| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00104/И |
| Дугаар | 157/ШШ2025/00101 |
| Огноо | 2025-05-01 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 01 өдөр
Дугаар 157/ШШ2025/00101
2025 05 01 157/ШШ2025/00101
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Хангайн 6-609 тоотод оршин суух, Н овогт Н-ын Г-т холбогдох,
“Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 161,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч: Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын Ерөнхий прокурор, Хууль цаазын итгэмжит зөвлөх Ц.И шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
“ХариуцагчН.Г нь орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан (нохой)-г зохих хамгаалалтгүй байлгасны улмаасС.Д нь 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Б сумын 3 дугаар баг Хангай 6-609 тоотын гадна явж байгаад хазуулсны улмаасС.Дийн эрүүл мэндэд хохирол учруулсан зөрчил үйлдсэн.
Эрх бүхий албан тушаалтан болох тус сумын цагдаагийн хэлтсийн хэсгийн байцаагч цагдаагийн дэслэгч Э.Ч-ийн 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 0270105 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч Н.Г-т Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Дээрх зөрчлийн хэргийн хохирогчС.Д ньН.Гын нохойд хазуулсны улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан эсэх талаарх баримтыг Х аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс гаргуулан авахад хохирогч нь 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдөр 1 удаагийн 161,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан. байна.
Эрүүл мэндийн даатгалын сан гэж даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг хэлдэг бөгөөд тус сангийн хөрөнгийг төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн мөнгө бөгөөд дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан гэж үзэхээс гадна нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн байна гэж үзнэ.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 501 дүгээр зүйлийн 501.1 дэх хэсэгт "Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна." мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна.
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 01/445 дугаартай албан бичигт "...Зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, төрд учирсан хохирлыг нөхөн барагдуулах нэхэмжлэгчээр оролцож өгнө үү" гэх хүсэлтийг тус прокурорын газарт ирүүлсэн байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэг, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагчН.Гоос Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 161,000 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 тоот дансанд төлүүлж өгнө үү.
Прокурорын нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхөөр байх тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж өгнө үү.” гэжээ.
ХариуцагчН.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Х аймгийн Б сумын Прокурорын байгууллагаас нэхэмжилсэн 161,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй.” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газар нь хариуцагчН.Гоос “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 161,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тусгайлсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр гаргажээ.
Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхлыг зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно." гэж,
-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно.” гэж тус тус заасны дагуу Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газар нь нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
ХариуцагчН.Г нь орчиндоо аюул учруулж болзошгүй амьтан буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаасС.Д нь 2022 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 30 минутын үед Б сумын 3 дугаар баг Хангай 6-609 тоотын гадна явж байгаад нохойд хазуулж,С.Дийн эрүүл мэндэд хохирол учруулсан зөрчил үйлдэж, холбогдогч Н.Г-т Зөрчлийн тухай хуулийн 5.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн №0270105 дугаартай шийтгэлийн хуудсаар 100,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.
Н.Г-ын нохойд хазуулсны улмаасС.Д нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээ авсан болох нь хэрэгт авагдсан Х аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 32/23 дугаар албан бичгийн 04 дүгээр хавсралтаар 161,000 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан судалгаа гарсан байна.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д “гэмт хэрэг зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр заасан байх тул хариуцагчН.Гоос 161,000 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын байгууллагад олгох нь зүйтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчН.Г нь “...161,000 төгрөгийг 2025 оны 5 дугаар сарын 15-ны дотор төлж барагдуулна. Маргах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заажээ.
Иймд хариуцагчН.Гын нэхэмжлэлийн шаардлага болох 161,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт “...Улсын тэмдэгтийн хураамжийг урьдчилан нэхэмжлэгчээр төлүүлж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаар төлүүлэн нэхэмжлэгчид буцаан олгоно.” гэж заасан.
Нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэл нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т “төсвийн байгууллагын нэхэмжлэлийг тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө.” гэж заасны дагуу тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн байна.
Шүүх Н.Г-т холбогдох иргэний хэргийг “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож” буюу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар 161,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 5,480 төгрөгийг тал хувиар бууруулж, 2,740 төгрөгийг хариуцагчН.Гоос гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Н.Г-т холбогдох Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 161,000 /нэг зуун жаран нэгэн мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.ХариуцагчН.Г нь нэхэмжлэлийн шаардлага болох 161,000 төгрөгийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн 100900020080 тоот дансанд оруулсугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Х аймгийн Б сум дахь Сум дундын прокурорын газар нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчН.Гоос улсын тэмдэгтийн хураамжид 2,740 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулан улсын орлого болгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагчН.Г нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-т зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ