| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 102/2021/00086/И |
| Дугаар | 210/МА2021/01071 |
| Огноо | 2021-07-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2021/01071
М ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01217 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан цементийн үнэ 38 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ишинноров, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Золжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Мягмарцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: М ХХК нь хариуцагч Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б-той 2017 оны 12 сарын 22-ны өдөр харилцан тохиролцож, Б ХХК нь нэхэмжлэгчид 72 000 000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрийн өмнөөс Эко констракшн ХХК-д 72 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал буюу гадна талын плита, хар замаск, дотор хар замаск нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн.
Нэхэмжлэгч нь тохиролцсон ёсоор 72 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг хариуцагчийн нэрийн өмнөөс Эко констракшн ХХК-д 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлсэн. Харин Б ХХК нь 2018 оны 03 сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд 33 125 000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлж, үлдэгдэл 38 875 000 төгрөгийн үнэ бүхий цементийг нийлүүлээгүй.
Ц.Б-той 2018 оны 06 сарын 29-ний өдөр тооцоо нийлж, дээрх үнэ бүхий цемент нийлүүлэх үүргээ хэзээ, хэрхэн биелүүлэх талаар баримт үйлдсэн бөгөөд тухайн тохиролцоонд эхний ээлжид 2018 оны 06 сард багтаан 18 875 000 төгрөгийн НӨАТ-ын баримт шивнэ гэж тохиролцсон боловч цемент огт нийлүүлээгүй. Бидний зүгээс удаа дараа утсаар болон биечлэн уулзаж шаардсан боловч цементийг нийлүүлэхгүй байгаа тул 222.14 тонн цементийн үнэ 38 875 000 төгрөгийг хариуцагч Б ХХК-аас гаргуулж өгнө үү.
Хариуцагч компанийн гүйцэтгэх захирал нь Ц.Ү- болох нь хэргийн 6, 21, 56, 59, 61 дэх талд авагдсан байгаа баримтуудаар тогтоогдсон тул Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3 дахь хэсэгт зааснаар түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан. Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2018 оны 11 сарын 01-ний өдрийн А/420 дугаартай тушаалд зааснаар бол гүйцэтгэх удирдлагыг сольж өөрчлөхөд А/5 маягт бөглөж хувьцаа эзэмшигчийн шийдвэр тогтоол, эрх бүхий байгууллагын зөвшөөрөл, тэмдэгтийн хураамж, улсын бүртгэлийн гэрчилгээ эх хувиар авчирсан тохиолдолд гүйцэтгэх удирдлагыг солино. Хариуцагчаас гаргасан ажлаас гарсан талаарх нотлох баримт хуулийн шаардлага хангахгүй. Ерөнхий захирал Ц.Б- түүнийг ажлаас халсан гэж тайлбарлах боловч нотлох баримт шинжлэн судлах явцад ерөнхий захирал гэсэн ойлголт байхгүй байна. Иймд Б ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Ү- тухайн хариуцлагыг хүлээх үүрэгтэй. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8 дахь хэсэгт зааснаар компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд нь өнөөдрийн байдлаар Ц.Ү- байна.
Талуудын хооронд байгуулсан гэрээний хувьд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ хийгдсэн. Уг гэрээг амаар байгуулах боломжтой. Иргэний хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1.1-д зааснаар Б ХХК-ийн нэрийн өмнөөс М ХХК нь Эко констракшн ХХК-д хар замаск, дотор замаск нийлүүлж, Б ХХК 33 125 000 төгрөгийн үнэ бүхий цементийг М ХХК-д нийлүүлсэнд маргаагүй. Нэхэмжлэгчийн зүгээс алданги, хүү нэхэмжлээгүй, үндсэн төлбөр 38 875 000 төгрөгийг нэхэмжилсэн. Хавтас хэргийн 9-10 дахь талд авагдсан тооцооны үлдэгдлийн баримтаас харахад Б ХХК-ийн өмнөөс бараа нийлүүлсэн нь харагддаг. Б ХХК, М ХХК-д төлбөр төлөх үүрэгтэй гэдэг нь хэргийн 12-13 дахь талд байгаа баримтаар тогтоогдоно. Мөн 18 875 000 төгрөгийн НӨАТ-ын баримтыг 2018 оны 06 сард багтаан шивнэ гэсний дагуу шивсэн нь Б ХХК нь М ХХК-д 38 875 000 төгрөгийн цемент нийлүүлэх ёстой гэсэн үүргийг баталгаажуулж байгаа хэлбэр юм. Хариуцагчаас гаргаж байгаа хөдөлмөрийн гэрээ, нууцын гэрээг хүчин төгөлдөр гэж үзэх үндэслэл байхгүй. Тухайн компанийн тамга, тэмдгээр батлагдсан зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Ц.Ү- нь 2017 оноос 2019 оны хооронд Б ХХК-ийн ерөнхий менежер, гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад 2019 оны 08 сарын 16-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан. Б ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд бүртгэгдсэн нэрээ хасуулах гэсэн боловч хувьцаа эзэмшигч Ц.Б-ын хүсэлт байх ёстой гэсэн шалтгаанаар одоог хүртэл нэрээ хасуулж чадаагүй. Одоо Ц.Б-ын найз н.Заяабаяр гэдэг хүн тус компанийн үйл ажиллагааг явуулж байгаа. Тэр хүнтэй холбогдож хэдэн нотлох баримт авсан. Ц.Б-той холбоогүй болсон.
Иймд М ХХК-тай холбоотой асуудлыг мэдэхгүй. Хариуцагч Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ц.Б- хариуцагч тул Ц.Ү-д хамааралгүй. Б ХХК-ийн зүгээс харахад энэ мөнгийг хариуцах ёсгүй байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 274 дугаар зүйлийн 274.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн хариуцагч Б ХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүрэгт 38 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 352 325 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй юм. Хариуцагч нь нэхэмжлэгчид цемент нийлүүлэх, нэхэмжлэгч нь хариуцагчийн нэрийн өмнөөс Эко констракшн ХХК-д барилгын материал нийлүүлэх үүргийг тус тус хүлээж Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1, 196.1.5-д тус тус зааснаар гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь 72 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материалыг Б ХХК-ийн нэрийн өмнөөс Эко констракшн ХХК-д 2017 оны 12 сарын 22-ны өдрөөс 2018 оны 03 сарын 23-ны өдрийг хүртэл хугацаанд нийлүүлж, энэ тухай тооцооны үлдэгдлийн баталгаа үйлдсэн мөн тухайн тооцоо нийлэх баталгаанд байгууллагын нэр дээр М ХХК буюу (Б ХХК) гэсэн байдаг.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар Б ХХК-аас 33 125 000 төгрөгийн цементийг М ХХК-д шилжүүлсэн талаар талууд маргаангүй байдаг. Харин үлдэгдэл 38 875 000 төгрөгт маргадаг. Б ХХК нь маргаан бүхий мөнгөн дүнг шилжүүлэх талаар урьдчилан амлалт өгсөн болох нь хэргийн 14,15 дахь талд авагдсан НӨАТ-ын баримт зэргээр нотлогддог. НӨАТ-ын баримт нь манай үйлдсэн баримт биш бөгөөд төрийн цахим системийн дагуу Б ХХК-аас шивсэн баримтыг хэвлэж шүүхэд өгсөн. Энэ нь хэргийн 13 дахь талд авагдсан Б ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн гаргасан төлбөр төлөх тохиролцоотой таарч байгаа болно. Хариуцагч компанийн хувьцаа эзэмшигч Ц.Б-той 2018 оны 06 сарын 14-ний өдөр тооцоо нийлж, үлдэгдэл 38 875 000 төгрөгийн үнэ бүхий цемент нийлүүлэх үүргээ хэзээ биелүүлэх талаар баримт үйлдсэн бөгөөд тухайн тохиролцоонд эхний ээлжид 06 сард багтаан 18 875 000 төгрөгийн НӨАТ-ын баримт шивнэ гэж тохиролцсоны дагуу НӨАТ-ын баримт хийгдсэн. Харин 07 сард багтаан 20 000 000 төгрөгийн НӨАТ-ын баримт хийх, 07 сарын 20-ны өдрөөс 30-ны өдрийн дотор 40 тн, 08 сарын 12-ны өдрөөс 15-ны өдрийн дотор 40тн, 08 сарын 15-30-ны өдрийн дотор З0 тн, 09 сард 50 тн, 10 сард 50 тн цемент нийлүүлнэ гэсэн үүргээ биелүүлээгүй нэхэмжлэгчийг хохироож байна.
Нэхэмжлэгч өөрт байгаа бүхий л баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд Б ХХК-ийн зүгээс нэхэмжлэлийн татгалзлаа нотолсон баримт гаргаагүй байтал анхан шатны шүүх нэхэмжлэгчийг хохироосон шийдвэр гаргаж байгаад гомдолтой байна. Захирал Ц.Ү-аас дээрх төлбөрийг гаргуулах гээгүй, Б ХХК-аас төлбөрийг гаргуулахаар нэхэмжилсэн. Шүүх хуралдааны явцад Ц.Ү- маргааны талаар мэдэхгүй, төлбөр төлөхгүй гэх бодитой татгалзал хэлж чадаагүй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч Б ХХК-д холбогдуулан барилгын материалын үлдэгдэл төлбөр болох 38 875 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж /хх 1/, үндэслэлээ Б ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц.Б-той 2017 оны 12 сарын 22-ны өдөр амаар гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн өмнөөс Эко констракшн ХХК-д 72 000 000 төгрөгийн үнэ бүхий барилгын материал нийлүүлэх, хариуцагч нь нэхэмжлэгч компанид уг үнийн дүнгээр цемент нийлүүлэх үүргийг тус тус хүлээсэн. Нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу Эко констракшн ХХК-д барилгын материал нийлүүлэх үүргээ биелүүлсэн боловч хариуцагч нь нэхэмжлэгчид 33 125 000 төгрөгийн цементийг нийлүүлж, үлдэгдэл цементийг нийлүүлээгүй тул барилгын материалын үнэ 38 875 000 төгрөгийг гаргуулна гэх агуулгаар тайлбарласан байна. /хх 84-86/
Хариуцагч Б ХХК-ийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Ц.Ү- нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ гүйцэтгэх захирлын ажлаас 2019 оны 08 сарын 16-ны өдөр чөлөөлөгдсөн тул төлөөлөх эрхгүй, тодорхой шалтгааны улмаас улсын бүртгэлээс нэрээ хасуулж чадаагүй, компанид холбогдох асуудал нь хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал Ц.Б-т хамааралтай, компанийн зүгээс тайлбарлавал төлбөр төлөх үндэслэлгүй гэжээ. /хх 39-40, 84-86/
Зохигчдын дээрх тайлбар, хэрэгт цугларсан Б ХХК-ийн лавлагаа, дүрэм, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргээс үзвэл, талууд 2017 оны 12 сарын 22-ны өдөр гэрээ байгуулсан харин Ц.Ү- нь уг гэрээг байгуулах үед тус компанийг төлөөлөх эрхтэй байсан эсэх, одоо хариуцагч компанийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжтой эсэхийг тодруулаагүй. Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагч компанийг төлөөлөн Ц.Б- гэрээ байгуулсан гэж нэрлэн заасан, мөн уг гэрээний үүргийг тус компанийн өмнөөс Эко констракшн ХХК-д нийлүүлсэн талаар тайлбарласан байхад шүүх дээрх этгээдүүдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах шаардлагатай эсэхийг тодруулаагүйн улмаас хэргийн оролцогчийн эрх зүйн байдал тодорхой бус байна.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний үүргийн харилцаа үүссэн талаар дүгнэлт хийхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, түүнд хамаарах гэрээгээр хэн, хэний өмнө ямар эрх, үүрэг хүлээж байгааг тодруулаагүй. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хариуцагчийн бусдын өмнө хүлээсэн үүргийг гүйцэтгэсэн гэх агуулгаар шаардлагаа тодорхойлж, энэ талаарх Тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн баримтыг хэрэгт хавсаргасан байна. Үүнээс үзвэл, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах гэрээ нь үүрэг шилжүүлэн гүйцэтгэсэн гэрээ, эсхүл холимог гэрээ эсэхийг тодорхойлох боломжгүй байна.
Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан гэрээ хүчин төгөлдөр тохиолдолд талууд тодорхой хөрөнгийг харилцан өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээхээр заасан. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагчийг цемент нийлүүлэх үүргээ биелүүлээгүй гэх агуулгаар тайлбар гаргасан атлаа барилгын материалын үлдэгдэл төлбөр гэж мөнгөн хөрөнгө шаардсан. Шүүх нэхэмжлэгчийг ямар үндэслэлээр мөнгөн хөрөнгө шаардаж байгаа талаар тодруулж, талуудыг мэтгэлцүүлсний үндсэн дээр энэхүү иргэний хэрэг шийдвэрлэгдэх учиртай.
Давж заалдах шатны шүүхээс талуудын анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд маргааны үйл баримтын талаар болон нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон дахин шийдвэрлүүлэхээр буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 13-ны өдрийн 102/ШШ2021/01217 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч талаас 2021 оны 06 сарын 10-ны өдөр төлсөн 352 325 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР