Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 157/ШШ2025/00147

 

   2025          06          04                                      157/ШШ2025/00147

  

 

 

    Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

    хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Х аймгийн Б сум дахь Сум дундын шүүхийн шүүгч         Б.Болор-Эрдэнэ би

Нэхэмжлэгч: У хот, С дүүрэг, 8 дугаар хороо, “С” 15 давхар, “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х аймгийн Б сум, 3 дугаар баг Н 401 тоотод оршин суух, Б-ын Б-т холбогдох

“зээлийн гэрээний үүрэгт 24,319,597.30 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 5 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2025 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад   

                                                             

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч  “М Банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Б.Бнь Хэрэглээний зээлийн эрхийн гэрээ байгуулсан бөгөөд энэхүү гэрээний үндсэн дээр 2024 оны 06 дугаар сарын 14-нд 6000209346 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 3,000,000 төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай, 2024 оны 06 дугаар сарын 15-нд 6000209534 тоот “Цахим зээлийн гэрээ”-г байгуулж 21,780,000 төгрөгийн зээлийг сарын 1,6 хувийн хүүтэй, 30 сарын хугацаатай тус тус зээлдэн авсан. Зээлдэгчтэй байгуулсан 6000209346 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний үүргийг 200 хоног, 6000209534 тоот “цахим зээлийн гэрээ”-ний үүргийг 185 хоног хугацаа хэтрүүлсэн байна. Зээлдэгчтэй байгуулсан 6000209346 тоот "Цахим зээлийн гэрээ"-ний хугацаа 2026 оны 12 дугаар 03-нд,  6000209534 тоот “цахим зээлийн гэрээ”-ний хугацаа 2026 оны 11 дүгээр сарын 18-нд тус тус дуусахаар байх бөгөөд зээлдэгч өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2, 226 дугаар зүйлийн 226.1 дэх заалт болон Хэрэглээний зээлийн эрхийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.3 дахь заалтыг тус тус үндэслэн дээрх Цахим зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэлийн шаардлага:

Дээрх Цахим зээлийн гэрээг цуцалж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 6000209346 тоот гэрээний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 2,670,659.2 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 282,096.25 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 6,406.01 төгрөг, 6000209534 тоот “цахим зээлийн гэрээ”-ний үүрэгт үндсэн зээлийн төлбөрт 19,117,470.3 төгрөг, үндсэн хүүний төлбөрт 2,172,326.96 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 47,638.53 төгрөг, нотариатын төлбөрт 23,000 төгрөг, нийт 24,319,597.30 төгрөгийг зээлдэгч зээлдэгч Б-ынБ-ээс гаргуулах.” гэжээ.           

Хариуцагч Б.Бшүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Миний бие “М банк”-наас зээл авсан нь үнэн. Гэрээний дагуу зээлээ төлөөгүй байрны захиалга хийнэ гэж хүнд 30,000,000 төгрөг залилуулсан...Цалин мөнгөө жигдрээд ирэхээр зээлээ төлнө. Нэг дор их мөнгө өгч чадахгүй ч сар сардаа зээлийнхээ хүүг тогтмол төлөөд мөнгө төгрөг маань шийдэгдээд ирвэл хаах юм уу төлөлтөө бүрэн хийх хүсэлтэй байна.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М Банк” ХК нь хариуцагч М.Б-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 24,319,597.30 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Б.Бнь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “..Цалин мөнгөө жигдрээд ирэхээр зээлээ төлнө. Нэг дор их мөнгө өгч чадахгүй ч сар сардаа зээлийнхээ хүүг тогтмол төлөөд мөнгө төгрөг маань шийдэгдээд ирвэл хаах юм уу төлөлтөө бүрэн хийх хүсэлтэй байна.” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн хариу тайлбар гаргасан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ.” гэж заасан.

Иймд хариуцагч Б.Б-ийн нэхэмжлэлийн шаардлага болох 24,319,597.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэж, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,548 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамж 279,548 төгрөгийг тал хувиар бууруулж, хариуцагч Б.Батхүлэгээс улсын тэмдэгтийн хураамжид 139,774 төгрөг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамжид 139,774 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М Банк” ХК-нд олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл,  123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “М Банк” ХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.Б-т холбогдох зээлийн гэрээний үүрэг 24,319,597.30 (хорин дөрвөн сая гурван зуун арван есөн мянга таван зуун ерэн долоон төгрөг, гучин мөнгө) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М Банк” ХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 279,548 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Б.Батхүлэгээс улсын тэмдэгтийн хураамж 139,774 төгрөгийг, Төрийн сангийн орлогоос улсын тэмдэгтийн хураамж 139,774 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “М Банк” ХК-нд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Б.Бнь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх заалтад зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

   ШҮҮГЧ                         Б.БОЛОР-ЭРДЭНЭ