| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Баатарын Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 157/2025/00135/И |
| Дугаар | 157/ШШ2025/00125 |
| Огноо | 2025-05-19 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2025 оны 05 сарын 19 өдөр
Дугаар 157/ШШ2025/00125
2025 05 19 157/ШШ2025/00125
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Болор-Эрдэнэ би
Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, С 15 давхар, “М Банк” ХК-ний нэхэмжлэлтэй
Хариуцагч: Х аймгийн Б сум, 1 дүгээр баг, 42 дугаар байрны 55 тоотод оршин суух,Б овогт О-ын А-д холбогдох
“зээлийн гэрээний үүрэгт 32,321,702.56 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч О.А нь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 09 дүгээр сарын 11-нд 6000291684 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.65 хувийн хүүтэй, 31 сарын хугацаатай зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 60002911684 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 161 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000291684 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2027 оны 03 дугаар 11-нд дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.
Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлага:
Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000291684 тоот гэрээний үүрэгт Үндсэн зээлийн төлбөрт 29,212,320.5 төгрөг, Үндсэн хүүний төлбөрт 3,041,289.23 төгрөг, Нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 45,092.88 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг. Нийт 32,321,702.56 төгрөгийг зээлдэгч О-ын А-аас гаргуулах.” гэжээ.
Хариуцагч О.А шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие “М банк”-наас 30,000,000 төгрөгийн зээлийг сарын 1,65 хувийн хүүтэй зээлдэн авсан нь үнэн. 6 дугаар сарын 12-ноос хугацаа хэтэрсэн зээлээ төлж цаашид хугацаа хэтрүүлэхгүй. Нийт 32,321,702.56 төгрөгийг сар сардаа төлж дуусгана. Маргах зүйлгүй.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “М Банк” ХК нь хариуцагч О.А-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 32,321,702.56 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.А нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..6 дугаар сарын 12-ноос хугацаа хэтэрсэн зээлээ төлж цаашид хугацаа хэтрүүлэхгүй. Нийт 32,321,702.56 төгрөгийг сар сардаа төлж дуусгана. Маргах зүйлгүй.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.
Иймд хариуцагч О.Агийн нэхэмжлэлийн шаардлага болох 32,321,702.56 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,558 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 319,558 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч О.Агаас улсын тэмдэгтийн хураамжид 159,779 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 159,779 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М Банк” ХК-нд олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч О.А-д холбогдох зээлийн гэрээний үүрэг 32,321,702.56 (гучин хоёр сая гурван зуун хорин нэгэн мянга долоон зуун хоёр төгрөг, тавин зургаан мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319,558 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч О.Агаас улсын тэмдэгтийн хураамж 159,779 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 159,779 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М Банк” ХК-нд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч О.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ