Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 433

 

                                  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч Ч.Батбаяр,

        хохирогч Ц.Нямаа,

        шүүгдэгч З.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З.А-д холбогдох эрүүгийн 1706 03803 0340 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Дангийн 6 тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар НИ76082815, хэрэг хариуцах чадвартай, Б овогт З-ийн А.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч З.А нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Нямаа, төрсөн эх Б.Зандармаа нарыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З.А мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Нямаа мэдүүлэхдээ: “…Надад гомдол

санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэв.

 

         Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч

Ц.Нямаагийн өгсөн мэдүүлэг /хх-19-20/, хохирогчийн аюулын эрсдлийн үнэлгээ /хх-27/, цагдаагийн сангийн мэдээлэл /хх-32-39/, захиргааны шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэврийн хуулбарууд /хх-40-42/, шүүгдэгч З.А-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-48/, шүүгдэгч З.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-24/, шүүгдэгч З.А-ын ял шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч З.А нь 2017 оны 9 дүгээр сарын 2-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ц.Нямаа, төрсөн эх Б.Зандармаа нарыг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:

 

        Мөрдөн байцаалтад хохирогч Ц.Нямаагийн өгсөн: “….Би З.Атай 2008 онд гэрлэлтээ батлуулж гэр бүл болж өнөөдрийг хүртэл амьдарч байна. Бид хоёрын дундаас 1 охин төрсөн. Бид хоёр гэр болж амьдарч эхэлсэн цагаас хойш З.А нь архи ихээр ууж ар гэртээ агсам согтуу тавьдаг байсан. Надтай нийлэхээс өмнө архи их уудаг байсан байна лээ. Энэ хугацаанд цагдаагийн байгууллагад олон удаа хандаж эрүүлжүүлж, баривчлуулж байсан. 2017 оны 2 сард болон 5 сард тус тус 2 удаа агсам согтуу тавьж гэр бүлийн хүчирхийллийн тухай хуулиар арга хэмжээ авахуулж баривчлуулж байсан. Улмаар 9 сард дахин агсам тавьж цагдаад дуудлага өгсөн.” /хх-19-20/ гэх мэдүүлэг,

          Мөрдөн байцаалтад З.А-ын яллагдагчаар өгсөн: “…Би 2000 оноос хойш архи ихээр уух болсон. Архи уух болсон шалтгаан нь намайг тухайн үед нэг эмч бие муу, удахгүй үхнэ” гэж хэлж байснаас болж сэтгэлээр унаж гэр бүлийхэндээ хэлэлгүйгээр архи уудаг болж улмаар архинд дуртай болсон. Өнгөрсөн жилийн хугацаанд архи ууж өөрийн гэр бүлийхэндээ агсам тавьж улмаар 2 удаа захиргааны арга хэмжээ авч баривчилгаанд явсаны дараагаар дахин ийм асуудал гаргаж цагдаагийн байгууллагдан хүргэгдэж ирсэн.” /хх-48/      

          -Хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ /хх-27/,

          -Цагдаагийн сангийн мэдээлэл /хх-32-39/,

          -Захиргааны шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэврүүд /хх-40-43/,

          -Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-21/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зоддог болохоо өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн аюулын зэргийн үнэлгээ, цагдаагийн сангийн мэдээлэл, захиргааны шийтгэл оногдуулсан шүүхийн шийтгэврүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар

тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч З.А-ын гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир

түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.Нямаа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь шүүгдэгч З.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгч З.А-д эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар З.А-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч З.А-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

 

Шүүхээс шүүгдэгч З.А-д оногдуулсан хорихыг ялыг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.

Шүүгдэгч З.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт З-йн А-ыг гэр бүлийн хамаарал бүхий хүнийг байнга зодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар З.А-д 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч З.А-д оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, З.А нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.           

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

З.А-д урьд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тооцсугай. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З.А авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС