| Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
| Хэргийн индекс | 118/2025/0018/З |
| Дугаар | 118/ШШ2025/0023 |
| Огноо | 2025-07-22 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 118/ШШ2025/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Цэнд-Очир даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Э.Ц
Хариуцагч: Завхан аймгийн .... сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.П нарын хоорондын төрийн албан хаагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдсөн тухай маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э, хариуцагч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага: …… сумын Засаг даргын Тамгын газрын ******* албаны даргад томилохгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоолгож тус санхүү албаны даргад томилохыг даалгах, …… сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны 2025 оны 05-р сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлт, …… сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах.
2. Хэргийн нөхцөл байдал: Нэхэмжлэгч нь ..... сумын Засаг даргын Тамгын газарт Төсөв төрийн сангийн мэргэжилтнээр ажилладаг ба Төрийн албаны салбар зөвлөлөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зар буюу ..... сумын ******* албаны даргын сул орон тоо зарлагдсанаар шаардлага хангасан материалаа хүргүүлсэн боловч томилох эрх бүхий Засаг даргын Тамгын газрын дарга хянаад 2025 оны 3/89 дүгээр албан бичгээр мэргэжлийн индекс таарахгүй, мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэггүй, ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй гэх үндэслэлээр татгалзсан байна.
2.1 ..... сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн хорооны 2025 оны 05-р сарын 26-ны өдрийн 01 дүгээр дүгнэлтээр нэхэмжлэгч Э.Ц-г ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнээд Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалаар нээлттэй сануулах ёс зүйн хариуцлага ногдуулсан байна.
3. Нэхэмжлэгч нь сумын ******* албаны даргын сул орон тооны шаардлагыг хангаж байхад сумын Засаг даргын Тамгын газрын дарга хууль бус эс үйлдэхүйгээр томилохоос татгалзсан. Түүнчлэн ёс зүйн дэд хороонд гомдол гаргасан хүн нь Засаг даргын Тамгын газрын даргын ******* албаны даргын үүргийг тэтгэвэрт гарсан мөртлөө түр орлон гүйцэтгэж байгаа Я.Д гэх хүн бөгөөд намайг санхүү албаны даргад материалаа өглөө гэх шалтгаанаар хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн мөртлөө ёс зүйн дэд хороонд үндэслэлгүй гомдол гаргаж, дүгнэлт гаргуулснаар сахилгын арга хэмжээ авсныг хүлээн зөвшөөрөхгүй гэж,
3.1 Хариуцагч Ёс зүйн дэд хороо болон Тамгын газрын даргаас … *******гийн албаны дарга Я.Д нь Төсөв төрийн сангийн мэргэжилтэн Э.Ц-тай холбогдуулан ёс зүйн дэд хороонд өргөдөл гаргасны дараа Төсөв, төрийн сангийн мэргэжилтэн Э.Ц нь би ч гэсэн адилхан доромжлуулсан гэх үндэслэлээр *******гийн албаны дарга Я.Д-д холбогдуулан өргөдөл гаргасан. Дээрх 2 өргөдлийг ёс зүйн дэд хороо 2025 оны 05 дугаар сарын 22-ны өдөр авч хэлэлцээд ёс зүйн зөрчил гаргасан гэх дүгнэлтийг гаргасан. Иймд ёс зүйн дэд хорооны 2025 оны 01 дугаартай дүгнэлт болон Завхан аймгийн ….. сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгох боломжгүй гэж маргаж байна.
4. Нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл “...2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр манай сумын санхүү албаны даргын сул орон тоо сэлгэн шилжүүлэн ажиллуулахаар зарлагдаж миний бие болзол хангасан учир материал хүргүүлсэн. Миний материалыг Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.П хянан үзээд хариу ирүүлэхдээ. 1. Мэргэжлийн индекс таарахгүй. 2. Мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэггүй нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй гэх үндэслэлээр татгалзсан хариу ирүүлсэн. ...Сангийн сайдын 294 дүгээр тушаалаар төсвийн шууд захирагч ахлах нягтлан бодогч байна гэсэн шаардлага байдаг. Миний хувьд төсвийн мэргэжилтэн хийдэг, нягтлан бодогч нарыг мэргэжил арга зүйгээр хангадаг. Намайг мэргэшсэн нягтлан бодогч биш, нягтлан бодогчоор ажиллаагүй гэж үзэх боломжгүй. Би төрийн албанд 13 дахь жилдээ, төрийн сангийн нягтлан бодогчоор сүүлийн 3 дахь жилдээ ажиллаж байгаа учраас уг албан тушаалын шалгуурыг хангана гэж үзэж байгаа. ... Миний мэргэжлийн индексийг МУИС-ийн 04-11-01 хангаж байна гэсэн албан бичиг ирсэн. Мөн боловсролын яамнаас ирсэн албан бичиг дээр мэргэжлийн индексийг хангаж байна гэсэн хариу албан бичиг ирсэн. ...Сангийн сайдын 294 дүгээр тушаал дээр санхүү албаны дарга нь төвлөрүүлэн захирагчийн ерөнхий ахлах нягтлан бодогч гэж явдаг. Түүний тусгай шаардлага дээр мэргэжлээрээ ажилласан, ажлын туршлагатай, төрийн сангийн хэлтэст 3 жил ажилласан байх гэсэн шаардлагыг би хангаж байгаа учраас материалаа хүргүүлсэн. ... нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагч тал Э.Ц-г ******* албаны даргад томилохгүй байгаа эс үйлдэхүйг юу гэж тайлбарлаж байна вэ гэхээр мэргэжлийн индекс тохирохгүй байгаа, мөн мэргэшсэн нягтлан бодогч биш гэж үзэж томилоогүй гэсэн. ...Э.Ц-г тус ажилд томилохоос үндэслэлгүйгээр, хэд хэдэн үндэслэлээр татгалзаж байгаа. Нэгт: ерөнхий нягтлан бодогч биш, ерөнхий нягтлан бодогч байх ёстой гэдэг зүйлийг ярьж байна. Сангийн сайдын 294 дүгээр тогтоолын 3-д ерөнхий нягтлан бодогчийг сумын Засаг дарга томилно гэж заасны дагуу ерөнхий нягтлан бодогчийг Засаг дарга томилно. Гэтэл Э.Ц тамгын газрын санхүү албаны даргад буюу тамгын газрын дарга томилох эрх хэмжээний асуудал дээр дэвшиж байна. ... Мөн мэргэжлийн индекс таарахгүй байгаа гэдэг зүйлийг ярьж байна. Гэтэл МУИС, Боловсролын яамнаас Э.Ц-ийн төгссөн индекс нягтлан бодох буюу ажлын байрны тодорхойлолтод заасан индекс болсон гэдэг албан бичгийг ирүүлсэн байна. Э.Ц-ийн төгссөн мэргэжлийн индексийг нягтлан бодогчоор ажилласан гэж адилтгаж үзэхээр тусгасан байна. Э.Ц-г нягтлан бодогчоор ажиллаагүй гэж байгаа боловч ажлын байрны тодорхойлолтоороо аж ахуй нэгж байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хянах, сурталчлах, аудитын тайлан гарах чиг үүргийг 3 жил хэрэгжүүлсэн байна. Тийм учраас Э.Ц-г томилохгүй татгалзаж байгаа үндэслэл нь хуульд нийцэхгүй байна. Э.Ц-г ёс зүйн хувьд харьцахад хэцүү намайг хуурсан. ... Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй гэсэн тодорхойлолтыг намайг хуурч хийлгэсэн гэж байна. ... Хариуцагчийн хариу тайлбар нь нотлох баримтад тулгуурлах ёстой. Ийм учраас Э.Ц-г ..... сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар томилохгүй гээд татгалзаад байгаа нь хуульд нийцээгүй учраас татгалзлыг хууль бус болохыг тогтоож Э.Ц-г ...... сумын Засаг даргын Тамгын газрын санхүү албаны даргаар томилохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
6. Хариуцагч С.П шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... …….. сумын ЗДТГ-ын 2025 оны 4 сарын 02-ны өдрийн 3/89 дүгээр албан бичгээр Төрийн албаны ….. аймаг дахь салбар зөвлөлд Э.Ц-г …. сумын санхүүгийн албаны даргын албан тушаалд шилжүүлэн томилоход, санхүүгийн албаны даргын албан тушаалын хууль журамд заагдсан зарим шаардлагыг хангахгүй байгаа талаар холбогдох хуулийн заалтыг тодорхой бичиж тайлбарлан хариу хүргүүлсэн. ……. сумын ЗДТГ-аас санхүүгийн албаны даргын сул орон тоон дээр шилжүүлэн ажиллуулах зарыг Төрийн албаны зөвлөлийн …… аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлж зарласнаар Э.Ц материал ирүүлсэн. Хууль тогтоомжийн зарим шаардлагыг хангаагүй тул татгалзсан хариу хүргүүлсэн. Үүнээс үүдэлтэй холбогдох дээд байгууллагуудад гомдол, шүүхэд нэхэмжлэл гаргаснаар *******гийн албаны даргын сул орон тооны сонгон шалгаруулалт зарлагдахгүй хойшилсоор байна. *******гийн албаны даргаар ажиллаж байсан Я.Д тэтгэврийн насанд хүрч тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж сонгон шалгаруулалт зарлагдах хүртэл хугацаанд хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллуулж байгаа болно. … Сангийн сайдын тогтоол дээр тусгайлан зааж өгсөн байгаа. Мэргэжлээрээ 7 жил ажилласан, мэргэшсэн нягтлан бодогч байх ёстой гэж заасан байдаг. МУИС нь нягтлан бодох мэргэжлийн кредитийг дутуу үздэг. Энэ талаар Боловсрол соёл шинжлэн ухааны яамны албан ёсны дүгнэлт гараагүй. 2021 оноос тус сургуулийн татварын нягтлан бодогчийн мэргэжил байхгүй болж нягтлан бодогч руугаа шилжсэн гэсэн тайлбар байгаа. Сангийн сайдын 294 дүгээр тогтоолын дагуу шаардлага хангахгүй байна гэж үзэж санхүү албаны даргад томилоогүй. ... ******* албаны даргын албан тушаал маань нээлттэй сонгон шалгаруулалт байсан хэдий ч Э.Ц надаас ёс зүйн хариуцлага хүлээж байгаагүй гэсэн тодорхойлолт авахдаа бүтэн сайн өдөр над руу залгаад би .... сумын ******* албаны даргын албан тушаалд материалаа өгөх гэж байгаа юм. Та надад тодорхойлолт өгөөч гэхээр би хэдийгээр амралтын өдөр байсан ч гэсэн хянагдаагүй албан тоот дээр би гарын үсэг зурсан. Э.Ц надад худлаа хэлж тодорхойлолт авсан, үнэнээ хэлээд авах боломж байсан. ... Ёс зүйн хувьд, нягтлан бодогчийн мэргэшлийн гээд хэд хэдэн шаардлагыг хангахгүй гэж үзэж ******* албаны даргын албан тушаалд томилоогүй. ...Сонгон шалгаруулалт явуулахдаа дотоод ажил хариуцсан мэргэжилтэн, хууль эрх зүй хариуцсан мэргэжилтнүүд байдаг. Төрийн албаны тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч нь би өөрөө учраас ганцаараа хувийн ашиг сонирхлын үүднээс Э.Ц-г татгалзах үндэслэл байхгүй. Тийм учраас миний гаргасан шийдвэр хууль ёсны шийдвэр гэж үзэж байна. Сумын Засаг даргатай зөвшилцөх нь хууль ёсны үйлдэл. Тухайн сумд Засаг дарга болон Засаг даргын орлогч нар улс төрийн албан хаагч, тамгын газрын дарга нь төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Төрийн албаны тусгай шалгалт явуулах болзол журмын дагуу шалгалтаа явуулсан. Тийм учраас би дангаараа ашиг сонирхлын үүднээс гаргасан шийдвэр биш гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч нь .... сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хороонд холбогдуулан санхүүгийн албаны даргад томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус санхүүгийн албаны даргад томилохыг даалгах, Ёс зүйн дэд хорооны 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Ёс зүйн зөрчил гаргасан тухай” 01 дүгээр дүгнэлт, ….. сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
2. Шүүх хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад тулгуурлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн маргаж буй үндэслэл, үйл баримтад дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагч нэхэмжлэлийн зарим шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3. Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Ёс зүйн дэд хорооны ажиллах журмын 3.1-д “Дэд хорооны дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 3.1.5 “Дэд хороог төлөөлөх” гэж заасан ба шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хариуцагч ….. сумын Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Ёс зүйн дэд хорооны дарга нь ….. сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн “Ёс зүйн зөрчил гаргасан тухай” 01 дүгээр дүгнэлт, ….. сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн “Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай” Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн болно.
4. Хариуцагч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч маргаанаа дуусгавар болгох эрхтэй ба энэ тухайгаа шүүх хуралдаанд илэрхийлсэн. Хариуцагчийн зөвшөөрөл нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй тул энэхүү нэхэмжлэлд холбогдох хэрэг хэлэлцэх ажиллагааг дуусгавар болгож, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдах нь зүйтээ байна.
5. Нэхэмжлэгч нь ..... сумын Засаг даргын Тамгын газрын дарга, Ёс зүйн дэд хорооны даргад холбогдуулан тус Тамгын газрын санхүүгийн албаны даргад томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус санхүүгийн албаны даргад томилохыг даалгах шаардлагын тухайд:
5.1 Төрийн албаны салбар зөвлөлөөс 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр төрийн жинхэнэ албан хаагчийг шилжүүлэн ажиллуулах зар буюу ..... сумын санхүүгийн албаны даргын сул орон тоог зарласнаар нэхэмжлэгч Э.Ц нь санхүүгийн албаны даргын орон тоонд нөхөн ажиллах хүсэлтээ ..... сумын Засаг даргын Тамгын газарт хүргүүлсэн байна. ..... сумын Засаг даргын Тамгын газрын даргаас хүсэлтийг хянаж үзээд 2025 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 3/89 дүгээр албан бичгээр татгалзсан хариу өгсөн байна.
5.2 Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчөөс санхүүгийн албаны даргын сул орон тооны болзол шаардлагыг хангасан. Миний мэргэжлийн индекс нягтлан бодох бүртгэл /041101/-ийг хангаж байна гэсэн албан бичиг ирсэн. Би төрийн сангийн нягтлан бодогчоор сүүлийн 3 дахь жилдээ ажиллаж байгаа учраас уг албан тушаалын шалгуурыг хангана гэж, хариуцагчаас нэхэмжлэгч нь санхүүгийн албаны даргын албан тушаалд ажиллахад мэргэжлийн индекс таарахгүй, мэргэшсэн нягтлан бодогчийн зэрэггүй, ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор ажиллаж байгаагүй гэж тус тус маргаж байна.
5.3 Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 42 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан сумын *******гийн албаны даргын ажлын байрны тодорхойлолт болон Төрийн албаны салбар зөвлөлийн шилжүүлэх, сэлгэн авах ажлын байрны жагсаалтын төрийн захиргааны гүйцэтгэх албан тушаалын 4 дүгээрт .......... сумын Засаг даргын Тамгын газрын *******гийн албаны даргын мэргэжил; нягтлан бодох бүртгэл /041101/, мэргэшил; төрийн албаны мэргэшүүлэх богино олон дунд хугацааны сургалтад хамрагдаж төгссөн байх, туршлага; мэргэжлээрээ болон туслах түшмэлийн албан тушаалд ажилласан байх гэж заасан байна.
5.4 Нэхэмжлэгч нь 2012 онд МУИС-ын ...... сургуулийг мэргэжил; татварын эдийн засаг, нябо, мэргэжлийн индекс; …… бакалавр зэрэгтэйгээр 123 кредит цагийг дүүргэж төгссөн ба энэхүү мэргэжлийн хөтөлбөр, индекс нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн “Мэргэжлийн чиглэл /хөтөлбөрийн нэр/, индекс шинэчлэн батлах тухай” А/146 дугаар тушаал дахь нягтлан бодох бүртгэл /041101/ хөтөлбөр, индекс болж өөрчлөгдөж, дүйцсэн нь Монгол Улсын Их Сургуулийн 2025 оны 2/1540 дүгээр албан бичиг, Монгол Улсын Боловсрол яамны 2025 оны 4/1810 дугаар албан бичгүүдээр тодорхойлогдож байна.
5.5 Иймд хариуцагчийн татгалзсан эс үйлдэхүйн үндэслэл болох нэхэмжлэгч нь сумын Засаг даргын Тамгын газрын *******гийн албаны даргын сул орон тоонд тавигдах мэргэжлийн индекс хангаагүй гэх татгалзал үгүйсгэгдэж байх ба нэхэмжлэгч нь төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж ......... сумын Засаг даргын Тамгын газрын *******гийн албаны төсөв төрийн сангийн мэргэжилтнээр 2022 оноос хойш ажиллаж байгаа болох нь тогтоогдож байх тул түүнийг мэргэжлээрээ ажиллаагүй гэж үзэхгүй.
5.6 Хариуцагчаас нэхэмжлэгч нь Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 294 дүгээр тушаалаар баталсан "Төсвийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур журам"-н 2.1.3-т заасан “Төсвийн ерөнхий нягтлан бодогч нь ахлах нягтлан бодогч буюу нягтлан бодогчоор 7-оос доошгүй жил, үүнээс төвлөрүүлэн болон шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил эсвэл санхүү, төрийн сангийн газар, хэлтэст З-аас доошгүй жил ажилласан, эрх бүхий мэргэшсэн нягтлан бодогч зэрэгтэй байх” шаардлага, шалгуурыг хангаагүй гэж маргаж байх боловч дээрх заалт нь төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий, ахлах нягтлан бодогчид тавигдах шаардлага, шалгуур болох нь тус журмын 2.1.3-т заасан “… төсвийн шууд захирагчийн ахлах нягтлан бодогчийн ажлыг 5-аас доошгүй жил” ажилласан байх гэх нөхцлөөр тодорхойлогдож байх тул сумын Засаг даргын Тамгын газрын дарга буюу төсвийн шууд захирагчид харьяалагдах сумын санхүүгийн албаны даргын сул орон тоог нөхөхөд дээрх шалгуур хамааралгүй байна.
5.7 Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө”, 27.1.2-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас” томилж сул орон тоог нөхөх зохицуулалттай байна. Иймд ......... сумын Засаг даргын Тамгын газрын *******гийн албаны даргын албан тушаалд мэргэжил, мэргэшлийн шаардлага хангаж буй нэхэмжлэгчийг томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож нэхэмжлэгчийг тус албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэх нь зүйтээ байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 109 дүгээр зүйлийн 109.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан ………. сумын Засаг даргын Тамгын газрын Ёс зүйн дэд хорооны 2025 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн Ёс зүйн зөрчил гаргасан тухай 01 дүгээр дүгнэлт, ……… сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2025 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай Б/10 дугаар тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2 дахь заалтад заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ц-г ........... сумын Засаг даргын Тамгын газрын *******гийн албаны даргад томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус санхүүгийн албаны даргад томилохыг ........ сумын Засаг даргын Тамгын газрын даргад даалгасугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР