайлсхийсэн. Мөн Э.Дгийн 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг өөрийн өмчлөлд авч үйл ажиллагаандаа ашигласан атлаа мөнгөн төлбөрийг төлөх санаа зориг байгаагүй нь хэргийн оролцогчийн тайлбар, түүний дансны хуулбараар тогтоогдсон. Ш.Т нь гэрээний харилцаа үүссэн мэт дүр үзүүлэн бусдын эд хөрөнгийг өөрийн өмчлөлд авч залилах гэм хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.Тт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

2.Ш.Тт холбогдох хэрэгт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, хуульд заасан арга, хэрэгсэл ашиглан нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйц хуульд заасан журмыг зөрчсөн зөрчил илрээгүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үйл баримтыг үнэлэх боломжтой гэж үзлээ. 

3.Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн хэргийн талаарх үйл баримт болон нотлох баримтуудыг харьцуулан үнэлбэл, Ш.Т нь 2017 оны 10 дугаар сард танилцсан Д.Дгээс 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг худалдан авна гэж итгүүлэн Дорнод аймгийн Баяндун сумаас Төв аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч 72,600,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан залилах гэмт хэрэг үйлдсэн нь дараах бичгийн баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Д.Дгийн өгсөн “...Ш.Т нь манай техникийг их сонирхон зарим нэг тракторыг өөрийн хадлангийн ажилд түр хугацаагаар хэрэглэж үзээд “сайн техник байна, цуг царгас гэх нэртэй ургамлыг тариалъя, манай аав царгас гэх нэртэй ургамлыг олон жил тариалж байгаа их ашигтай ажил” гэж надад байнга ярьж санал болгодог байсан. Ш.Т нь манай багаж хэрэгслүүдэд шунаад байгаа юм шиг санагдсан болохоор итгээгүй. ...Дараа буюу 2018 оны 3 дугаар сарын сүүлээр Ш.Т над руу залгаад тантай уулзъя гэж хэлсэн. Би Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Ээрмэлийн 12 дугаар байрны ойролцоо Ш.Т, түүний эхнэр Даариймаа гэх хүнтэй уулзсан. Ш.Т царгас тариулах захиалга хийсэн хүн их байна, тиймээс танаас 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг чинь худалдаж авъя гэж хэлэхээр нь би “Номгон ургац” ХХК-аас худалдаж авсан гэрээг үзүүлсэн чинь уг техникүүдийн нэг бүрийн үнийг зөвшөөрч Ш.Т “та крантай машинтай юм чинь техникээ аваад ир, техник авчрах зардлыг нь би өөрөөсөө гаргана” гэж хэлээд намайг Дорнод аймгийн Баяндун сумаас уг техникүүдийг авчруулсан. ...Би Т гэх хүнд 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг зарсан..., тухайн үед 72,600,000 төгрөгөөр худалдаж авахаар тохироод урьдчилгаа 9,000,000 төгрөгийг 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 77-78 дугаар хуудас/,

Хохирогч Д.Дгийн дахин өгсөн “...Хамгийн сүүлд 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр очиж уулзахад та нар цагдаад өгсөн байна, тиймээс цагдаагаараа шийдүүл, бид нар худалдаж авсан урьдчилгаанд 9.0 сая төгрөг өгсөн. Үлдэгдэл мөнгийг нь өвсөөр ав, бид нар худалдаад авсан учраас өгөхгүй гэж хэлсэн. Ш.Т, Ц.Ширчинжав нар нь худалдаж авна гэж хэлээд миний трактор хадуурыг авсан боловч тамгаа мартсан, нягтлан бодогч ажилдаа ирээгүй өвчтэй байгаа, удахгүй мөнгийг чинь өгнө гэх зэргээр байнга худал хэлж худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй, нийт 72,600,000 төгрөгийн трактор хадуур худалдаж авсан гэх атлаа өнөөдрийн байдлаар 9.0 сая төгрөг төлсөн, сүүлдээ утсаа авахгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй зугтааж байгаа нь биднийг хуурч төөрөгдөлд оруулж залилан мэхэлснийг харуулж байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 81-82 дугаар хуудас/

Гэрч Ч.Пүрэвбаатарын өгсөн “...би 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс аав болох Д.Дтэй хамт Дорнод аймгийн Баяндун сумаас тэнд ажиллаж байсан 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур зэргийг Төв аймгийн Цээл суманд Ц.Ширчинжав гэх хүний хашаанд аваачиж буулгасан…” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,

Гэрч Э.Хунтогосын өгсөн “...2018 оны 3 дугаар сард уулзаж ярилцсаны дараа 3-4 сар орчим манай нөхөр Тт 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг нийт 70 орчим сая төгрөгөөр бодож өгөхөөр тохиролцоод... манай нөхөр Дорнод аймагт байсан техникүүдээ өөрөө явж татаж авчраад Т тээврийн зардал гэж нэг сая төгрөг зардал дээр нь нэмж өгсөн. ...Одоо манай 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг Т 3 жилийн хугацаанд ашиглаж байна. ...2018 оны намар нөхөр бид хоёр Төв аймгийн Цээл сум орж Ш.Таас техник хэрэгслээ авахаар очиход манай техник хэрэгслийг хадлан дээрээ хэрэглэж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 87-89 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ширчинжавын өгсөн “... 2017 оны өвөл миний хүү Ш.Т нь Улаанбаатар хотын харьяат Д.Д гэх хүнтэй миний гаргасан Монгол царгас тэжээлийн ургамлыг тарихад хамтарч ажиллахаар болоод харилцан тохиролцсон. Тохиролцооны гол шалтгаан нь Дгээс 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуурыг нийтдээ 68,000,000 төгрөгөөр бодож авахаар болсон бөгөөд бид нар ажил хийгээд тэндээс нь мөнгөө хувааж төлөхөөр тохиролцсон. Мөн би ажил олоод Царгас тарих арга аргачлалыг зааж өгнө, харин Д.Д манайд зарсан 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуур зэргээр тухайн газарт очиж ажиллана. Ажиллах явцдаа өөрийнхөө крантай машиныг хамт ашиглана, үүнээс олсон ашгийн 10 хувийг Д.Д авахаар болсон. Ингээд Д.Д нь өөрийнхөө хүүтэй хамт манайд крантай машинтайгаа ирж ажиллахаар болсон. Ашгийн 10 хувь өгөх бол нөгөө техник худалдаж авсан 68,000,000 төгрөгөөс тусдаа асуудал юм.

...Д.Д Завхан аймагт ажил аваад хийж байхдаа ажлын хариуцлага алдаж ажлыг маш удаан хийсэн, хажуугаар нь архи их ууж ажил алддаг байсан.

...дараагаар Цээл суманд ажил байсан боловч машин техникээ тэнд үлдээчхээд Улаанбаатар хот руу яваад 7 хоносон байсан. 8 дахь хоног дээр нь дээрх 3 трактор 2 хадуур зэргийг 2018 оны 5 сард өөрөө авч ирж өгчхөөд крантай маяти машинаа аваад Ш.Таас дээрх 3 техникийн урьдчилгаа гээд 9,000,000 төгрөг аваад явсан…

Бид нар хоорондоо ямар нэгэн гэрээ байгуулаагүй болно. Д.Дгээс авсан гэх 3 ширхэг трактор болон 2 ширхэг хадуур зэрэг техник одоо манай Төв аймгийн Цээл суманд газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Хүүлэй Ханы Хишиг” ХХК-ний хашаанд бүрэн бүтэн хэвийн ажиллагаатай байна. Бид нар цаг техник хэрэгсэлд хугацаанд нь засвар үйлчилгээг хийж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98-99 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Ширчинжавын дахин өгсөн “...Ш.Т бид нарын зүгээс Д.Дгийн 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур зэргийг буцаагаад өгөхөд татгалзах зүйл байхгүй, шаардлагатай гэвэл тухайн үеийнхээ авсан ханшаар анх урьдчилгаа болгож өгсөн 9,000,000 дээр нэмээд хохирол барагдуулж болно. Д.Д нь анх ярьсандаа байхгүй, хамаг ажил баллаж орхичхоод түүнээс хойш 2 жилийн хугацаанд таг алга болчхоод энэ жилээс л гэнэт гарч ирээд олон юм яриад яваад байгаа юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 101-102 дугаар хуудас/

Гэрч Б.Даариймаагийн өгсөн “... 2017-2018 оны хавар Хөдөө аж ахуйн техник болох 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуурыг Улаанбаатар хотын харьяат Д.Д гэх хүнээс худалдаж авахаар боллоо гээд Улаанбаатар хотоос Төв аймгийн Цээл сум руу аваад явахад би хамт байсан. Тухайн техникүүдийг авч явахад Д хүүхэдтэйгээ өөрийнхөө крантай машинаар хүргэж өгсөн. Харин Ш.Т бид хоёр хамт явсан. Би 2020 онд Ш.Ттай шүүхээр орж гэр бүл салсан. Намайг 2020 оны 4 дүгээр сар хүртэл Ш.Ттай амьдраад шүүхээр салах хүртэл миний мэдэхийн Ш.Т нь дээрх 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур зэрэг техникээр Төв аймгийн Цээл суманд газар тариалангийн чиглэлээр ашиглаж байсан. Мөн Завхан аймаг, Сэлэнгэ аймаг Эрдэнэбүрэн сум, Хэнтий аймаг, Багануур дүүрэг зэрэг газруудад царгас гэх тэжээлийн ургамал тариалах явцдаа дээрх техникүүдийг ашиглаж газар хагалах, үр суулгах зэрэгтээ хэрэглэдэг байсан. Одоо бол дээрх техникүүд Төв аймгийн Цээл суманд байгаа эсэхийг мэдэхгүй байна. Би яг хэдээр худалдаж авсан болохыг нь хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан урьдчилгаа 10 сая төгрөг өгсөн гэж ярьж байсан. Д.Д, Ш.Ттай хамт ажиллаж байх хугацаандаа архи дарсны асуудал гарч байсныг бол би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 95-96 дугаар хуудас/,

Гэрч Б.Мөнхсайханы өгсөн “...2018 онд санагдаж байна Д.Д гэдэг крантай машинтай ах өөрийнхөө хүү Пүрэвбаатарын хамт 3 ширхэг улаан өнгийн пад трактор болон 1 ширхэг крантай машинтай ирсэн...би тэд нарыг хамтран ажиллаж байгаа хүмүүс л гэж ойлгосон. Чухам хэрхэн яаж хоорондоо тохиролцож хамтарч ажилласан гэдэг нарийн асуудлыг бол сайн мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,  

Тээврийн хэрэгсэл, техник эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хавтас хх-ийн 39-46/,

2017 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Номгон Ургац” ХХК, Д.Д нарын хооронд байгуулсан “Трактор тоног төхөөрөмж” зээлээр худалдах, худалдан авах гэрээ /2-р хх-ийн 53 дугаар хуудас/,

Шинжээч “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 07/300 дугаартай “...Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн  байдлаар зах зээлийн үнэ цэнэ нь 27,200,000 /хорин долоон сая хоёр зуун мянга/ төгрөг, 2021 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 34,828,700 /гучин дөрвөн сая найман зуун хорин найман мянга долоон зуу/ төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна...” гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 114-124 дүгээр хуудас/,

Шинжээч “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2022 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 07/86 дугаартай “...Зах зээлийн хандлагаар нийтэд арилжаалагддаг жишиг зүйлсийн аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэ цэнэ 72,600,000 төгрөг гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна...” гэсэн дүгнэлт /2 хх-ийн 76-83 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ш.Тын эзэмшлийн Хаан банкан дахь 5094183373 тоот дансанд 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд нийт 580,751,371 төгрөгийн орлого орсон хуулга /1-р хх-ийн 146-193 дугаар хуудас/,

Хохирогч Д.Дгийн Хаан банкны депозит дансны хуулга /2-р хх-ийн 54-55 дугаар хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий буюу зөрүүгүй, эргэлзээгүй бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь: гэмт этгээд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг өмчлөгчид төрүүлэн эд хөрөнгийг нь өөртөө шилжүүлэн авсан байдаг бөгөөд тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, ашиглах, өмчлөх эрхийг хохирогчид буцаан өгөхгүй, хариу төлбөрийг төлөхгүй байх санаа зорилгыг агуулж байдаг.

 Өөрөөр хэлбэл, Иргэний хуульд заасан гэрээ байгуулж, гэрээгээ дүгнэж байсны эцэст эрсдэлд орсны улмаас үүссэн эд хөрөнгийн маргааныг гэмт хэрэг гэж үздэггүй ч гэрээгээр хүлээсэн үүрэг нь биелэгдэх боломжгүй болмогц түүгээр шалтаглаж бусдын эд хөрөнгө, эсхүл өмчлөх эрхийг бүгдийг буюу заримыг буцаан шилжүүлэхгүй байх, үүнийгээ хэрэгжүүлэхийн тул эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх замаар хуурч, мэхлэн итгэл эвдэх тодорхой үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

Шүүгдэгч Ш.Т нь 2017 оны 10 дугаар сард танилцсан хохирогч Д.Дгээс нийт 72,600,000 төгрөгийн үнэлгээтэй 3 ширхэг трактор, 2 ширхэг хадуур зэрэг эд хөрөнгийг 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Дорнод аймгийн Баяндун сумаас Төв аймгийн Цээл суманд авчруулж өөрийн эзэмшилд шилжүүлэн авч газар тариалангийн үйл ажиллагаандаа ашиглаж байсан атлаа 2018 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгөөс өөр мөнгийг хүндэтгэн үзэх шалтгаангүй /өөрөөс нь үл шалтгаалах хүчин зүйл үүсээгүй/-ээр өгөөгүй байх ба 3 жил гарангын хугацаанд түүний эзэмшлийн Хаан банкин дахь 5094183373 тоот дансанд нийт 580,751,371 төгрөгийг орлого орж худалдах худалдан авах гэрээний үүргээ биелүүлэх нөхцөл, боломж бүрдсэн байхад тодорхой арга хэмжээ аваагүй, үүнд чиглэсэн идэвхтэй үйлдэл хийхгүйгээр зайлсхийж байсан нь хэргийн үйл баримтаар нотлогдсон.

Мөн шүүгдэгч Ш.Тын гэмт үйл явдал нь бусдын эд хөрөнгийг шилжүүлж авснаар буюу 2018 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр төгссөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж зааснаар гэмт хэргийн улмаас Д.Дд 72,600,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан гэж үзэхээр байна.

5.Иймд шүүгдэгч Ш.Т нь өөрийн гэмт санаа зорилгоо халхавчлах зорилгоор Д.Дтэй худалдах худалдан авах гэрээг аман хэлбэрээр байгуулан эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтандаа шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулсан байх тул Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

6. Төв аймгийн прокурорын газраас Ш.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлэхдээ үйлдэл холбогдлыг “...бусдыг төөрөгдөлд оруулж, нэр хүнд,... ашиглаж” гэснийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр “...Шүүгдэгч Ш.Т урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авч, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн хууль бус үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогч Д.Дд учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ш.Т “Хаврын тариалалт хамгийн цаад тал нь 6 дугаар сарын 20 хүртэл явагддаг. 4 дүгээр сарын 28-аас эхэлж хамтран ажилласан. 2 жил хамтран ажиллахаар тохиролцсон” талаар мэдүүлдэг бөгөөд 2018 оны 4 дүгээр 01-нээс хойш буюу 4 жилийн хугацаанд “Хүүлэй хааны хишиг” /өөрийнх нь эзэмшил/ компани дансаар болон хувийн дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээнүүд тогтмол хийгдэж байсан нь арилжааны банкны дансны хуулга болон гэрч нарын мэдүүлэг дүгнэхэд нотолбол зохих байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр” нотлогдсон байна...” гэсэн дүгнэлт хийж, мөн хуулийн зүйл, хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон нөхцөл байдлыг өөрчлөн дүгнэсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ...” гэж заасан журмыг зөрчөөгүй, түүний үйлдсэн гэмт хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж үзлээ.

7.Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь шүүхээр тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулж болох төрөл хэмжээний дотор ял оногдуулах нь шүүхэд хуулиар олгогдсон бүрэн эрх хэмжээний асуудал ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц байх ёстой.

Шүүхээс шүүгдэгч Ш.Тын гэм буруу, прокуророос зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан төрөл, хэмжээний хүрээнд 20,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хохирогч Д.Дд учруулсан хохирол нөхөн төлөгдсөн байдлыг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь энэ хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж заасан заалтад нийцсэн үндэслэл бүхий шийдвэр болжээ.

8.Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан “... Түүний үйлдэл нь залилан мэхлэх гэмт хэргийн шинжийг агуулаагүй. Үйл баримтын хувьд иргэний эрх зүйн харилцаа буюу зээлээр худалдах худалдан авах хэлцлийг хийсэн байна. ... иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг үндэслэн Ш.Тт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг дээрх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

9.Харин анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2023 оны 8 дугаар сарын өдрийн 18-ны өдрийн 519 дугаартай захирамжаар шүүгч Ж.Дэлгэрмөрөнг татгалзан гаргах тухай шүүгдэгч Ш.Тын хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн байхад 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 10 цагт товлон зарлагдсан шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүх хуралдааныг хойшлуулсан /3-р хавтас х-185-186 тал/ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүй.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Тыг гэм буруутайд тооцохдоо “...эрхийг...” гэсэн үгийг сонгож бичсэн нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй ч тогтоогдсон үйл баримтад нийцэж байгаа эсэхийг анхаарахаар байгаа тул дурьдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 388 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ш.Тын өмгөөлөгч А.Мөнхтулгын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     З.ТҮВШИНТӨГС

                                    ШҮҮГЧИД                                           Ц.ОТГОНЦЭЦЭГ

                                                                                                Ш.ТӨМӨРБААТАР