Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2021/01073

 

 

 

 

 

 

 

 

 

Б.С- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ч.Цэнд, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00667 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.С- хариуцагч М ХХК-д холбогдуулан гаргасан хууль бусаар барьцаанд хурааж авсан Их Засаг Олон Улсын Их сургуулийн D201217607 дугаартай Эрх зүйн бакалаврын дипломыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, хариуцагч компанийн захирал Л.Б-гийн дансанд шилжүүлсэн хөдөлмөрийн хөлс болох 76 552 иен буюу 2 108 187 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазар илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Солонго, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Н.Нарангуа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Б.Солонго нь Япон улсад ажиллаж амьдрах зорилгоор М Япон хэлний сургалтын төвийн зарын дагуу 2018 оны 09 сард Япон улсад дадлагажигч ажилтан сонгон шалгаруулах ажлын ярилцлагад орж тэнцсэн. Ингээд Япон хэлний мэдлэгээ дээшлүүлэх зорилгоор сургалтын төлбөр 200 000 төгрөг болон ажилд зуучилсан хөлс 5 000 000 төгрөгийг М төвд төлсөн. Дадлагажигч ажилтны явах болон ирэх зардлыг Япон улсын талаас төлдөг гэж ярилцлагын үеэр хэлсэн. 2018 оны 10 сард Ур чадварын дадлагажигчаар ажиллагчтай байгуулах хөдөлмөрийн гэрээ-г байгуулсан. Амаар 3 жилийн гэрээ гэж байсан боловч гэрээнд хугацаа заагаагүй. Хөдөлмөрийн гэрээ байгуулах үед Японд очоод харлахгүй гэсэн баталгаа гээд бакалаврын зэргийн диплом авсан.

2019 оны 05 сарын 18-ны өдөр Япон улс руу ниссэн. Япон улсын Мие мужийн Накатэцү компанид дадлагажигчаар ажиллахаар болсон. Хөдөлмөрийн гэрээнд заасан токарийн ажилтан биш, маш хүнд, хортой нөхцөлд автомашины эд ангийн алдааг гараараа шалгах ажил байсан. Маш их хичээж ажиллаж, мөнгөн шагналаар хүртэл шагнуулж байсан. Б.Солонго нь 2017 оны 09 сард төрсөн хүүгээ өөрийн эцэг, эхийн асрамжид үлдээсэн. Гэвч ажиллаж байх хугацаанд хүүхдийн эрүүл мэндийн асуудал гарч байсан ба 2020 оны 02 сард яаралтай тусламжаар эмнэлэгт хүргэгдэн хэвтэн эмчлүүлсэн байсан. Үүний улмаас эцэг, эх хүүхдийг маань харах боломжгүй гэсэн тул буцахаар шийдсэн. Япон улс дахь компанийн дарга Яманаши сан, Тамаоко сан, Хирошима санд ажиллаж чадахгүй, буцах хүсэлтэй байгаагаа хэлэхэд Болохгүй гэсэн. Ар гэрийн гачигдал, сэтгэл санааны хямралын талаар Улсын онцгой комисс, Япон Улс дахь элчин сайдын яаманд удаа дараа хандаж, мэдэгдэж, нутаг буцах өргөдлөө өгсөн. 2020 оны 08 сарын 04-ний өдөр Япон улс дахь Монгол улсын элчин сайдын яамнаас залгаж 2020 оны 08 сарын 07-ны өдрийн нислэгт хамрагдсан талаар хэлсэн. Тэр даруй тусгай үүргийн нислэгт багтсан, ар гэрийн асуудлаа ажил олгогчид тайлбарлаж, 2020 оны 08 сарын 05-ны өдөр Япон талаас Накатэцү компанийн удирдлага, Монгол талаас М сургалтын төвийн багш Масашиёо сан, Монгол ажилчид гээд гурвалсан уулзалт, онлайн хурал хийж нутаг буцахыг зөвшөөрсөн. Харин татвар, байрны түрээс, газ, ус цахилгаан гээд бүх тооцоог хасч, үлдэгдэл цалинг М ХХК-аар дамжуулан явуулна гэж хэлсэн. Хөдөлмөрийн гэрээг Накатэцү компанитай байгуулж, хурал хийж хуулийн дагуу хөдөлмөрийн гэрээг цуцалсан учраас бүх төлбөр тооцоог тэглэж, үлдэгдэл цалин хөлсийг М төвийн захирал Л.Б-гийн дансанд шилжүүлсэн гэж ойлгосон. 2020 оны 09 сарын 30-ны өдөр М төвийн багш Масашиёсо сан фэйсбүүк чатаар Накатэцү компаниас цалингийн чинь хуудас ирсэн гэж хэлсэн. 2020 оны 10 сард диплом болон үлдэгдэл цалингаа авах талаар М төвийн захирал Л.Б-тэй уулзахад маш их хэл амаар доромжилж 1 500 000 төгрөг өгөөд диплом, цалингаа ав гэж хэлсэн. Ямар үндэслэлээр мөнгө нэхэж байгаа талаар асуухад худлаа ярьж тусгай үүргийн нислэгт багтаж, Япон компанид хохирол учруулсан, дараагийн чиний оронд нисэх хүний зардлыг чи даах ёстой гэсэн. Гэрээнд тийм тохиролцоо огт байхгүй. 2019 оны 05 сарын 17-ны өдөр М төвөөс мэргэжил дээшлүүлэгчийн хүлээх үүрэг гэж хүний хувийн амьдрал, эрх, эрх чөлөөнд халдсан баримт дээр хүчээр гарын үсэг зуруулсан, хэрвээ зурахгүй бол нисгэхгүй гэж байсан. Энэ хүлээх үүрэг гэсэн баримтын 10 дугаар зүйлд дадлагын ажлыг хугацаанаас нь дур мэдэн орхин явах, зугтан зайлахгүй /харлахгүй/ гэснийг үндэслэж мөнгө нэхэж байна гэж хэлсэн. Гэвч ажлыг хугацаанаас нь өмнө дур мэдэн орхиж яваагүй, харлаагүй. Буцах хүсэлтэй байгаагаа нислэгт багтсан даруйдаа компанидаа хэлж, компанийн зүгээс хүлээн зөвшөөрч гэрээг цуцалж, нутагтаа ирсэн. М сургалтын төв мөнгө нэхэх ямар ч үндэслэлгүй.

Иймд хууль бусаар барьцаанд хурааж авсан ИЗОУИС-ын Эрх зүйн бакалаврын диплом D201217607-ыг М ХХК-ийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, М сургалтын төвийн захирал Л.Б-гийн дансанд шилжүүлсэн нэхэмжлэгчийн хөдөлмөрийн хөлс болох 76 552 иен буюу 2 108 187 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч тал хариу тайлбартаа: 2018 оны 10 сарын 01-ний өдөр Б.Солонготой Япон хэлний анхан шатны мэдлэг олгох сургалтын гэрээг байгуулсан. Манай байгууллага хэлний бэлтгэлд сургаж Япон улс руу ажил зуучлалын ажиллагаа явуулдаг. Б.Солонго нь Япон улсад очоод өөрийн хувийн байдлаасаа болж гэрээгээ цуцалсан. Манай компани Япон хэлний түвшинг сайжруулах болон компанид зуучилдаг болохоос цалин хөлстэй холбоотой асуудалд оролцдоггүй, шийдвэрлэдэггүй.

Иймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар М ХХК-аас Б.С- Их засаг Олон Улсын Их Сургуулийн Эрх зүйн бакалаврын диплом /D201217607/, цалин 2 108 242 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Б.Солонгод олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 119 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 118 881 төгрөгийг, улсын орлогоос илүү төлсөн 319 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Б.Солонгод олгохоор шийдвэрлэжээ.

 

Хариуцагч тал давж заалдах гомдолдоо: Итгэмжлэгдсэн төлөөлөгч нь өмгөөлөгчөөс хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах талаар шүүхэд удаа дараа илэрхийлж, хариуцагч М ХХК-ийн хуульч, өмгөөлөгч Н.Нарангуагаас хууль зүйн мэргэжлийн туслалцаа авахаар сонгосныг илэрхийлэн, түүнийг ковид өвчний улмаас ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа талаар мэдүүлсэн ба шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох талаар хүсэлтдээ мөн бичсэн болно. Өмгөөлөгч Н.Нарангуа нь хариуцагч М ХХК-д зөвлөх үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Ковид өвчний улмаас ХӨСҮТ-д 2021 оны 03 сарын 13-ны өдрөөс 2021 оны 03 сарын 27-ны өдрийг хүртэл хэвтэн эмчлүүлсэн болно.

Анхан шатны шүүх Япон улсын Накатэцү компаниас Б.С- 2020 оны 08 сард ажилласан цалин болох 76 552 иенийг М ХХК-ийн захирал Л.Б-гийн дансанд шилжүүлсэн болох нь М Масаёоши гэх фэйсбүүк хэрэглэгчээс нэхэмжлэгч Б.Солонготой харилцсан цахим зурвас Л.Б-гийн 9111-9390 дугаарт бичсэн мессежээс тогтоогдож байна гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлгүй болжээ.

М Масаёоши гэх фэйсбүүк хэрэглэгч нь М ХХК-тай холбоотой баримт цалин хөлсийг нотолж чадах эрх бүхий этгээд мөн эсэх нь тодорхой бус байхад үүнийг нотлох баримтаар үнэлсэн. Мөн Л.Б-тэй холбоотой бичсэн мессэж нь Накатэцү компанитай холбоотой цалингийн тухай бичжээ гэдгийг шүүх яаж тогтоосон нь эргэлзээтэй. Б.Солонго нь шүүхэд ажилладаг тухайгаа сургалтад суудаг хүмүүст байнга хэлдэг. Шүүхийн танил тал нүүртэй гэж хэлдэг. Иймээс шийдвэр эргэлзээтэй гарсан гэж үзэж байна.

Анхан шатны шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчийн хамт оролцох хүсэлтээ дэмжээгүй гэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, өмгөөлүүлэх, хууль зүйн мэргэжлийн туслалцаа авах эрхээр хангаагүй, хэт нэг талыг барьсан гэж үзэж байна. Уг эрхийг хангаагүйгээс хариуцагчид шүүхэд хариу тайлбар, татгалзлаа тодруулж, нотлох баримт гаргаж өгөх боломжит хугацаа өгөөгүй болно. Мөн Б.Солонго нь Япон хэл дээрх тамга, тэмдэггүй канондсон зургийг орчуулгын товчоогоор орчуулуулан хэрэгт хийсэн байдаг. Тамга, тэмдэггүй цалингийн хуудас байдаггүй. Шүүх үүнийг үнэлсэнд гомдолтой байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Коронавируст халдварын улмаас хэвтэн эмчлүүлж байгаа хүмүүс нь биеийн байдлын хувьд харилцан адилгүй байгаа бөгөөд өвчний клиникийн шинж, хөнгөн, хүндэвтэр, хүнд, маш хүнд зэргээс хамаарч хэвтэн эмчлүүлэх хугацаа харилцан адилгүй байгааг шүүх анхаараагүйн дээр өвчнөөр далимдуулж байгаа мэт ойлгон, хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж үзсэнд гомдолтой байна. Өмгөөлөгч Н.Нарангуа нь гэр бүлийн хамт хэвтсэн тул өрхийн эмнэлгээс нь гэр бүлийн хүн биш гэсэн үндэслэлээр хэвтэн эмчлүүлж байгааг нотлох боломжгүйг шүүгчийн туслахад хэлж байсан. Түүнчлэн шүүгчийн туслах 2021 оны 03 сарын 23-ны өдөр өмгөөлөгч Н.Нарангуагийн 9973-3504 дугаарын утас руу 9667-1711 дугаарын утаснаас залгаж шүүх хуралдаанд заавал оролцох эсэх талаар тодруулахад Н.Нарангуа нь заавал оролцоно, эмнэлгээс гараагүй ХӨСҮТ-д эмчлэгдэж байгаа талаар хэлсэн. Дээрх нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх хангалттай үндэслэлтэй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааны үйл баримтыг тодруулаагүй, тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйн улмаас хэргийг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Тодруулбал, нэхэмжлэгч Б.Солонго нь хариуцагч М ХХК-д холбогдуулан тус байгууллагын хууль бусаар барьцаалсан Их Засаг Олон Улсын Их сургуулийн D201217607 дугаартай Эрх зүйн бакалаврын дипломыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, нэхэмжлэгчийн Япон улсад ажилласан компаниас хариуцагч компанийн захирал Л.Б-гийн дансанд шилжүүлсэн хөдөлмөрийн хөлс гэх 76 552 иен буюу 2 108 187 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. /хх 1-2/ Уг шаардлагын үндэслэлээ, Япон улсад ажиллах зорилгоор хариуцагч байгууллагын Япон хэлний сургалтын төвд хамрагдаж, ажилд зуучлуулсантай холбоотойгоор бакалаврын дипломоо барьцаалуулсан, мөн ажлын хөлсний үлдэгдлийг М ХХК-ийн захирал Л.Б-гийн дансанд ажил олгогчоос шилжүүлсэн тул диплом болон мөнгөн хөрөнгийг хариуцагч компаниас гаргуулна гэж тайлбарлажээ.

 

Хариуцагч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгчид Япон хэлний анхан шатны мэдлэг олгож, тус улсад ажиллах ажилд зуучилснаас түүний цалин, хөлстэй холбоотой асуудалд оролцоогүй гэх агуулгаар тайлбарласан байна. /хх 27/

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Б.С- нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг хэрэглэсэн нь буруу байна. Зохигчдоос энэ үндэслэлээр гомдол гаргаагүй боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэх үүрэгтэй.

 

Тодруулбал, бакалаврын дипломын хувьд, нэхэмжлэгч нь хариуцагч байгууллагатай байгуулсан гэрээний үндсэн дээр тус байгууллагад барьцаалуулсан гэх агуулгаар тайлбарлан шаардаж байгаа тохиолдолд энэ нь эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах шаардлагад буюу дээрх хуулийн зохицуулалтад хамааралгүй. Түүнчлэн, хөдөлмөрийн хөлс гэх төрлийн шинжээр тодорхойлогдох мөнгөн хөрөнгийн шаардах эрх нь нэг бүрийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгө өмчлөгчийн өмчлөх эрхээ шаардах шаардлагын үндэслэлийг зохицуулсан Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт хамаарахгүй. Үүнээс гадна нэхэмжлэгч уг шаардлагын үндэслэлээ тодорхойлохдоо Л.Б-гийн банкны дансанд орсон талаар нэр заан тайлбарлах боловч тэрээр энэхүү иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцсон этгээд биш байна.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийг оролцогчийн хүсэлтээр нэхэмжлэгчийн М ХХК-тай хамаарал бүхий хүмүүстэй Япон улсад ажилласан цалин, хөлстэй холбоотой асуудлаар харилцсан гэх фэйсбүүкийн мессенжер, гар утасны зурвасуудад үзлэг хийсэн байна. /хх 44-45/ Шүүх уг нотлох баримтад үндэслэн тэдгээрийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлох шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ямар үндэслэлээр хариуцагч байгууллагад нэхэмжлэгчийн цалин шилжиж орсон буюу хариуцагч компани нэхэмжлэгч нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааны агуулгыг тодорхой болгох шаардлагатай. Өөрөөр хэлбэл уг нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний болон гэрээний бус ямар үүрэгт үндэслэн хэнээс хэний хөрөнгийг шаардаж байгааг тогтоох ёстой.

 

Дээрх нөхцөл байдлуудыг тодруулаагүй, эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Давж заалдах шатны шүүх энэхүү алдааг хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарын хүрээнд залруулах боломжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Харин хариуцагч талын гаргасан анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн буюу хариуцагчийн өмгөөлөгчийн эрүүл мэндийн хүндэтгэн үзэх шалтгааны улмаас гаргасан шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хангаагүй, хэргийн оролцогчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн, эрх зүйн туслалцаа авах болон мэтгэлцэх, нотлох баримт гаргах эрхийг зөрчсөн гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Учир нь хариуцагч тал өөрт холбогдуулан гаргасан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хувийг 2021 оны 01 сарын 28-ны өдөр гардан авч /хх23/, компанийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаярыг 2021 оны 02 сарын 15-ны өдөр томилон /хх26/, шүүхээс түүнд эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарласан /хх 24/ байх ба хариуцагч талын эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгчийнх нь хэргийн материалтай танилцах эрхийг нь хангаж 2021 оны 03 сарын 02-ны өдөр, мөн оны 03 сарын 12-ны өдөр тус тус шүүх хуралдааныг хойшлуулсан байна. /хх47-60/

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ууганбаяр нь 2021 оны 03 сарын 23-ны өдөр товлогдсон шүүх хуралдааны товыг мөн оны 03 сарын 12-ны өдөр мэдсэн /хх 61/ байх бөгөөд тэрээр шүүхэд 2021 оны 03 сарын 22-ны өдөр гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт-ээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй буюу уг хүсэлтэд дурдсан өмгөөлөгч эрүүл мэндийн шалтгаантай гэсэн үндэслэлийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэх боломжгүй байна. /хх 62/ Мөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй, нэхэмжлэлийн хувийг гардан авснаас хойш хугацаанд нэхэмжлэлийн татгалзал, түүний үндэслэлээ нотлох баримтыг гаргах эрхийг шүүх хязгаарлаагүй тул хүсэлтийг хангахгүй орхиж, шүүх хуралдааныг үргэлжлүүлснийг хууль зөрчсөн гэж үзэхгүй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 сарын 23-ны өдрийн 181/ШШ2021/00667 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

 

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч талаас 2021 оны 04 сарын 19-ний өдөр төлсөн 119 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Ч.ЦЭНД

 

Д.НЯМБАЗАР