| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
| Хэргийн индекс | 183/2021/00701/И |
| Дугаар | 210/МА2021/01072 |
| Огноо | 2021-07-02 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 210/МА2021/01072
Ц.Э-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/00701 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ц.Э-ын хариуцагч З.М-ад холбогдуулан гаргасан түрээс, цахилгааны төлбөр болон эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн хохиролд нийт 1 851 583 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: З.М-ад Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, дээд салхитын 30 дугаар гудамж, 421г тоот хаягт байрлах 64,44 м.кв талбайтай 380 вольтын хүчин чадалтай цахилгаан болон галлагаагаар хослон халах шийдэлтэй 3 өрөө амины орон сууцыг 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 сар хүртэл нэг сарын 120 000 төгрөгөөр нийт 11 сар түрээсэлсэн. Эхний 6 сарын түрээсийн төлбөр болох 720 000 төгрөгт тохирсон дотоод засварыг З.М- хийхээр харилцан тохиролцсон.
Гэвч З.М- нь зөвхөн том өрөөний ханын обой сольсон. Энэ нь хамгийн ихдээ 120 000 төгрөг болох талаар тухайн үед өөрт нь хэлсэн. Тэрээр түрээсийн болон цахилгааны төлбөрийг цаг тухайд нь төлдөггүй, бусдын хөрөнгөнд гамгүй хандаж байшингийн бүргэд хаалга, цоож зэргийг эвдэлсэн, хашаанд их хэмжээний хог хуримтлуулан өөрийн эд хогшлын хамт онгорхой орхин хаяж явсан. Холбогдох гэж 1 өдөр 52 удаа залгасан, залгахад утсаа авдаггүй, өөр хүний дугаараас залгахаар худал тайлбар хэлж, ёс бус үгээр доромжилдог байсан.
Иймд доорх төлөөгүй түрээс, цахилгааны төлбөр, хохирол учруулсан дараах зардлуудыг нэхэмжилж байна. Үүнд түрээсийн төлбөр 1 320 000 төгрөгөөс төлсөн 360 000 төгрөг, засвар хийсэн 120 000 төгрөгийг хасаад 840 000 төгрөг, цахилгааны төлбөр 769 583 төгрөг, эвдэрсэн хаалга, цоожны засвар үйлчилгээний зардал 142 000 төгрөг, нам даралтын зуухны сүлжээний насос эвдэлсэн 70 000 төгрөг, хог ачуулсан 30 000 төгрөг нийт 1 851 583 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч тал хариу тайлбартаа: Нийт түрээсэлсэн хугацаа 2019 оны 09 сараас 2020 оны 04 сар болно. Засвар хийсэн сарыг тооцоод нийт 8 сарын хугацаанд түрээсэлсэн. Эхний 6 сарын түрээсийн төлбөр болох 720 000 төгрөгт 18 боодол обой, цемент эмульс, цагаан будаг 20кг, замаск гэх мэт зүйлүүдийг худалдаж авсан. Том өрөөнөөс бусад өрөөнд засвар хийх боломжгүй, маш их мөөгөнцөртэй, дулаан алдагдал ихтэй хана нь мөстөөд байсан тул том өрөөг боломжоороо засвар хийсэн бөгөөд үлдсэн бүх барилгын материалыг үлдээсэн. Тухайн үед Ц.Э- ямар нэгэн зүйл хэлээгүй, түрээсээ үргэлжлүүлэн бэлэн мөнгөөр авсан. Иймд нийт 8 сарын хугацааны түрээс болох 1 080 000 төгрөг төлөх байснаас 450 000 төгрөгийг бэлнээр, 750 000 төгрөгт барилгын материал авсан. Цахилгааны төлбөр 769 583 төгрөг үндэслэлгүй бөгөөд УБЦТС-ээс авсан дансны дэлгэрэнгүй тайланд төлбөр огт бичигдээгүй. Хамгийн сүүлд эзэнгүй байх хугацаанд хүртэл үлдэгдэл цахилгааны төлбөрийг төлөхөөр шилжүүлж байсан бөгөөд 2020 оны 05 сарын 08-ны өдөр 150 000 төгрөг шилжүүлснээр 182 309 төгрөгийн үлдэгдэлтэй үлдсэн. Эвдэрсэн хаалганы цоожны засвар гэх 142 000 төгрөг нэхэмжилсэн нь З.М-ад хамааралгүй. Насос эвдэрсэн, хог ачуулсан зэрэг мөнгийг огт мэдэхгүй бөгөөд нэг ч удаа хэлж байгаагүй болно. Эвдэлсэн зүйл огт байхгүй.
Ц.Э-ын хашаанд суух 8 сарын хугацаанд цахилгааны төлбөр 182 309 төгрөг үлдсэн бөгөөд Ц.Э-тай холбогдон уг мөнгийг шилжүүлье гэхэд контейнерт хураалттай байсан таван ханатай гэрийг өөрийн дураар зарж борлуулан гэр оронгүй болгож хохироосон бөгөөд уг мөнгийг өөртөө завшсан болно. Одоо энэ хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2-р хэлтэст н.Очироо гэх дэслэгч дээр шалгагдаж байгаа.
Ц.Э- нь өөрийгөө хохиролгүй болгоно гэж таван ханатай гэрийг минь зарсан атлаа одоо ямар хохирол нэхэмжлээд байгааг ойлгохгүй байна гэжээ.
Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 302.4, 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч З.М-аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 346 309 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1 505 274 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 44 576 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 11 039 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: Ц.Э- шүүхэд маш олон хуурамч бичиг баримтууд өгсөн. 2020 оны 08 сарын 30-ны өдөр цахилгааны үлдэгдэл төлбөр болох 182 309 төгрөгийг өгсөн. Нэхэмжлэгчийн хашаанд байрлах контейнерт хураалгаатай таван ханатай, шалтай монгол гэр, цахилгааны хэрэгслүүдийг зараад өөрийн хохирлоо бүрэн барагдуулсан гэсэн. Миний гэрийг зарсан зөрүү мөнгө гэж өгөөгүй. Иймд түүнд дахин 346 309 төгрөг өгөхөөр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Ц.Э-д хохирол учруулаагүй гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.
Нэхэмжлэгч Ц.Э- нь хариуцагч З.М-ад холбогдуулан түрээсийн төлбөр 840 000 төгрөг, түрээсийн хугацаанд төлөгдөөгүй цахилгааны төлбөр 769 580 төгрөг, эд хөрөнгийн эвдрэл, гэмтлийн хохирол 212 000 төгрөг, хог ачуулсан зардал 30 000 төгрөг нийт 1 851 583 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ. /хх 1-2, 24, 39-арын нүүр/
Зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан Хувийн сууц хөлслөх гэрээ /хх 4/ зэргийг харьцуулан үзвэл, З.М- нь 2019 оны 10 сарын 28-ны өдрөөс эхлэн Ц.Э-ын өмчлөлийн Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Дээд салхитын 30-421Г тоотод байршилтай, 64,44 м.кв талбайтай 3 өрөө хувийн сууцыг 2 жилийн хугацаатай, 1 сарын 120 000 төгрөгөөр хөлслөх, эхний 6 сарын төлбөрт тооцон тухайн хувийн сууцанд засвар хийх, мөн хөлслөх хугацааны дулаан, цэвэр, бохир усны төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн үйл баримт тогтоогдсон ба талууд энэ талаар маргаагүй байна.
Талуудын дээрх тохиролцоогоор нэхэмжлэгч нь сууцны зориулалттай байшинг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх, хариуцагч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээсэн байх тул анхан шатны шүүх тэдгээрийн хооронд үүссэн гэрээний үүргийн харилцааг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний төрөлд хамаарах, улмаар уг гэрээ хүчин төгөлдөр талаар үндэслэл бүхий дүгнэжээ.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг дээрх хувийн сууцыг 2020 оны 07 сар хүртэл эзэмшсэн гэж, хариуцагч нь 2020 оны 04 сар хүртэл эзэмшсэн талаар тус тус тайлбарласнаас үзвэл тухайн гэрээ цуцлагдсан байна. Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно гэж нарийвчлан зохицуулсан. Хариуцагч нь энэхүү хуулийн зохицуулалт ёсоор нэхэмжлэгч талд гэрээг цуцлах талаар мэдэгдсэн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийг эд хөрөнгөө өөрийн эзэмшилд буцаан шилжүүлэн авсан гэх 2020 оны 07 сарын 01-ний өдрөөр тооцон, уг хугацааны хөлсийг хариуцагчаас шаардах эрхтэй ба эхний 6 сарын төлбөрийн талаарх шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн, гэрээнд заасны дагуу 2020 оны 01 сарын 20-ны өдрийг хүртэл хугацааны хөлсийг засан сайжруулалт хийсэн төлбөрт тооцон, 2020 оны 02 сарын 20-ны өдрөөс 2020 оны 07 сарын 01-ний өдрийг хүртэлх 5 сар, 11 хоногийн хөлс 644 000 төгрөгөөс хариуцагч төлсөн талаар талуудын хооронд маргаагүй 480 000 төгрөгийг хасч, 164 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэхдээ нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт зааснаар үнэлжээ.
Түүнчлэн, цахилгааны төлбөрт 769 580 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэл болсон баримтууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй, бусад зардлын талаарх шаардлагаа баримтаар нотлоогүй байх тул хариуцагчаас хувийн сууцыг эзэмшиж, ашигласан хугацааны цахилгааны төлбөр 182 309 төгрөгийг гаргуулсныг буруутгахгүй.
Хариуцагчаас гаргасан Ц.Э- нь дээрх хаягт байрлах контейнерт хураасан З.М-ын таван ханатай гэрийг бусдад худалдан борлуулж өөрт учирсан хохирлоо барагдуулсан гэсэн атлаа гэрийг борлуулсан мөнгөнөөс зөрүү өгөөгүй, хариуцагчийг гэргүй болгож хохироосон тул дахин 364 309 төгрөг төлөхгүй гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь энэ талаарх тайлбар, татгалзлаа анхан шатны шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 183/ШШ2021/00701 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 45 000 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ч.ЦЭНД
Д.НЯМБАЗАР