| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2334000000304 |
| Дугаар | 2024/ДШМ/08 |
| Огноо | 2024-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2024/ДШМ/08
Ч.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Уянга
Хохирогч М.Ж
Шүүгдэгч Ч.Бэ, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн
Нарийн бичгийн дарга М.Гантуяа нарыг оролцуулан
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.БатЖ даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/438 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгдэгч Ч.Бэд холбогдох эрүүгийн 2334000000304 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Б, 1980 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Төв аймгийн Аргалант суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эхнэр, 6 хүүхдийн хамт Төв аймаг Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг "Галзуу хар" гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь 3 удаагийн ял шийтгэл шийтгэлтэй. Үүнд:
1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1996 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 407 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123-р зүйлийн 3-т зааснаар 3 жил хорих ялаар,
2.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 306 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 127-р зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар,
3.Сэлэнгэ аймгийн Сайхан сумын сум дундын шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2023/ШЦТ/03 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлснийг Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 29 дугаар магадлалаар оногдуулсан ялыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар сольж өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн,
Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар багийн нутаг “Галзуу хар” гэх газарт ус өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж М.Жын баруун нүд, хацар, шанаа руу гараараа цохиж, хөлөөрөө цээж рүү 3-4 удаа өшиглөж зодсоны улмаас М.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Төв аймгийн Прокурорын газраас Ч.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бийг 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэд оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээс бусад үед Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бэ нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Шүүгдэгч Ч.Бэд оногдуулсан 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд хяналт тавихыг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бээс 2,814,970 /хоёр сая найман зуун арван дөрвөн мянга есөн зуун дал/ төгрөг гаргуулж хохирогч Ж /-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 46,500 /дөчин зургаан мянга таван зуу/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Эрүүгийн 2334000000304 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдан шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Бэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Чимэдийн Бэ миний бие 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр гарсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
1.Цагдаагийн мөрдөгч хохирогчоор таныг байцаана гээд хүлээлгэж байснаа ямар ч эд мөрийн баримтыг өгөх боломж олгоогүй, өгөх гэсэн юм гэж утсаар хэлсэн байдаг.
2.М.Ж нь өглөө 8 цагт маргалдсан гэдэг мөртөө 12 цагт дуудлага өгдөг. Энэ хооронд нь адуу туусан хүнтэй таараад мотоциклоосоо унаснаа ярьдаг. Энийг шалгаагүй.
3.Ж гэдэг хүн хутгаар намайг зүссэн, дахин хутгалах гэж дайрсан энэ үед нь мод барьж зогсоосон. Би үхэхийг хүсээгүй. Иймд шүүхийн цаг хугацаа болон хөдөлшгүй тогтооно гэсэн заалт илтэд зөрчигдөж байна. Хэрвээ энэ хүн хутгаараа хутгалаад би үхсэн бол хэн хариуцах вэ” гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уянга тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч М.Ж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ хүнтэй ямар нэгэн байдлаар муудаагүй. Хашааны хаалга онгойлгоод орж ирээд нүд рүү цохисон. Камерын бичлэгт энэ талаар маш тодорхой байгаа. Хэрэв Аргалант сумын эмч ирж надад эмнэлгийн тусламж үзүүлээгүй бол би хэцүүдэх байсан гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.Бийн өмгөөлөгч И.Отгонсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Бэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
2. Шүүгдэгч Ч.Бэ нь 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р багийн нутаг “Галзуу хар” гэх газарт ус өгсөнгүй гэх шалтгаанаар маргалдаж М.Жын баруун нүд, хацар, шанаа руу гараараа цохиж, хөлөөрөө цээж рүү өшиглөж зодсоны улмаас М.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь
Хохирогч М.Жын: “2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед ажил дээрээ буюу Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р баг Галзуу хар гэх газар ганцаараа байж байхад урдхан талд амьдардаг Бэ гэх залуу ус авъя гэж ирэхээр нь би өнөөдөр ус өгч чадахгүй, би чамд өчигдөр өгсөн гэж хэлсэн чинь над руу ус өгсөнгүй гэж уурлаад баруун гараараа баруун нүд, хацар, шанаа руу цохиж унагаагаад хөлөөрөө цээж рүү 3-4 удаа өшиглөж цохиж зодчихоод яваад өгсөн. Гэртээ орж ирээд хэвтэж байтал хойно амьдардаг П.Анхбаяр гэх залуу над руу утсаар залгахаар нь хүнд зодуулсан талаараа хэлтэл удалгүй ирээд цагдаа дуудсан. Ч.Бэ намайг зодох үед нэг танихгүй залуутай явж байсан. Миний баруун талын нүүр, нүд хавдсан гомдолтой байна.” /хх-н 12/ гэх,
гэрч П.Анхбаярын: “2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 12 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2-р баг Галзуу хар гэх газар гэртээ байж байгаад манай хойно амьдардаг М.Ж ахтай утсаар залгатал М.Ж ах хүнд зодуулчихлаа бие муу байна гэж хэлэхээр нь гэрт нь очсон. Намайг очтол М.Ж ах урд амьдардаг Ч.Бэ гэх залуу ус авна гэхээр нь өгөхгүй гэтэл зодчихоод явчихлаа гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудсан.” /хх-н 13/ гэх,
гэрч Ц.Жарантайн: “...2023 оны 7 дугаар сарын 16-ны өдөр 11 цагийн үед ...Ч.Бэ бид хоёр гэрийнх нь зүүн талд байрладаг Хөдөө аж ахуйн биржийн хашаанаас очиж ус авахаар болж миний 21-06 УАО улсын дугаартай машинтай 1 тонн савтай явсан. Хөдөө аж ахуйн биржийн хашаанд очтол ...Ч.Бэ харуул М.Ж гэх хүнийг цохиж, зодоод эхэлсэн. Би машинаа хашаа руу нь оруулаад, бууж болохоо байлаа гээд Ч.Бийг салгатал дийлдэхгүй байсан. ...Ч.Бэ нь М.Жыг цохиж зодоод байсан. ...М.Ж нь хутга барьсан үедээ Бэд ойртоогүй. Ямар нэгэн байдлаар зүсэж гэмтээх боломжгүй байсан. Учир нь М.Ж хутгатай байхад Ч.Бэ урт шургааг мод барьсан байсан учир М.Жыг ойртуулаагүй. ...Тэгээд би дундуур нь орж салгаад Ч.Бийг аваад явсан.” /хх-н 19-20, 22/ гэх мэдүүлгүүд,
Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 431 дугаартай шинжээчийн: “1.М.Жын биед баруун ухархайн хананы хугарал, зүүн талын 6 дугаар хавирганы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, хамар, баруун шуу, баруун хацарт зулгаралт, баруун нүдний зовхи, баруун хацарт зөөлөн эдийн няцралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь цохиулах үед үүсэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /хх-н 25-26/ гэх,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 745 дугаартай шинжээчийн: “1.М.Жын биед баруун ухархайн дотор хананы хугарал, зүүн талын 6-р хавирганы хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацрын зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуу, баруун хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. М.Жын биед зүүн 7, 8, 9, баруун 9, 10-р хавиргануудын хуучин хугарал тогтоогдож байх ба уг гэмтлийн үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. 3.Мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Урьд гаргасан 431 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” /хх-н 30-33/ гэх дүгнэлтүүд,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-н 02-06/, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 07-08/, дүрс оношилгооны илгээх бичиг, хариу /хх-н 34/, Med trauma hospital эмнэлгийн дүрс оношилгооны шинжилгээний хариу /хх-н 57-58/, CD бичлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
3. Шүүгдэгч Ч.Бд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.
4. Ч.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинж нь Монгол Улсын Үндсэн хуулиар хамгаалагдсан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан идэвхитэй үйлдэл бөгөөд өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсч, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, энэ үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг тул прокуророос шүүгдэгч Ч.Бд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон шүүгдэгч Ч.Бд холбогдох эрүүгийн хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Бийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол төлбөр төлөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.
7. Шүүгдэгч Ч.Бэ нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч “Намайг хохирогчоор тогтоогоогүй, хохирогч М.Ж мотоциклоосоо унасан гэж хүнд ярьсныг шалгаагүй, М.Ж намайг зүсээд дахин хутгалах гэж дайрсан байхад мод барьж зогсоосныг цаг хугацаа болон хөдөлшгүй тогтооно гэснийг шүүх илтэд зөрчсөн” гэх утга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
8. Өөрийн эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцдоггүй. Хохирогч М.Ж/хх-н 12/, гэрч П.Анхбаяр/хх-н 12/, Ц.Жарантай/хх 19-20, 22/ нарын мэдүүлгүүд, CD-нд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 07-08/, CD бичлэг зэрэг нотлох баримтуудаар хохирогч М.Ж нь шүүгдэгч Ч.Бийн амь нас эрүүл мэндийн эсрэг аюултай аргаар довтолсон, довтолгоо нь бодитой байсан буюу амь нас, эрүүл мэндээ хамгаалах зорилгоор М.Жын хутга барьж дайрсан үйлдлийг мод барьж зогсоосон гэх давж заалдах гомдолд дурдагдсан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
9. Хэдийгээр шүүгдэгч Ч.Бийн биед хөнгөн хохирол учирсан талаар Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн №437 дүгнэлт/хх-н 39-40/ авагдсан ч дээрх шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан Ч.Бэ мөрдөгч, прокурорт ямар нэгэн гомдол, хүсэлт гаргаагүй, мөрдөн шалгах ямар нэг ажиллагаа хийгдсэн талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй.
Ч.Бэ нь уг эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан талаарх асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад гомдол гаргахад энэ магадлал саад болохгүй болно.
10. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2023/ШЦТ/438 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Бийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА
ШҮҮГЧИД З.ТҮВШИНТӨГС
Р.МӨНХ-ЭРДЭНЭ