| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Т.Батсүх |
| Хэргийн индекс | 192/2025/03363/И |
| Дугаар | 192/ШШ2025/04315 |
| Огноо | 2025-05-21 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 192/ШШ2025/04315
2025 05 21 192/ШШ2025/04315
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Батсүх би,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газар /РД: 9106766/. Хаяг: Хан-Уул дүүрэг, 3-р хороо, өөрийн байр
Хариуцагч***
Нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 181,280,486 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2025 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: Хариуцагч Т*** нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3-р зүйлийн 3.3-т ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын хуулиар зохицуулна, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 21-р зүйлийн 21.1 дэх хэсгийн ажил олгогч даатгуулагчийн цалин хөлс, түүнтэй адилтгах орлогоос нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр тооцон суутгаж, ажил олгогчийн цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогоос тооцсон шимтгэлийн хамт тухайн сард багтаан нийгмийн даатгалын санд төлнө, 32-р зүйлийн 32.2.2 дах хэсгийн орон тоо болон цалин хөлсний сан, түүнтэй адилтгах орлогын бүрэлдэхүүнийг үнэн зөв тодорхойлж, нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хуулиар тогтоосон хувь хэмжээгээр ногдуулж, сар бүрийн нийгмийн даатгалын санд төлөх заалтуудыг зөрчсөн байна. Тус байгууллага нь 2025 оны 3-р сарын 23-ны өдрийн байдлаар 2022 оны 6-р сараас 2025 оны 2-р сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас 123,298,176 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Шимтгэлийн өр төлбөрт оногдуулсан алданги 57,982,309 төгрөг, нийт 181,280,486 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү.
Зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ: ..нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 48,991,155 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 132,289,331 төгрөгийг 2026 оны 4-р сарыг дуустал буюу 12 сарын хугацаанд төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газар нь ***ХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 181,280,486 төгрөг гаргуулахаар шаарджээ.
Хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанаас өмнө зохигчид эвлэрсэн болох нь шүүхэд бичгээр ирүүлсэн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 48,991,155 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 132,289,331 төгрөгийг 2026 оны 4-р сарыг дуустал буюу 12 сарын хугацаанд төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.
Зохигчийн хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулан тооцов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 74.4, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын нэхэмжлэлтэй,***ХХК-д холбогдох нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 181,280,486 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт зохигчийн ...нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас 48,991,155 төгрөгөөс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 132,289,331 төгрөгийг 2026 оны 4-р сарыг дуустал буюу 12 сарын хугацаанд төлж барагдуулах-аар харилцан тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 409,698 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтайг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Т.БАТСҮХ