Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 210/МА2021/01057

 

 

 

 

 

А Х ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00945 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч А Х ББСБ ХХК-ийн хариуцагч Д.Б-д холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 42 987 427 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цэрэнжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Халиун нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Д.Б- нь 2019 оны 06 сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 дүгээр хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, 90А байр, 166 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг барьцаалж, 35 000 000 төгрөгийн зээл авах хүсэлт гаргасны үндсэнд 2019 оны 06 сарын 13-ны өдөр сарын 3 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулж, зээлийг олгосон. Нийт 6 450 000 төгрөгийг зээлийн төлбөрт төлсөн ба энэ мөнгө зээлийн хүүнд ч хүрэхгүй байгаа. Улмаар зээлээ төлөхийг удаа дараа шаардсан. 2020 оны 05 сарын 04-ний өдөр хугацаа хэтэрсэн хоногийн зээлийн төлбөр 13 110 000 төгрөг, зээлийн хүү 9 148 751,6 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 62 458,5 төгрөг, нийт 22 321 250,1 төгрөгийг төлж барагдуулах тухай мэдэгдэл хүргүүлсэн боловч ...бөөнд нь төлөх боломжгүй , хугацаа өгөөч... гэж хэлсний дагуу зээлээ төлөх хугацаа өгсөн боловч ...төлөх боломжгүй, мөнгөө өөр зүйлд зарцуулсан... гэх хэлсэн.

Иймд 2020 оны 08 сарын 11-ний өдрийн байдлаар нийт 42 987 427 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Д.Б-гаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2019 оны 06 сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 35 000 000 төгрөгийг бэлнээр авсан. Холбогдох нотлох баримтуудаа бичгээр гаргаж, шүүх хуралдаанд мэтгэлцэнэ. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Б-гаас зээлийн үлдэгдэл 33 356 630 төгрөг, зээлийн хүүнд 8 429 482 төгрөг, нийт 41 786 112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 201 315 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-г шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд барьцаа хөрөнгөний үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 443 087,14 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлд хангагдсан үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 366 881 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагчийн зүгээс Иргэний хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дах хэсэгт заасны дагуу 2021 оны 03 сарын 24-ны өдөр шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлт, 77 хуудас бүхий нотлох баримт гаргаж өгсөн боловч шүүгчийн туслах хүлээж аваагүй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсэгт заасныг анхаарч үзээгүй. Мөн шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан тайлбар гэж үзнэ гэх хуулийн зохицуулалтаар баримт гаргаж өгнө гэсээр байтал нэг талын нотлох баримтуудад үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дуусаагүй.

Зээлийн төлбөрийг төлөөгүй хугацаа хэтрүүлсэн нь цар тахал гарсан буюу давагдашгүй хүчин зүйлээс шалтгаалсан тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

Нэхэмжлэгч А Х ББСБ ХХК нь хариуцагч Д.Б-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 42 987 427 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч тайлбар гаргасан ба уг тайлбарын үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүх хуралдаанд гаргаж, мэтгэлцэнэ гэжээ. /хх 1-2, 36/

 

Талууд 2019 оны 06 сарын 13-ны өдөр З/061319/01 дугаар зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч А Х ББСБ ХХК нь зээлдэгч Д.Б-д 35 000 000 төгрөгийг 30 хоногийн 3 хувийн хүүтэй, гэрээ байгуулсан өдрөөс 2021 оны 06 сарын 09-ний өдөр хүртэл зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийг эргэн төлөх хуваарийн дагуу төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх18-20/ Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Д.Б- нь өөрийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2204050524 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21 хороолол, Үйлдвэрчний эвлэлийн гудамж 90 а байр, 166 тоот хаягт байршилтай 46,36 м.кв талбайтай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан Б/061319/01 дугаартай Зээлийн барьцааны гэрээ байгуулсан. /хх 21-23/

 

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан З/061319/01 дугаартай Зээлийн гэрээ-г Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, банк, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсэгт заасантай нийцсэн, мөн өдрийн Б/061319/01 дугаартай Зээлийн барьцааны гэрээ Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт тус тус заасан шаардлага хангасан талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

 

Дээрх хуулийн хүчин төгөлдөр гэрээний дагуу талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн байх бөгөөд хариуцагч Д.Б- нь гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөр төлөх үүргээ эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, үүргийн зөрчил гаргасан, энэ талаар зээлдүүлэгчээс зээлдэгчид мэдэгдэл хүргүүлсэн /хх 28/ байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээний 7.1.1, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээг цуцалж, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нь зээлийн үндсэн төлбөр, түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй.

 

Нэхэмжлэгч байгууллага нь гэрээний хугацаанд төлөгдсөн эргэн төлөлтөөс нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр суутгасан нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байх тул энэ талаар хуульд нийцээгүй байх тул хариуцагчаас үндсэн зээлийн төлбөр 35 527 040 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүүд төлсөн гэх 170 410 төгрөгийг хасч, үлдэгдэл 33 356 630 төгрөг, түүний хүү 13 236 114 төгрөгөөс төлөгдсөн 4 806 630 төгрөгийг хасч, хүүгийн төлбөрт 8 429 482 төгрөг, нийт 41 786 112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. /хх 29, 53-55/

 

Түүнчлэн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын тухайд хариуцагч маргаагүйн гадна барьцааны гэрээ хуульд заасан шаардлага хангасан тул Д.Б- нь зээлийн гэрээний үүрэгт төлбөр төлөх үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар барьцаа хөрөнгүүдийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаанд оруулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв.

 

Хариуцагч талаас анхан шатны шүүх түүний мэтгэлцэх, шүүх хуралдаанд оролцох, татгалзлаа нотлох баримт гаргах хуульд заасан эрхийг зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангах хууль зүйн үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

 

Учир нь, анхан шатны шүүх хариуцагч Д.Б-д 2020 оны 09 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, түүнд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг танилцуулсан. /хх32-33/ Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 09 сарын 17-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбараа бичгээр гаргасан /хх 36/ байх бөгөөд үүнээс хойш 6 сарын хугацаанд буюу хэргийг хянан шийдвэрлэсэн 2021 оны 03 сарын 24-ний өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Ийнхүү нотлох баримтаа гаргаагүй, шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа оролцоогүй зэрэг нөхцөл байдалд шүүхийг буруутгах, хэргийн оролцогчийн уг эрхүүдийг хязгаарласан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

 

Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үздэг бөгөөд энэхүү үүргийн хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох болон тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч Бат-Амгалангийн эцгийн нэрийг Дэнчин гэж буруу бичсэн байгааг Дэчин гэж залруулан, мөн талуудын маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсгийг тогтоох хэсгийн 1 дэх заалтад баримталсан байгааг хасч, энэ үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 24-ний өдрийн 101/ШШ2021/00945 дугаар шийдвэрийн тодорхойлох хэсгийн Дэнчин гэснийг Дэчин гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 451 дугаар зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Б-гаас зээлийн гэрээний үүрэгт нийт 41 786 112 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч А Х ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 201 315 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулан шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Б-гаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2021 оны 04 сарын 26-ны өдөр төлсөн 367 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР