Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 221/МА2018/0071

 

Л.*******гийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Н.Хонинхүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Даваажаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ариунболд нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 841 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Л.*******гийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 841 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.2, 37 дугаар зүйлийн 37.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.*******гийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дугаар захирамжуудын “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүх хуралд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.******* хуурамч мэдүүлэг мэдүүлэг өгсөн. Ж.*******гаас энэ газар намагтай юм уу гэж асуухад “Тиймээ намагтай газар” гэж хариулж хүлээн зөвшөөрсөн. Энийг шүүх хурлын тэмдэглэлд тэмдэглээгүй орхисон. 2008 онд Л.*******г газар эзэмших гэрчилгээ авахад “*******” ХХК нь газар эзэмших гэрчилгээгүй байж газраа хашаалсан байсан. Энэ нь Газрын тухай хуулийн 27.4-г зөрчсөн. Энэ зуслангийн газрын маргаантай асуудлын талаар 2008 оноос хойш өнөөдрийг хүртэл оролцож асуудлыг шийдвэрлэж байсан. Шүүхийн нарийн бичиг шүүх хурлын тэмдэглэгээг дутуу хөтөлсөнд гомдолтой байна. “*******” ХХК-д уг захирамжийг олгохдоо доорх хууль дүрмүүдийг зөрчиж олгосон. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5 “Бусдын газар эзэмшихтэй холбогдон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралт “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох” 6.2.4, 6.3.1 дэх заалтуудыг тус тус зөрчсөн. Иймд шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Л.******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260, 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дугаар захирамжуудын “*******” ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.

Маргаан бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2012 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 260 дугаар захирамжаар “*******” ХХК-д Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, Сэлбэд 5575 м.кв газрыг зуслангийн зориулалтаар, 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн, мөн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн А/521 дүгээр захирамжаар газар эзэмших хугацааг 15 жилийн хугацаагаар сунгасан нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байх ба энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

“*******” ХХК-д 2012 онд анх эзэмшүүлсэн газрын хэмжээ байршил 2015 онд хугацаа сунгагдахад өөрчлөгдөөгүй, тухайн газарт зургаан айлын нэгж талбар бүхий газар байгаагаар Газрын кадастрын мэдээллийн сангийн 2008-2015 оны түүхчилсэн лавлагаанд тодорхойлогдсон ч өмнө нь хэн нэгэн этгээдэд албан ёсоор эзэмших эрх олгож байгаагүй үйл баримтууд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

Нэхэмжлэгч Л.******* нь маргаан бүхий актуудыг хүчингүй болгох үндэслэлээ “2010 онд Л.*******, Э.Наранбаатар нарын газрын зэргэлдээ 6 айлын газрын гэрчилгээ олгохдоо орц, гарцыг гаргаж өгсөн бөгөөд 2012 онд “*******” ХХК-д шилжихдээ орц, гарцыг хаасан” гэж тайлбарласан боловч “*******” ХХК-д олгосон газар нэхэмжлэгчийн болон бусдын газартай давхцаагүй, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын кадастрын зургаас үзэхэд гуравдагч этгээдийн эзэмшил газрын хажуу урд талаас орж, гарах боломжтой байх тул Л.*******, Э.Наранбаатар нарын эзэмшил газрын орц гарцыг “*******” ХХК-д 2012 онд газар эзэмших эрх олгохдоо хаасан гэж хариуцагч захиргааны байгууллагыг буруутгах боломжгүй.

Захиргааны хэргийн шүүхийн мөн чанар, зорилго нь төрийн чиг үүргийг хэрэгжүүлэгч нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас гаргасан хууль бус актын улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог бөгөөд маргаан бүхий акт нь нэхэмжлэгч Л.*******гийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч Л.*******, Э.Наранбаатар нарын эзэмшлийн газрын орц, гарц гаргах боломжтой хэсэгт “намагтай” гэх нөхцөл байдал нь гуравдагч этгээд “*******” ХХК-ийг болон хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй бөгөөд газар эзэмшигч нь тухайн газраа зориулалтын дагуу ашиглаагүй байгаа тул түүний эрх бодит байдалд хэрхэн зөрчигдөж байгаа нь тодорхойгүй, тэрээр намаг бүхий газрыг засан сайжруулж орц, гарц гаргах боломжтой төдийгүй Газрын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Үл хөдлөх хөрөнгө өмчлөгч нь эд хөрөнгөө ашиглах, хамгаалах зорилгоор бусдын газраар дайран өнгөрөх зам, цахилгаан, холбооны болон инженерийн шугам татах, гарц гаргах болон бусад зориулалтаар бусдын эзэмшил, ашиглалтад байгаа газрыг хязгаарлагдмал эрхтэйгээр ашиглахыг шаардах эрхтэй” гэж заасныг тэмдэглэх нь зүйтэй.

Иймд “Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх”, Газрын харилцаа геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах, эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 6.2.4, 6.3.1 дэх заалтуудыг зөрчсөн”  гэх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй.

Мөн тэрээр шүүх хуралдааны тэмдэглэл хуульд нийцээгүй, бүрэн гүйцэд бичигдээгүй гэж үзсэн бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.4-т “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүх хуралдааны тэмдэглэлтэй танилцаж болно. Тэмдэглэлтэй холбогдон гарсан саналыг шүүгч шийдвэрлэнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүхэд тэмдэглэлтэй холбоотой саналаа гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан ба шүүх хуралдааны тэмдэглэл дутуу бичигдсэн нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй байна.

Дээрхийг нэгтгэн дүгнээд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 841 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БАТБААТАР

                       ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ    

                       ШҮҮГЧ                                                          О.НОМУУЛИН