Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 483

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          нарийн бичгийн дарга А.Цэнд-Очир,

          улсын яллагч С.Солонго,

        шүүгдэгч Т.Ж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Ж-ид холбогдох эрүүгийн 1706 03926 0404 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1990 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Онгон суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Д” ХХК-д туслахаар ажилладаг, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, тоотод оршин суух бүртгэлтэй, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ШУ90072917, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Т-ны Ж.

 

          Холбогдсон хэргийн талаар:

        Шүүгдэгч Т.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Амар” зочид буудлын караокед иргэн Д.Бямбадоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

        Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Ж мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад тодорхой ярьсан учир нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.

 

        Мөн мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Д.Бямбадоржийн өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Э.Золжаргалын өгсөн мэдүүлэг /хх-19/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 155 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-26/, шүүгдэгч Т.Ж-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-24/, шүүгдэгч Т.Ж-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-40/, шүүгдэгч Т.Ж-ийн ял шалгах хуудас /хх-39/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүгдэгч Т.Ж нь 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Амар” зочид буудлын караокед иргэн Д.Бямбадоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Д.Бямбадоржийн өгсөн: “….Би дуу захиалтал шууд унтаагаад өөр дуу хийхээр нь би “яагаад дуулуулахгүй байгаа юм бэ, бид нар өөрсдөө авсан караокед дуулмаар байна” гээд уурлаад микрофоныг нь булааж аваад ширээн дээр шидээд диван дээр сууж байтал Т.Ж гэгч ачигч залуу миний дээр гарч суугаад эрүүнээс дээш өргөөд ам руу 2 эрхий хуруугаа чихээд гадагш нь тэлээд намайг хөдөлгөхгүй арав орчим минут дарж суусан. Тэгэхдээ амны дотор тал буйл завжийг хумсаараа маажсанаас болж цус гарсан. Би эсэргүүцэл үзүүлж байж арай гэж салгасан. Би тэгээд цусаа арчаад тэндээсээ гарах гээд шатаар бууж байтал Т.Ж гарч ирээд “чи онцгой байдлын хүн гэл үү” гэж хэлээд шууд нүүр рүү цохиж зодсон.” /хх-11/ гэх мэдүүлэг,

 

Мөн түүний дахин гаргасан: “…Т.Ж-оос эмчилгээний зардал болох 1.648.200 төгрөгийг гаргуулж авсан. Залуу хүн дутагдлаа ойлгож гэмшиж байгаа тул миний зүгээс ямар нэгэн гомдол үгүй болно. Иймд олон нялх хүүхэдтэй гэр бүлийг бодож хөнгөн арга хэмжээ оногдуулахыг хүсэж байна.” /хх-53/ гэх мэдүүлэг, 

 

         Мөрдөн байцаалтад гэрч Б.Ариунаагийн өгсөн: “…Тэгээд бид нар дуулаад ярилцаад байж байхад гэнэт манай нөхөр тэнд байсан хүмүүстэй маргалдаад байх шиг байсан. Би нилээн согтуу байсан учир нэг тоогоогүй. Би тэд нарыг хоорондоо зодолдож байсаныг мэдээгүй…Би маргааш нь харахад нүүр нь битүү хавдаад нэг нүд нь нилээн хавдсан байсан.” /хх-12-13/ гэх мэдүүлэг,     

 

         Мөрдөн байцаалтад гэрч Э.Золжаргалын өгсөн: “…Манай нөхөр Баянмөнх дуулж байсан чинь Д.Бямбадорж микрофоныг нь аваад шидсэн…Тэгсэн чинь манай нөхрийн туслах ажилтан Т.Ж нь өмөөрч Д.Бямбадоржтой муудалцсан юм…Т.Ж уурандаа Д.Бямбаджорийн нүүр рүү нь нэг удаа цохисон.” /хх-19/ гэх мэдүүлэг,

          Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн №155 тоот дүгнэлтэнд:

            1. Д.Бямбадоржийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, завжинд цус хуралт бүхий  гэмтэл тогтоогдлоо.

            2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ.

            3. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ШЭГЗТ-н 2.4.1 зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” /хх-24/ гэх дүгнэлт,

           Мөрдөн байцаалтад Т.Ж-ийн яллагдагчаар өгсөн: “…Би Д.Бямбадоржийг зодсон, цохисон үйлдэл, гэм буруугаа хүлээж байна.” /хх-38/   

          -Хохирлын баримтууд /хх-27-32/,

          -Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-39/ зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг адил бөгөөд бие биеэсээ хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоосон байна.

 

Иймд шүүгдэгч Т.Ж-ийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, “Амар” зочид буудлын караокед иргэн Д.Бямбадоржийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Дээрх байдлаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу тогтоогдсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй  гэсэн нь шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал болсноос гадна хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл болов. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар Т.Ж-ид холбогдох хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал бүрэн хангагдсан байх тул прокурорын саналын хүрээнд буюу шүүгдэгч Т.Ж-ид 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Т.Ж нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, бусдад төлөх төлбөргүй болно.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Ховогт Т-ны Жийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Т.Жамсрандоржийг 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Ж нь шүүхээс оногдуулсан 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Т.Ж нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

            5. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Т.Ж нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх

төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.Ж-ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

           

   7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

  8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.Ж-ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС