| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2015/0212/З |
| Дугаар | 629 |
| Огноо | 2016-09-07 |
| Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 629
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн тавдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатарын Цэцэгмаа,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7, Нийслэлийн Засаг дарга,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3 Ц.Жигжиджавын гудамж-9, Чингэлтэй дүүргийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: Магсарын Энхбаатар,
Гуравдагч этгээд: Л.Хүрэлбаатар,
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн М.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулж, иргэн Л.Хүрэлбаатарыг хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгох”,
Шүүх хуралдаанд: Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Наранбаатар, хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Одгэрэл, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Цэцэгмаа 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие нь С.Цэцэгмаа нь нөхөр, хүү, охины хамт ам бүл дөрвүүлээ амьдардаг. Бага охин 2 нас 4 сартай н.Намууныг харж, тодорхой эрхэлсэн ажилгүй том ахындаа амьдардаг. Миний бие Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар захирамжаар 602 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмших эрх үүсч, эзэмшлийн 000511738 тоот гэрчилгээтэй хууль ёсны эзэмшигч билээ. Миний эзэмшлийн 602 м.кв газар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, “Дэнж” 42 дугаар гудамжны 612 тоотод байрладаг.
Миний анхны болох 2014 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн кадастрын зурагт талбайн хэмжээ 596,0 м.кв гэж байдаг. Гэтэл надад олгосон гэрчилгээнд дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар захирамжаар эзэмших газрын хэмжээ 602 м.кв гэсэн байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газарт өргөдөл гаргахад 2014 оны 6 дугаар сарын 04-ний өдөр талбайн хэмжээ 605.3 м.кв гэж гарч ирсэн.
Миний бие 2014 оны 7 дугаар сарын 03-ны өдөр эзэмших гэрчилгээгээ албан ёсоор авахад газрын талбайн хэмжээ зөрчихсөн байна гэдгийг газар зохион байгуулагч н.Өлзийхишигт тэр дор нь хэлсэн боловч, зүгээр санаа зоволтгүй гээд тоогоогүй. Энэ үеэс эхлэн миний газар эзэмших гэрчилгээ хажуу айлын газарт гарчихсан байсныг мэдэж албан ёсоор Чингэлтэй дүүргийн газрын албанд өргөдөл бичиж өдийг хүрсэн.
Чингэлтэй дүүргийн Засаг дарга н.Ганболдод өргөдөл бичиж өгсөн, мөн орлогч н.Мөнхбат даргатай хэд хэдэн удаа биечлэн уулзаж учир байдлаа хэлсэн. М.Энхбаатарыг яаж, хэнээс уг газрыг эзэмших болон өмчлөх эрхээ авсан юм, утас нь ч холбогдохоо больсон. Ингээд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Өмч, газрын харилцааны албанд удаа дараа бичгээр хандахад 2016 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 82 тоот албан бичгээр шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүл гэсэн хариуг авч тус шүүхэд хандаж байна.
С.Цэцэгмаа би өөрийн газраа авахад М.Энхбаатарын өмчлөлийг хүчингүй болгож байж, миний өөрийн газрын эзэмших гэрчилгээг зөв гаргаж өгөх боломжтой байна. Манай газар зохион байгуулагч ажлын алдаа гаргасан байна гэсэн. Иймд Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/858 дугаар захирамжийн М.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд иргэн С.Цэцэгмаагийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 868 дугаар захирамжийн иргэн М.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.
Иргэн С.Цэцэгмаад Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 тоот шийдвэрийг үндэслэж Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-612 тоот 602 м.кв хашааны газрыг 5 жилийн хугацаатай ахуйн зориулалтаар эзэмшүүлж 511738 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Иргэн С.Цэцэгмаагийн газар эзэмших эрхийн гэрчилгээн дээр тухайн газрын нэгж талбарын дугаар нь бичигдээгүй байна.
Иргэн Магсарын Энхбаатарт Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-611 тоот 602 м.кв хашааны нэгж талбарын 18641313262756 дугаартай газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 тоот шийдвэрээр газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 510946 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна. Дүүргийн Засаг даргын эрх хэмжээнийхээ хүрээнд эзэмшүүлсэн захирамж дээр үндэслэж нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж шийдвэрлэсэн байна.
Манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зургийг сансрын зурагтай давхцуулсан зургаас харахад маргаан бүхий газрууд нь тус тусдаа байршилтай байгаа бөгөөд талуудын газар эзэмших тухай хүсэлтэд нэхэмжлэгч иргэн С.Цэцэгмаагийн хаяг нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-612 тоот, иргэн М.Энхбаатарын 18641313262756 нэгж талбарын дугаартай хашааны газар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-611 тоот хаягтай иргэн С.Цэцэгмаагийн хажууд байрлаж байна.
Иймд иргэн С.Цэцэгмаагийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны 868 дугаар захирамжийн иргэн М.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.
Гуравдагч этгээд М.Энхбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Тус шүүхэд иргэн С.Цэцэгмаагийн гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868 дугаар захирамжийн М.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн аваад тайлбар гаргаж байна.
Шүүх нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч 2016 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 2127 тоот шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн байх ба нэхэмжлэлийн шаардлагаас үүдэн Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар миний эрх хууль ёсны эрх ашиг сонирхол илтэд зөрчигдөж, гуравдахь этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийн эрхээ хамгаалан оролцож байна.
М.Энхбаатар миний бие Чингэлтэй дүүргийн 10 хороо, Дэнжийн 42 дугаар гудамж, 611 тоотод амьдардаг, өөрийн амьдарч байгаа 602 м.кв талбай бүхий хашааны газраа Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн дагуу 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр олгогдсон Г-22020415405 дугаарт бүртгэгдсэн 00303626 дугаар газар өмчлөх эрхийн улсын гэрчилгээтэй, хууль ёсны өмчлөгч билээ.
Миний бие 18641313262756 нэгж талбар бүхий 602 м.кв талбай бүхий газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дугаар захирамжийн үндсэн дээр эзэмшиж байгаад Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868 дугаар захирамжаар өмчлөх эрхтэй болж өнөөдөр хүртэл тухайн газар дээрээ амьдарч байна.
Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А\190 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 10 хороо, 42-611 тоотод М.Энхбаатар надад 18641313262756 нэгж талбар бүхий газар эзэмших эрх олгож баталгаажсанаас хойш дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар захирамжаар 10 хороо, 42-612 тоотод байрлах нэгж талбарын дугааргүй газрыг нэхэмжлэгч С.Цэцэгмаад эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.
Би бусдын эзэмшил, өмчлөлийн газар дээр амьдраагүй, нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, ямар нэгэн байдлаар зөрчөөгүй билээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Цэцэгмаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн хариу тайлбартаа М.Энхбаатарт 602 м.кв газрыг Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/190 дугаар захирамжаар эзэмшүүлж 2014 оны 6 дугаар сарын 09-ны өдөр 510946 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон гэжээ.
Иймд Чингэлтэй дүүргийн Засаг даргын А/190 дугаар захирамжийн М.Энхбаатарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Хариуцагч Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Одгэрэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэнж 42-611 тоот иргэн М.Энхбаатарт өмчлүүлсэн газрыг хүчингүй болгох тухай иргэн С.Цэцэгмаагийн нэхэмжлэлд дараах тайлбар хүргүүлж байна.
Иргэн М.Энхбаатарт иргэний гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар тус газрыг өмчлүүлэхдээ Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т “Өмчилж авах газрын зориулалт, хэмжээ” мөн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 21,1-д “Иргэнд газар өмчлүүлэх эрх бүхий Засаг дарга иргэний гаргасан өргөдөл, тухайн иргэн энэ хуульд заасны дагуу газрыг өмчилж авах эрх бүхий этгээд болохыг нотолсны үндсэн дээр түүнд газар өмчлүүлэх тухай захирамж гаргана” гэж заасны дагуу дээрх иргэн газар өмчлүүлсэн байна.
Мөн С.Цэцэгмаад Дүүргийн Засаг даргын 2014 оны А/233 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасны дагуу эзэмшүүлсэн болно.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч С.Цэцэгмаа нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: “...Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/233 дугаар захирамжаар Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-612 тоотод 602 м.кв талбайг эзэмших эрхийн гэрчилгээг олгосон. Гэтэл энэ газар дээр Л.Хүрэлбаатар гэх хүн давхцаж буусан тул хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Гуравдагч этгээд Л.Хүрэлбаатар шүүхэд гаргасан тайлбартаа: “...Лхагва овогтой Хүрэлбаатар миний бие Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны Дэнжийн 42-609 тоотод оршин суугч бөгөөд энэ газарт 2003 оноос хойш 13 жил амьдарч байгаа. Эхнэр С.Загдаа 74 насандаа 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдөр нас барж хүнд гарз тохиолдоод байна. 49 хоног ч болоогүй байгаа учир хүн амьтантай муудалцаад баймааргүй байна. С.Цэцэгмаа миний газар дээр марган, гэрчилгээ бичиг баримтыг хүчингүй болгуулах хүсэлттэй байна. С.Цэцэгмаа гэдэг хүн нь нэг ч удаа үзэгдэж харагдаж байгаагүй энд амьдардаггүй учир айлын хашаа үзүүлж газрын албыг хуурч мэхэлсэн залилагч этгээд болох нь мэдэгдэж байна. Олон жил амьдарч байгаа газраа алдмааргүй байгаа учир шударга шүүн үнэн зөвийг олж өгнө гэдэгт итгэж байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч нь “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн М.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах, иргэн Л.Хүрэлбаатарыг хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгох” гэж Нийслэлийн Засаг дарга болон Чингэлтэй дүүргийн Засаг даргад холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсныг шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар, мэдүүлэг зэргийг үндэслэн доорх нөхцөл байдал тогтоогдсон тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож үлдсэнийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн М.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Иргэн М.Энхбаатар нь 2013 оны 2 дугаар сарын 24-ний өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамжны 611 тоот газрыг эзэмших тухай хүсэлтээ тус хорооны Засаг даргаар уламжлуулан Чингэлтэй дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасны дагуу дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжаар нэгж талбарын 18641313262756 дугаартай газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж, 2014 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 510946 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон байна.
Улмаар иргэн М.Энхбаатар нь газар өмчилж авах тухай хүсэлтээ 2014 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргад гаргасны дагуу Засаг даргын 2014 оны А/868 дугаар захирамжаар гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлж шийдвэрлэжээ.
Мөн иргэн С.Цэцэгмаа нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42 дугаар гудамж 612 тоот газрыг эзэмшиж авах тухай хүсэлтийг гаргасны дагуу тус дүүргийн Засаг даргын 2014 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн А/233 дугаар 5 жилийн хугацаатай эзэмшүүлсэн гэх 000511738 дугаартай газар эзэмших гэрчилгээг олгосон байна.
Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Төмөрбаатар шүүхэд ирүүлсэн тайлбартаа “....Манай мэдээллийн сан дахь газрын байршлын кадастрын зургийг сансрын зурагтай давхцуулсан зургаас харахад маргаан бүхий газрууд нь тус тусдаа байршилтай байгаа бөгөөд талуудын газар эзэмших тухай хүсэлтэд нэхэмжлэгч иргэн С.Цэцэгмаагийн хаяг нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-612 тоот, иргэн М.Энхбаатарын 18641313262756 нэгж талбарын дугаартай хашааны газар нь Чингэлтэй дүүргийн 10 дугаар хороо, Дэнжийн 42-611 тоот хаягтай иргэн С.Цэцэгмаагийн хажууд байрлаж байна”, гэж харин Чингэлтэй дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Одгэрэл шүүхэд гаргасан тайлбартаа “С.Цэцэгмаад Дүүргийн Засаг даргын 2014 оны А/233 дугаар захирамжаар газар эзэмших эрх олгохдоо Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна" гэж заасны дагуу эзэмшүүлсэн болно” гэх тайлбар,
Мөн Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас Д.Цэцэгмаагийн эзэмшлийн 18641313243763 дугаар бүхий нэгж талбар, М.Энхбаатарын өмчлөлийн 18641313262756 дугаар бүхий нэгж талбар нь тус тусдаа бүртгэлтэй, Газрын мэдээллийн санд давхцалгүй гэх лавлагаа зэргээр нэхэмжлэгч С.Цэцэгмаа, гуравдагч этгээд М.Энхбаатар нарын газар давхцалгүй болох нь тогтоогдож байна.
Харин шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий газар болон Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны бичиг хэрэгт үзлэг хийх явцад нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн нэр дээр газар эзэмших эрх үүссэн 18641313243763 дугаар нэгж талбарын дугаар олгогдсон газарт иргэн С.Загдаа болон түүний гэр бүлийн Л.Хүрэлбаатар нар олон жил амьдарч байгаа болох нь тогтоогдсон бөгөөд Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Өмч газрын харилцааны алба нь дээрх газрыг иргэн С.Цэцэгмаад эзэмшүүлэхдээ Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т заасан хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцалтай эсэхийг шалгаж тогтоолгүй, хээрийн судалгаа явуулаагүй байна. Мөн газрын үзлэгээр гудамж, хаалганы дугаарлалт замбараагүй, дараалалгүй, нэхэмжлэгч С.Цэцэгмаа, гуравдагч этгээд М.Энхбаатар нарын хаалганы дугаар, хаягийн бүртгэл зөрчилтэй байсан болохыг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн “Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжийн М.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
2. Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрийн үндэслэлийн тухайд:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус маргаан байвал нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах талаар зохицуулсан бөгөөд “иргэн Л.Хүрэлбаатарыг хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх маргаан биш байх тул хүлээн авахаас татгалзах зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн иргэн Л.Хүрэлбаатарыг хууль бусаар оршин сууж байгааг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсугай.
2. Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.2, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 31 дүгээр зүйл, 32 дугаар зүйлийн 32.2-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Цэцэгмаагийн Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/868, Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/190 дүгээр захирамжуудын М.Энхбаатарт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА