| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2025/00070/И |
| Дугаар | 103/ШШ2025/00339 |
| Огноо | 2025-04-21 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 04 сарын 21 өдөр
Дугаар 103/ШШ2025/00339
| 2025 оны 04 сарын 21 өдөр | Дугаар 103/ШШ2025/00339 | баатар хот |
Хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсныг батлаж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Хүсэлт гаргагч: Багануур дүүргийн * дүгээр хороо, ******* * дугаар гудамжны * тоотод оршин суух, ******* овогт ************** ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.******* оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч М.******* нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ. Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргаж буй хүсэлтээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие ******* овогтой ******* нь 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ******* аймгийн *******- тэжээлийн аж ахуйд тракторчинаар ажилд орсон. Ингээд 1984 оны 06 дугаар сарын 20-нд хугацаат цэргийн албанд татагдаж 1987 оны 06 дугаар сарын 22-ны өдөр халагдсан. Халагдаж ирээд ******* аймгийн *******- тэжээлийн аж ахуйд тракторчинаар үргэлжлүүлэн ажиллахаар болж 1987 оны 06 дугаар сарын 30-нд буцаж ажилдаа орсон. Нэгдэл сангийн аж ахуй тарж хувьд гарсан учир 1991 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орон тоогүй болж ажлаас халагдсан. Одоо тэтгэвэрт гарах болсон чинь ажилласан жил хүрэхгүйд хүрээд байна. Энд тэнд шүүлгэж үзэхэд баримт олдохгүй байна. 2014 онд гэр шатахад хөдөлмөрийн дэвтэр хамт шатаж устсан. Надад өгөх өөр ямар ч баримт байхгүй. Иймд намайг 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл ******* аймгийн *******- тэжээлийн аж ахуйд тракторчинаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч М.******* шүүхэд өгсөн хүсэлтэндээ: Миний бие улсад ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Нэхэмжлэл гаргахдаа ******* аймгийн архиваас авсан цалингийн түүвэр, шүүхээс нотлох баримтаар гаргуулсан цалингийн түүвэр 2 зөрүүтэй гарсан тул Цагдаагийн байгууллагаар шалгагдаж байгаа. Иймд Цагдаагаас хэргийг шалгаж дуустал нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэсэн тайлбарыг шүүхэд өгсөн бөгөөд түүний татгалзал нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.******* овогт ************** ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэрэгт хүсэлт гаргагч хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжинд хүсэлт гаргагч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ