| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Уртнасангийн Бадамсүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0125/З |
| Дугаар | 128/ШШ2025/0472 |
| Огноо | 2025-06-19 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2025/0472
| 2025 оны 06 сарын 19 өдөр | Дугаар 128/ШШ2025/0472 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Намдэмүнсервис ХХК /РД:2590514/,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Энхтуяа,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч: Г.Хандмаа,
Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20240102503 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороо,
Хариуцагч: Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам,
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нийгэмлэг болон тус газрын тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Цэрэнпил,
Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нийгэмлэг болон тус газрын тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Цэндзаяа,
Хариуцагч: Сангийн яам,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Ану нарын хооронд үүссэн,
1. Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах;
2. Намдэмүнсервис ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд даалгах;
3. Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах;
4. Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 тоот Хариу хүргүүлэх тухай албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтуяа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Хандмаа, хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын нийгэмлэг болон тус газрын тендерийн үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэрэнпил, А.Цэндзаяа, хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ану, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баянзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
1.1. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/428 дугаар тушаалаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20240102503 кодтой тендер шалгаруулалтын үнэлгээний хороо байгуулагдаж, Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах тендер шалгаруулалтыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зарласан.
1.2. Намдэмүнсервис ХХК нь дээрх МЗХННУБТЗ/20240102503 дугаар бүхий тендер шалгаруулалтад холбогдох баримт бичгийг бүрдүүлж илгээсний дагуу 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тендер шалгаруулалт нээгдэж, тендерт ирүүлсэн материалыг үнэлж, бүх тендерээс татгалзаж, Намдэмүнсервис ХХК-д 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16/2425 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн.
1.3. Үнэлгээний хороо 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр тендерийг дахин зохион байгуулснаар, 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр тендерийг нээж, дахин тендер шалгаруулалтын материалыг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний хороо үнийн санал ирүүлсэн компаниудын материалыг үнэлж 1. Мершип ХХК-ийг ТШЗ 18.1-д заасан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогыг шалгаж үзэхэд 2022 онд борлуулалтын орлого төсөвт өртгийн 30 хувиас багагүй байх шаардлагыг хангахгүй байна, мөн ТШЗ 20.1-д заасан санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй гэж, 2. Монтех дистрибьюшн ХХК-ийг ТШЗ 20.1-д заасан санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй, мөн тавигдах шаардлага ба техникийн үзүүлэлтэд заасан засвар үйлчилгээний төв нь бүрэн ашиглалтад ороогүй гэж, 3. Намдэмүнсервис ХХК-ийг ТШЗ 20.1-д заасан санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй гэсэн үндэслэлээр тус тус дахин татгалзаж, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/3637 дугаар мэдэгдлийг Намдэмүнсервис ХХК-д хүргүүлсэн.
1.4. Тус шийдвэрийг эс зөвшөөрч "Намдэмүнсервис" ХХК-аас 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргаснаар, Сангийн яамны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03/7926 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд мэдэгдсэнээр үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин үнэлгээ хийж ... Намдэмүнсервис ХХК-аас ирүүлсэн техникийн тодорхойлолт нь манай 9 бүлэг 59 заалттай нөхцөлийг бүрэн хангаж байгаа гэж бичээд өөрсдийн тамга тэмдгээ дарсан, үйлдвэрлэгчээс ирүүлсэн техникийн нөхцөл нь 20 зүйл заалттай байгаа нь захиалагч болон үйлдвэрлэгчээс гаргасан техникийн нөхцөлийг хооронд нь тулгаж харах боломжгүй байна гэж дахин тендерээс татгалзаж, Намдэмүнсервис ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/3956 дугаар мэдэгдлийг хүргүүлсэн.
1.5. Тус шийдвэрийг Намдэмүнсервис ХХК мөн эс зөвшөөрч 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, тус гомдлыг хянасны дагуу Сангийн яамны 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 03/8449 дүгээр албан бичгээр ...ирүүлсэн гомдолд дурдсан асуудлыг хянан үзэж, хариуг 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03/7926 тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгчээ.
1.6. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20240102503 кодтой тендер шалгаруулалтын үнэлгээний хорооноос гурав дахь тендер шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зарлаж, 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан үзээд, бүх тендерээс татгалзаж, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16/4409 дүгээр тендерээс татгалзсан мэдэгдлийг Намдэмүнсервис ХХК-д хүргүүлсэн, уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тул Сангийн яаманд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргасан ба тус гомдлыг Сангийн яамны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд мэдэгдсэн.
1.7. Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийж, Намдэмүнсервис ХХК-ийн ирүүлсэн материалд засварын төв болон сэлбэгийн дэлгүүрийг тус компанийнх гэдэг нь нотлогдоогүй, нотлох бичиг баримт байхгүй тул шаардлагад нийцэхгүй гэж үзэж тендерээс татгалзсан шийдвэрийг 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар албан бичгээр тендерээс татгалзсан мэдэгдлийг Намдэмүнсервис ХХК-д хүргүүлсэн.
1.8. Энэ шийдвэрийг эс зөвшөөрч Намдэмүнсервис ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, тус гомдлыг хянаж Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ний өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/10377 дугаар албан бичгээр ...ирүүлсэн гомдолд дурдсан асуудлыг хянан үзэж, хариуг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг өгсөн.
1.9. Улмаар нэхэмжлэгчийн зүгээс татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах агуулга бүхий ...1.Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах; 2.Намдэмүнсервис ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг даалгах; 3.Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг үндэслэн Намдэмүнсервис ХХК-тай зохих журмын дагуу гэрээ байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах; 4.Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 тоот албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр гаргасныг бүрдүүлбэр хангуулан, тус шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 128/ШЗ2025/0853 дугаартай шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.
1.10. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа Тендер шалгаруулалтын Үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг даалгах тухай гэж өөрчилсөн байна.
Хоёр. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл:
2.1. Нэхэмжлэгч Намдэмүнсервис ХХК-аас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Монгол Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам/20240102503 дугаартай Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах 1 дэх тендерийг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр, 2 дахь тендерийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр, 3 дахь тендерийг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрүүдэд тус тус зарласан бөгөөд нийт 3 удаа зарласан манай компани бүх тендерт нь оролцсон.
2.1.1. 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хамгийн анх зарласан тендер шалгаруулалтын талаар. Үнэлгээний хорооноос манай компанид 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16/2425 тоот албан бичгээр "Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах УБТЗ/2024/НТШ/Б/158 дугаартай, МЗХННУБТЗ/20240102503 кодтой тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан доорх шаардлагуудыг хангаагүй байна. ТШЗ 21.5-т "Оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад: "Тохируулахгүй тогтмол байна" гэсэн баталгааг албан бичгээр гаргаж ирүүлнэ гэж заасны дагуу Оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад "Тохируулахгүй тогтмол байна" гэсэн баталгааг албан бичгээр гаргаж ирүүлээгүй байна. Иймд 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн тул танай тендерээс татгалзаж байгааг мэдэгдэж байна. Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсныг мэдэгдье. Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шалгаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шалгаруулалтад гаргасан баталгааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй хэмээн Нэгдүгээр орлогч дарга ОА.Казаковын гарын үсэгтэй хариу ирүүлсэн. Манай компани энэхүү хариуг хүлээн зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргаагүй.
2.1.2. 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн зарласан 2 дахь удаагийн тендерийн талаар. Энэ тендерт манай компани дахин оролцсон. Үнэлгээний хорооноос манай компанид 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/3637 тоот албан бичгээр Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах, УБТЗ/2024/НТШ/Б/158 дугаартай, МЗХННУБТЗ/20240102503 кодтой тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан доорх шаардлагуудыг хангаагүй байна. ТШЗ-ийн 20.1-т Санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлнэ. Санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй байна. Иймд 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн тул танай тендерээс татгалзаж байгааг мэдэгдэж байна. Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шалгаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шалгаруулалтад гаргасан баталгааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй хэмээн мэдэгдэл ирүүлсэн. Уг хариуг бид хүлээн зөвшөөрөхгүй Сангийн яаманд 2024 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийн 109 тоот албан бичгээр гомдол гаргасан. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь мэдэгдэл гаргаснаас хойш ажлын 5 дах хоног буюу 2024 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр гомдол гаргах хугацаа дуусаагүй байхад 3 дах удаагаа уг тендерийг дахин зарласан байсан бидний гаргасан гомдлыг хянаад Сангийн яамнаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03/926 тоот албан бичгээр ...гомдолд дурдсаны дагуу Намдэмүнсервис ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ. Тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.1-д санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлнэ гэж заасан байна. Намдэмүнсервис ХХК-ийн тендерт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Shachman-ийн гэрээт борлуулагчийн гэрчилгээ ирүүлсэн байх ба санал болгосон барааны техникийн тодорхойлолт дахь тамга тэмдэг, гарын үсэг нь үйлдвэрлэгчийн баталгаажуулалт мөн эсэхийг холбогдох байгууллагаас тодруулж нягталж үзэх нь зүйтэй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/3637 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно" гэж Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат хариуг манай компани болон үнэлгээний хороонд өгсөн. Гэтэл үнэлгээний хорооноос дахин үнэлгээ хийхдээ Сангийн яамны гаргасан хариуны дагуу манай компанийн тендерт ирүүлсэн материалыг нягталж, биднээс ямар ч тодруулга авалгүй 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/3956 албан бичгээр мөн л татгалзсан мэдэгдэл бидэнд ирүүлсэн. ТШЗ 20.1-д Санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлнэ гэснийг илт гуйвуулж Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргасан техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулж ирүүлэх байсан гэж хассан байсан. Гэтэл яг энэ заалт 1 дэх удаагийн тендерийн бичиг баримт дээр байхад хасаагүй байж 2 дахь удаагийн тендер дээр хасах үндэслэл болгон шинээр гаргаж ирсэн.
2.1.3. 3 дахь удаагийн тендер шалгаруулалт дээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргасан техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулж ирүүлэх" гэдэг өгүүлбэр нэмж оруулсан. 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр буюу 3 дахь удаа зарласан тендерийн талаар. Манай компанид үнэлгээний хороо 2 дахь удаагийн дахин үнэлгээний хариунд гомдол гаргах бололцоо олголгүйгээр 1 өдрийн дараа 3 дахь удаа тендерийн бичиг баримтыг яг адил нөхцөл шаардлагатайгаар зарласан тул уг тендерт манай компани дахин орсон. Гэтэл үнэлгээний хорооноос 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16/08 дугаар албан бичгээр ... Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах, УБТЗ/2024/НТШ/Б/158 дугаартай, МЗХННУБТЗ/20240102503 кодтой тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-д заасан доорх шаардлагуудыг хангаагүй байна. Техникийн нөхцөлд заасан Тухайн автомашины сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байж болно. Хамтран ажиллах гэрээ байгуулсан нотлох баримтыг хавсаргах гэж заасныг хангаагүй буюу Тухайн автомашины сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг хамт олны мэдээлэл ирүүлээгүй байна. Иймд 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн тул танай тендерээс татгалзаж байгааг мэдэгдэж байна. Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсныг мэдэгдье. Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шалгаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шалгаруулалтад гаргасан баталгааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй" гэсэн Х.Хэрлэн даргын гарын үсэгтэй мэдэгдэл ирүүлсэн.
Уг мэдэгдлийг манай компани хүлээн зөвшөөрөхгүй Сангийн яаманд 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 190 дугаартай албан бичгээр дахин гомдол гарсан. Манай гаргасан гомдлыг хянаад Сангийн яамнаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 тоот албан бичгээр "Танай байгууллагаас зарласан МЗХННУБТЗ/20240102503 дугаартай Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах тендер шалгаруулалтад оролцсон Намдэмүнсервис ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэг болон Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзлээ. Намдэмүнсервис ХХК-ийн гомдолд тендер шалгаруулалтын баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.1-д барааг дагалдах үйлчилгээг хэрэгжүүлэх хүний нөөцийн шаардлага, шалгуур үзүүлэлт Шаардахгүй гэж заасныг дурдаад 2019 оноос хойш "Shacman"-ийн гэрээт борлуулагч болон мэргэшсэн баг хамт олон бүхий байгууллагын хувьд авто засварын газар, танилцуулгыг хавсаргасан байхад засвар тохиргоо үйлчилгээ хийх мэргэшсэн баг хамт олны мэдээлэл ирүүлээгүй гэж тендерээс нь татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул хянан үзэхийг хүссэн байна. Гомдолд дурдсаны дагуу Намдэмүнсервис ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзлээ. Тендер шалгаруулалтын баримт бичгийн техникийн тодорхойлолтын 1.4-т Тухайн автомашины сэлбэг борлуулах болон завсар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байж болно гэж заасан байна. Техникийн тодорхойлолтын дээрх заалт нь заавал ирүүлнэ гэсэн шаардлага биш байх тул Намдэмүнсервис ХХК-ийн тендерээс автомашины сэлбэг борлуулах болон завсар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг хамт олны мэдээлэл ирүүлээгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16/4409 тоот шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.2 дахь заалтыг үндэслэн мэдэгдье. Хуулийн 59 дүгээр зүйлийн 59.7 дахь хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно" гэсэн хариуг Үнэлгээний хороо болон манай компанид хариу ирүүлсэн.
2.1.4. Гэтэл үнэлгээний хорооноос Сангийн яамны хариуны дагуу дахин үнэлгээ хийгээд 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар албан бичгээр ...Монгол Улсын Сангийн яамнаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр ирүүлсэн 03/9738 дугаартай гомдол хянасан тухай албан бичгийн дагуу мэдэгдэл хүргүүлж байна. Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах, УБТЗ/2024/НТШ/Б/158 дугаартай, МЗХННУБТЗ/20240102503 кодтой тендер шалгаруулалтад ирүүлсэн танай тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2-т заасан шаардлагыг хангаагүй байна. Тухайн автомашины сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байж болно. Холбогдох зөвшөөрөл, нотлох баримтыг хавсаргана гэж заасан байхад компанийн танилцуулгад засварын төвийн зураг, сэлбэгүүдийн зураг хавсаргасан боловч компанийн өөрийн эзэмшлийн гэдгийг нотлох бичиг баримт буюу холбогдох зөвшөөрөл, нотлох баримтыг хавсарган ирүүлээгүй. /Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Нийтийн тээврийн газрын Авто үйлчилгээний ангиллын гэрчилгээ А000001 г.м/ ирүүлээгүй байна. Иймд 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасны дагуу шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн тул танай тендерээс татгалзаж байгааг мэдэгдэж байна. Уг тендер шалгаруулалтад шаардлагад нийцсэн тендер ирүүлээгүй тул хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтыг зохион байгуулах болсныг мэдэгдье. Та энэхүү мэдэгдлийг хүлээн зөвшөөрч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасны дагуу гомдол гаргахгүй, тендер шалгаруулалтад цаашид оролцохгүй тохиолдолд дээр дурдсан тендер шалгаруулалтад гаргасан баталгааг цуцлуулах хүсэлтийг гаргах эрхтэй" хэмээн дахин татгалзсан мэдэгдэл ирүүлсэн.
Уг хариуг хүлээж аваад хүлээн зөвшөөрөхгүй Сангийн яаманд хандаж, манай компани 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дахин гомдол гаргасан. Манай гомдлыг хянаж үзээд Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 тоот албан бичгээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас зарласан МЗХННУБТЗ/20240102503 дугаартай "Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах тендер шалгаруулалттай холбогдуулан ирүүлсэн танай албан бичигтэй танилцлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй. Эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасан. Танай компаниас ирүүлсэн гомдолд дурдсан асуудлыг тус яам хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэж, хариуг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 тоот албан бичгээр хүргүүлсэн байх тул дээрх хуульд заасны дагуу гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Мөн гомдолд дурдсан захиалагч өөр компанид давуу байдал олгох хүсэл сонирхолтой байгаа талаарх асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах нь зүйтэй байна гэсэн хариуг ирүүлсэн.
2.2. Энэхүү хариуг эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр нэхэмжлэл гаргасан болно.
2.2.1. Нэгдүгээр шаардлага буюу үнэлгээний хороонд холбогдох шаардлага болох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны дахин үнэлгээ хийгээд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах нэхэмжлэлийн үндэслэлийн талаар. Тендерээс татгалзах үндэслэл үүсээгүй байхад, заавал шаардагдахгүй шалгуур үзүүлэлтийг үндэслэж хууль бусаар татгалзсан. Техникийн тодорхойлолтыг хангахгүй гэж хууль бусаар татгалзсанаараа тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон Үнэлгээний хороо тендерийг хянадаг. Гэтэл энэ хуулийн 11.2. Оролцогчийг тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана гэж заасан байхад "бичиг баримтад заасан заавал байх шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй байхад хамаарах мэтээр үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасан заавал байхыг шаардаагүй шалгуур үзүүлэлтийг үндэслэж хууль бусаар тендерээс татгалзсан. Иймээс тендерээс татгалзах үндэслэл үүсээгүй байхад хууль бусаар татгалзсан, заавал байх шаардлагагүй үзүүлэлтийг үндэслэж, үнэлгээ хийж, тендерийн хуулийн 28 дугаар зүйлийг зөрчсөн, хуульд заагаагүй шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон тендерээс татгалзсан, хариуцагч Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасны дагуу хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож өгнө үү.
2.2.2. Хоёрдугаар шаардлага болох Тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Намдэмүнсервис ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг даалгах тухай шаардлагын үндэслэлийн талаар. Нэг тендерийн бичиг баримтад 3 удаа үндэслэлгүйгээр татгалзсан болохыг Сангийн яамнаас удаа дараа тогтоосон, хамгийн сүүлд татгалзсан Үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот үндэслэл нь тендерийн бичиг баримтад заавал байх шалгуур үзүүлэлт биш мөн түүнчлэн урьд өмнө уг шаардлага байсан боловч энэ үндэслэлээр татгалзаж байгаагүй учраас манай компанийн зүгээс үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаа тул Тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Намдэмүнсервис ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг даалгах шийдвэр гаргаж өгнө үү.
2.2.3. Гуравдугаар шаардлага болох Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд холбогдох тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасны дагуу Намдэмүнсервис ХХК-тай зохих журмын дагуу гэрээ байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн талаар. Нэхэмжлэгч үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бусаар шийдвэр гаргаагүй бол манай компани захиалагч болох Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь нэхэмжлэгчтэй үнэлгээний хорооны зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах шийдвэр гаргах байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1. хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгох гэх заалтын дагуу манай компанид гэрээ байгуулах эрх олгох байсан гэж үзэж байна. Тиймээс нэхэмжлэгч үнэлгээний хорооны шийдвэртэй маргасан, удаа дараагийн үнэлгээний хорооны шийдвэрүүдийг хууль бус болохыг нь Сангийн яамнаас удаа дараа тогтоосон, гэрээ байгуулсан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг сэргэх тул энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.
2.2.4. Дөрөвдүгээр шаардлага болох Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 тоот хариу хүргүүлэх тухай албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дэх хэсэгт заасны дагуу илт хууль бус болохыг тогтоох тухай шаардлагын үндэслэлийн талаар: Манай компанийн зүгээс үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдөр гомдол гаргахад Сангийн яам 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 тоот албан бичгээр урьд гаргасан гомдлын хариуг хамаатуулан хариу өгсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх хуулийн заалтыг зөрчиж, манай компанийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн юм. Илт хууль бус захиргааны акт нь гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй тул уг үндэслэлээр "илт хууль бус" болохыг тогтоож өгнө γγ гэжээ.
2.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Манай компани нь 1999 онд байгуулагдсан. Гадаад, дотоод худалдааны үйл ажиллагаа эрхэлдэг. 2024 оны 05 дугаар сард хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас зарласан өөрөө буулгагч автомашин 4 ширхэг нийлүүлэх тендерт оролцсон. Эхний удаад оролцоход албан бичиг дутуу гэсэн шалтгаанаар хасагдсан. Үүнийг бид хүлээн зөвшөөрсөн. 2 дахь удаагийн тендер шалгаруулалт 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр нээгдсэн. Уг тендерт манай байгууллага нь эхний шалгаруулалтад дутуу байсан албан бичгийг гүйцэд өгсөн. Гэтэл 2 дахь тендерт техникийн тодорхойлолтыг тухайн үйлдвэрлэгчээр баталгаажуулж ирүүлэх ёстой гэсэн үндэслэлээр дахин татгалзсан.
Манай байгууллага нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Shacman Сo.,ltd компанийн гэрээт борлуулагч бөгөөд тухайн гэрээт борлуулагч компаниар дамжуулан хариуцагчид санал болгож буй Shacman x3000 автомашины техникийн үзүүлэлтүүдийг баталгаажуулж тендерийн материалд хавсарган илгээсэн. Гэтэл хариуцагч байгууллагаас тендерээс татгалзсан мэдэгдэлдээ санал болгож байгаа техникийн тодорхойлолтоо баталгаажуулж ирүүлээгүй гэсэн байсан. Ингээд манай байгууллагаас эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамнаас санал болгож буй машины техникийн үзүүлэлтийг баталгаажуулж явуулсан байх тул тухайн байгууллагаас нь тодруулна уу, үнэлгээг дахиж хийнэ үү гэсэн мэдэгдлийг гаргасан. Ийнхүү манай байгууллагаас Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас тодруулга авахаар хүлээж байтал үнэлгээ хийсэн бөгөөд санал болгосон техникийн тодорхойлолтоо өөрчилж, өөрсдийн гаргасан техникийн тодорхойлолтыг баталгаажуулж ирүүлсэн ёстой байсан гэж үзээд дахин тендер зарласан. Ингээд манай байгууллагаас тус газрын тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.1.5-т заасны дагуу үйлдвэрлэгчийг баталгаажуулж явуулсан гэж Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Сангийн яамнаас нэгэнт шийдвэр гаргасан гэж үзээд гомдлыг хүлээн авахаа татгалзсан.
Ингээд манай байгууллагаас 3 дахь удаагийн тендер шалгаруулалтад Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас гаргасан техникийн тодорхойлолтыг үйлдвэрлэгчээр баталгаажуулах ёстой гэсэн тул баталгаажуулж оролцсон. Гэтэл тухайн барааг нийлүүлэх мэргэжилтэй боловсон хүчний мэдээллийг ирүүлээгүй үндэслэлээр дахин татгалзсан. Тендерийн материалд мэргэжилтэй боловсон хүчний мэдээллийг шаардахгүй гэж заасан байсан. Иймд Сангийн яаманд дахин гомдол гаргасан. Гэтэл Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замаас засвар үйлчилгээний газартай байх ёстой гэсэн шаардлагыг тавьсан боловч тендерийн материалд заавал засварын газартай байхаар оруулаагүй байсан. Манай байгууллага нь компанийн танилцуулгадаа энэ талаар дурдаж засварын газрын зургийг оруулсан байсан. Мөн компанийн гэрчилгээнд засвар үйлчилгээ эрхлэх үйл ажиллагааг оруулсан байсан. Сангийн яаманд гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж хариу мэдэгдсэн тул гэрээний хугацаанд багтаах зорилгоор машиныг захиалж гэрээг хийсэн. Гэтэл дахиад л өөр үндэслэл гаргаж татгалзсан.
Манай байгууллага төрийн байгууллагад итгээд 3 удаа татгалзсан тул энэ удаад шалгарна гэж үзээд машиныг захиалж авсан. Иймд үнэлгээний хорооны шийдвэрийг эс хүлээн зөвшөөрч зарласан тендерийн дагуу машин, техникийг хүлээлгэн өгөх хүсэлтэй байна гэв.
2.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Үнэлгээний хороо нь тусдаа тамга, тэмдэг хэрэглэдэггүй. Энэ субъект нь шийдвэр гаргадаг. Захиалагч нь үнэлгээтэй холбоотой ямар ч шийдвэр гаргахгүй. Зөвхөн үнэлгээний хороо л шийдвэр гаргадаг. Тэрхүү шийдвэрийг үндэслэн албан бичгийн хэвлэмэл хуудаст гарын үсэг зурж байгаа этгээд болохоос биш үндсэн шийдвэрийг үнэлгээний хороо гаргадаг. Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзээд хүчингүй болгуулахаар нэхэмжилсэн. Хоёрдугаарт, энэхүү шийдвэр нь татгалзсан шийдвэр байна. Иймд татгалзсан шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх заалтад заасны дагуу хүчингүй болж байгаа учраас 2 дахь шаардлагаар гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг даалгах шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу даалгах шаардлага гаргаж байна. Даалгах шаардлага нь заавал эс үйлдэхүй биш юм. Мөн захиргааны шийдвэр байдаг. Шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх хэсэгт заасан шийдвэр учраас оруулж ирсэн. Гуравдугаарт, захиалагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд гэрээ байгуулах зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулахыг захиалагч буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах шаардлагыг гаргаж байна. Дөрөвдүгээрт, Сангийн яам нь бүхий л албан бичигт хариу өгөх ёстой байтал өгөхгүйгээр татгалзаад байгаа учраас энэ нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Хууль зүйн үндэслэлийн тухайд, нэгдүгээр шаардлагын үндэслэл нь тендерээс татгалзах үндэслэл үүсээгүй байхад заавал шаардагдахгүй шалгуур үзүүлэлтийг үндэслэж хууль бусаар татгалзсан. Техникийн тодорхойлолтыг хангахгүй гэж хууль бусаар татгалзсанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт Тендер нь энэ хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэн заалтыг ноцтой зөрчсөн. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон шийдвэр гаргадаг. Гэтэл энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт оролцогчийн тендер бэлтгэж ирүүлэхэд шаардагдах мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, заавар, хамгийн сайн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, тендерийн жишиг маягтыг тендер шалгаруулалтын баримт бичигт тусгана гэж заасан. Тэгэхээр тендерийн баримт бичгийг шаардлагын дагуу тендерт оролцогч нь хангаж ирүүлэх үүрэгтэй. Хариуцагчийн шаардлагатай бичиг баримтад заасан заавал байх шалгуур үзүүлэлтэд нь хүний нөөцийн мэдээлэл ирүүлэх шаардлагагүй гэж заасан байтал нэхэмжлэгчийг шалгаруулаагүй, татгалзсан хариуг өгөхдөө түүнийг шалгуур үзүүлэлт болгон татгалзсан нь үндэслэлгүй байна.
Нэгдүгээрт, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь хэсэгт заасныг зөрчиж татгалзсан шийдвэр гаргасныг хууль бус гэж үзэж байгаа учраас үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/3713 дугаар шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дахь заалтад заасны дагуу хүчингүй болгуулах.
Хоёрдугаарт, нэгэнт хүчингүй болгуулах шаардлагын үр дүнд хүчингүй болсон тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасны дагуу гэрээ байгуулах зөвлөмж гаргах шийдвэр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Гуравдугаарт, хариуцагч үнэлгээний хороо хууль бус шийдвэр гаргаагүй бол Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам буюу захиалагч нь зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулах шийдвэр гаргах байсан. Ийм учраас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1 дэх заалтад хамгийн сайн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгоно гэж заасны дагуу нэхэмжлэгч компанид гэрээ байгуулах эрх олгох ёстой байсан. Тиймээс үнэлгээний хорооны шийдвэртэй удаа дараа маргасан. Үнэлгээний хорооны шийдвэр хууль бус болохыг Сангийн яамнаас тогтоосон. Гэрээ байгуулсан тохиолдолд нэхэмжлэгчийн эрх ашиг сэргээгдэх учир нэхэмжлэлийг хангаж өгнө үү.
Сангийн яаманд холбогдох шаардлагын тухайд, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд гомдол гаргахад Сангийн яамнаас 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0310377 дугаар албан бичгээр урьд гарсан гомдлын хариуг буюу урьд батлагдсан 2 шийдвэрийг үндэслэн хариу өгсөн учраас үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасныг зөрчсөн учир энэхүү хариуг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасны дагуу илт хууль бус болохыг тогтоож өгнө үү.
Сүүлд нь тайлбарлахад 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 16/3956 дугаар албан бичгээр татгалзсан. Агуулгаас харахад үнэлгээний бичиг баримтад заасан техникийн шаардлагыг хангасан тоног төхөөрөмж нэмэгдсэн эсэхийг анх өөрсдөө бичиг баримтдаа шаардсан. Энэ техникийн тодорхойлолтод тусгасан албан бичгийн дагуу бичиг баримтыг хангаж хүргүүлсэн. Гэтэл өөрсдийнхөө гэж буруу өгүүлбэрээр мушгиж татгалзсан шийдвэр гаргасан.
Мэдэгдлийн Сангийн яам буюу дээд шатны байгууллага нь хүчингүй болгосон байхад тэр шийдвэрээ үндэслэн дахин үнэлгээ хийхдээ урьд байгаагүй үндэслэлүүдээр татгалзсан. Үүнээс харахад үнэлгээний хороо нь анхнаасаа хууль бус шийдвэр гаргаж байсан. 3 тендерт өөр өөр баримт дутуу гэж татгалзсан. Баримтуудыг бүрэн өгсөн байтал хамгийн сайн тендер гэж үзэхгүйгээр хууль бусаар татгалзаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
2.5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Хандмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч компани нь төрийн байгууллагаас зарласан тендерт оролцсон. Ингэхдээ өөрсдийн итгэл үнэмшлээр оролцож байгаа. Өөрөөр хэлбэл хуулийн дагуу тавигдаж байгаа шаардлагыг хангаж цаг хугацаа, мөнгө орж хүмүүсээ ажиллуулж байна. Эхний удаад баримтыг бүрдүүлээгүй гэх үндэслэлээр татгалзсан. Нэхэмжлэгчээс үүнийг хүлээн зөвшөөрсөн. Үүнээс харахад нэхэмжлэгч нь өөрсдийн хийсэн алдааг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг юм. 2 дахь тендерт илт үндэслэлгүйгээр татгалзсан. Татгалзсан шийдвэрийг хянах эрх бүхий байгууллагад нь гомдол гаргаж хянуулсан. Сангийн яамнаас Намдэмүнсервис ХХК-ийн зөв байсныг дурдаж, Үнэлгээний хороо алдаатай ажиллаж байсныг тодорхойлсон байдаг. Санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулна гэж заасан. Нэхэмжлэгч нь үйлдвэрлэгчээс баталгаажуулж авчирсан. Ийнхүү авчирсан байхад татгалзсан. 3 дахь тендерт засварын газартай байх ёстой гэдэг шалтгаанаар татгалзсан. Засварын газартай байж болно гэж заасан. Гэтэл холбогдох баримтыг хавсаргах ёстой гэж заасан нь утгын алдаатай байна. Хэрвээ тухайн өгүүлбэрийг хариуцагч талд ашигтайгаар тайлбарлана гэж үзвэл нэхэмжлэгч талд ашигтай болно гэж заасныг мөн анхаарах ёстой.
Үнэлгээний хорооны гишүүн өөрөө тайлбарлахдаа засварын газартай зайлшгүй байх ёстой гэж тайлбарлаж байна. Гэтэл заавал засварын газартай байх ёстой гэдэг шаардлагаа тендерийн баримт бичигт дурдахгүйгээр баримт бичгийг хавсаргах ёстой гэх хэсэгт тэрхүү шаардлагаа тавьж буй нь утга агуулгын алдаатай байна.
Эс үйлдэхүй байх ёстой гэж үзэж буй талаар хариуцагчийн эс үйлдэхүй үйл ажиллагаанд нь тодорхой харагддаг. Үнэлгээний хороо ажлаа хийхдээ ашиг сонирхлын зөрчилтэй магадгүй, өөр компанийг шалгаруулах гэж байна гэж харагдаж байна. Шалгарах ёстой байгууллагыг шалгаруулахгүй байгаа мэт харагдаж байна. Энэ нь эс үйлдэхүй юм. Нэхэмжлэгч нь шалгарах ёстой. Учир нь баримт бичигт заасан бүх шаардлагыг хангаж байхад шаардахгүй гэсэн дурдсан зүйлийг хүртэл шаардаж татгалзаад байгаа нь эс үйлдэхүй юм. Нөгөө талаас үнэлгээний хорооны дарга нь ашиг сонирхлын зөрчилтэй эс үйлдэхүй учраас нэхэмжлэгч нь даалгах шаардлага гаргасан. Өөрөөр хэлбэл, Сангийн яам баталгаажуулсан учраас тэр тендерийн мөнгийг буцааж өгдөг. Сангийн яамны төлөөлөгч тайлбарласан. Үнэлгээний хорооны шийдвэр хуульд нийцээгүй байсан учраас мөнгийг буцааж олгосон. Үүнээс харахад эс үйлдэхүй гаргаж байна. Мөн нэхэмжлэгчийн ашиг сонирхол зөрчигдөж байна. 790 гаруй сая төгрөгийн үнийн дүнгээр худалдан авалт хийсэн. Хянах эрх бүхий байгууллага нь нотолж албан бичгээ 3 удаа өгч байхад шалгаруулаагүй.
Сангийн яам нь буюу эрх бүхий байгууллага нь буруу үйл ажиллагаа явуулсныг нь нотолж байгаа учраас ядаж хугацаандаа үүргээ биелүүлэхээр худалдан авалт хийсэн. Захиргааны ерөнхий хуульд заасан итгэл хамгаалах зарчим үйлчлэх ёстой. Тийм учраас үүний цаана олон хүний эрх хөндөгдөж байна. Зээлийг нь төлөөд явж байна. Хардах эрхийн хүрээнд авлигатай тэмцэх газрын шалгах асуудал гэж харж байна. Тэгэхээр нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй эс үйлдэхүй нь албан бичгээр нотлогдоно. Компанийн захирал надтай уулзаж байхдаа хэлсэн. Сангийн яам хүртэл хууль бус гэж хараад шүүхэд ханд гэж албан бичиг өгсөн. Захиалагчтай уулзсан. Үнэлгээний хорооны шийдвэр учраас мэдэхгүй тул шүүхээр шийдвэрлүүлээрэй гэж тайлбарласан.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
Гурав. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:
3.1. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20240102503 кодтой тендер шалгаруулалтын үнэлгээний хороо боолон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа, Б.Цэрэнпил нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нэгдүгээрт, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөний дагуу "Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах" тендер шалгаруулалтыг зохин байгуулахаар Замын даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А/428 тоот үнэлгээний хорооны тушаал батлагдан гарсан. Дээрх тушаалын дагуу үнэлгээний хороо 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хуралдаж ТББ боловсруулан 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл тендер хүлээн авч 11 цаг 30 минутад нээсэн. Тендерт Монтех дистрибьюшн ХХК-иас 829,840,000 төгрөгийн, Намдэмүнсервис ХХК-аас 772,000,000 төгрөгийн үнийн санал тус тус ирүүлснийг 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр үнэлгээний хороо үнийн санал ирүүлсэн компаниудын материалыг үнэлж,
Монтех дистрибьюшн ХХК-ийг ТШЗ 18.1-д заасан Батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн [50] хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ доод тал нь [1] удаа байх шаардлагыг хангахгүй,
Намдэмүнсервис ХХК-ийг ТШЗ 21.5-д заасан Оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад тохируулахгүй тогтмол байна гэсэн баталгааг албан бичгээр гаргаж ирүүлээгүй гэж тус тус шийдвэрлэн бүх тендерээс татгалзсан мэдэгдлийг 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдөр tender.gov.mn сайтад нийтэлсэн.
Эхний тендер амжилтгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтын дагуу тендер шалгаруулалтыг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр дахин зохион байгуулж 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хүлээн авч 11 цаг 30 минутад нээсэн. Дахин тендер шалгаруулалтад Мершип ХХК-аас 846,310,360 төгрөгийн, Монтех дистрибьюшн ХХК-аас 844,800,000 төгрөгийн, Намдэмүнсервис ХХК-аас 796,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлснийг 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр үнэлгээний хороо үнийн санал ирүүлсэн компаниудын материалыг үнэлж,
Мершип ХХК-ийг ТШЗ 18.1-д заасан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын санхүүгийн тайлангаас сүүлийн 2 жилийн борлуулалтын орлогыг шалгаж үзэхэд 2022 онд борлуулалтын орлого төсөвт өртгийн [30] хувиас багагүй байх шаардлагыг хангахгүй байна, мөн ТШЗ 20.1-д заасан Санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй,
Монтех дистрибьюшн ХХК-ийг ТШЗ 20.1-д заасан Санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй, мөн тавигдах шаардлага ба техникийн үзүүлэлтүүд заасан Засвар үйлчилгээний төв нь бүрэн ашиглалтад ороогүй,
Намдэмүнсервис ХХК-ийг ТШЗ 20.1-д заасан Санал болгож буй барааны техникийн тодорхойлолтыг тухайн барааны баталгаажуулан ирүүлээгүй үндэслэлээр тус тус дахин татгалзсан мэдэгдлийг 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр tender.gov.mn сайтад нийтэлсэн. Намдэмүнсервис ХХК-аас дахин хүлээн зөвшөөрөхгүйгээр Сангийн яаманд гомдол гарган захиалагчийн шийдвэр зөв эсэхийг шалгуулахыг хүссэний дагуу 2024 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03/7579 тоот тендер шалгаруулалтыг түдгэлзүүлэх тухай албан бичиг ирсэн.
Дээрх гомдлын дагуу Сангийн яамнаас 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03/7926 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Үнэлгээний хороо 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин үнэлгээ хийж Нандэмүнсервис ХХК-аас ирүүлсэн техникийн тодорхойлолт нь манай 9 бүлэг 59 заалттай нөхцөлийг бүрэн хангаж байгаа гэж бичээд өөрсдийн тамга тэмдгээ дарсан, үйлдвэрлэгчээс ирүүлсэн техникийн нөхцөл нь 20 зүйл заалттай байгаа нь захиалагч болон үйлдвэрлэгчээс гаргасан техникийн нөхцөлийг хооронд нь тулгаж харах боломжгүй байна гэж дахин тендерээс татгалзахаар шийдвэрлэн. Ингээд Намдэмүнсервис ХХК-д 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байна.
Сүүлийн тендер буюу гурав дахь тендер шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр зарлаж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хүлээн авч 09 цаг 30 минутад нээлт хийхэд Монтех дистрибьюшн ХХК-аас 849,948,000 төгрөг, Тонхилхайрхан ХХК-аас 840,840,000 төгрөг, Боса-Импекс ХХК-аас 840,000,000 төгрөг, Намдэмүнсервис ХХК-аас 838,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн.
Үнийн санал ирүүлсэн компаниудын материалыг үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан үзээд,
Монтех дистрибьюшн ХХК-ийг ТШЗ 18.1-д заасан 2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн [30] хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ доод тал нь [1] удаа байх шаардлагатай шалгуур үзүүлэлтийг хангахгүй, ТШЗ 20.1-д заасан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын зүгээс гаргасан техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй.
Тонхилхайрхан ХХК-ийг ТШЗ 18.1-д заасан 2022, 2023 оны аль нэг жилд батлагдсан төсөвт өртгийн үнийн дүнгийн [30] хувиас багагүй үнийн дүнтэй ижил төстэй бараа нийлүүлсэн гэрээ доод тал нь [1] удаа байх шаардлагатай хангахгүй, төлбөрийн е-баримт ирүүлээгүй, ТШЗ 20.1-д заасан Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын зүгээс гаргасан техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй.
Боса-Импекс ХХК-ийг ТШЗ 12.1-д заасан Тендер шалгаруулалтын баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, оролцогчийн ирүүлэх тендер монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлээгүй, Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзана, ТШЗ 18.1-д заасан шалгуураас төлбөр төлснийг нотлох баримт, төлбөрийн е-баримт ирүүлээгүй, ТШЗ 20.1-д заасан Барааг дагалдаж ирэх тохирлын гэрчилгээний хуулбарыг ирүүлээгүй, Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын зүгээс гаргасан техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлээгүй,
Намдэмүнсервис ХХК-ийг техникийн нөхцөлд заасан Тухайн автомашины сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг хамт олны мэдээлэл ирүүлээгүй гэж тус тус шийдвэрлэн бүх тендерээс татгалзаж 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тендерт оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн байна.
Гурав дахь тендерийн шийдвэрийг Намдэмүнсервис ХХК-аас дахин хүлээн зөвшөөрөөгүй тул гомдлын дагуу Сангийн яамнаас холбогдох материалыг шалган 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 тоот албан бичгээр тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн. Үнэлгээний хороо 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин үнэлгээ хийж, тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолтын 1.4-т тухайн автомашины сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байж болно. Холбогдох зөвшөөрөл, нотлох баримтыг хавсаргана гэж заасан байхад холбогдох зөвшөөрөл, нотлох баримтыг хавсаргана гэж заасан байхад тус компанийн ирүүлсэн материалд засварын төв болон сэлбэгийн дэлгүүрийг тус компанийх гэдэг нь нотлогдоогүй, нотлох бичиг баримт байхгүй тул шаардлагад нийцэхгүй гэж үзэж тендерээс татгалзсан шийдвэр гарч 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдлийг tender.gov.mn сайтад нийтэлсэн.
Нийт гурван удаа тендер шалгаруулалт зохин байгуулж бүгд амжилтгүй болсон. Мөн 2024 оны санхүүжилттэй худалдан авалт учир тухайн онд багтааж бараа бүтээгдэхүүнийг худалдан авах боломжгүй болсон тул дахин тендер шалгаруулалт зохин байгуулагдаагүй 2024 он дууссан байна. 2025 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь өөрөө буулгагч ачааны автомашин авах төлөвлөгөөгүй ба энэ оны төлөвлөгөөнд байхгүй.
Иймд Намдэмүнсервис ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.2. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20240102503 кодтой тендер шалгаруулалтын үнэлгээний хороо болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Цэндзаяа шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ...Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн А428 дугаар тушаалаар 5 хүний бүрэлдэхүүнтэй үнэлгээний хороог байгуулсан. Захиалагчийн зүгээс бол 2024 оны худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг гаргасан. Тус төлөвлөгөөний дагуу өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах тендер шалгаруулалтыг захиалагч зохион байгуулна. Ийнхүү тендерийг гурван удаа зарласан. Эхний 2 тендер шалгаруулалт амжилтгүй болсон. Зарим компаниуд 2, 3 дахь тендерт Сангийн яаманд гомдол гаргаж байсан. Үнэлгээний хороо Сангийн яамны гомдлын шийдвэрийн дагуу дахин үнэлж татгалзсан мэдэгдлийг бусад компаниудад хүргүүлж байсан. Гурван удаа тендер зарлахад ямар ч компани шалгараагүй.
Гурав дахь тендер шалгаруулалт буюу хамгийн сүүлийн тендер шалгаруулалтыг 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдөр дахин зарлаж 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09 цаг хүртэл тендер хүлээж аваад 09 цаг 30 минутад тендерийн нээлт хийсэн. Үнэлгээний хороо тендер нээгээд тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар худалдан авах ажиллагаанд шуурхай, ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй байх зарчмыг баримталж тус тендерт материал ирүүлсэн нэр бүхий 4 компани байсан. Ингээд Намдэмүнсервис ХХК нь 838,000,000 төгрөгийн үнийн санал ирүүлж байсан. Үнэлээд үзэхэд Намдэмүнсервис ХХК нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй байсан. Хавтаст хэргийн 184 дахь хуудаст техникийн тодорхойлолтоо захиалагч тусгасан байдаг. Техникийн тодорхойлолтод тухайн өөрөө явагч, өөрөө буулгах ачааны автомашины сэлбэг борлуулах боломж, эсхүл тодорхой үйлчилгээ хийх мэргэшсэн баг хамт олны мэдээлэл хангалтгүй.
Өөрөөр хэлбэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.2 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй гэж тендерийн үнэлгээний хорооны 5 гишүүн 100 хувийн саналаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь заалтад заасны дагуу шаардлага хангаагүй байна гэж үзэж татгалзаж шийдвэрлэсэн байдаг. Татгалзсан шийдвэрийг захиалагчаас 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр тендерт оролцогчдод мэдэгдэж хүргүүлсэн байна. Сангийн яаманд удаа дараа гаргасан гомдлыг үнэлгээний хороо хянаж үзсэн. Сангийн яамнаас 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 03/9738 дугаар албан бичгээр хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдсэн мэдэгдлийг ирүүлсэн. Энэхүү мэдэгдлийн 4 дэх хэсэгт захиалагчаас санал болгосон техникийн тодорхойлолтын нөхцөлийг хуулж бичсэн байна. Гэхдээ техникийн тодотголын 1.4 дэх хэсэгт тухайн техникийн сэлбэг боловсруулах болон үйлчилгээг хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байж болно гэсэн. Мөн холбогдох зөвшөөрөл нотлох баримтыг хавсаргана гэх хэсгийг Сангийн яам дурдаагүй байсан. Хавтаст хэргийн 184 дэх талд байгаа техникийн тодорхойлолтыг дутуу бичиж, гомдол хянасан үндэслэлээ бичихдээ захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй байна гэж дурдсан. Гэхдээ Сангийн яамны албан бичгийн дагуу 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр дахин үнэлж хавтаст хэрэгт авагдсан сэлбэгийн дэлгүүр болон сэлбэгийн засварын газар нь тус компанийн эзэмшил, ашиглалтынх гэдэг нь нотлогдоогүй.
Намдэмүнсервис ХХК-аас ирүүлсэн тухайн материалуудаас харахад Намдэмүнсервис ХХК-ийн өмчлөлийнх гэдэг нь нотлогдоогүй. Ийнхүү холбогдох зөвшөөрөл нотлох баримтыг ирүүлэх шаардлагыг хангаагүй. Тендерээс татгалзаж 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн мэдэгдлийг tender.gov.mn сайтад хуулийн дагуу байршуулсан. 2024 онд Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам нь санхүүжилтгүй болж маргаан бүхий тендерийн барааг худалдан авах шаардлагагүй гэж үзэж 2025 оны төлөвлөгөөнд худалдан авах бараа бүтээгдэхүүнийг оруулаагүй. 2024 он өнгөрчихсөн.
Хавтаст хэргийн 113 дугаар хуудаст дахин зарлал гэдэг нь тендерийг шинээр зарлаж байна гэсэн үг юм. Тэгэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт бүх тендерээс татгалзсан шалтгааныг үнэлгээний хороо захиалагчаас дахин боловсруулалт хийж шалтгааныг судлаад бичиг баримтад өөрчлөлт оруулах эрхийн хүрээнд гурав дахь удаагийн тендер шалгаруулалтад өөрчлөлт оруулсан.
Намдэмүнсервис ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг үнэлгээний хороо болон захиалагчийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
3.3. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа, А.Ану нараас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар, татгалзалдаа: ...Тус яам Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйл, Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам-д тус тус зааснаар захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.
Тус хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо шүүхэд гаргаж болохоор заасан нь гомдол хянан шийдвэрлэсэн шийдвэр нь эцсийн үр дагавар үзүүлсэн баримт бичиг биш болохыг тодорхой илэрхийлдэг.
Намдэмүнсервис ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 190 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг Сангийн яам 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 дугаар албан бичгээр хянан шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр оролцогчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэж хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтыг үндэслэн захиалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ний өдрийн 16/449 тоот шийдвэрийг хүчингүй болгож, үнэлгээг дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Сангийн яамны дээрх шийдвэрийг хүлээн авсан захиалагч үнэлгээг дахин хийж, 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн байна. Сангийн сайдын 2023 оны А/254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан Үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журам-ын 3.9-д Хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага, эсхүл шүүхээс тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах, эсхүл тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийх, эсхүл захиалагчийг тендерийн үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавихыг даалгасан тохиолдолд захиалагч үнэлгээний хороог хуралдуулж шийдвэр гаргана гэж заасан тул захиалагч тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин хийх ажиллагааг бүрэн хийсэн эсэх асуудлаар бие даан хариуцлага хүлээнэ.
Хууль тогтоогч дээр дурдсанаар захиалагч бие даан эрхээ хэрэгжүүлсэн асуудлаар урьд нь гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бол дахин гомдол хянуулахгүйгээр шууд шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр хуульчлан зохицуулсан тул Намдэмүнсервис ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210 дугаар албан бичгээр ирүүлсэн гомдлыг Сангийн яам 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 дугаар албан бичгээр буцаасан болно.
Ийнхүү буцаасан албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд хандах нөхцөл бүрдсэн байхад нэхэмжлэгч Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 дугаар албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.2-т заасан захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль бус болохыг тогтоох, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэснийг тус тус үндэслэн Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Гэвч хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасны дагуу Намдэмүнсервис" ХХК-аас ирүүлсэн гомдол нь шийдвэрлэж хариу өгсөн асуудал байсан тул тус яам гомдлыг буцаах шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлтэй байх бөгөөд Сангийн яам 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 дугаар албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэж заасан илт хууль бус захиргааны актын шинжид хамаарахгүй байна. Түүнчлэн тус албан бичиг нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн болох нь ойлгомжгүй, мөн илт хууль бус болохыг тогтоох шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхой бус байна.
Иймд Сангийн яамны дээрх шийдвэр нь үндэслэлтэй бөгөөд хууль ёсных тул Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Сангийн яамыг хариуцагчаас хасаж өгнө үү гэжээ.
3.4. Хариуцагч Сангийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ану шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: ... Сангийн яам нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэг болон Сангийн сайдын 2023 оны А253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журамд тус тус зааснаар захиалагчийн шийдвэртэй холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэдэг.
Намдэмүнсервис ХХК-аас 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 190 дугаар албан бичгээр гаргасан гомдлыг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 дугаар албан бичгээр хянан шийдвэрлэсэн. Тус шийдвэрээр оролцогчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.10.1 дэх заалтад заасныг үндэслэн захиалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16/439 дугаар шийдвэрийг хүчингүй болгон үнэлгээг дахин хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Ийнхүү Сангийн яамны дээрх шийдвэрийг хүлээн авсан захиалагч үнэлгээг дахин хийж 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдөр оролцогчдод мэдэгдэл хүргүүлсэн. Сангийн сайдын 2023 оны А254 дүгээр тушаалын хавсралтаар батлагдсан үнэлгээний хорооны үйл ажиллагаа, урамшууллын журмын 3.9 дэх хэсэгт хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий байгууллага эсхүл шүүхээс тендер шалгаруулалтын баримт бичигт өөрчлөлт оруулах эсхүл тендер хянан үзэх, үнэлэх ажиллагааг дахин үнэлгээний хорооны зөвлөмжид хяналт тавихыг даалгасан тохиолдолд захиалагч үнэлгээний хороог хуралдуулж шийдвэр гаргана гэж заасан тул захиалагч тендер хянан үзэх, үнэлэх, дахин хийх ажиллагааг бүрэн хийсэн эсэх асуудлаар бие даан хариуцлага хүлээнэ.
Хууль тогтоогч дээр дурдсанаар захиалагч бие даан хэрэгжүүлсэн асуудлаар урьд гомдол хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан дахин гомдол хянахгүйгээр шүүхэд гомдол гарган шийдвэрлүүлэхээр хуульчлан зохицуулсан байх учраас Намдэмүнсервис ХХК-аас 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 210 дугаар албан бичгээр ирүүлсэн гомдлыг Сангийн яам 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/14377 дугаар албан бичгээр буцаасан. Ийнхүү буцаасан албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхэд хандах нөхцөл бүрдсэн байхад Сангийн яамны дээрх албан бичгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дахь заалтад заасан захиргааны акт, захиргааны гэрээ нь илт хууль хууль бус болохыг тогтоох, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан захиргааны акт илт хууль бус болох шинж буюу захиргааны акт гаргах эрх зүйн нөхцөл байгаагүй гэсэн үндэслэлээр Сангийн яаманд холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт санхүүгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь энэ хуулийн 59 дүгээр 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж заасны дагуу Намдэмүнсервис ХХК-аас ирүүлсэн гомдолд шийдвэрлэж хариу өгсөн учраас тус Сангийн яам гомдлыг буцаах шийдвэр гаргах эрх зүйн үндэслэлтэй байх бөгөөд Сангийн яамны гомдол буцаасан албан бичиг нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтад заасан илт хууль бус захиргааны актын шинжид хамаарахгүй байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн нь ойлгомжгүй мөн илт хууль бус болохыг тогтоосон шүүхийн шийдвэр гарснаар нэхэмжлэгчийн ямар эрх хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна. Иймд Сангийн яамны дээрх шийдвэр нь хуулийн үндэслэлтэй тул Сангийн яаманд холбогдох шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2. Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын даргын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Үнэлгээний хороо байгуулах тухай А/428 дугаар тушаалын нэг дэх заалтаар Замын аж ахуйн алба, Барилга орон сууцны албаны хэрэгцээнд Өөрөө буулгагч автомашин худалдан авах нээлттэй тендер шалгаруулалт явуулах үнэлгээний хороог дарга, нарийн бичгийн дарга, гишүүд гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан.
3. Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 3-3 дугаар тэмдэглэлээр өөрөө буулгагч автомашин худалдан авах 850,000,000 төгрөгийн төсөвт өртөгтэй, УБТЗ/2024/НТШ/Б/158 дугаартай МЗХННУБТЗ/20240102503 кодтой хялбаршуулсан цахим тендерт ирүүлсэн тендерийг үнэлэх хамгийн сайн үнэлэгдсэн компанитай гэрээ байгуулахаар захиалагчид зөвлөмж хүргүүлэх асуудлыг хэлэлцэж, тендерт оролцогч Намдэмүнсервис ХХК-ийн ирүүлсэн материалд нь сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газрын талаарх мэдээллийг тусгайлан ирүүлээгүй, компанийн танилцуулга дахь нэг гараашны зураг мөн хэсэг сэлбэгийн зураг оруулаад засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой гэх авч уг засварын төв болон сэлбэг нь тухайн компанийн гэдгийг нотлох боломжгүй хэмээн танилцуулга хийгдэж, үнэлгээний хорооны гишүүдээс манай техникийн нөхцөл дээр холбогдох зөвшөөрөл, нотлох баримтыг хавсаргана гэж заасан байхад компаниас ирүүлээгүй тул материал дутуу гэж үзнэ, засварын төвийн мэдээлэл ирүүлсэн боловч өөрийн эзэмшлийн гэдгийг нотлох баримтыг ирүүлээгүй, мөн тоног төхөөрөмж, ажиллах хүчний талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй тул шаардлагад нийцэхгүй зэргээр санал хэлж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1 дэх заалтыг хангаагүй тул мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-д заасныг үндэслэн тендерийг шаардлага хангаагүй гэж үзэж татгалзахаар шийдвэрлэсэн ба захиалагчид хандан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3-т зааснаар Намдэмүнсервис ХХК-ийн тендерээс татгалзаж, мөн хуулийн 28.4-т зааснаар дахин тендер шалгаруулалт явуулах тухай зөвлөмжийг хүргүүлжээ.
4. Ингэснээр захиалагч буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай 16/4713 дугаар албан бичгээр ирүүлсэн тендерээс нь татгалзсан талаарх хариуг өгч мэдэгдсэн.
5. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс дээрх 16/4713 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахаар тендерээс татгалзах үндэслэл үүсээгүй байхад, заавал шаардагдахгүй шалгуур үзүүлэлтийг үндэслэж хууль бусаар татгалзсан, техникийн тодорхойлолтыг хангахгүй гэж хууль бусаар татгалзсанаараа Тендерийн хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-г ноцтой зөрчсөн, бичиг баримтад заасан заавал байх шалгуур үзүүлэлтэд хамаарахгүй байхад хамаарах мэтээр үнэлгээ хийсэн нь үндэслэлгүй, хуульд заагаагүй шалгуур үзүүлэлтийг удирдлага болгон тендерээс татгалзсан хэмээн болон Тодорхойлох хэсгийн 2-т заасан үндэслэлээр маргаж байна.
6. Хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын захиргаа /захиалагч/-аас Замын аж ахуйн алба, Барилга орон сууцны албаны хэрэгцээнд Өөрөө буулгагч автомашин худалдан авах нээлттэй тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэж, МЗХННУБТЗ/20240102503 дугаартай тендер шалгаруулалтыг зохион байгуулах Үнэлгээний хороог дээр дурдсаны дагуу байгуулснаар,
7. Хариуцагч үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулж мөрдүүлэхийн хамт тендер шалгаруулалтын бараа төрлөөр, Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах нэртэй тендер шалгаруулалтыг нийт 850,000,000 төгрөгийн өртгөөр, нээлттэй явуулахаар 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн тендер шалгаруулалтын зарлалаар мэдээлж, тендерийг 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 11:30 цагт нээхээр, тендер нь нээснээс хойш 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тогтоосон.
7.1. Үнэлгээний хорооны 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн № 1-2 дугаар зөвлөмжөөр тендер шалгаруулалтад материал ирүүлсэн нэр бүхий хоёр оролцогчийн тендерийг Тендерийн хуулийн 26.4.1-ийг хангаагүй гэж үзэж, мөн хуулийн 28.1.3-д зааснаар дахин тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн.
7.2. Захиалагчаас үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийг хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16/2425 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдэд ирүүлсэн тендерээс нь татгалзсанаа мэдэгдсэн.
8. Хариуцагч үнэлгээний хорооноос тендер шалгаруулалтын баримт бичгийг дахин боловсруулж мөрдүүлэхийн хамт тендер шалгаруулалтын бараа төрлөөр, МЗХННУБТЗ/20240102503 дугаартай, Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах нэртэй, тендер шалгаруулалтыг нийт 850,000,000 төгрөгийн өртгөөр, нээлттэй явуулахаар 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн тендер шалгаруулалтын зарлалаар мэдээлж, тендерийг 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 11:30 цагт нээхээр, тендер нь нээснээс хойш 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тогтоосон.
8.1. Үнэлгээний хорооны 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн № 2-2 дугаар зөвлөмжөөр тендер шалгаруулалтад материал ирүүлсэн нэхэмжлэгч болон нэр бүхий хоёр нийт гурван оролцогчийн тендерийг Тендерийн хуулийн 26.4.1-ийг хангаагүй гэж үзэж, мөн хуулийн 28.1.3-д зааснаар тус тендерийн шаардлага хангаагүй бүх тендерээс татгалзахаар, дахин тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн.
8.2. Үүний дагуу захиалагчаас үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийг хүлээн авч, 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/3637 дугаар албан бичгээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс татгалзсанаа илэрхийлж, мөн Тендерийн хуулийн 28.4-д зааснаар тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаа мэдэгдсэн.
8.3. Энэ тендерийн тухайд, нэхэмжлэгч хуулийн этгээдээс захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яамны 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 03/7926 дугаар албан бичгээр Тендерийн хуулийн 59.10.1-д заасныг үндэслэн захиалагчийн 2024 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 16/3637 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Тендерийн хуулийн 59.10.2-т зааснаар мэдэгдсэн.
9. Энэ шийдвэрийн дагуу үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн № 2-3 дугаар зөвлөмжөөр тендер шалгаруулалтад материал ирүүлсэн нэхэмжлэгчийн тендерийг Тендерийн хуулийн 26.4.1-ийг хангаагүй гэж үзэж, мөн хуулийн 28.1.3-д зааснаар тус тендерийн шаардлага хангаагүй бүх тендерээс татгалзахаар, дахин тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн.
9.1. Ингэснээр захиалагчийн зүгээс үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийг хүлээн авч, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 16/3956 дугаар албан бичиг /шийдвэр/-ээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс татгалзсанаа илэрхийлж, мөн Тендерийн хуулийн 28.4-д зааснаар тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаа мэдэгдсэн.
10. Хариуцагч үнэлгээний хорооны 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн № 3-1 дугаар тэмдэглэл /шийдвэр/-ээр тендер шалгаруулалтын баримт бичгийг дахин боловсруулж мөрдүүлэхийн хамт тендер шалгаруулалтын бараа төрлөөр, МЗХННУБТЗ/20240102503 дугаартай, Өөрөө буулгагч ачааны автомашин худалдан авах нэртэй, тендер шалгаруулалтыг нийт 850,000,000 төгрөгийн өртгөөр, нээлттэй явуулахаар 2024 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн тендер шалгаруулалтын зарлалаар мэдээлж, тендерийг 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 09:30 цагт нээхээр, тендер нь нээснээс хойш 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тогтоосон.
10.1. Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн № 3-2 дугаар зөвлөмжөөр тендер шалгаруулалтад материал ирүүлсэн нэхэмжлэгч болон нэр бүхий гурав нийт дөрвөн оролцогчийн тендерийг Тендерийн хуулийн 26.4.1-ийг хангаагүй гэж үзэж, мөн хуулийн 28.1.3-д зааснаар тус тендерийн шаардлага хангаагүй бүх тендерээс татгалзахаар, дахин тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн.
10.2. Үүний дагуу захиалагчаас үнэлгээний хорооны дээрх зөвлөмжийг хүлээн авч, 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16/4409 дугаар албан бичиг /шийдвэр/-ээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс татгалзсанаа илэрхийлж, мөн Тендерийн хуулийн 28.4-д зааснаар тендер шалгаруулалтыг дахин зохион байгуулахаа мэдэгдсэн.
10.3. Нэхэмжлэгч хуулийн этгээдээс захиалагчийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг Сангийн яамны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 дугаар албан бичгээр Тендерийн хуулийн 59.10.1-д заасныг үндэслэн захиалагчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 16/4409 дугаар шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж, тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг Тендерийн хуулийн 59.10.2-т зааснаар мэдэгдэж, мөн хуулийн 59.7-д зааснаар захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа дуусгавар болсныг заасан.
11. Үнэлгээний хорооны 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн № 3-3 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийн ирүүлсэн тендерийг дахин үнэлж, Тендерийн хуулийн 26.4.1-ийг хангаагүй гэж үзэж, мөн хуулийн 28.1.3-д зааснаар тус тендерийн шаардлага хангаагүй бүх тендерээс татгалзахаар, дахин тендер шалгаруулалт явуулахаар шийдвэрлэсэн.
11.1. Захиалагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар шийдвэрээр Тендерийн хуулийн 26.4.2-т заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэгчийн тендерээс Тендерийн хуулийн 28.1.3-д зааснаар татгалзаж буйгаа мэдэгдсэн.
12. Энэхүү үндэслэх хэсгийн 7-10 дугаарт бичигдсэн тендер шалгаруулалттай холбоотой захиалагч болон үнэлгээний хорооны шийдвэр, мөн Сангийн яамны шийдвэртэй нэхэмжлэгч хуулийн этгээдийн зүгээс маргаж шүүхэд хандаагүй болохыг, шүүхийн хяналтын цар хүрээнд 7-10-т заасан эдгээр байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа ороогүй болохыг тэмдэглээд шүүх, зөвхөн нэхэмжлэгчийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага /хамгийн сүүлийн байдлаар шүүх хуралдаан дээр тодруулсан/-аар буюу ... Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль бус гэж үзээд хүчингүй болгуулах. хоёрдугаарт энэхүү шийдвэр нь татгалзсан шийдвэр байна, иймд татгалзсан шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасны дагуу хүчингүй болж байгаа учраас хоёр дахь шаардлагаар гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг даалгах шаардлага гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу даалгах шаардлага гаргаж байна. Даалгах шаардлага нь заавал эс үйлдэхүй биш юм, мөн захиргааны шийдвэр байдаг. Шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т заасан шийдвэр учраас оруулж ирсэн, гуравдугаарт захиалагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд гэрээ байгуулах зөвлөмжийг үндэслэн гэрээ байгуулахыг захиалагч буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах шаардлагыг гаргаж байна, дөрөвдүгээрт Сангийн яам нь бүхий л албан бичигт хариу өгөх ёстой байтал өгөхгүйгээр татгалзаад байгаа учраас энэ нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж тодруулснаар хэргийг хянан хэлэлцсэн болно.
13. Ингэхдээ шүүхийн зүгээс захиалагчийн дээрх 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, уг шийдвэрийг хянаж хариу өгсөн Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 дугаар албан бичгийг илт хууль болохыг тогтоолгох шаардлага тодорхой байна, харин нэхэмжлэгч Намдэмүнсервис ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулах талаар зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд даалгах, энэхүү зөвлөмж гарсныг үндэслэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг захиалагч буюу Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах шаардлагыг дээрх 16/4713 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулсны үр дагавраар шийдвэрлүүлэх хүсэл зоригийн илэрхийлэл байна гэж үзэж хэргийг эцэслэн шийдвэрлэснийг тэмдэглэж байна.
14. Энэ тохиолдолд захиалагчийн дээрх 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар шийдвэр нь үнэлгээний хорооноос гараагүй болохыг, нэхэмжлэгч нь уг шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1-д зааснаар хүчингүй болгуулахаар, 106.3.4-т зааснаар татгалзсан шийдвэр нь хууль бус байгаагийн улмаас шаардагдах захиргааны акт гаргуулахаар нэгэн зэрэг маргах боломжгүйг болохыг, нэхэмжлэгч талын энэ талаарх тайлбар үндэслэлгүй болно.
15. Дээр дурдсанчлан 3 дахь удаагийн тендер шалгаруулалтыг зохион байгуулахаар тендер шалгаруулалтын баримт бичгийг боловсруулахдаа Тендерийн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.Захиалагч техникийн тодорхойлолтод бараа, ажил, үйлчилгээний шаардлагатай гэж үзсэн шинж чанар, түүний зориулалт болон зориулалтын дагуу ашиглахтай холбоотой шаардлага, зураг төсөл, холбогдох стандарт, норм, дүрэм, зааврыг тусгана, 12.2.Техникийн тодорхойлолтод бараа нийлүүлэх, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэхэд хэрэглэх түүхий эд, материал болон ажлын хүрээнд нийлүүлэх барааны шалгуур үзүүлэлтийг тодорхойлно, 13 дугаар зүйлийн 13.1.Захиалагч оролцогчоос бараа, ажил, үйлчилгээний техникийн тодорхойлолтод нийцэх, эсхүл гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах эсэхийг тогтоох шалгалт, туршилтыг эрх бүхий бие даасан этгээдээр хийлгэсэн нотлох баримт, эсхүл холбогдох мэдээлэл ирүүлэхийг шаардаж болно гэж зааснаар боловсруулсан техникийн тодорхойлолтдоо буюу 1.4 дэх хэсэгт тухайн автомашины сэлбэг боловсруулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байж болно. Холбогдох зөвшөөрөл нотлох баримтыг хавсаргана хэмээн нийлүүлэгчид тавих шаардлагыг зааж өгсөн байх тендерийн баримт бичиг дахь техникийн тодорхойлолтын талаар тендерт оролцогчоос тодруулга хүссэн үйл баримт байхгүй байна.
16. Хариуцагч үнэлгээний хороо нь Тендерийн хуулийн 26 дугаар зүйлийн 26.4.1-26.4.4-д заасан шаардлагыг хангасан тендер ирүүлснийг хянах, ингэхдээ мөн хуулийн 26.2-т зааснаар оролцогчийн ерөнхий шаардлагыг 7.2-т заасан мэдэгдэл, 7.3-т заасан баримт бичиг, 15.2-т заасан мэдээлэлд үндэслэн хянах ба тендерт оролцогчоос ирүүлсэн тендер нь Тендерийн хуулийн 26.9-д зааснаар тендер шалгаруулалтын баримт бичгийн бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэх, хэрэв мөн хуулийн 26.9-д зааснаас болон Тендерийн хуулийн 26.10.1-26.10.4-д заасан шаардлага хангаагүй бол мөн хуулийн 26.10-д зааснаар уг тендерээс татгалзах хуулийн зохицуулалттай бол,
17. Хариуцагч захиалагч нь Тендерийн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. Захиалагч тендер тус бүрд дараах шийдвэрээс аль тохирохыг гаргана, 28.1.3. шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн оролцогчийн тендерээс татгалзах, 28.2. Энэ хуулийн 28.1.2, 28.1.3-т заасан шийдвэрт түүний тендер шалгараагүй, эсхүл татгалзсан үндэслэлийг болон гэрээ байгуулах эрх олгосон оролцогчийн нэр, гэрээ байгуулах үнэ зэргийг зааж оролцогч тус бүрд нэгэн зэрэг мэдэгдэж шийдвэр гаргах эрхтэй байна.
18. Түүнчлэн Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2. Техникийн чадавх, туршлагын талаарх мэдээллийг дараах баримт бичгээр нотолж болно, 17.2.5. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт, загвар, дээж, 17.4. Оролцогч захиалагчийн тогтоосон техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангасан байна, 26 дугаар зүйлийн 26.1. Захиалагч оролцогчоос ирүүлсэн тендерийг шаардлагад нийцэх эсэхийг энэ зүйлд зааснаар хянан үзнэ, 26.4. Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1. энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх гэж заасан бол,
20. Тендерийн баримт бичгийн 1 дүгээр бүлэг. Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 17.Санал болгож буй бараа тендер шалгаруулалтын баримт бичгийн шаардлагад нийцсэнийг баримт бичиг нотлох, 17.9. Монгол Улсын гарал үүсэлтэй бус бараа нийлүүлэхээр санал болгосон оролцогч нь техникийн тодорхойлолтод заасан нийлүүлэлтийн дараах засвар, үйлчилгээг хэрхэн үзүүлэх тухай баримт болон мэдээлэл, 20.Техникийн болон чадавх туршлагын шаардлагыг хангах нотлох баримт, 20.1.Техникийн чадавх болон туршлагын шаардлагыг хангах нотлох баримт ирүүлэхийг захиалагч шаардах бол хуулийн 17.2.2, 17.2.3, 17.2.4, 17.2.5 д заасан баримт бичгээс сонгож өгөгдлийн хүснэгтэд заана гэж, мөн баримт бичгийн 2 дугаар бүлэг. өгөгдлийн хүснэгт /ӨХ/-ийн ТШЗ 20.1-ийн 5. ...УБТЗ ХНН-ийн зүгээс гаргасан техникийн тодорхойлолтыг тухайн барааны үйлдвэрлэгчээр баталгаажуулан ирүүлнэ гэж, мөн баримт бичгийн 3 дугаар бүлэг. Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлагын 1.4 дэх хэсэгт тухайн автомашины сэлбэг боловсруулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газартай буюу засвар үйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээт байгууллагатай байж болно. Холбогдох зөвшөөрөл нотлох баримтыг хавсаргана гэж заажээ.
21. Хэрэгт нотлох баримтаар авагдсан цахим баримтад нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендерийн материалын компанийн танилцуулгад засварын төв, сэлбэгийн агуулахын фото зураг ирүүлсэн ба нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн энэхүү тендерийг тендерийн баримт бичгийн ТШЗ 20.1-д заасан шаардлагыг ӨХ-ийн 20.1-ийн 5-д заасан мэдээллийг ирүүлээгүй гэж Үнэлгээний хороо үзсэн тодруулбал, 2024 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хийсэн үнэлгээгээр нарийн бичгийн дарга Б.Цэрэнпил: энэ компанийн ирүүлсэн материалд нь сэлбэг борлуулах болон засвар, тохиргоо, үйлчилгээ хийх мэргэшсэн баг, тусгай тоног төхөөрөмж бүхий зориулалтын газрын талаарх мэдээлэл тусгайлан ирүүлээгүй. Компанийн танилцуулгад нэг гараашны зураг мөн хэсэг сэлбэгийн зургууд оруулаад засвар үйлчилгээ хийх бүрэн боломжтой гэсэн байна, энэ засварын төв болон сэлбэг нь энэ компанийнх гэж нотлох боломжгүй байна. Бусад компанийн хувьд засварын төвийн зураг оруулснаас гадна үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн бичиг хавсарган өөрийн эзэмшлийн гэдгийг баталгаажуулсан гэж, гишүүн Б.Лхагвасүрэн: манай техникийн нөхцөл дээр холбогдох зөвшөөрөл, нотлох баримтыг хавсаргана гэж заасан. Гэтэл энэ компаниас ирүүлээгүй учир материал дутуу гэж үзэж байна гэж, хараат бус гишүүн С.Баярсайхан: засварын төвийн мэдээлэл ирүүлсэн боловч өөрийн эзэмшлийн гэдгийг нотлох бичиг баримт байхгүй байгаа. Мөн тоног төхөөрөмж, ажиллах хүчний талаар ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байгаа тул шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна гэж, хараат бус гишүүн Ш.Нямбаяр: манай шаардсан материалыг дутуу ирүүлсэн гэж харагдаж байгаа тул энэ компанийн материал шаардлагад нийцэхгүй байна гэж, үнэлгээний хорооны дарга Б.Алтан-Очир: манай шаардлагад холбогдох зөвшөөрөл, нотлох баримтыг хавсаргана гэж заасан байхад энэ компанийн ирүүлсэн материалд засварын төв болон сэлбэгийн дэлгүүрийг энэ компанийнх гэж нотлох бичиг баримт байхгүй байгаа тул шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна гэж үзсэн буюу Тендерийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.5. энэ хуулийн 13 дугаар зүйлд заасан нотлох баримт,..., 26 дугаар зүйлийн 26.4. Захиалагч тендерийг тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагад нийцэх эсэхийг дараах байдлаар хянан үзнэ, 26.4.1. энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд заасан чадавхын болон туршлагын доод шаардлагыг хангасан байх гэдгийг хангаагүй гэж үзсэн.
22. Дээрх хуулийн зохицуулалт, эрх бүхий байгууллагаас баталсан тендерийн баримт бичиг, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерийн материал /цахим баримт/-аас үзвэл, тендерт оролцогч нь тендерийн баримт бичгийг хүлээн зөвшөөрч тендерийн баталгаа байршуулан тендерт оролцсон байх ба, захиалагч болон үнэлгээний хорооноос нэхэмжлэгч хуулийн этгээдээс ирүүлсэн тендер нь татгалзагдах нөхцөл бүрдсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
23. Иймээс Тендерийн хуулийн 50 дугаар зүйлийн 50.2.2. тендерийг хянан үзэх, үнэлэх, 50.2.3. захиалагчид энэ хуулийн 28 дугаар зүйлд заасан шийдвэр гаргах зөвлөмж хүргүүлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн Үнэлгээний хороог хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, түүнчлэн мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2. Захиалагч худалдан авах ажиллагааг зохион байгуулахад дараах эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 48.2.1. худалдан авах ажиллагааг батлагдсан төсөвт багтаан хуульд заасан хугацаанд зохион байгуулах, 48.2.3. үнэлгээний хорооны зөвлөмж хууль тогтоомжид нийцэх эсэхэд хяналт тавих, 48.2.4. энэ хуульд заасан хугацаанд шийдвэр гаргах, 48.2.5. тендер шалгаруулалтын үр дүнг тухай бүр цахим системд нийтлэх бүрэн эрхийг хэрэгжүүлсэн хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын захиргаа хууль зөрчөөгүй гэж үзнэ.
24. Хариуцагчийн 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 дугаар албан бичгийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй, энэхүү маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Намдэмүнсервис ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй, үүгээрээ МЗХННУБТЗ/20240102503 дугаартай тендер шалгаруулалтад нэхэмжлэгч хуулийн этгээдийг шалгарсан талаар, гэрээ байгуулах талаар зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд даалгах, улмаар Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг даалгах шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна.
25. Худалдан авах ажиллагааны талаар төрөөс хэрэгжүүлэх бодлого, арга зүй, хяналтын асуудлыг шийдвэрлэхээр тодорхой эрх, үүргийг төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яамнаас хэрэгжүүлдэг. Тендерийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.7.энэ хуульд заасны дагуу тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмыг батлах бүрэн эрхийн хүрээнд Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн Журам батлах тухай 131 дүгээр тушаалын хавсралтаар Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ыг баталсан ба мөн сайдын 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн Тушаалын хавсралтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай 241 дүгээр тушаалаар холбогдох агуулга бүхий зохицуулалт уг журамд нэмэгдсэн ба ийнхүү журамлагдсан харилцааг хариуцагч Сангийн яамнаас хэрхэн, ямар байдлаар зөрчсөн болох, өөрөөр хэлбэл, Сангийн яамны хэрэгжүүлсэн захиргааны үйл ажиллагаа нь нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хэрхэн хөндсөн талаар нэхэмжлэгч талаас тодорхой тайлбар үндэслэлийг гаргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.
26. Харин Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03/10377 дугаар албан бичгээр ...танай компаниас ирүүлсэн гомдолд дурдсан асуудлыг тус яам хуулийн 59 дүгээр зүйлийн 59.8 дахь хэсэгт заасны дагуу хянан үзэж, хариуг 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 03/9738 дугаар албан бичгээр хүргүүлсэн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй. Мөн гомдолд дурдсан захиалагч өөр компанид давуу байдал олгох хүсэл сонирхолтой байгаа талаарх асуудлаар холбогдох хууль, хяналтын байгууллагад хандах нь зүйтэй гэх хариуг нэхэмжлэгч хуулийн этгээдэд хаяглан хүргүүлсэн ба энэхүү албан бичгийг захиргааны актаар нэрлэн илт хууль бус болохыг тогтоолгохоор Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан үндэслэлээр маргасныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
27. Яагаад гэвэл, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргах гомдол үндэслэл бүхий байна, 59.5. Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 59.3, 59.4-т заасан шаардлагыг хангахгүй, эсхүл шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гаргасан гомдлыг хүлээн авахаас татгалзаж буцаана гэж зааснаар маргаан бүхий асуудалд Сангийн яамны 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Гомдол хянасан тухай 03/9738 дугаар албан бичгээр хариу өгснийг дурдсан нь хуулийн дагуу байна.
28. Үүгээрээ уг албан бичгийг гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй гэж үзэхгүй. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6. захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх үндэслэлд хамаатуулах хууль зүйн боломжгүй, хариуцагч Сангийн яам нь Тендерийн хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчиж бүрэн эрхээ хэтрүүлсэн үйл баримт байхгүй, нэхэмжлэгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэв.
29. Нэгтгэн дүгнэвэл, Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг хариуцагч нар зөрчөөгүй, нэхэмжлэгч хуулийн этгээдийн ирүүлсэн тендерээс Тендерийн хуулийн 28.1.3-д заасны дагуу татгалзсаны дараах тендерийг үнэлэх шатанд хэрэгжсэн шийдвэртэй маргаж, Тендерийн хуулийн 59.5-д зааснаар шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар дахин гомдол гаргасан болох нь Сангийн яамны хянасан шийдвэрээр нотлогдсон, хариуцагч захиргааны байгууллага болох захиалагчийн болон үнэлгээний хорооны гол зорилго, тэр дундаа тендер шалгаруулалтын гол зорилго нь тухайн худалдан авалтыг хэрэгжүүлж чадах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах явдал бөгөөд, тендерийг нээх, хянан үзэх, үнэлэх зэрэг хоорондоо холбоо бүхий захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлж гаргасан тендерийн талаарх шийдвэр буюу маргаан бүхий захиргааны акт нь холбогдох хууль болон журамд заасныг зөрчөөгүй, үүгээрээ нэхэмжлэгч хуулийн этгээдийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
30. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг зааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Төрийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 13 дугаар зүйлийн 13.1, 26 дугаар зүйлийн 26.1, 26.4.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, 48 дугаар зүйлийн 48.2.3, 48.2.4, 50 дугаар зүйлийн 50.2.2, 50.2.3, 59 дүгээр зүйлийн 59.1, 59.5, 59.8-д заасныг баримтлан нэхэмжлэгч Намдэмүнсервис ХХК-аас хариуцагч Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын МЗХННУБТЗ/20240102503 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээний хороо болон Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам, Сангийн яаманд тус тус холбогдуулан гаргасан,
Тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны 2024 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 16/4713 тоот шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах, Намдэмүнсервис ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмж гаргахыг үнэлгээний хороонд даалгах, тендер шалгаруулалтын үнэлгээний хорооны гэрээ байгуулах эрх олгосон зөвлөмжийг үндэслэн худалдан авах ажиллагааны төлөвлөгөөнд өөрчлөлт оруулж, гэрээ байгуулахыг Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замд даалгах, Сангийн яамны 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хариу хүргүүлэх тухай 03/10377 дугаар албан бичгийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч хуулийн этгээдүүдээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН