Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0440

 

2025 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 128/ШШ2025/0440

Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Н.А******* /РД:Е*******/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.Б*******,

Хариуцагч: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Х.Ургаа,

Нэхэмжлэлийн шаардлага: Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.А*******, түүний өмгөөлөгч Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

1.1. Н.А******* нь анх Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дүгээр тушаалаар тус газрын Хүн ам гэр бүлийн хөгжлийн хэлтсийн Жендер, гэр бүл, эмэгтэйчүүдийн хөгжлийн асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдож,

1.2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн Б/80 дугаар тушаалаар Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан тушаалд томилогджээ.

1.3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1738 дугаар албан бичгээр нэхэмжлэгч Н.А*******ад сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, тэр өдрөө сонсох ажиллагааг явуулж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн хариуцсан 9.1.1-д заасан Монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй 30%-ийн биелэлттэй үнэлэгдсэн, хариуцсан чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтнаар батлуулах Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах захиргааны гэрээний загвар, бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэх заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах саналыг эцэслэн боловсруулж батлуулах эрх зүйн баримт бичиг боловсруулаагүй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/415 дугаар тушаалын 3 дахь заалтын хэрэгжилт, мөн газрын даргын 2024 оны Арга зүйн удирдлагаар хангах тухай А/332 дугаар тушаалын 1.1 дэх заалтыг тус тус биелүүлээгүй гэх үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулжээ.

1.4. Нэхэмжлэгчээс тус шийдвэрийг эс зөвшөөрч 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба гомдлыг хянаад Төрийн албаны зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Гомдлын хариуг хүргүүлэх тухай 02/226 дугаар албан бичгээр Төрийн албаны зөвлөлийн харьяалах асуудалд хамаарахгүй гэх хариуг өгчээ.

1.5. Улмаар нэхэмжлэгч Н.А******* нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргад холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр гаргасан ба тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 1005 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Хоёр. Нэхэмжлэлийн үндэслэл:

2.1. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: ....Миний бие нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2009 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 09 дугаар тушаалаар төрийн захиргааны ажил, албан тушаалд томилогдож, 2020 оны 06 дугаар сарын 10-ний өдрийн Б/80 дугаар тушаалаар Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан тушаалд томилогдон өнөөг хүртэл төрийн захиргааны байгууллагад ямар нэгэн алдаа дутагдалгүй 31 дэх жилдээ тасралтгүй, тууштай ажиллаж ирсэн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга З.Э******* 2023 оны 11 дүгээр сард томилогдсоноос хойш удаа дараа шахалт дарамт үзүүлэх, ажлын байр санал болгох, өөр тийш шилжихийг ятгах, сургалт, олон нийтийн арга хэмжээнд оролцохыг хориглох зэргээр удаа дараа дарамтлан ажлын байрны дарамтыг үзүүлж улмаар 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хууль зөрчиж гарган надад төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.1-2.4, 2.6-2.7 дахь хэсгийг тус тус зөрчиж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Гадаадад ажиллах гаргах хэлтсийн хариуцсан 9.1.1 Монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй 30 хувийн биелэлттэй үнэлэгдсэн гэх үндэслэлийн тухайд. Тус үнэлгээ нь Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон агентлагийн дарга хооронд байгуулсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний байгууллагын бусад газар, хэлтсийн хэмжээнд хийж хэрэгжүүлсэн ажлыг нэгдсэн байдлаар хүрээнд үнэлсэн үнэлгээ юм. Түүнээс бус зөвхөн миний ажлын байрны тодорхойлолт, ажлын чиг үүрэгт хамааруулан үнэлсэн үнэлгээ биш юм. Тухайн үнэлгээ нь дан ганц миний буруугаас доогуур үнэлэгдсэн гэх нөхцөл байдал тогтоогддоггүй. Миний бие нь 2024 оны хагас жилийн байдлаар монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд өөрийн санаачилгаар Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан төсвийн төлөвлөлтөөр Хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл, НҮБ-ын Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллагын хэрэгжүүлж буй Хилийн чанад дахь Монголчууд буюу Монголын диаспорагийн мэдлэг, чадавхыг Монгол Улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь төслийн дэмжлэгтэйгээр гарын авлага хэвлэх, материал бэлтгэн, тараах, Хөдөлмөр Эрхлэлт-2024 өдөрлөг арга хэмжээг зохион байгуулах ажлыг амжилттай хийж хэрэгжүүлсэн. Өдөрлөг, нийтийг хамарсан арга хэмжээний хүрээнд 188 иргэнийг ажлын байранд зуучлан, тусгай ур чадвартай 51 иргэн, 12 аж ахуй нэгжийг холбон зуучлах арга хэмжээг авч, төрийн байгууллагын оролцоог ханган ажилласан зэрэг олон талт төсөл, арга хэмжээг өөрийн санаачилгаар хэрэгжүүлэн, жилийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажилласан.

Ажлын чиг үүргийн хүрээнд монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний талаар авч хэрэгжүүлсэн ажил үүргийг хагас болон бүтэн жилийн байдлаар 100%-аар үнэлж, манай нэгжийн ажлын үр дүн 97,5 хувийн үнэлгээтэйгээр дүгнэгдсэн. Миний нэгжийн даргын ажлын үр дүн, мэргэшлийн түвшнийг дээд шатны удирдлага болох, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний газрын даргын зүгээс 100 хувиар үнэлсэн боловч үндэслэлгүйгээр Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга 3.Э******* нь хасаж, 80 хувиар үнэлсэн бөгөөд тухайн үнэлгээ хассан үндэслэлээ тайлбарлаагүй болохыг дурдаж байна. Өөрийн чиг үүргийг хангалттай хэрэгжүүлсэн байхад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны үнэлгээнд шууд буруутай мэтээр дүгнэн шийдвэр гаргасныг үндэслэлгүй гэж үзэж байна.

Хариуцсан чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтнаар батлуулах Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журмын, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах захиргааны гэрээний загвар, бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэх заалтыг хэрэгжүүлэх хүрээнд гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах саналыг эцэслэн боловсруулж батлуулах эрх зүйн баримт бичгийг боловсруулаагүй гэх үндэслэлийн тухайд. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/14 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам-ыг, хоёрдугаар хавсралтаар Тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээ-ний загвар тус тус батлагдан мөрдөгдөж байна. Тус журам, гэрээний хавсралтад өөрчлөлт оруулах саналыг боловсруулах батлуулах талаар надад ямар нэгэн үүрэг даалгавар өгөгдөөгүй. Энэ нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын чиг үүрэгт хууль тогтоомжоор тухайн журам, гэрээний төслийг батлах тухай ажил хууль тогтоомжийн хүрээнд хамааралгүй болно. Харин Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль батлагдахаас өмнө Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Япон Улсын яам, агентлаг хоорондын Япон Улсад оршин суух зөвшөөрөлтэй тусгай ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичгийг байгуулсан. Энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэхэд шаардлагатай журмын төслийг шинэчлэн боловсруулах ажлыг хэсгийг 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн А/26 дугаар тушаалаар байгуулж, холбогдох журмын төслийг боловсруулан эрх бүхий албан тушаалтнуудад танилцуулсан, тухайн ажлын хэсгийн гишүүд өөр ажил, албан тушаалд томилогдсон учраас байгууллагын даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/258 дугаар тушаалаар ажлын хэсгийг дахин шинэчлэн байгуулсан юм.

Дээрх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд миний бие гишүүнээр орж ажилласан байдаг. 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хэлэлцээд тухайн журмын төслийг "Үндсэн чиглэл" гэж батлахаар шийдвэрлэсэн ба журмын төслийг 09 дүгээр сарын 18-ны өдөр дахин батлуулахаар даргад танилцуулга хийгдэж, үндсэн чиглэл гэснийг "дүрэм болгож батлахаар болсон. Үүнээс хойш тухайн журмын төслийг байгууллагын удирдлагын зүгээс батлаагүй бөгөөд миний хувьд тухайн журмын төслийг боловсруулах, батлуулахад өөрийн чиг үүргийн хүрээнд идэвхийлэн оролцсон болно. Тухайн журмыг байгууллагын дарга батлаагүйгээс шалтгаалж хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийг 1 жил гаруй хугацаанд саатуулсан.

Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/415 дугаар тушаалын 3 дахь заалтын хэрэгжилт, мөн газрын даргын 2024 оны "Арга зүйн удирдлагаар хангах тухай А/332 дугаар тушаалын 1.1 дэх заалтыг биелүүлээгүй гэх үндэслэлийн тухайд. Миний бие нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/415 дугаар тушаалын дагуу Ажлын даалгавар, төсөв батлах тухай" тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/443 дугаар тушаалын батлуулсан. Тушаалын хувьд холбогдох ажлын даалгавар, төсөв батлагдаагүй учраас биелэгдэх боломжгүй байсан тул ажлын даалгавар, төсвийг боловсруулж бэлтгэн батлуулахаар байгууллагын удирдлагад хүргүүлсэн. Ажлын даалгавар, төсөв баталсан тухай тушаалыг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр надад танилцуулсан болно.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/415 дугаар тушаалын дагуу хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэлийн байгууллага сонгох боломжгүй бөгөөд ажлын хэсэг нь ажлын даалгавар, батлагдсан төсөвгүйгээр тухайн ажлыг хийж хэрэгжүүлэх боломжгүй байсныг дурдах нь зүйтэй. 2024 оны "Арга зүйн удирдлагаар хангах тухай А/332 дугаар тушаалын 1.1 дэх заалтын хүрээнд 2024 онд батлаагүй Япон Улсад оршин суух зөвшөөрөлтэй тусгай ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх санамж бичгийн хүрээнд батлах журмын төслийг дахин батлуулахаар байгууллагын удирдлагад хандсан боловч журам, дүрмийг батлаагүй өдийг хүрсэн. Дээрх 2 тушаалыг миний бие ямар нэгэн байдлаар зөрчөөгүй болно.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журам зөрчсөн тухайд, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01-1738 дугаар сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийг мөн өдрийн 17 цагт намайг өрөөндөө дуудаж, сонсох ажиллагаа явуулж байна гэж хэлээд надад гардуулж өгсөн. Тус мэдэгдлийн дагуу тайлбараа бичгээр өгөөрэй гэсний дагуу холбогдох тайлбараа бичгээр гаргаж, өгөх гэсэн боловч таны тайлбарыг бичгээр авахгүй, нэгэнт таны халагдсан тушаал гарчихсан гэж хэлээд аваагүй. Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.4.1-д Гомдол, мэдээллийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор тухайн албан хаагчаас бичгээр тайлбар авах Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д Сонсох ажиллагаа явуулах хугацаа, оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна гэснийг тус тус зөрчин сонсох ажиллагааг явуулж, тайлбар гаргах боломж олгохгүйгээр шийдвэр гаргасан.

Тушаалын хуулийн үндэслэлийн тухайд. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаал нь Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.5 дахь заалт, 8.4 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дахь заалт, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4 дэх заалт, Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам, Хөдөлмөрийн дотоод журмын холбогдох заалтуудыг баримталсан боловч төрийн албанаас халах үндэслэл бүрдээгүй, хөдөлмөрийн сахилгын шинжтэй үйлдэл, эс үйлдэл тогтоогдоогүй байхад ажлаас чөлөөлсөн үндэслэлгүй болно.

Иймд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах, эрүүл мэнд нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

2.2. Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Миний бие төрийн албанд 31 жил ажиллаж байна. Энэ хугацаанд хөдөлмөрлөж ирсэн үнэ цэнийг үнэгүйдүүлж байгаад гомдолтой байна. Энэ агентлагийн дарга томилогдож ирснээс хойш 13 сарын хугацаанд хамтран ажиллахдаа байнга ажлын байрны дарамт үзүүлж, хөдөлмөрлөх эрхийг зөрчиж ирсэн. Гол зорилго нь үзэл бодол нийцэхгүй, хамтран ажиллах боломжгүй гэдэг.

Нэгдүгээрт, халах үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Засгийн газрын 100 дугаар тушаалаар батлагдсан үнэлгээний маягтын дагуу тухайн байгууллагын нэгжийн дарга үнэлээд агентлагийн дарга баталгаажуулдаг. Иймд 100 хувьтай үнэлэгдсэн учраас байгууллагын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт, хоёр ажлын хэсэг байгуулагдаад журмын төслийг боловсруулаад танилцуулах явцад ажлын хэсгийн ихэнх гишүүд ажлаасаа гарах буюу өөр ажлын хэсэгт шилжсэн тул дахин ажлын хэсэг байгуулагдаж, хуралдаанаар олон нийтэд танилцуулга хийх, цахим орчинд санал авах бүхий л ажлыг явуулсан. Хяналтын хуудсаар зөвшөөрөгдөж газрын даргад хэд хэдэн удаа танилцуулагдсан боловч газрын даргаас дүрэм эсхүл чиглэл байдлаар батална гээд авч хадгалаад батлахгүйгээр хагас жил өнгөрсөн боловч шийдэгдэхгүй явсаар өнөөдрийг хүрсэн. Энэ дүрмийг боловсруулахад Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг, 8.5 дахь хэсэг, 15 дугаар зүйлийн 15.1-т Агентлагийн дарга нь гадаад, дотоодод төлөөлөхөөр заасан. Энэхүү ажлын хэсэгт миний бие нарийн бичгээр биш ажлын хэсгийн гишүүнээр ажилласан гэтэл хариуцлага хүлээлгэх тал дээр ганцхан гишүүнд хүлээлгэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Сэтгүүл гаргах тухай тушаал гарч, тус тушаалыг маш тодорхойгүй, ойлгомжгүй байдлаар танилцуулсан. Хэчнээн төгрөгийн төсвийн зардал гаргах нь тодорхойгүй, ямар агуулгатай, ямар бодлогын шийдвэртэй нь тодорхойгүй хэдий ч өөрийн хэмжээнд үүргийг хэрэгжүүлж, агуулгыг боловсруулж агентлагийн даргад танилцуулж, төслийг 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээлгэж өгсөн. Үүнийг хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн байдаг. 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр сонсох ажиллагаа хийж, ажлаас халах тушаал гаргасанд гомдолтой байна гэв.

2.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...2023 оны 11 сард З.Э******* гэж хүн тус газрын даргаар томилогдсон. Томилогдсон цагаасаа эхлэн өөр ажил албан тушаал санал болгох хэлбэрээр ажлын байрны дарамт учруулж байсан. Улмаар 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б253 дугаар тушаалаар хууль зөрчиж төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн баталсан төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмын 2.1.1.4, 2.6, 2.7 дахь заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна. Мөн тушаалд заасан үндэслэлүүд нь бодит бус, нотлогдсон зүйл байхгүй. Тушаалыг 3 үндэслэлээр гаргасан. Энэхүү 3 үндэслэлд нэхэмжлэгчийн зүгээс маргаж байна.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн гүйцэтгэлд гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн хариуцсан монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй буюу 30 хувийн биелэлттэй үнэлэгдсэн нь тушаалын үндэслэл болсон. Энэ үнэлгээ нь Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд болон агентлагийн дарга хооронд байгуулсан байгууллага хоорондын жилийн ажлын төлөвлөгөөг үнэлж байгаа үнэлгээ юм. Төрийн албан хаагчийн үнэлгээг Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн мэргэжлийн түвшнийг үнэлэх журмаар үнэлдэг юм. Өөрөөр хэлбэл, төрийн албан хаагчийг үнэлэх үнэлгээ тусдаа журамтай байна. Тухайн яам нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын ажлыг 30 хувьтай дүгнэсэн. Гэхдээ төрийн жинхэнэ албан хаагчийн ажлын гүйцэтгэлийг үнэлэх холбогдох журмын үнэлгээгээр хагас болон бүтэн жилийн гүйцэтгэлийг 100 хувьтай, нэгжийн ажлын үр дүн 97.5 хувьтай үнэлж, дүгнэсэн. Мөн маргаан бүхий үйл баримтын хүрээнд Н.А*******ын зүгээс 2024 оны хагас жилийн байдлаар монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хүрээнд өөрийн санаачилгаар европын холбооны санхүүжилтээр Нэгдсэн Үндэсний байгууллагын хөгжлийн төвөөр олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй Монгол Улсад тогтвортой хөгжлийн зөвлөлтэй уялдсан төсвийн төлөвлөлтүүд, хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих төсөл, хилийн чанад дахь Монголчууд буюу Монгол иргэний мэдлэг, чадавхыг олон улсын хөгжлийн хөшүүрэг болгох нь төслийн дэмжлэгт гарын авлага бэлдэх, материал бэлтгэн тараах мөн хөдөлмөр эрхлэлт-2026 удирдлага арга хэмжээ зохион байгуулах ажлыг амжилттай хэрэгжүүлсэн. Тус арга хэмжээний хүрээнд 188 иргэн ажлын байранд, тусгай чадвартай 51 иргэн, 12 аж ахуйн нэгжийг холбон зуучлах арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Энэ арга хэмжээний төлөвлөлтийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас 100 хувьтай үнэлсэн. Мөн тухайн үнэлгээнд ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний газрын дарга Н.А******* үнэлгээг 100 хувьтай үнэлсэн боловч удирдах албан тушаалтан тус ерөнхий газрын дарга үнэлгээг үндэслэлгүйгээр бууруулж 80 хувиар багасгаж үнэлсэн. Мөн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг зөрчиж гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны хууль тогтоомж журамд өөрчлөлт оруулах саналыг эцэслэн боловсруулж батлуулах эрх зүйн баримт бичгийг боловсруулаагүй үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны А14 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар Монгол Улсын иргэний гадаад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээний журам, хоёрдугаар хавсралтаар тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах гэрээний загварыг тус тус баталж, мөрдөн ажиллаж байна. Үндэслэл болгосон актад Захиргааны хэм хэмжээний акт батлах эрх олгогдсон буюу Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулиар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд олгогдсон эрх байна. Тус яамнаас Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт тухайн асуудлаар журам боловсруулах, журамд өөрчлөлт оруулах, санал авах талаар ямар нэгэн албан бичиг ирүүлээгүй. Мөн журмыг боловсруулах эрхийг олгосон, шилжүүлсэн баримт тогтоогдоогүй байна. Энэ үндэслэлээр халсан нь буруу юм.

Япон улсад ур чадвартай ажилтан ажиллуулах журмыг талууд ярьдаг. Энэхүү журмыг боловсруулах ажлын хэсэгт нэхэмжлэгч нь гишүүнээр ажилладаг бөгөөд ийнхүү ажлын хэсгүүдээс зөвхөн Н.А*******ыг буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна. Журмыг боловсруулсан хэдий ч тус газрын даргаас баталгаажуулаагүй. Үүнээс үүдэн Япон улстай Монгол Улсын хувьд ажиллах хүчний тусгай зөвшөөрөлтэй ажилтныг хэрхэн шилжүүлэх талаар санамж бичгийн ажил одоог хүртэл хэрэгжээгүй байна. Эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр батлаагүй асуудал юм. Нэхэмжлэгч нь хуульд заасан сахилгын шийтгэл хүлээх үндэслэлгүй, ямар нэгэн зөрчил гаргаагүй. Мөн шийдвэр гаргахад хийгдэх сонсох ажиллагааг хуулийн дагуу зөв хийгээгүй, нэхэмжлэгчид тайлбар гаргах үндсэн боломж олгоогүй байна. Мөн хариуцагч талын хариу тайлбарт бодит байдлыг тогтоосон гэж байгаач хэрхэн тогтоосон нь үндэслэлгүй байна. Мөн сургалт зохион байгуулах явцдаа алдаа дутагдал гаргасан гэх хэдий ч тушаалд энэхүү талаар дурдаагүй байтал хариу тайлбарт дурдсан, тус шалгалт нь Н.А*******ын ажил үүрэгт хамааралгүй, арга зүйн удирдлагаар хэрхэн хангаж буй талаар дурдаагүй байна.

Төрийн албан хаагчийг үнэлэх журам нь тусдаа батлагдсан. Энэхүү журмын дагуу үнэлэгдсэн үнэлгээ нь хангалттай буюу 97.5 хувиар үнэлэгдсэн байхад тухайн байгууллагын үнэлгээг үндэслэн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн тухайн яамны үнэлгээнд бичиглэл, тооны алдаа гарсан байхыг үгүйсгэх аргагүй юм. 30 хувьтай үнэлэгдсэн үнэлгээний зорилтод 200 хүнийг ажлын байранд зуучлах талаар заасан. Хийгдсэн ажил 261 хүнд зуучилж, 2-оос доошгүй арга хэмжээ зохиох тал дээр 8 арга хэмжээ зохион байгуулсан зэрэг биелэлтийг хэрэгжүүлсэн байдлаас харахад 30 хувьтай үнэлэгдсэн нь алдаатай байсан нь харагдаж байх бөгөөд энэ зөрчил нь бодит эсэхийг тогтоогоогүй байна гэж дүгнэж болохоор байна. Мөн дээд шатны байгууллагын гаргасан үнэлгээ нь ажилтныг шууд халах үндэслэл болохгүй.

Захиргааны хэм хэмжээний актын санал боловсруулаагүй гэж тайлбарлаж байх боловч ажлын хэсэг байгуулсан 2 тушаалыг л үндэслэл болгож байна. Гэтэл захиргааны хэм хэмжээний акт нь анх 01 дүгээр сарын 26-ны өдрийн ажлын хэсгийн тушаал батлагдсаны дараа 02 дугаар сард нь батлагдчихсан. Нэгэнт захиргааны хэм хэмжээний акт батлагдчихсан учраас ажлын хэсгийн тушаалд заасан чиг үүргийг хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болох боломжгүй. Ажиллах хүчний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсгийн үндэслэн ганцхан шийдвэр гарсан нь 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А14 дүгээр тушаал юм. Үүнд Н.А*******ыг буруутгах үндэслэл байхгүй. 2024 оны А332 дугаар тушаалын 1.1 дэх хэсгийг зөрчсөн гэх боловч түүнтэй холбоотойгоор яг аль заалтыг ямар байдлаар зөрчсөн, ямар алдаа дутагдал гаргасан нь нотлогдохгүй, гаргасан тушаал нь ямар ч үндэслэлгүй, ажлаас халах гэж хэт яарсан шинжтэй, мөн хамааралгүй асуудлуудыг дурдсан.

Төрийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт Төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд зааснаас бусад тохиолдолд чөлөөлөх, түр чөлөөлөхийг хориглоно гэж заасан хуулийн энэхүү нөхцөл бүрдээгүй. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.8 дах заалтыг зөрчсөн гэх боловч зөрчсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, бодит байдал дээр тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Гурав. Хариу тайлбар, татгалзал:

3.1. Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан "Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам"-ын 2.1-2.4, 2.6-2.7 дахь хэсгийг зөрчөөгүй. Учир нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т Захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэсэн байдаг. Тушаалд шаардлага бодит байдлыг дурдсан.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн хариуцсан 9.1.1-т заасан Монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй 30 хувийн биелэлттэй үнэлэгдсэн, хариуцсан чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтнаар батлуулах Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах захиргааны гэрээний загвар, бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах саналыг эцэслэн боловсруулж батлуулах эрх зүйн баримт бичиг боловсруулаагүй, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/415 дугаар тушаалын 3 дахь заалтын хэрэгжилт, мөн газрын даргын 2024 оны Арга зүйн удирдлагаар хангах тухай А/332 дугаар тушаалын 1 дэх заалтыг тус тус биелүүлээгүй гэж тушаалд шаардлага, бодит нөхцөл байдлыг тодорхой заасан билээ. 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар баталсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 2.1-2.4, 2.6-2.7 дахь хэсгийг бүрэн хэрэгжүүлснийг дурдах нь зүйтэй. Тухайн хурлын тэмдэглэл, аудио бичлэг бүхий нотлох баримт байдаг.

Нэгдүгээрт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн хариуцсан 9.1.1 Монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх"-т заасан арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй "30" хувийн биелэлттэй үнэлэгдсэн талаар нэхэмжлэлд дурдахдаа асуудлаа одоо хүртэл ойлгоогүй байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдтай 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөг байгуулсан бөгөөд тус төлөвлөгөөний 9.1.1-д Монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ, 4.4.1-д Гадаадад ажиллах хүч гаргах бодлогын хэрэгжилтийг хангахад холбогдох дүрэм журмыг шинэчлэх тус 2 арга хэмжээг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтэс хариуцахаар төлөвлөгөө батлагдсан байна. 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд 9.1.1-д заасан арга хэмжээг 30 хувийн, 4.1.1-д заасан арга хэмжээг 50 хувийн биелэлттэй гэж тус тус үнэлсэн үнэлгээг 2024.12.23-нд ирүүлсэн. Сайдтай байгуулсан гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтэд өгсөн үнэлгээгээр албан тушаалаар хүлээсэн үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ажилласан нь нотлогдож байх бөгөөд албан тушаалын тодорхойлолтод тодорхой заасан чиг үүрэг билээ.

Мөн төлөвлөгөөний 2.2-т заасан Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж гэрээний хугацаа дуусаж, эх орондоо эргэн ирсэн ур чадвартай хөдөлмөрийн насны залуучуудын талаарх мэдээллийн нэгдсэн санг бий болгох, ажлын байраар хангахад дэмжлэг үзүүлэх үүрэгтэй, 2.4-т заасан Гадаадад хөдөлмөрийн дадлага, ур чадвар олж авсан иргэдийн мэдлэг, ур чадварыг үнэлгээнд хамруулах, гэрчилгээжүүлэх, хөдөлмөр эрхлэх боломжийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих үүрэгтэй ч албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ ойлгоогүй, хийгээгүй. Тухайн хариуцсан ажил, чиг үүргээ гүйцэтгээгүй гэж үзэж яамны үнэлгээгээр түүний 1 ажил арга хэмжээг 30 хувь, нөгөө ажил арга хэмжээг 50 хувь гэж дүгнэгдсэн тул Засгийн газрын 2023 оны 301 дүгээр тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөөг боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх журам-ын 6.6.3-т заасан хангалтгүй үнэлэгдсэн үнэлгээг харгалзан 6.6.3-н д-д заасанчлан халах шийдвэр гаргахад нөлөөлсөн нэг хүчин зүйл болсон.

Хоёрдугаарт, Хариуцсан чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтнаар батлуулах Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах захиргааны гэрээний загвар, бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах саналыг эцэслэн боловсруулж батлуулах эрх зүйн баримт бичиг боловсруулаагүй асуудал. Учир нь Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж батлуулах эрх зүйн баримт бичиг боловсруулах талаар удирдлагын амаар өгсөн болон тушаалаар өгсөн үүрэг даалгавар хэрэгжээгүй байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно. Агентлагийн чиг үүрэгт хамааралгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь Агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Агентлаг нь дараахь нийтлэг асуудал эрхэлнэ гэсний 7.1.1-т хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг биелүүлэх ажлыг эрхэлсэн хүрээ, салбарын хэмжээнд зохион байгуулж, биелэлтийг хангах, 7.1.2-т холбогдох хууль тогтоомж, Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын болон сайдын шийдвэрийг сурталчлах, тэдгээрийг хэрэглэж байгаа практикийг судалж, боловсронгуй болгох санал боловсруулж сайдад танилцуулах, 7.1.8-т Монгол Улсын олон улсын гэрээг хэрэгжүүлэх, холбогдох хууль тогтоомжийг тэдгээрт нийцүүлэх санал боловсруулж сайдад танилцуулах гэсэн чиг үүрэгтэй.

Япон улсад ажилтан илгээх харилцааг зохицуулсан хууль бус тушаал батлуулж, түүнийгээ мөрдсөөр байсан тул өөрчлөх, хууль нийцүүлэх үүргийг 2024 оны 1 дүгээр сарын 26-ны А/26 дугаар тушаал, 2024 оны А/258 дугаар тушаалаар үүрэг болгосон ажил хийгдээгүй. Албан тушаалын тодорхойлолтын 1.2-т заасан Гадаадад дадлагажих хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэл, сонирхолтой иргэдийг илгээх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, өөрчлөлт оруулах санал боловсруулж, дээд шатны байгууллагад хүргүүлэх үүрэгтэй. Урьд өмнө Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар батлуулсан Япон улсад ажилтан илгээх тушаалаа хүчингүй болгохыг удаа дараа шаардсан боловч хүчингүй болгох төсөл оруулж ирээгүй. Уг тушаалыг шинэчлэн батлах эрх зүйн орчингүй байтал батлуулах гэж хууль бус шийдвэр гаргуулахаар санал тавьсан. Албан тушаалын тодорхойлолтоор хүлээсэн үүргээ ойлгоогүй, хийгээгүй.

Гуравдугаарт, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны "Ажлын хэсэг байгуулах тухай" А/415 дугаар тушаалын 3 дахь заалтын хэрэгжилт, мөн газрын даргын 2024 оны "Арга зүйн удирдлагаар хангах тухай А/332 дугаар тушаалын 1 дэх заалтыг тус тус биелүүлээгүй гэсэн асуудал. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/415 дугаар тушаалаар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй мөн 2024 оны Арга зүйн удирдлагаар хангах тухай А/332 дугаар тушаалын 1.1 дэх заалтыг тус тус биелүүлээгүй нь халах шийдвэр гаргахад нөлөөлсөн нэг хүчин зүйл болсон.

Н.А*******ын хариуцан ажилладаг чиг үүрэг болох Бүгд Найрамдах Солонгос Ард Улсад ажилтан илгээх үйл ажиллагааны явцад гэмт хэрэг гарч илгээх үйл ажиллагаанд ноцтой зөрчил гарсныг Цагдаагийн байгууллагын болон Бүгд Найрамдах Солонгос Ард Улсын HRD EPS төвөөс ирүүлсэн албан бичгээр нотлогдоно. Мөн А/332 тушаалтай шууд хамааралтай Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Ажиллах хүч илгээх явцын тухай А/284 дугаар тушаал, 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн Эх орондоо буцаж ирэхэд дэмжлэг үзүүлэх тухай А/348 дугаар тушаалууд хэрэгжээгүй, удирдлага зохион байгуулалтаар хангаагүй. Нэгжийн үйл ажиллагааг арга зүйн удирдлагаар хангаж ажиллаж чадаагүй, ажлын хэсгийн даргын хувьд хариуцсан ажлаа хэрэгжүүлэх талаар ажлын хэсгийг арга зүйн удирдлагаар хангаагүй тул тушаалаар хүлээсэн үүргээ хэрэгжүүлээгүй.

Чиг үүрэгт хамаарах журам шинэчлэх ажлын хэсэгт орж тухайн дээд газрын дарга нь удирдан ажиллаж байгаа ажлын хэсгийг арга зүйн удирдлага, үнэн бодит мэдээллээр хангаагүй тул уг журам батлагдах ажил хийгдээгүй. Аливаа хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, арга зүйн удирдлагаар хангалгүй ажил хийдүүлж, орхидог байдал нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан "Төрийн албаны стандарт нь төрийг албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил болсон.

2024 оны 12 дугаар сарын 26-ны 01/1738 дугаартай сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлсэн боловч Н.А******* нь заасан хугацаанд хариу тайлбар ирүүлээгүй, Захиргааны ерөнхий хууль болон холбогдох журамд заасны дагуу захиргааны шийдвэр гаргах процесс ажиллагаа явагдсан. Тиймээс Төрийн албаны зөвлөл Н.А*******ын гомдлыг хүлээн авахаас татгалзаж 2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр 2/226 тоот хариу өгчээ.

Төрийн албан хаагч хариуцсан ажил, албан тушаалын тодорхойлолт, төлөвлөгөөнд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-т Төрийн албан хаагч дараахь нийтлэг үүрэг хүлээнэ гэсэн заалтын 37.1.6-д харьяа дээд шатны албан тушаалтны зөвхөн хуульд нийцсэн шийдвэрийг биелүүлэх, 37.1.13-т Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах, 37.1.15-д харьяа дээд шатны албан тушаалтныг төрийн бодлого боловсруулах, асуудал шийдвэрлэх, шийдвэр гаргахад нь хуульд нийцсэн, бодит баримт нотолгоонд тулгуурласан, үндэслэл бүхий үнэн зөв мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөөгөөр хангах үүргээ хэрэгжүүлэх учиртай.

Иймд Н.А*******ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах тухай 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаал нь хууль ёсны хууль зүйн үндэслэлтэй болохыг Төрийн албаны тухай хууль, албан тушаалын тодорхойлолт, яамны үнэлгээ, агентлагийн даргын ажил хариуцуулсан тушаал зэрэг нотлох баримтаар тогтоогдож, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөөгүй зохих процесс ажиллагаа бүрэн хийгдсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ургаа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчээс ажлын байрны дарамт учруулсан гэж байгаа боловч энэ талаарх баримт тогтоодохгүй байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга нь томилогдсон цагаасаа хойш Н.А*******ад ямар нэгэн дарам шахалт учруулж байсан зүйл байхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэг, Засгийн газраас баталсан төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах журмыг зөрчөөгүй юм. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт захиргааны актад бодит нөхцөл байдлыг тодорхой заана гэж заасан байдаг. Ажиллах хүчний шилжилт, хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт Монгол Улсын иргэний гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах захиргааны гэрээний загвар, бүртгэл, тайлангийн баримтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Захиргааны газрын гишүүн батална гэсэн заалтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад ажил гүйцэтгэх арга үйл ажиллагааны хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах саналыг эцэслэн боловсруулж батлуулах, эрх зүйн баримт бичиг боловсруулаагүй, Хөдөлмөр халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2021 оны ажлын хэсэг байгуулах А/417 дугаар тушаалын 3 дахь заалтын хэрэгжилт мөн газрын даргын 2024 оны Арга зүйн удирдлагаа хангах тухай А/332 дугаар тушаалын 1 дэх заалтыг тус тус биелүүлээгүй гэж тушаалд шаардлага, бодит нөхцөл байдлыг тодорхой заасан.

Нэхэмжлэгчийн зүгээс байгууллагын үйл ажиллагааны үнэлгээг 30 хувьтай үнэлсэн нь өөрт хамааралгүй байгууллагыг үнэлээд байгаа гэж тайлбарлаж байна. Тухайн байгууллага ганцхан даргын үйл ажиллагааны үндсэн дээр явахгүй, тухайн байгууллагыг удирдлага арга зүйгээр хангаж, чиглүүлж явна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны сайдын үнэлсэн 30 хувь нь нэхэмжлэгчийн хариуцаж байсан ажил юм. Үүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны зүгээс үнэлж, арга хэмжээ авсан. Энэ бол энэ тушаалыг гаргах бодит нөхцөл байдал юм.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж буйгаар энэ бол өөрт хамааралгүй, өөрийн ажлыг 100 хувь хийж, үнэлэгдсэн гэж тайлбарлаж байна. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам нь өөрийн харьяа агентлагуудыг үнэлж буй асуудал юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2024 оны А415 дугаар тушаалын 3 дахь заалтын хэрэгжилт мөн газрын даргын 2024 оны А332 дугаар тушаалын 1 дэх заалтыг биелүүлээгүй тухайд энэхүү үүргээ биелүүлээгүй нь тухайн шийдвэр гаргах хүчин зүйл болсон. Ажлаас халах гол үндэслэл нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтэд нэхэмжлэгчийн хариуцсан ажил хангалтгүй үнэлэгдсэн асуудал юм. Төрийн алба нь тасралтгүй үргэлжилж, албаны чиг үүргийг хэрэгжүүлж байгаагийн төлөө ажил олгогчоос тодорхой арга хэмжээнүүдийг авч ажилладаг. Үнэхээр энэ ажлууд нь хангалтгүй үнэлэгдсэн тул ажлаас халах тушаалыг гаргасан.

Маргааны үндэслэл болсон Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны гүйцэтгэлийн тайлан нь нэхэмжлэгчтэй огт хамааралгүй гэж тайлбарлаж байна. Үүнд хариуцагчийн зүгээс хамааралтай гэж үзсэн учраас байна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалыг гаргасан. Энэ нь нэхэмжлэгчийн ажлын байрны тодорхойлолтын 2.2 болон 2.4 заасан чиг үүргийг хэрэгжүүлэх ажил байсан учраас энэ тушаалыг гаргасан. Ямар нэгэн бичиг хэргийн алдаа гарсан гэж бодохгүй байна. Мөн 2023 оны 02 дугаар сарын 16-ны А14 дүгээр тушаал гарснаас хойш гэдэг зүйл яригдаж байна. 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр, 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрүүдэд л ажлын хэсэг гараад байгаа байх. Тус агентлагийн дарга нь 2023 оны 11 дүгээр сард томилогдсон. Үүнээс хойш энэ журмыг шинэчлэх зорилгоор ажлын хэсгийг байгуулсан. Журмын төслийг боловсруулж, агентлагийн даргын зүгээс батлах нь зохимжгүй тул журмын төслийг боловсруулж, харьяа дээд шатны байгууллагаар батлуулах ёстой байсан.

Иймд, энэхүү тушаал нь ямар нэгэн хууль зөрчөөгүй, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт заасан захиргааны акт учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Шүүх маргаан бүхий үйл баримтыг тогтоох зорилгоор Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1....хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргээ хэрэгжүүлж, хэрэгт авагдсан баримтуудыг, хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартай харьцуулан тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэгч Н.А*******ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Н.А*******ыг ажилд томилох тухай Б/80 дугаар тушаалаар тус газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан тушаалд ажиллаж байжээ.

3. Нэхэмжлэгчийн эрх зүйн байдал нь Төрийн албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2. төрийн захиргааны алба, 6.2. ...6.1.2-т заасан албыг төрийн жинхэнэ алба гэнэ, 10 дугаар зүйлийн 10.1.2. төрийн захиргааны албан тушаал, 10.3. энэ хуулийн 10.1.2, 10.1.3-т заасан албан тушаалыг төрийн жинхэнэ албан тушаал гэнэ, 12 дугаар зүйлийн 12.1. төрийн захиргааны албан тушаалд ... төрийн захиргааны удирдлагаар хангах, зохион байгуулах чиг үүрэг бүхий дараах албан тушаал хамаарна, 12.1.6. хуульд өөрөөр заагаагүй бол Засгийн газрын агентлагийн удирдах, гүйцэтгэх албан тушаал гэж зааснаар тодорхойлогдож, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан тушаалд ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байсан, тэрээр төрийн захиргааны албан тушаалд тасралтгүй олон жил ажиллаж ирсэн ба түүний хөдөлмөрлөх эрхтэй холбоотой харилцаа, нэхэмжлэлийн зүйл нь Төрийн албаны тухай хуулийн дагуу нарийвчлан зохицуулагдахаар байна.

4. Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар нэхэмжлэгчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний жилийн эцсийн гүйцэтгэлд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээгээр Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн хариуцсан арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй 30%-ийн биелэлттэй үнэлэгдсэн, хариуцсан чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтнаар ...гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах саналыг эцэслэн боловсруулж батлуулах эрх зүйн баримт бичиг боловсруулаагүй, Газрын даргын 2024 оны А/415 дугаар тушаалын 3 дахь заалт, 2024 оны А/332 дугаар тушаалын 1.1 дэх заалтыг биелүүлээгүй гэж үзэж, Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан тушаалаас 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөр тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсан ба маргаан бүхий тушаал нь Засгийн газрын эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3. агентлагийн дарга нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 8.3.5.хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалд томилох, чөлөөлөх, албан тушаалаас бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, шагнаж урамшуулах, сахилгын шийтгэл ногдуулах, төрийн албанаас чөлөөлөх, түр чөлөөлөх, халах, 8.4.Агентлагийн дарга энэ хууль болон холбогдох бусад хуулиар олгосон бүрэн эрхэд хамаарах асуудлаар тушаал гаргана, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Төрийн албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.8.өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 48 дугаар зүйлийн 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4.төрийн албанаас халах, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 36/32 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын 1.3 дахь хэсэг. төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хууль, энэхүү журам, тэдгээрт нийцүүлсэн төрийн байгууллагын дотоод журмыг баримтлан дараах үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулна, 1.3.1 дэх заалт. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан нийтлэг үүргийг зөрчсөн, 1.3.3 дахь заалт. хууль тогтоомж, албан тушаалын тодорхойлолтод заасан албан үүргээ биелүүлээгүй, 1.5 дахь хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчид Төрийн албаны тухай хуулийн 48.1-д заасан дараах сахилгын шийтгэлийг ногдуулна, 1.5.3 дахь заалт. төрийн албанаас халах гэж заасныг тус тус үндэслэн гарчээ.

5. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах харилцааг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. ...энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан ... дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4. төрийн албанаас халах, 48.3. Энэ хуулийн 48.1-д заасан сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй, 48.4. ...тухайн байгууллагын даргын шийдвэрээр сахилгын шийтгэл ногдуулна, 48.9. ...сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл ... эсхүл шүүхэд гаргаж болно зэргээр зааж, мөн хуулийн 48.10. Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж зааснаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Журам батлах тухай 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-аар нарийвчлан зохицуулжээ.

6. Дээрх журмын 2.1.сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн ... шалгалт явуулах үндэслэл болно, 2.2. ...2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг ... тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно, 2.4. ...2.1-д заасан гомдол, мэдээлэл, баримтын дагуу шалгагч дараах ажиллагааг гүйцэтгэнэ зэргээр заасан авч ийнхүү зохицуулалтын дагуу нэхэмжлэгчийн сахилгын зөрчлийн асуудлаар шалгалт явуулсан үйл баримт байхгүй.

7. Харин нэхэмжлэгчид 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01/1738 дугаар албан бичгээр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлэн, тэр өдрийн 15 цаг 39 минутад явуулж, тайлбараа өдөртөө багтаан Хүний нөөц дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн Л.Б*******т өгөх гэж тэмдэглэлд тусжээ.

8. Энэ тохиолдолд захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдийг тодорхойлж, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. захиргааны актыг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 26.2. энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ гэж зааснаар нэхэмжлэгчид маргаан бүхий асуудлаар тайлбараа гаргах боломжийг олгосон гэж үзэхэд учир дутагдалтай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн сонсох ажиллагааны тэмдэглэлээр тайлбар, саналыг нь авсан гэх тайлбар нэр төдий, сонсох ажиллагааг өнгөцхөн хийсэн гэж үзэхээр байна.

9. Маргаан бүхий тушаалд дурдсан зөрчлийг нэг бүрчлэн үзвэл,

9.1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний 2024 оны жилийн эцсийн гүйцэтгэлд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хийсэн хяналт-шинжилгээ үнэлгээгээр Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн хариуцсан 9.1.1 Монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх арга хэмжээний хэрэгжилт хангалтгүй 30 хувийн биелэлттэй үнэлэгдсэн гэх зөрчлийг зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаанаас болсон гэж шүүх үзээгүй ба тус газрын 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилтийн Стратеги төлөвлөгөөний зорилгын 9-д Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаад эх орондоо эргэн ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихээр заасны 9.1-ийн шалгуур үзүүлэлтэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ 2-оос доошгүй удаа гээд 9.1.1 хүрсэн түвшинд Монгол Улсын Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон Улстай байгуулсан ажиллах хүч хэрэгжилтийг хангах хүрээнд 2024 онд Бүгд Найрамдах Солонгос Улсын нийлүүлэх гэрээ, хэлэлцээрийн Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцоо-г танилцуулах сэдвийн дор Монгол Улсад ажиллах хүчний шинэчилсэн цахим бүртгэл зохион байгуулагдах талаар нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн гадаад улсад хөдөлмөр эрхлэх хүсэлтэй хөдөлмөрийн насны нийт 2150 оюутан залуучууд, иргэнд харьяаллын нутаг дэвсгэрийн байршилд нийт 4 удаагийн өдөрлөг зохион байгуулсан нь төрийн үйлчилгээг иргэнд ойртуулсан шинэлэг арга хэмжээ болсон. Мөн гадаад улсад /Орос, Герман, Бүгд Найрамдах Солонгос Улс, Япон, Америкийн Нэгдсэн Улс/ хөдөлмөр эрхэлж, суралцаж байгаад эх орондоо эргэн суурьшиж буй иргэд болон орон нутгаас хотод шилжин суурьшсан ажил хайгч иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилго дор Хөдөлмөр эрхлэлт-2024 хөдөлмөрийн яармагийг 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэгт байрлах Мишээл экспо Олон Улсын худалдааны төвд зохион байгуулсан. Уг арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ удаагийн арга хэмжээнд томоохон аж ахуй нэгж байгууллагууд оролцож, 986 ажлын байрны захиалга танилцуулагдсанаар 137 иргэнийг цагийн болон байнгын ажлын байранд зуучлагдсан. Тусгай чадвартай ажилтан ажиллах хүчний тогтолцоог иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад сурталчлан таниулах зорилгоор 2024 оны 04 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Жапан Рюүкэн-2024 өдөрлөг, 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Шизүока мужийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулсан Acapraa, халамжийн ажилтны хөдөлмөрийн яармаг, 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс зохион байгуулсан Чингэлтэй дүүргийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйл ажиллагаанд тус тус оролцож нийт 54 ажил олгогч, 284 иргэнд тусгай ур чадвартай ажилтнаар бүртгүүлэхэд тавигдах шаардлага, бүрдүүлэх бичиг баримт, илгээх үйл ажиллагааны шат дарааллын талаар зөвлөгөө мэдээлэл хүргэж, төрийн байгууллагын оролцоог хангаж ажилласан гэжээ.

9.2. Энэхүү стратеги төлөвлөгөөний зорилгод хүрэх гүйцэтгэлийн хувь 30 байгаа нь зөвхөн нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа болохыг, албан тушаалын ямар чиг үүрэгт нь хамаарч байгаа болохыг хариуцагч тогтоож чадаагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тайлбарлаж чадаагүй, агентлагийн бүтэн жилийн ажлын гүйцэтгэлийг хувь албан тушаалтан дангаараа хариуцах үндэслэлгүй байна.

9.3. Хариуцсан чиг үүргийн хүрээнд эрх бүхий албан тушаалтнаар батлуулах, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3. Монгол Улсын иргэнийг гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх журам, тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй байгуулах захиргааны гэрээний загвар, бүртгэл, тайлангийн маягтыг хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагааны хууль тогтоомж, журамд өөрчлөлт оруулах саналыг эцэслэн боловсруулж батлуулах, эрх зүйн баримт бичгийг боловсруулаагүй гэх зөрчлийн талаар.

9.3.1. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн ажлын хэсэг байгуулах тухай А/26 дугаар тушаалаар Япон Улсын Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам, Эрүүл мэнд, хөдөлмөр, халамжийн яам, Үндэсний цагдаагийн агентлаг болон Монгол Улсын Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хоорондын Япон Улсад оршин суух зөвшөөрөлтэй Тусгай ур чадвартай ажиллах хүчний тогтолцооны зохистой ажиллагааны үндсэн хүрээг хэрэгжүүлэх тухай хамтын ажиллагааны санамж бичгийн хэрэгжилтийг хангахад чиглэсэн холбогдох журмыг шинэчлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нэхэмжлэгч Н.А******* гишүүнээр оролцохоор шийдвэрлэсэн бол /хх-ийн 140/,

9.3.2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн Ажлын хэсэг байгуулах тухай А/258 дугаар тушаалаар Япон Улсад тусгай ур чадвартай ажилтан илгээх, хүлээн авах үйл ажиллагааг хэрэгжүүлэх журамд өөрчлөлт оруулах ажлын хүрээнд нөлөөллийн шинжилгээ, хэлэлцүүлэг хийх, захиргааны хэм хэмжээний актыг бүртгүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг шинэчлэн байгуулагдсан ба нэхэмжлэгч Н.А******* нь ажлын хэсгийн гишүүнээр ажиллахаар болсон байна. /хх-ийн 138/

9.4. Нэхэмжлэгчийн албан тушаалын тодорхойлолтын 1.2-т заасан Гадаадад дадлагажих хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэл, сонирхолтой иргэдийг илгээх үйл ажиллагаанд дүн шинжилгээ хийж, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгох, өөрчлөлт оруулах санал боловсруулж, дээд шатны байгууллагад хүргүүлэх үүргээ биелүүлээгүй хэмээн үзэхгүй, дээрх тушаалуудын хэрэгжилтийн талаар түүнд хяналт тавих үүргийг хүлээсэн ажлын хэсгийн ахлагчтай сахилга хариуцлагын асуудлыг яриагүй атлаа ажлын хэсгийн гишүүнээр ажилласан нэхэмжлэгчийг сугалан авч сахилгын зөрчилд тооцож албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүргээ гүйцэтгээгүй гэж үзсэн хариуцагчийн үндэслэл тогтоогдохгүй байна.

9.5. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны Ажлын хэсэг байгуулах тухай А/415 дугаар тушаалын 3 дахь заалтын хэрэгжилтийг хангаагүй зөрчлийн тухайд. Уг тушаалын 3-т хэвлэлийн байгууллага сонгох болон сэтгүүлийн загвар эх бэлтгэх ажлыг дуусгаж 2024 оны 12 дугаар сарын 17-ны дотор танилцуулахыг Ажлын хэсгийн дарга Н.А*******ад хариуцуулах-аар заасан бол,

9.6. Газрын даргын 2024 оны Арга зүйн удирдлагаар хангах тухай А/332 дугаар тушаалын 1.1 дэх заалтыг биелүүлээгүй зөрчлийн тухайд. Харьяа байгууллага, нэгжийн удирдлагын ажлын хариуцлага уялдаа холбоо, манлайлал ёс зүй, дотоод зохион байгуулалтыг сайжруулах, удирдлага зохион байгуулалтаар хангах зорилгоор холбогдох арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг харьяа нэгж, байгууллагын дарга нарт даалгасны дотор тодруулбал, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн Арга зүйн удирдлагаар хангах тухай А/332 дугаар тушаалын 1.1-д Байгууллага, нэгж, албан хаагчдын ажлыг 7 хоног, сар, улирлаар календарьчлан төлөвлөх, хугацаа хоцорсон, удааширсан ажлыг тухай бүр эрчимжүүлэх, дээд удирдлагад шуурхай мэдээлэх, тайлагнах гэж заажээ.

9.7. Дээрх хоёр тушаалын хэрэгжилтийн хангаагүй, биелүүлээгүй гэх зөрчил нь баримтаар тогтоогдохгүйн зэрэгцээ хэт ерөнхий байдлаар буруутгасан, ямар үйл ажиллагааг хэрхэн яаж хариуцаж удирдлагаар хангах ёстой байсан болох, хэзээний ямар ажлыг шуурхай мэдээлж тайлагнаагүй болохыг тогтоосон баримт байхгүй, хариуцагчийн ...аливаа хариуцсан ажилдаа хайхрамжгүй хандаж, арга зүйн удирдлагаар хангалгүй ажил хийдүүлж, орхидог байдал нь Төрийн албаны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т заасан Төрийн албаны стандарт нь төрийг албыг үр дүнтэй удирдах, төрийн байгууллага, төрийн албан хаагчийн үйл ажиллагааг оновчтой зохион байгуулахад чиглэнэ гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй зөрчил болсон гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

10. Нэгтгэн үзвэл, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Нотлох баримт хүргүүлэх тухай 01/847 дугаар албан бичгээр Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн дарга /нэхэмжлэгч/-ын 2024 оны бүтэн жилийн гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлэх үнэлгээний хуудсыг нотлох баримтаар ирүүлсэн ба уг үнэлгээ /хх-ийн 79/-ээр гадаадад ажиллах хүч гаргах бодлогын хэрэгжилтийг хангахад холбогдох дүрэм, журмыг шинэчлэх ажил 60 хувьтай, Бүгд Найрамдах Солонгос Улсад ажиллах хүч зуучлах ажил 70 хувьтай, Япон Улсад ажиллах хүч зуучлах ажил 70 хувьтай, Монгол ажилтныг эх орондоо эргэн суурьшихад нь дэмжлэг үзүүлэх ажил 70 хувьтай нийт 67.5 хувьтай үнэлэгдсэн байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.Төрийн албан хаагч нь дараах нийтлэг үүрэг хүлээнэ, 37.1.8.өөрийн мэдлэг, чадвараа байнга хөгжүүлж, хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх, 48 дугаар зүйлийн 48.1.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна, 48.1.4.төрийн албанаас халах гэж зааснаар тодруулбал, 37.1.8-д заасан хийсэн ажлынхаа гүйцэтгэл, үр дүнгийн төлөө бүрэн хариуцлага хүлээх үндэслэлгүй, албан үүргээ биелүүлээгүй үйл баримт тогтоогдоогүй, 48.1-д заасан энэ хуульд заасан бусад тохиолдол үүсээгүй гэж үзэж, 48.1.4-т заасан төрийн албанаас халах хамгийн хүнд сахилгын шийтгэлийг хүлээлгэхүйц ноцтой зөрчил гаргасан гэж үзэхээргүй, үүгээрээ хариуцагч захиргааны байгууллага нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх захиргааны үйл ажиллагааны хамгийн гол зарчмыг хангаагүй, тэрчлэн төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх талаарх Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасан зарчим зөрчигдсөн байна.

11. Төрийн албан хаагчийн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, уг зөрчил нь ноцтой зөрчил мөн эсэхийг нягтлахын тулд шалгалт явуулдаг байх бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн даргын 2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Журам батлах тухай 36/32 дугаар хамтарсан тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ын дагуу нэхэмжлэгчийн гаргасан гэх дээрх зөрчилд шалгалт явуулсан, түүнчлэн нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүргээс 37.1.8-д заасныг зөрчсөн үйл баримт дээр дурдсан байдлаар нотлогдоогүй, түүнд сахилгын хариуцлага хүлээлгэсэн үйл баримт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хариуцагч нь холбогдох хууль тогтоомжоор харьяа албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн харилцаатай холбоотой тухайлбал, сахилгын арга хэмжээ авах, төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулах бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2. Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ гэж заасныг хэрэгжүүлээгүй, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, хууль дээдлэх зарчмыг хангаж гараагүй, маргаан бүхий тушаалын улмаас нэхэмжлэгчийн ажил, хөдөлмөрөө чөлөөтэй эрхлэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж шүүх дүгнэлээ.

12. Шүүхээс маргаан бүхий захиргааны актыг дээрх байдлаар дүгнэсний үр дагаварт нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажиллаагүй үеийн цалин хөлсөө гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх-тэй холбоотой шаардлагыг мөн ханган хариуцагчид даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

13. Ингэхдээ хариуцагч нь маргаан бүхий албан тушаалд хэн нэгэн гуравдагч этгээдийг томилоогүй байх тул нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2.3, 57.5, 57.5.4-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааг 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/253 дугаар тушаалаар тасалбар болгон төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулсан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэл буюу 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл тооцож, нэхэмжлэгчид олгох цалин хөлсийг дээрх хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4. Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн тухай болон бусад хуулиар зохицуулна гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1. Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн цалин хөлсний талаар дараах журмыг батална мөн хууль, зүйлийн 103.1.1. дундаж цалин хөлс тодорхойлох журам гэж зааснаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Журам батлах тухай А/192 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 1.5. Ажилтанд олгож байгаа ... хөнгөлөлт /унаа хоолны үнийн хөнгөлөлт гэх мэт/-ийг ажилтны цалин хөлсний бүрэлдэхүүнд оруулахгүй гэж журамласны дагуу хасаж тооцох, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно гэж заасныг хэрэгжүүлж, нэхэмжлэгчийн цалингийн карт /1-р хх-ийн 243-245/ ёсоор албан тушаалын үндсэн цалин, алба хаасан хугацааны болон зэргийн нэмэгдэл зэрэг холбогдох нэмэгдлийг нь тооцож олгох нь зүйтэй.

14. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр зааж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 37 дугаар зүйлийн 37.1.8, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зүйлийн 26.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Н.А*******ыг төрийн албанаас халах сахилгын шийтгэл оногдуулах тухай Б/253 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.А*******ыг урьд эрхэлж байсан ажил албан тушаал болох Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Гадаадад ажиллах хүч гаргах хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.

2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 103 дугаар зүйлийн 103.1.1, 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Н.А*******ад 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хоорондох ажилгүй байсан хугацааны цалинг, холбогдох нэмэгдлийн дагуу тооцож олгохыг, түүний нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас уг төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Н.А*******ад олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН