Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/06

 

 

 

 

 

 

 

 

 

                                                           

Н.Г-д холбогдох эрүүгийн

                  хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Төмөрхүү, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Хэрлэнчимэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Батзолбоо,

 Б.Уранзаяа

Шүүгдэгч Н.Г

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх, Б.Батцэнгэл,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

            Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж, шүүгч Т.Батжаргал, шүүгч Ж.Дэлгэрмөрөн нарын бүрэлдэхүүнтэй  шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Хэрлэнчимэгийн бичсэн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 28 тоот эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Н.Гад холбогдох эрүүгийн 2334000000278 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, Төв аймгийн Батсүмбэр суманд 1981 оны 12 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, Төв аймгийн Батсүмбэр сумын Төмөр замын 2 дугаар өртөөнд замчин ажилтай байсан, ам бүл 7, 6 хүүхдийн хамт Төв аймгийн Батсүмбэр сум, Мандал 1 дүгээр баг, Төмөр замын 4-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Г,

 

2 .Н.Г нь Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал баг, Төмөр замчдын байр 4-2 тоотод оршин суух гэртээ 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эхнэр 40 настай, Ц.Оыг зодож алсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

3. Төв аймгийн Прокурорын газраас Н.Гад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас эрүүгийн 2334000000278 дугаартай хэрэгт шүүгдэгч Гад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5 болгон зүйлчилж, хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар 8 /найм/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, түүний цагдан хоригдсон 108 /нэг зуун найм/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Н.Г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б нь тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүүтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдан, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Гад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

 

5. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр бичсэн 28 тоот эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тус аймгийн прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор М.Хэрлэнчимэг би яллагдагч Н.Гад холбогдох эрүүгийн 2334000000278 дугаар хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийг шүүх шийдвэрлэхдээ “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.1, 2.5-д зааснаар 8 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэн эсэргүүцэл бичсэн.

Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал баг, Төмөр замчдын байр 4-2 тоотод оршин суух гэртээ Н.Г нь 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эхнэр 40 настай, Ц.Оыг зодож алсан үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон.

Н.Г нь хүнийг цохиж зодон хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан, өөрийн эхнэр Ц.Оыг 4-5 удаа цохихдоо хэвлийн тус газар цохисноос хэвлийн битүү гэмтэл үүсч амь хохирогч дотуур цус алдаж нас барах хор уршигт хүргэсэн нь тогтоогдсон.

Шүүгдэгч Н.Гын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн бөгөөд амь хохирогч нас барсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой.

Гэтэл шинжээч эмч Б.Чулуунбаатарын “...тухайн хэвлийн хүнд гэмтэл нь учрах үедээ болон бусад хүндрэл үүсэх зайлшгүй шаардлага үүсдэг тул яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн бол үхэлд хүргэхгүй гэмтэл...” гэсэн мэдүүлгийг үндэслэн хохирогч хүнд гэмтлийн улмаас бусад хүндрэл буюу цус алдалт үүсэж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсныг шууд үхэлд хүргэх нөхцөл байдал үүсээгүй байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй бөгөөд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйсгэсэн дүгнэлт болсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” хэрэг нь хохирогчийн амь нас хохирсноор төгсдөг ба хэргийн хохирогч эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан, үхэлд шууд хүргэсэн, хэсэг хугацааны дараа нас барсан эсэх нь хэргийн зүйчлэлд шууд нөлөөлөхгүй юм. Гэтэл тус шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус хүний эрүүл шинжтэйг мэдсэн атлаа хүсэж хийсэн, хохирогчийн эрүүл мэндэд хэвлийн хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас барсан хохирол, хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн...” гэж дүгнэн хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлтийг хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зөрчсөн үндэслэлгүй шийдвэр болсон.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргаж байгаа тайлбар нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээд шүүхийн тогтоолд “...гэмтэл авснаасаа хойш эмнэлгийн ямар нэгэн тусламж авах болон бусад байдлаар хохирогч нас барсан бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар зүйчлэх боломжтой” гэсэн байдаг. Гэтэл шүүх үүнийг буруу тайлбарлаж хэргийн зүйлчлэлийг өөрчилж хөнгөрүүлэн зүйлчилснийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

 

6. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын өмгөөлөгч Н.Батзолбоо давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж байна. Эрүүгийн хуулийн буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Уг гэмтэл нь үхэлд хүргэх, зайлшгүй эмнэлгийн анхны тусламж авч байж амь гарах боломжтой байсан гэсэн байна. Үүнийг шүүх амь биед аюултай хүнд гэмтэл учирсны улмаас хохирогч нас барсан гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Эмнэлгийн тусламж аваад нас барсан бол зүйчлэлийг өөрчлөх нь зөв байх. Энэ хэргийн нөхцөл байдлын хувьд хохирогч нь согтолтын хүнд зэрэгтэй байсан. Цусанд 5.2 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли, цөсөнд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Шүүгдэгч нь хохирогчийг согтуу байх үед гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч Н.Г нь хохирогчийг нас барсныг мэдсэн хэрнээ мэдээгүй гээд нүүрийг нь бүтээгээд гаднаас нь цоожлоод гараад явсан байдаг. Гаднаасаа цоожтой хүн яаж эмнэлгийн тусламж авах юм бэ?. Иймд шүүгдэгч Н.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. 2009 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн Дээд шүүхийн 14 дүгээр тогтоолд “амь хохирогч нас барсан үеэс эхлээд хүнийг санаатай алсан үйлдлийг төгссөн гэмт хэрэг гэж үзнэ. Хүнийг санаатай алах гэмт хэргийг зүйлчлэхэд амь хохирогч хэзээ /тэр даруйдаа, эсхүл хэсэг хугацааны дараа/ нас барсан болох нь нөлөөлөхгүй” гэж заасан байгаа. Энэ тайлбараар энэ хуулийн 11.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн нь үгүйсгэгдэж байнагэв.

 

7. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Бын өмгөөлөгч Б.Уранзаяа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Н.Батзолбоогийн санал болон прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна. Санаатай үйлдэл гэдэг нь хийсэн үйлдлээс нь харагддаг. Субьектив болон объектив шинж чанараар бол шүүгдэгч аль хэдийнээ төгс гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж байна. Яагаад гэвэл эмнэлгийн тусламж авах хэрэгтэй гэдгийг мэдэж байсан юм бол яагаад гаднаас нь цоожлоод явж байгаа юм. Тухайн хүний амь нас аврагдах боломжтой байсан бол яагаад эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлэх арга хэмжээ авах үйлдэл гаргаагүй юм. Өмнө нь амь хохирогчийг зодож, хэд хоногийн өмнөөс ална гэж байсан нь гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Иймд анхан шатны шүүхээс зүйлчлээд байгаа зүйлчлэлтэй санал нийлэхгүй байгаа тул прокурорын эсэргүүцлийг дэмжиж байнагэв.

 

8. Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Б.Батцэнгэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “... Гэм буруугийн хэлбэрийн хувьд санаатай юу? болгоомжгүй юу? гэдэг асуудал байгаа. Анхан шатны шүүх болон прокурор гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзээд байна. Хэрэв санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэж үзэж байгаа бол тухайн хор уршгийг хүссэн байх ёстой. Тухайн хор уршгийг хүсээгүй боловч зориуд хүргэсэн байж санаатай гэмт хэрэг болох ёстой. Хэргийн нөхцөл байдлаас харахад Н.Г нь гэм буруугийн санаатай хэлбэр гэж үзэхээс илүү гэм буруугийн болгоомжгүй хэлбэр, үүний дотор хайхрамжгүй хандсан гэж дүгнэхээр  байна. Шинжээчийн дүгнэлтэд “...чацархайн судасны тасралтын улмаас дотуур цус алдаж, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан...” гэж дүгнэсэн. Нас барсан хор уршиг нь талийгаачийн өөрт өгч байгаа өвдөлтийг тухайн үедээ илэрхийлж чадахгүй, биеэ хянах чадваргүй байсан нөхцөл байдал нөлөөлсний улмаас амь нас хохирсон гэж үзэж байгаа. Шинжээч эмч анхан шатны шүүх хуралдаанд орж чацархайн судасны бүрэн тасралт гэдэг нь гэмтлийн хүнд зэрэгт орохгүй гэж хэлсэн. Энэ нь учрах үедээ болон учирсны дараа амь насанд аюултай гэмтэл биш. Тухайн үед нь эмчилгээ хийлгэсэн бол амь нас аврагдах боломжтой гэсэн. Гэтэл биеэ хянах чадваргүй согтуу байсны улмаас дотуур цус алдаж байгаагаа мэдээгүйн улмаас зүрх судасны цочмог дутагдалд орж насан барсан байгааг шүүх анхаарах ёстойгэв.

 

9.Шүүгдэгч Н.Гын өмгөөлөгч Д.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон саналдаа: “...Н.Гад холбогдох хэргийн зүйлчлэл тохироогүй гэх үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөрдөн байцаалтад авагдсан нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримт зэргийг харьцуулаад үзэхэд, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-т зааснаар өөрчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.

Улсын дээд шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 50 дугаартай тогтоолд “...хүнийг санаатай алах болон хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах хоёр гэмт хэргийг хооронд нь харьцуулж ялгаж зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигтаа хандсан сэтгэхгүйн харьцаа, санаа зорилго өөрөөр хэлбэл, гэмт хэргийн субьектив талыг сайн харгалзан үзэх ёстой талаар заасан.  

Мөн хохирогч гэмтлийн улмаас үхэлд хүрсэн эсхүл гэмтлээс шалгаан бусад хүндрэл үүсэж нас барсан зэрэг нөхцөл байдлуудыг нарийн сайн нягтлан үзсэний эцэст дүгнэлт хийж хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох шаардлагатай” гэсэн.

Иймд шүүгдэгчид бусдыг алах санаа зорилго сэтгэхгүйн харьцаа байсан уу, үгүй юу гэдгийг харахад хохирогч Ц.О нь тухайн хэрэг болох өдөр өөрийн нөхөр, хүүхдүүдээ үл хайхраад саахалт айл н.Бат-Эрдэнийнд согтуу очиж архи уугаад байсан нь Н.Гын мэдүүлгээр тогтоогддог.

Уг мэдүүлгийг цааш шалгах шаардлагатай байсан. Учир нь Н.Г араас нь очоод гэртээ авчрахад буцаад очдог асуудал байдаг. н.Бат-Эрдэнэтэй хамт байдаг н.Энхбаярын утсыг хулгайлсан гэж сэрдэгддэг. Тэгээд сумын цагдаагийн хэлтэст амь хохирогчийг авч очоод буцаад гэрт нь хүргэж өгсөн гэж ярьдаг. Тэгээд гэрийнх нь гадаа буулгахад буцаад н.Бат-Эрдэнийнд очиж архи ууж их хэмжээгээр согтсон асуудал байгаа. Энэ нөхцөл байдлаас болж уурлаад ийм асуудал болсон байх гэж харагддаг. н.Бат-Эрдэнийнхээс аваад гэртээ авч явах замдаа цохиж, зодсон үйлдэл гарснаас болоод гэр бүлийн хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан.

 Сэтгэхүйн харьцаа, зорилго талаас нь аваад үзэхэд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх зүйлчлэлийг тогтоосон гэж үзэж байна. Хохирогчийн өмгөөлөгчөөс нүүрийг нь бүтээсэн гэж худлаа яриад байх шиг байна. Мэдүүлэгт оронд нь хэвтүүлээд хөнжлөөр нь хучиж өгсөн гэж ярьсан байдаг. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч н.Амарзаяа, н.Дашдондог нарын мэдүүлэгт Н.Гын үйлдэл, хор уршигтаа харьцсан сэтгэхүйн харилцаа харагддаг. Амь хохирсон гэдгийг нь мэдсэн нөхцөл байдал үгүйсгэгддэг.

Шинжээчийн дүгнэлтийн 9 дэх заалтад “амь хохирогч хэвлийн хүнд гэмтлийн улмаас цус алдаж, зүрх судасны цочмог дутагдалд орж нас барсан” гэж дүгнэснээс үзэхэд талийгаач хүнд гэмтлийн улмаас үхэлд хүрсэн. Түргэн тусламж дуудаж шуурхай арга хэмжээ аваагүй. Тухайн үед арга хэмжээ авсан бол ийм их хэмжээний цус алдах уу, үгүй юу гэдэг байдал харагддаг. Хохирогч өөрөө хүнд зэргийн хэмжээнээсээ даваад согтсон байдалтай байсан нь өвчин зовууриа сайн мэдрэхгүй, эмнэлгийн тусламж авах чадваргүй зэрэг нөхцөл байдал нь талийгаачийг үхэлд хүргэх нөхцөл байдалд нөлөөлсөн. Н.Г яаралтай арга хэмжээ авахад нь туслаагүй буруутай үйлдэл байдаг. Аль алинд нь буруутай үйлдэл байхад ганцхан Н.Гыг санаатай хүнийг алсан гэж үзэх үндэслэл муутай. Талийгаачийн цусанд 5.2 промилли, ходоодны шингэнд 5.3 промилли, цөсөнд 2.8 промилли спиртийн агууламж илэрсэн. Хэвлийн хөндийд их хэмжээний цус алдсан гэдгээ мэдэрч байсан бол өөр, ямар ч мэдрэх боломжгүй согтсоноос болоод 1200 грамм шингэн хуралдсанаас болж амь нас нь хохирсон байгаа.

Эрүүл мэндийн сайд, хууль зүйн сайдын 2016 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн А/138, А/131 ддугаар хамтарсан тушаалаар баталсан согтууруулах ундаа сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалган тогтоох журамд цусан дахь спиртийн агууламжаас хамааран согтуурлын хэмжээг хөнгөн, дунд, хүнд гэж гурав ангилах бөгөөд цусан дахь спиртийн агууламж 4.5-5 промилли байвал согтуурлын хүнд зэрэгт тооцохоор заасан. Согтуурлын хүнд зэрэгтэй үед ихэнхдээ хүнийг үхэлд хүргэх аюултай гэж тэмдэглэсэн. Тэгэхээр амь хохирогчийн цусан дахь спиртийн агууламж 5.2 промилли гэж тогтоогдсон. Энэ нөхцөл байдал нь өвчин зовууриа мэдрэхгүй, эмнэлгийн тусламж авч чадахгүй нөхцөл байдал үүсгэж амь нас нь хохирсон гэж үзэж байна.

Прокурор хэргийг сайн шалгаад шүүгдэгчийн мэдүүлгийг газар дээр нь нарийвчилж шалгасан бол өөр нөхцөл байдал харагдах байсан. н.Бат-Эрдэнийнд н.Энхбаяр утсаа алдаад цагдаад очсон. н.Бат-Эрдэнэ гэдэг хүн талийгаачийг зодсон, цохисон зүйл харагдаад байдаг. н.Бат-Эрдэнийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулах гэтэл гадаад руу явсан гэдэг. Мэдүүлэг өгөхөөс зутаасан гэж хардаж байна. Мэдүүлэг өгөх үедээ би тухайн үед согтуу байсан учраас юу болсныг мэдэхгүй гэж тодорхой мэдүүлэг өгөөгүй. Иймэрхүү эргэлзээтэй зүйлүүд байдаг. Шүүх хуралдаанд шинжээчийг оролцуулж мэдүүлгийг авахад шууд үхэлд хүргэх гэмтэл биш, гэмтлийн улмаас нас барсан гэж хэлсэн байдаг. Иргэдийн төлөөлөгчийн хувьд санаатай гэмт хэрэг биш байна гэж дүгнэлт гаргасан. Эдгээрийг харгалзаж үзээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

10.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хүүхдүүд тухай үед болсон үйл явдлаас болоод цочирдсон байдалтай байсан. Иймд болохоор хэргийн талаар асуугаагүй. Мөрдөн байцаалтын шатанд хүүхдүүдээс юм асууж байгаагүй...” гэв.

11.Шүүгдэгч Н.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх дээр талийгаачийн ар гэрээс уучлалт гуйсан. Санаатайгаар эхнэрийгээ алъя гэж бодоогүй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Гад холбогдох хэргийг прокурорын эсэргүүцэлд заасан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэлээ.

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэж заасан бол мөн зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэж хуульчилсан байдаг.

Иймд анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд шалган тогтоосон эсэх, хэрэгт цугларсан нотлох баримтууд шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг хөдөлбөргүй тогтооход хүрэлцэхүйц байх шаардлагыг хангасан, тэдгээр нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн эсэхийг болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж, хэргийн бодит байдлыг сэргээн тогтоох ба  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх, хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бий болно. Иймд уг хуулийн шаардлага хангагдсан тохиолдолд шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзнэ.

2. Прокуророос шүүгдэгч Н.Гыг 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Төв аймгийн Батсүмбэр сумын Мандал баг, Төмөр замчдын байр, 4-2 тоотод оршин суух гэртээ эхнэр Ц.Оыг зодож алсан гэж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.  

Хэрэгт авагдан прокурорын яллах дүгнэлтэд тусгагдан яллах талын нотлох баримт болсон амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Э, гэрч С.Э, Ч.Б Т., О.Гнарын мэдүүлэгт талийгаач тухайн хэрэг учрал болохоос өмнө буюу амьд ахуйдаа хэдээс хэдэн цагийн үед, хаагуур, хэнтэй, ямар үйл хөдлөл хийж явсан талаар мэдүүлсэн байдаг бол гэрч Ё.Амарзаяа /хх-ийн 1-р хавтас 28-29-р тал/, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Б, шүүгдэгч Н.Г нар мөрдөн шалгах ажиллагаанд болон анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт тухайн хэрэг учрал болох үед талийгаач, шүүгдэгч нарын насанд хүрээгүй гурван хүүхэд нь байсан, тэдгээр хүүхдүүд хэдээс хэдэн насны, хэн хэн байсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар мэдүүлэг өгөх боломжтой эсэх талаар тус тус мэдүүлсээр байхад хэргийн бодит байдлыг тогтоох ажиллагааг явуулалгүй хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хэргийн талаар нотолбол зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгээгүй гэж үзэх үндэслэл болов.

 Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд яллах дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 160, 166-167-р тал/-ийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт тухайн хэрэг учрал болсон газар хэмээн тусгагдсан “Төв аймгийн ...”-д шүүгдэгч Н.Г, амь хохирогч Ц.О нарын хооронд ямар үйл явдал өрнөсний улмаас уг хэрэг учрал болж,  Ц.Оын амь нас хохирсон, энэ нь тухайн үед хамт байсан гэх хүүхдүүдийн сэтгэхүйд хэрхэн нөлөөлсөн зэрэг үйл баримтыг шүүх тогтоох боломжгүй мөрдөн шалгах ажиллагааны шатанд хийгдвэл зохих ажиллагаа байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэг болгосон хуулийн заалт биелэгдээгүй байна.

3. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шинжээч нь шүүх, прокурор, мөрдөгчийн тавьсан асуултын дагуу тусгай мэдлэг, мэргэжлийн хүрээнд шинжилгээг тал бүрээс нь бүрэн бодитой хийж, тогтоосон хугацаанд шинжлэх ухааны үндэслэл бүхий дүгнэлтийг бичгээр гарган өгөх үүрэгтэй.

Төв аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 127 тоот /хх-ийн 1-р хавтас 61-66-р тал/ шинжээчийн дүгнэлтийн “Дүгнэлт” хэсгийн 4 дэх заалтад “...амь хохирогчид гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй...” гэсэн атлаа 9 дэх заалтад “...амь хохирогч нь хэвлийн хүнд гэмтлийн улмаас дотуур цус алдаж зүрх судас, амьсгалын цочмог дутагдалд орж нас баржээ...” гэж бичигдсэн нь үндэслэлгүй, эргэлзээтэй байдлыг бий болгожээ.

4. Дээрх мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.1-т гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, 1.2-т “гэмт хэргийг хэн үйлдсэн”, 1.3-т “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т “Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, 1.6-д гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл” зэрэг хэргийн нотолбол зохих байдлуудад хамаарч байгаа бөгөөд үүнийг анхан болон давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй юм.  

5. Иймд магадлалд дурдсан үндэслэлээр буюу тухай хэрэг учрал болох үед хамт байсан гэх гурван хүүхдийн сэтгэхүйд уг гэмт хэрэг хэрхэн нөлөөлсөн талаар сэтгэцийн шинжээч томилуулах, хэрэв эдгээр хүүхдүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасанчлан мэдүүлэг өгөх боломжтой бол хуульд заасан үндэслэл, журам, шаардлагыг ханган тухайн хэрэг болж өнгөрсөн талаар гэрчийн мэдүүлэг авхуулах нь зүйтэй.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 28 дугаар зүйлд тус тус зааснаар талийгаачийн биеийн аль хэсэгт нь ямар төрлийн гэмтэл учирсан, уг гэмтлүүд нь ямар хүчин зүйлсийн, хэдэн удаагийн үйлчлэлийн улмаас учирсан, гэмтлийн зэрэгт хамаарах эсэх, амь хохирогчийн нас барсан шалтгаан зэрэгт дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах нь цаашид хэргийн бодит байдлыг тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоох зэрэгт чухал ач холбогдол бүхий нөхцөл байдал үүсэх тул шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

6. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул “...анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн...” гэх агуулга бүхий прокурорын эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

 7. Шүүгдэгч Н.Гад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг анхан шатны шүүхэд очтол хэвээр үргэлжлүүлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2023/ШЦТ/440 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.5-д зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Н.Гад хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

 

                                                ШҮҮГЧИД                                           З.ТӨМӨРХҮҮ

 

                                                                                                            З.ТҮВШИНТӨГС