Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2024/ДШМ/07

 

 

 

 

                                             Ц.Төд холбогдох эрүүгийн

                                                                  хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Б.Цэрэнтогтох,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.П

Шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч М.Мэндсүрэн, Р.Оюунбадам

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэнгийн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын давж заалдах журмаар гаргасан гомдлоор шүүгдэгч Ц.Төд холбогдох эрүүгийн 2334000000176 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч З.Түвшинтөгсийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1964 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Т... оршин суух хаягтай, урьд өмнө нь ял шийтгэлгүй, Т,

2. Шүүгдэгч Ц.Т нь 2022 оны намар Төв аймгийн Баянчандмань сум Эрдэнэ 3 дугаар багийн нутаг дэвсгэр Байгаль суурин гэх газар “Э” ХХК-ийн мод үржүүлгийн хашаан дотроос өвч хадагч хадуур, тармуур зэрэг биеэр авч чадахгүй эд зүйлсийг зөөж тээвэрлэх зорилгоор машин, механизм ашиглан нууцаар хулгайлан авч 2,880.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

3. Төв аймгийн прокурорын газраас Ц.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4. Анхан шатны шүүх: Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2334000000176 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 гэсэн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

Шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 /нэг/  жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,   

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Төд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн 2334000000176 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгч Т энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж,

Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Төд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, түүний хорих ял эдлэх хугацааг 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.

5. Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадам давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Дараах үндэслэлээр гомдол гаргасан. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсгийг, 9.6 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт заасныг тус тус зөрчсөн

Хавтаст хэргийн 21, 22 хуудсанд “...“Э” ХХК-ийн хашааны хүлэмжид ногоо тарьж байсан залуутай очиж уулзаад ах нь хадланд гарах гэсэн юм. Энэ хадуур тармуурыг хэрэглээд өгье гэж хэлтэл дуугарахгүй байхаар нь аваад явсан. “Э” ХХК-ийн хашаанд байсан Ноолой (Норолхоо) гэх хүнд хэлсэн чинь дуугарахгүй болохоор нь аваад явсан. Буцааж өгье гэж бодож байтал цас орчихсон...”,

Хавтаст хэргийн 50, 51 хуудсанд “...2022 оны 8 дугаар сард Ц.Т “Э” ХХК-ийн хашаанаас гэрээ нүүлгэхдээ өөрийнхөө бага оврын пад трактороор чирээд авч явсан гэж гэрч Б.Гэрэл гэх хүн шууд л хэлсэн байдаг...”,

Хавтаст хэргийн 17 хуудсанд “... Би (Содном) Төрөөг жижиг улаан өнгийн трактор пад тракторыг ав гэж хэлсэн...”,

Хавтаст хэргийн 16 хуудсанд “...тракторыг 2021 онд “Э” ХХК-ийн захирал С.Жаргалсайханы аав Содном 500,000 төгрөгөөр хүнээс худалдаж авсан...”

Хавтаст хэргийн 21, 22 хуудсанд “...шүүгдэгч “Э” ХХК-д 2013 оноос 2022 оны 8 дугаар сар хүртэл 9 жил малчин болон харуулаар ажилласан. Хулгайн зүйл болох өвс хадах хадуур, тармуурыг 2013 онд компани худалдан авсан, шүүгдэгч есөн намар энэ тармуур хадуураар компани болон өөрийнхөө малдаа хадлангаа авдаг байсан...” гэх мэдүүлэг авагдсан.

Содном ах гэдэг хүн Ц.Тийн авга ах, Содномын хүү нь “Э” компаниудын ерөнхий захирал С.Жаргалсайхан өмгөөлөгч надад ярихдаа “...тухайн үед би гадаадад байсан. Манай шинэ ажилтнууд мэдэхгүйгээс ийм зүйл боллоо, ийм үл ойлголцол гарсан байна. Төрөө ах тэр хадуур, тармуураар намрын намарт хадлангаа аваад буцааж тавьдаг нь бидний хооронд уламжлагдсан зүйл шүү ийм болно чинээ бодсонгүй дээ даанч харамсалтай байна.” гэсэн.

Үүнээс дүгнээд хэлэхэд, Ц.Тийн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэрэг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, гэмт хэргийн бүрэлдэхүүний субьектив тал байхгүй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний бүтэц бүрдээгүй. Хулгайлах санаа зорилго байгаагүй нууцаар хууль бусаар авч явах сэтгэл санаа байгаагүй. Гурвын гурван хүний нүдэн дээр хэлээд авч яваад буцаад өгье гэдгээ хэлж авсан нь нотлогдож байна.

2. Гэмт хэргийн хохирол, хор уршиг, гэм хор нь хүн үхсэн, хүний эрүүл мэнд нь гэмтсэн хор учруулсан, эд хөрөнгө гэмтсэн, устсан байхгүй болсон байхыг шаардана.

Хавтаст хэргийн 12 талд авагдсан нотлох баримтаас харвал хохирол хор уршиг учраагүй байна.

Хавтаст хэргийн 17 хуудсанд “...хохирогч хадуурыг надад өгөөд...”, Хавтаст хэргийн 52 талд “... 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр тармуурыг “Э” ХХК-нд Төрөө би хүлээлгэн өгсөн” гэсэн.

Хавтаст хэргийн 12 хуудсанд “...манай байгууллагын зүгээс Ц.Төөс хадуур тармуурыг буцааж авсан байгаа. Манай “Э” ХХК-ийн зүгээс болон хохирогч Пүрэвсүрэн миний зүгээс ямар нэг гомдол санал байхгүй нэхэмжлэл зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр нотлогдоно.

3.Шүүгч гэм бурууг дүгнэхдээ шүүгдэгч Ц.Тийн мэдүүлгийг үндэслэсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1.3, 16.11 дүгээр зүйлүүдийг дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Процессын хуулийг зөрчсөн тухай баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Хулгайлах гэмт хэрэг нь нууцаар, хүний нүднээс далдуур, шууд санаатай авч явдаг үйлдэл. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шууд санаатай гэдэг нь тогтоогдохгүй байна. Хашаанд ногоо хурааж байсан 2 залууд “би өмнө нь аж ахуй хариуцаж байсан хүн нь байгаа юмаа ах нь үүнийг авч яваад өвсөө хадчихаад аваад ирье” гэж хэлээд аваад явсан байдаг.

Тракторыг н.Содном гэдэг ах нь чи өвсөө хадаж бай гэж өгсөн учраас хашаанд байсан хүмүүст хэлээд аваад гарсан үйлдэл. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байх явцад Ц.Төөс 2 удаа мэдүүлэг авахдаа өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авсан. Өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авахдаа бичиг үсэг мэдэхгүй хүнд тайлбарлаж өгөхгүй, та мэдүүлэг өгөх үү гэж асуугаад мэдүүлэг авсан нь процессын алдаа гэж үзэж байна. Яллагдагчаар татагдаад мэдүүлэг өгөхдөө улсын өмгөөлөгчтэй ороод хэрэг танилцуулахад “би хэргийг ойлгохгүй байна өмгөөлөгчөөсөө асууя” гэхэд өмгөөлөгч нь энэ хүн бичиг үсэг мэдэхгүй гээд тайлбарлаж өгсөн байсан. Үүнээс үзэхэд процессын алдаа гаргаж, хууль зөрчиж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан гэж үзэж байна.

Хохирогчийн зүгээс манай компанид ямар нэгэн хохирсон зүйл байхгүй. Гомдол, саналгүй гэж мэдүүлэг өгсөн. Үүнийг шүүх нарийн шалгаж үзээгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, давж заалдах шатны шүүхийн 2023 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 68 дугаартай магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэх саналыг гаргаж байна” гэв.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтдээ: “...Ц.Т нь 2022 оны 8 дугаар сард “Э” ХХК-ийн хашаанаас эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр хадуур, тармуурыг хулгайлан авсан гэх гэмт хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.

Өмгөөлөгчийн дурдаж байгаа шиг Ц.Т нь тухайн эд зүйлийг авч явахдаа бусдад мэдэгдээд аваад явсан гэдэг асуудал байхгүй. Ц.Т нь хэлэхдээ Норолхүү гэдэг хүнд ярьж байсан. Норолхүү дуугарахгүй байхаар нь аваад явсан гэдэг. Норолхүү нь Ц.Т надтай тийм юм нэг ч ярьж байгаагүй гэсэн мэдүүлэг өгсөн. 2022 оны 8 дугаар сард авч явсан эд зүйлийг 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвсүрэн нь Ц.Тийн гаднаас өвс хадагчийг очиж авсан. Тухайн өвс хадагчийг очиж авахдаа тармуур нь хаана байна гэж Ц.Төөс асуухад Ц.Т нь “мэдэхгүй, байхгүй, буцааж өгөхгүй” гэсэн байдаг.

Тухайн үед Б.Пүрэвсүрэн нь тармуурыг гаргаж өгөхийг шаардаж, цагдаагийн байгууллагад мэдэгдэх талаар хэлэхэд цагдаагийн байгууллагадаа хэлээд шалгуул гэж хэлдэг. 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр уг асуудал болдог. 2023 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр эд зүйлээ хулгайд алдсан, тухайн эд зүйлийг Ц.Т гэдэг хүн авсан. Холбогдох хууль тогтоомжийн дагуу шалгаж, биднийг хохиролгүй болгож өгнө үү гэх албан бичиг цагдаагийн байгууллагад ирсний дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж мөрдөн шалгаж ажиллагаа явуулсан.

Ц.Т анхнаасаа хулгайлах гэмт хэргийн сэдэл, санаа зорилго байгаагүй гэдэг нь дээрх баримтаар үгүйсгэгдэж байгаа. Авч яваад буцааж өгөх байсан гэж ярьж байгаа хэрнээ тухайн үед яагаад өгөөгүй гэдгээ өөрөө ярьдаг. Бусдад өгөөд хэрэглүүлж байсан учраас өгч чадаагүй гэдэг. Тухайн эд зүйлийг бусдад хэрэглүүлэхээр өгөхдөө компанид аваачиж өгөх боломжгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг мэдэж байгаа.

Мөн цас орсон гэж ярьдаг. 2022 оны 8 дугаар сараас 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл энэ хугацаанд яагаад аваачиж өгөөгүй вэ. Мөн 2023 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Б.Пүрэвсүрэн гэдэг хүн очиж эд зүйлээ авахад би хүргэж өгч амжсангүй, өөр хүнд хэрэглүүлж байгаа аваачиж өгье гэдэг байдлаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой байсан. Гэтэл мэдэхгүй, байхгүй, буцааж өгөхгүй, та нар цагдаагийн байгууллагаар шалгуул гэдэг асуудлыг тавьж байгаа нь өөрөө анхнаасаа өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж байсан гэж үзэхээр байна.

Тракторын асуудлыг өмгөөлөгч ярьж байна. Тухайн тракторыг н.Содном гэдэг хүнээс худалдаж авсан байдаг. Энэ хэрэгтэй ямар ч хамааралгүй.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 280 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

7.Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Ц.Т урьд нь тухайн компанид ажиллаж байсан. Ажиллаж байхдаа хашааг манадаг байсан. Энэ компанийн эзэмшигч хүмүүстэй садан төрлийн холбоотой. Үүнийг авч явж байсныг нь харсан хүмүүс өөрийнхөө юмыг авч явж байна гэж ойлгосон гэж мэдүүлдэг. Мөн тус компанид олон жил ажилласан болохоор хадланд гарахдаа ашиглаж байсан эд зүйлийг авсан асуудал байгаа. Прокурор Ц.Тийг буруутгахдаа “...Б.Пүрэвсүрэн очоод авъя гэхэд нь байхгүй, цагдаадаа ханд гэж хэлсэн...” гэж байна. Өмгөөлөгчийн зүгээс үзэхэд урьд нь аваад хэрэглэдэг байсан. Авсан юм чинь өгч л таараа гэдэг шаралхуу зан гаргаж тайлбар хэлсэн юм болов уу гэж харагдаж байна. Өмгөөлөгч Р.Оюунбадамын давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.      

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Пүрэвсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Одоо манай компанид ямар нэгэн гомдол, санал байхгүй. Буцаагаад тармуураа хүлээн авсан гэв.

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх зүйлгүй. Өмгөөлөгчийн гомдлыг дэмжиж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Төд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Оюунбадамын давж заалдах шатны журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэлээ.

 

1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр сэргээн тогтоохдоо прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах ба хэрэгт авагдсан нотлох баримтуудыг энэ хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт, нямбай, бүрэн гүйцэд бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх юм.

 

Өөрөөр хэлбэл шүүх, шүүхийн хэлэлцүүлгийн явцад яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоох ба шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай бол хэргийн зүйлчлэл тохирсон эсэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн дүгнэлт хийх үндэслэл бий болно. Иймд хуульд тавьсан шаардлага хангагдсан тохиолдолд шүүхээс хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гарсан гэж үзнэ.

 

2.Хэрэгт авагдсан нотлох баримтуудад шүүгдэгч Ц.Т нь Төв аймгийн Баянчандмань сумын Эрдэнэ 3 дугаар багийн Байгаль суурин гэх газарт үйл ажиллагаа явуулдаг “Э” ХХК-ийн тусгайлан хамгаалсан хашаан дотроос өвс хадагч хадуур, тармуур зэрэг бусдын эд хөрөнгийг өөрийн эзэмшлийн бага оврын тракторыг ашиглан 2022 оны 10 дугаар сарын эхэн үеэр нууцаар, хууль бусаар хулгайлан авсан үйл баримтын талаар тусгагдсан байх ба прокуророос түүний энэ үйлдэл холбогдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж анхан шатны шүүхэд ирүүлсэн байна.

 

3.Эрүүгийн хуулийн үзэл баримтлал болон хууль тогтоогчийн хуульчилсан хуулийн агуулга зэргээс үзвэл, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нэвтрэхийг хориглосон хувийн орон зайг буюу обьективыг хүн байнга амьдрах орон байр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгай хамгаалсан байр, агуулах гэж ойлгохоор байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж учирч болох хохирол, хор уршгийг нэмэгдүүлсэн, дээрх орон зайд нэвтэрч үйлдсэн бол хохирлын хэмжээнээс үл хамааран хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт тус тус хуульчлан заасан.

 

 4.Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тийг гэм буруутайд тооцохдоо “... мод үржүүлгийн компанийн хашаан дотроос өвс хадагч хадуур, тармуур зэргийг хулгайлан авч байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дэх хэсэгт заасан шинжийг хангаж байгаа боловч машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад 2.880.000 төгрөгийн хохирол учруулсан нь хохирлын хэмжээнээс шалтгаалахгүйгээр хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн шинжээрээ хүндрүүлсэн шинжийг хангасан гэж үзлээ..., иймд Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй...” гэсэн дүгнэлт хийжээ.

Харин шүүгдэгч Ц.Тийн эрх зүйн байдалд нөлөөлөх зарим үйл баримтын талаар буюу прокуророос зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг ямар үндэслэлээр үгүйсгэсэн талаарх тайлбар, үндэслэл тогтоолд тусгагдаагүй атал хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна.

5.Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдгийг “...гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно...” хэмээн заасан.

 Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн атлаа гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх нийт 752,700 төгрөгийн үнэ бүхий бага оврын тракторыг хураан улсын орлого болголгүй орхигдуулсан байна.

            6. Дээр дурдсан үндэслэлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т тус тус заасан “Шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй”, “Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлд хамаарч байгаа бөгөөд анхан шатны шүүхээс гаргасан шүүгдэгчийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болохуйц дээрх алдаа зөрчлүүдийг тус шүүхээс зөвтгөн өөрчлөх хууль зүйн боломжгүй гэж үзлээ.

7.Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

8.Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан тул энэ удаагийн шүүх хуралдаанаар өмгөөлөгч Р.Оюунбадамын гаргасан “...шүүгдэгч Ц.Төд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Харин шүүгдэгч Ц.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдал зэргийг харгалзан үзэж түүнд хэрэглэсэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсан болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.9 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 2023/ШЦТ/280 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ц.Төд хэрэглэсэн цагдан хорих таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэсүгэй.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                                         ДАРГАЛАГЧ, 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Р.МӨНХ-ЭРДЭНЭ

 

                            ШҮҮГЧИД                                                   М.МӨНХДАВАА

 

                                                                                                З.ТҮВШИНТӨГС