| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2334000000027 |
| Дугаар | 2024/ДШМ/05 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ДШМ/05
2024 02 01 2024/ДШМ/05
М.Мод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Л.Наранхүү,
Шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар
Нарийн бичгийн дарга Б.Эрдэнэ-Оюун нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 445 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Мод холбогдох эрүүгийн 2334000000027 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
М, 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,
М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүн заводын” 01-01 тоотод иргэн Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мын цагдан хоригдсон 16 /арван зургаа/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Моос 237,450 /хоёр зуун гучин долоон мянга дөрвөн зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч Х олгож,
Хохирогч Х нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: ... Шүүгдэгч М.М нь Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, хохирогчийн цээжин тус газарт өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Шүүхээс шүүгдэгчид 3 жил 6 сар хорих ял оногдуулсанд хүндэдсэн гэж үзэж байна. Хохирогчийг шүүх хуралдаанд дуудаад ирээгүй, оршин суугаа хаяг тодорхой биш байсан юм. Шүүх хуралдаанаас хойш хохирогчийн дансыг олж гэм хорын хохирол 500.000 төгрөгийг хийж хохиролгүй болгосон. Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдэж чин санаанаасаа гэмшиж байгаа хохирлыг бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэж хорих ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү. Шүүгдэгч жолооч мэргэжилтэй, хавар намартаа хадлан тариалалтын ажилд явж торгуулийг бүрэн төлөх боломжтой гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Л.Наранхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч М.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийнхөө гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч М.Мод холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах шатны гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч М.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 27-ны орой Төв аймгийн Баянчандмань сумын Замт 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Сүүн заводын” 01-01 тоотод иргэн Хтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар цээжин тус газар нь хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт цугларсан
Хохирогч Хгийн: “...би ...гарах гэтэл Дэлгэртогтох миний араас пиавар улаан өнгийн сандлаар нуруу хэсэг рүү нэг удаа цохиод би хаалгаар гараад унатал миний араас М гарч ирээд миний цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөөд би босох гэтэл Дэлгэртогтох баруун гар талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. ...Би босоод Мын хашаанаас зугтаад гартал ...Энхтайван гэх хүүхэд гүйж ирээд дахиад намайг араас дэгээдэн унагасан. Тэгтэл Дэлгэртогтох миний баруун нүдний хөмсөг хэсэг рүү нэг удаа өшиглөөд ...явцгаая гээд намайг гудамжинд орхиод явсан... миний баруун 4 дүгээр хавирга хугараад, уушгиа гэмтээж баруун гялтангийн хөндийд хий хуралдалт үүссэн... ...намайг газар унах үед М нь миний цээжний баруун хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тухайн үед миний хавирга хугарах шиг цээж амьсгалж болохгүй тэрүүхэн тэндээ сонин болсон. Мөн Дэлгэртогтох нь цээжний баруун гар талын хавирга хэсэг рүү нэг удаа өшиглөсөн тухайн үед бол нээх өвдөөгүй. ...Миний баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлийг Дэлгэртогтох учруулсан. Тухайн үед нэг удаа өшиглөсөн юм. Хамаг зодоон ...Моос болсон....” /хх 6-8, 10/ гэх,
Насанд хүрээгүй гэрч Д.Дэлгэртогтохын: “...М ах Х гэх ахтай маргалдаж чи Баянчандманьд байдаг юм уу би чамайг мэдэхгүй юм байна гээд маргалдаж эхэлсэн. ...Х за би явлаа энд удах юм бол би та хэдтэй зодолдох юм байна гээд босоод гэрээс гарах гэтэл нь би Мын гэрт байсан улаан өнгийн сандлаар Хгийн далан дундуур цохисон. Тэгтэл Х гэрээс гараад газар унасан чинь М ах гэрээс гарч гүйж ирээд Хг босох гээд гараараа тулаад дөрвөн хөллөөд байж байтал нь цээж рүү нь ирж өшиглөөд дахиад унагасан. Тэгсэн Х дахиад босож ирэх гээд байхаар нь би баруун талын суга нь доогуур нь доороос нь өлгөөд нэг удаа цээж рүү өшиглөөд, тэгтэл Х босоод хашааны хаалга чиглээд зугтаад гүйсэн чинь манай найз Энхтайван Хгийн араас нь хавсраад унагасан. Тэгтэл Х нүүрээр газар мөргөөд унасан. ...би ардаас нь ирээд Хгийн толгой хэсэг рүү нь дахиад нэг удаа өшиглөөд байж байтал М ирээд Хг чи цагдаа шүүх гэж маяглахгүй юм байгаа биз дээ цагдаа шүүх гэх юм бол өөрөөр ярина шүү гэж хэлээд наадхаа явуул гэтэл Очиржанлав Хг унагах гээд ...унагаж чадаагүй. Тэгэхээр нь би одоо боль ...явцгаая гээд М ахын гэрт орсон...” /хх-н 20-22/ гэх,
Насанд хүрээгүй гэрч Б.Энхтайваны: “...М, Х гэх ахтай ...маргалдаж эхэлсэн. ...Дэлгэртогтох ...улаан өнгийн сандлаар Х гэх ахын нуруу хэсэг рүү нэг удаа цохитол Х гэх ах гэрийн хаалгаар гараад унасан. ...Х ...босохгүй болохоор нь би холдуулах гээд Хгийн араас нь бөгс хэсэг рүү нэг удаа өшиглөсөн. Тэгтэл М ах гэрээс гарч ирээд Х гэх ахыг газар хэвтэж байхад нь цээж хэсэг рүү нь бас өшиглөж байтал гэрээс Дэлгэртогтох мөн гарч ирээд дахиад Хгийн нуруу цээж хэсгийг хавсраад нэг удаа өшиглөсөн чинь Х босоод зугтаад ...миний хөлд тээгэлдэж бүдрээд унасан чинь Дэлгэртогтох араас нь гүйж ирээд Хгийн баруун нүд хэсэг рүү нь өшиглөөд ...М ах цаанаас ирээд одоо болно гэж хэлээд тэгсэн Х хашаанаас гараад зугтсан...” /хх-н 28-29/ гэх,
Насанд хүрээгүй гэрч Б.Очиржанлавын: “...Х гэх ах гэрээс гараад явлаа гэсэн чинь Дэлгэртогтох ...улаан өнгийн сандлыг аваад араас нь цохисон. Тэгтэл Х гэрийн хаалгаар гараад унасан. ...Х босоод зугтаахаар нь ...Энхтайван араас хавсраад унагаад ...дээрээс нь 2 удаа бөгс хэсэг рүү өшиглөж байгаа харагдсан. ...Тэгээд М наадхаа явуул гэхээр нь би нэг удаа хавсраад унагая гэж бодоод хавсарсан чинь унагаж чадаагүй. Тэгсэн Дэлгэртогтох намайг унагаж чадахгүй байж боль явцгаая гээд тэгээд яваад Мын гэрт очсон тэгээд тэдний гэрээс гараад би гэртээ харьсан юм...” /хх-н 36/ гэх,
Гэрч Ч.Амартүвшингийн: “...би Мын гэрийн баруун талын ор налж хэсэг зүүрмэглэж тэгтэл Мын дүү Догоо над руу уурлаж юм авч шидээд байхаар нь би сэрээд гэрээс нь явлаа гээд гараад гадаа байж байтал намайг нэг хүн тонгорч унагах шиг болоод би унаад босоод иртэл Х миний хажууд намайг аллаа болиоч ээ гэхээр нь би очоод та нар боль хүн аллаа гээд Хгийн дээрээс дараад хэвттэл Хг цохиж байгаад салаад явсан. Би тэгээд Хгийн дээрээс босоод шууд гэр рүүгээ явсан. Х мөн гэр рүүгээ бид хоёр хоёр тийшээ салаад явсан. Би нэг мэдсэн гэртээ харьсан байсан юм. Би тухайн үед их согтсон байсан учраас сайн санахгүй байна.” /хх-н 40-42/ гэх,
Гэрч У.Наранцэцэгийн: “...манай гэр рүү хамт Амартүвшин, Х нартай ороод дэлгүүрээс авсан архийг уух санаатай сууж байтал гаднаас М, дүү Дэлгэртогтох, түүний найз нарыг дагуулсан гэртээ араас орж ирээд тэгээд манай гэрт нөгөө архийг хувааж ууж байгаад М Амартүвшин гэх залуу руу агсарч эхлэн хэрүүл болж байгаад Х гэрээс явлаа гээд гарах гэтэл Дэлгэртогтох Хгийн араас манай гэрт байсан пиавар улаан өнгийн сандлаар Хгийн араас цохихоор нь би боль гэсэн чинь миний үгэнд орохгүй манай гэрээс гараад Хг зодоод байх шиг байсан. Би тухайн зодоон болж байхад гэртээ байж байсан. Манай гэрт архиа хувааж ууж байгаад маргалдсан. Юунаас болж маргалдсаныг мэдэхгүй байна.” /хх-н 46-47/ гэх,
Шинжээч Л.Бямбатуяагийн: “Хохирогч Хгийн биед учирсан баруун 4 дүгээр хавирганы хугарал, баруун гялтангийн хөндийд хий хугаралт /цээжний баруун гялтангийн хөндийд гуурс байрлуулах ажилбар/ зэрэг нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь нэг удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Харин баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь нэг
ба түүнээс дээш удаагийн хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-н 57/ гэх мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 35 дугаартай шинжээчийн: “1.Хгийн биед баруун 4-р хавирганы хугарал, баруун гялтангийн хөндийд хий хуралдалт /цээжний баруун гялтангийн хөндийд гуурс байрлуулах ажилбар/, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд зулгаралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал, бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-н 52-54/ гэх,
Төв аймгийн Шүүх шинжилгээний албаны 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 дугаартай шинжээчийн: “Хгийн биед баруун 4-р хавирганы хугарал, баруун гялтангийн хөндийд хий хуралдалт цээжний баруун гялтангийн хөндийд гуурс байрлуулах ажилбар бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай гэмтэлд хамаарах тул гэмтлийн хүнд зэрэг, баруун хөмсөгт шарх, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн нүдний доод зовхи, дотор буланд цус хуралт, баруун нүдний дээд доод зовхи зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь нийлээд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг, баруун нүдний дээд, доод зовхи, дээд уруулд зулгаралт бүхий гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.” /хх-н 59-62/ гэх дүгнэлтүүд,
Хгийн өвчний түүх /хх-н 121/, гэмтлийн эмчийн үзлэг /хх-н 125-129/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авианы оношилгоо /хх-н 130/, эмнэлгээс гарах, шилжих үеийн эпикриз /хх-н 132/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Прокуророос шүүгдэгч М.Мод холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
4. Шүүгдэгч М.Мод холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч М.Мын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний хүрээнд 3 жил 6 сар хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн байна.
7. Шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нь “М.Мод анхан шатны шүүхээс оногдуулсан ял хүндэдсэн учир түүний анх удаа гэмт хэрэг үйлдэж чин санаанаасаа гэмшсэн, хохирлоо бүрэн төлж барагдуулсан байдлыг харгалзан хорих ялыг торгох ялаар сольж өгнө үү” гэх утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
8. Хэдийгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн этгээдэд арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилж, уг зүйл, хэсэгт оногдуулах торгох ялын хэмжээг 10,000,000 төгрөгөөс 40,000,000 төгрөг хүртэл байхаар тогтоосон ч шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжтой байдлыг нотолсон буюу шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, шүүгдэгч М.М нь шүүхээс оногдуулах торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлэх эдийн засаг, санхүүгийн боломжтой гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Мод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ял оногдуулсан нь гэмт хэрэг, түүнд хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуулиар тодорхойлох хууль ёсны зарчим, эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.
8. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Мын өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.
9. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн тул шүүгдэгч М.Мын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/445 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 01-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТҮВШИНТӨГС
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ