Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/09

 

 

 

                                         Ц.С-д холбогдох эрүүгийн

                                                хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч З.Түвшинтөгс, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор М.Мөнхтайван,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Содхүү/цахимаар/,

Нарийн бичгийн дарга Д.Сүхням нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Ц.С-д холбогдох эрүүгийн 2034000000373 дугаар хэргийг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С,1999 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймгийн Заамар суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ам бүл 3, эцэг, эхийн хамт ... газар оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,.

Шүүгдэгч Ц.С нь иргэн Б.Мий адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан булаг хорин зургаагийн гол” гэх газраас түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшиж, 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас Ц.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Сын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг хасаж, торгох ялыг 4,775 /дөрвөн мянга долоон зуун далан тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,775,000 /дөрвөн сая долоон зуун далан таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Сад  оногдуулсан 4,775 /дөрвөн мянга долоон зуун далан тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,775,000 /дөрвөн сая долоон зуун далан таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1/нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4,775 /дөрвөн мянга долоон зуун далан тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,775,000 /дөрвөн сая долоон зуун далан таван мянга/ төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15,000/арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,

  Шүүгдэгч Сад шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,

Эрүүгийн 2034000000373 хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хэрэгт хураагдан ирсэн CD-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Саас 15,000,000 төгрөг гаргуулж, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.-д олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “... 1. Уг эрүүгийн гэх хэрэгт Ц.Сыг хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшсан гэж яллагдагчаар татаж, прокурор, яллах дүгнэлт үйлдсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт нь "Б" ХХК-ийн камерын дүрс бичлэгийг яллах нотлох баримт болгож байгаа. Тэр дүрс бичлэгийн үйл явдлын огноо нь болж буй үйл баримтын огноотой зөрдөг ч прокурор нотлох баримтад тооцдог. Зүй нь энэ ажиллагаа хуульд нийцэхгүй.

Камерын бичлэгт 16 цаг 32 минут, 16 цаг 38 минутад, 17 цаг 26 минутад, 17 цаг 25 минутад Ц.С ажлаа хийж, кемпийн гадна таран давхисан адуунуудыг бөөгнүүлж кемп руу тууж эргүүлж байгаа бичлэг байдаг. Үүнд түүнийг буруутгах, яллах, сэжиглэх ямар ч үйлдэл байдаггүй, өөр хүн хар огт харагддаггүй. 19 цаг 43 минутад 10 тооны адууг морьтой хүн Ц.С тууж зүүнээс баруун зүгт кемпийн араар гарч явсаар уул руу өгсүүлэх үед 1 даага дутаж 9 тооны адуу болсон байдаг ба энэ хоорондох үйл баримт, дүрс бичлэгийн хүрээнд ороогүйгээс харагддаггүй ба тэр хэсгийн бичлэгт багтаж орохгүй 9 секундын хугацаа өнгөрдөг.

Дүрс бичлэг үргэлжилж морьтой хүн түрүүчийн нэгэн адил темп хурдаар адуугаа туусаар уул руу хойшоо явж байгаа харагдаж бичлэг дуусдаг.

Энэ бичлэгт харагдах үйл баримтаар Ц.Сыг хонгор халзан даагыг завшсан гэж үзэж ял халдаахаар яллах дүгнэлт үйлдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн заалтад нийцсэн нотлох баримт гэж үзэх үндэслэл байна уу. Тууж явсан адуу замдаа нэг тоогоор хорогдчихоор түүнийг адуучин завшсан байдаг юм уу? Яаж завшсан, хэрхэн завшсан, хэнд өгсөн, хэнд худалдсан өөрөө авсан уу энэ нь яаж нотлогдож байгаа юм бэ? гэдэг асуулт гардаггүй юм уу. Завшсан юм бол даага нь байх ёстой биз дээ. Гэмт хэргийн сэдэлт, зорилго гэмт хэргийг хэн, хэрхэн яаж үйлдсэнийг мөрдөгч, прокурорууд тогтоосон тул яллаж байна гэх үү. Кемпийн баруун талд олон тооны контейнерүүд байдаг байсан тухай яригддаг. Адгуус амьтан хаана ч сугарч хоцорч үлдэж болно доо. Адуучин тэр мөчийг харсан бол туугаад л явна. Хараагүйнх нь төлөө гэмт хэрэгт шийтгэх нь шудрага явдал уу.

Хуулийн байгууллага иргэн хүнийг ийм амархан, ийм өчүүхэн зүйлээр нотолсон болж ялладаг болчихвол гэм зэмгүй олон иргэд хэлмэгдэхээр байна шүү.

Энэ том алдааг Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх залруулж шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

2. Гэрч Г.Хүчитбаатарын мэдүүлэгт “өдрийг нь санахгүй байна 9 цагийн үед уурхайн кемпийн баруун талд намайг ажил хийж байхад худгийн хажууд хонгор халзан даага явж байхыг харсан, тэр өдрөөс хойш 2 билүү 3 хоногийн дараа М, Анхаа бид гурав малчны гэрт адуу тарих гээд очиход хонгор халзан даага байхгүй байхыг мэдсэн гэж мэдүүлсэн байгаа. /хх 50-51-р талд/ М Анхаа Хүчитбаатар нар 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдөр мал адуугаа тарихаар очиход хонгор халзан даага нь байхгүй болохыг мэдсэн гэж Ц.М мэдүүлдэг. Г.Хүчитбаатарын мэдүүлэгт даагыг харснаас 2-3 хоногийн дараа адуу тарихаар явахдаа хонгор халзан даага адуундаа байгаагүй талаар мэдүүлж байгааг харьцуулж хугацааг тогтооход 5 дугаар сарын 6-наас 2-3 хоногийн өмнө гэдэг нь 5 сарын 3-наас 4-ний хооронд кемпийн баруун талд халзан даага байжээ. Тэр тусмаа яг л адууг Ц.С тууж явахад дэлгэцнээс харагдахаа больсон тэр орчмын газарт даага байсан болохыг гэрч Г.Хүчитбаатар нотолсон гэж үзэж байна. Энэ нотлох баримтаас үзсэн ч Ц.С хонгор халзан даагыг завшсан үйлдэл хийгээгүй болохыг нотолсон гэж үзэж байна.

Завших гэдэг нь бусдын эд хөрөнгийг өөрийн болгож авах, буцаан өгөхгүй байх, мөнгийг төлөхгүй байх зэрэг үйлдэл хамаарах болно. Гол нь авсан, завшсан болохыг эхлээд нотлоогүй байна гэдэг нь гэмт хэрэг гараагүй гэсэн үг шүү.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг яллахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нь хэрхэн нотлогдож байгаа нь огт ойлгомжгүй, таамаглалын шинжтэй, хуульд бүрэн дүүрэн нийцээгүй ЭХХШХ-ийн 1.7-р зүйлд заасныг хангаагүй эргэлзээтэй байгааг анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

3.Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 427-р шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8-р заалтад Ц.Саас 15 сая төгрөгийг гаргуулж хохирогчид төлүүлэхээр шийдвэрлэсэн. Алга болсон хурдан удмын хонгор халзан даагыг "Тугал ухаа" гэх нэртэй хурдан азарганы төл гэж өндөр үнэтэй авч байсан гэж хохирогч нэхэмжлэгч нэр мэдүүлдэг боловч уг даагыг алга болсны дараагаар төлбөр төлсөн баримт бүрдүүлж уг дааганы үнийг Ц.Саас нэхнэ гэдэг тооцоогоор өндөр үнэ зохиосон байх магадлал маш их байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсч байна.

Мөн улсад олон удаа түрүүлж байсан тугал ухаа хэмээх азарганы төл мөн болохыг бичгийн нотлох баримтаар огт нотлоогүй. А данс нь ч хэргийн материалд ирж байгаагүй гэдгийг хэлмээр байна. Ер нь хурдан удмын даага бүгд хурдалдаг гэсэн нотолгоо байхгүй. Тиймээс машинаас илүү үнэтэй хонгор халзан даага, нэг удаа ч уралдаагүй амжилт гаргаагүй байхад арай хэтрүүлсэн бодит байдалд нийцээгүй үнэлгээ болсон гэдгийг хэлмээр байна. Шинжээчийн дүгнэлт үнэлгээтэй санал нийлэхгүй байгааг цохин тэмдэглэе. Биологийн шинжилгээний хариу албан ёсоор гаргаж, бичгийн нотлох баримттай болгож байж малыг хурдан удмынх мөн, бишид дүгнэлт хийж байх ёстой гэж үзэж байна. Хэсэг бүлэг хүмүүсийн хуйвалдаанд үндэслэж, өндөр үнэлгээ хийж шинжээчийн нэр төрийг унагаж зарим нэгийг нь хохиролд оруулж боломгүй байна” гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Мөнхтайван тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд /цахимаар/ оролцсон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.Содхүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгчийн өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн нотлох баримт байхгүй гээд байхын. Камерын бичлэгээр тодорхой харагддаг. Завшсан адуугаа яасныг хэрэг хийсэн хүн өөрөө л мэдэж байгаа байх. Үнэлгээ өндөр гэж байна. Анх энэ даагыг 20,000,000  төгрөгөөр авсан. Сүүлд шинжээч 15,000,000 төгрөгөөр үнэлснийг хохирогч гомдол гаргаагүй байдаг. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор болон анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.

            2. Шүүгдэгч Ц.С нь иргэн Б.Мий адууг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээн маллаж байхдаа 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг дэвсгэр Цагаан булаг хорин зургаагийн гол гэх газраас түүний хурдан удмын хонгор халзан зүсмийн эр даагыг завшиж 15,000,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь

Насанд хүрээгүй хохирогч Б.Мий: “...Би Б.Саас өөрт учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Тэр даагыг би өөрөө Дорнод аймгийн Цагаан-Овоо сумаас очиж авсан. Би тэр үед дээрх даагыг авмаар байна гэж аавдаа хэлэхэд аав намайг тэгээ ав ав гэж хэлээд надад авч өгсөн даага юм. Тиймээс дээрх даага нь аав бид хоёрын өмчлөлийн даага байгаа юм... /2хх-н 10-11/ гэх,

гэрч Т.Анандын: “...2020 оны “Баянгол эко заамар” ХХК-нд ажилладаг манай дүү М Дорнод аймгаас адуу худалдаж авсан. Тэгээд Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багт авчирсан байж байгаад 5 дугаар сарын 01-нээс 02-ны хооронд шилжих шөнө дөл тамгатай хул ухаа зүсмийн даага нь алга болчихсон гэсэн. Тэгээд хайгаад олоогүй болохоор нь цагдаад өргөдөл өгсөн. Тухайн адууны талаар би сайн мэдэхгүй дүүгийн адуу...” /1хх-н 3/ гэх,

гэрч А.Сүхбаатарын: “...2020 оны 5 дугаар сарын 01-ний үед нэрийг нь сайн мэдэхгүй, 28 орчим насны залуу адуу авчирч өгсөн. Яг өгөх үед тоолж өгөөгүй, тухайн үед 2 хонгор даага, 2 халзан даага, хээр даага, цоохор даага, хонгор морь, цавьдар морь, 1 үрээ, хүрэн морь ирсэн байсан. ...Тухайн үед тэр залуу 9-н адуу туугаад хүрэн морийг уначихсан байсан. ...одоо намайг гялс доош нь компани дээр хүргээд өгөөч гээд яаруулаад байсан. Тэгэхээр нь би ...тэр залууг компани дээр авчирч өгсөн. Адуу авчирч өгсөн өдрөөс хойш М өөрөө ирээд ...миний халзан даага хаана байна аа гэсэн. Тэгэхээр нь гайхаад дээрх 10-н адуу ирсэн гээд хэлсэн чинь за за гээд яваад өгсөн. ...Манайд нийт авчирсан адуунуудаас дутсан адуу байхгүй. ...Мий хонгор халзан даага манайд огт ирээгүй буюу тухайн нэрийг нь мэдэхгүй залуу авчирч өгөөгүй. Нэрийг нь мэдэхгүй гээд байгаа залууг Саранмандах, Сарангэрэл гэлүү тэгж дуудаад байх шиг байсан...” /1хх-н 4/ гэх,

Насанд хүрээгүй гэрч Д.Түвшинтөгсийн: “...Би 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр худаг дээр Сүхбат ах, эхнэр Сараа эгч нарын хамт хувцас угаагаад байж байхад Сараа ах том хүрэн зүсмийн морь уначихсан 9 тооны адуу туугаад ирсэн. Өөрийнхөө унаж яваа морьтой нийлээд 10 тооны адуу авчирч худаг дээр үлдээгээд, надад унаж явсан том хүрэн зүсмийн морио өгөөд ...кэмп дээр ...Сүхбат ах мотоциклоор Сараа ахыг хүргэж өгөөд ирсэн.  Хонгор зүсмийн даага 2, хүрэн халзан зүсмийн даага 2, хээр зүсмийн даага 1, буурал зүсмийн даага нийт 6 тооны даага, хонгор зүсмийн доголон морь 1, том хүрэн морь 1, цавьдар үрээ 1, хүрэн халзан азарган үрээ 1 бүгд нийлээд 10 тооны адуу байсан. Сараа эгч бид хоёр тухайн адуунуудыг ус ууж байхад очиж тоолсон. Адуу тууж ирээд 10 тооны адуу байгаа гэж хэлж хүлээлгэж өгөөгүй, худгийн хажуу талд тууж ирээд орхиод унаж явсан морио надад өгөөд явсан...” /1хх-н 10-11/ гэх,

Насанд хүрээгүй хохирогч Б.Мий гэрчээр өгсөн: “...Улаанбаатар хотоос авчирсан 1 тооны хонгор халзан даагыг тод манлай уяач Батзориг гэдэг хүнээс хуурай ах Ганболдын хамт явж 20,000,000 төгрөгөөр авсан. Тухайн үед манай кэмп дээр халтар даага, цоохор даага, хул даага, хонгор даага, хүрэн халзан үрээ, хонгор морь, сартай цавьдар үрээ, том хүрэн морь, Саранмандахын 2 халзан даага, хонгор халзан даага гээд 11 тооны адуу байсан. 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр би ...Саранмандахтай уулзсан чинь адуунуудыг бүгдийг нь малчин Сүхбатад хүлээлгээд өгчихлөө гэж байсан. ...Тэгээд би Сүхбат малчныд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр туранхай даагануудад шингэн дусал залгах гэж очсон чинь ...уурхай дээрээс ирсэн адуунуудаас 8 нь байсан. ...хонгор халзан даага огт ирээгүй, адуучин залуу чинь өөрийнхөө хүрэн халзан 2 даагыг ачаад аваад явсан гэж байсан... Тэгэхээр нь би ...Ц.С руу залгаад хонгор халзан даага энд ирээгүй гэж байна, юу болоод байгаа юм бэ, тэр даага олж өгөөч ээ гэхэд Ц.С би аваачиж өгсөн гэж хэлсэн. ...манай уурхайн хяналтын камерны бичлэг дээр ...9 тооны адуу явсан бичлэг байдаг юм. Тэгсэнээ надад болохоор 10 тооны адуу тууж хүлээлгэж өсгөн гээд худлаа яриад байгаа юм. Мөн дээрх 9 тооны адууг туугаад явахынхаа өмнөхөн кэмп дээр хурааж байсан адууг нь тоолохоор 10 тооны адуу хурааж байсан бичлэг нь байгаа бөгөөд хэсэг хугацаанд камернаас гараад буцаж орж ирэхдээ 9 тооны адуу хөөгөөд орж ирсэн дүрс байдаг юм...” /1хх-н 12, 77-79/ гэх,

гэрч А.Анхбаярын: “...Би өөрөө хөдөө мал дээрээ өссөн. Яг хэдэн тооны адуу байсан талаар бол мэдэхгүй. Миний харсан нь хонгор халзан 1, халтар  даага 1, цоохор даага 1, шүдлэн үрээ 1 байхыг 4 сарын сүүлээр ямар ч байсан харж байсан. Уурхайд ажил гараад явсан өглөө болохоор сайн анзаараагүй. М хонгор халзан даага алдсан өдрөө малчин гэх хүнийх рүү би хамт явж байсан. Тухайн үед 2020 оны 5 сарын эхэн үе байсан санагдаж байна...” /1хх-н 46-48/ гэх,

гэрч Г.Хишигбаатарын: “..М 4 болон 5 сарын хооронд яг хичнээн тооны гэдгийг нь бол мэдэхгүй. Ямар ч байсан цавьдар үрээ, хүрэн халзан даага, цоохор даага, хул зүстэй юм шиг халзан даага өндөр хонгор даага халтар даага лав уурхайгаас бие засахдаа харахад тийм зүсмийн даага байсан...” /1хх-н 49-51/ гэх,

гэрч Г.Тэгшээбаярын: “...Яг хэдний өдрийг санахгүй байна. “Баянгол Эко заамар” ХХК-аас явахдаа буюу орой 8 цаг орчмын үед миний машинд суугаад Шижир алт гэх газар ороод тэр газраас Заамар орох унаа олдохгүй миний машинд 30,000 төгрөгөөр бензин хийгээд Заамар сумын баруун дэнж гэх газарт хүргүүлсэн. Тэр үед хамгийн сүүлд уулзсан...” /1хх-н 52-54/ гэх,

гэрч Г.Баянжаргалын: “...М нь миний бага хүү байгаа юм. 2020 оны 3 дугаар сарын сүүлээр ...Монгол Улсын тод манлай уяач хүнээс 20,000,000 төгрөгөөр даага худалдаж авсан талаар ярьж байсан бөгөөд 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр даага алдсаныхаа дараа надаас 20,000,000 төгрөг аваад 2 өдөрт хуваагаад би шилжүүлсэн. Дээрх мөнгийг би өөрийнхөө 51300200330 дугаарын данснаас шилжүүлсэн. ...Дээрх даага нь манай гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгө байсан болно...” /1хх-н 79-80/ гэх,

гэрч Ч.Сарантуяагийн: “...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Ц.Сыг адуу авч ирж өгнө шүү гэж Б.М хэлээгүй. Өмнө ч гэсэн хэлээгүй. ...Би адуу ус ууж байхад нь нүдээрээ тоолоод унаж байгаа морьтой нь нийлээд 10 тооны адуу байна гэж бодоод л зүслээд харсан. Одоо ч гэсэн зүсийг нь тодорхой санаж байна. ...Тэр өдөр Ц.Сын тууж ирсэн 9 тооны адуу, өөрөө унаж явсан 1 тооны адуу буюу нийтдээ 10 тооны адууг тэр шөнөдөө бэлчээрт гаргаагүй хашаанд хашаад хонуулсан. Учир нь гэвэл дээрх адуунууд нь тэжээлийн адуу болохоор тэр болгон бэлчээрт гардаггүй гэр эргээд тэжээлээ идээд, худагаас ус уугаад байж байдаг, 5 сард ногоо сайн ургаагүй өвсгүй байсан болохоор хашаанд өвс тавьж өгөөд хонуулсан. Мөн бороо орж байсан болохоор хашаанд өвс тэжээл тавьж өгөөд хашиж хонуулсан юм...” /1хх-н 81-82/ гэх мэдүүлгүүд,

камерын бичлэгт үзлэг хийсэн: “...“Баянгол Эко Заамар ХХК-ийн камерийн өрөө байх бөгөөд..., саарал өнгийн 3 эгнээ контейнар техник байв. Камерийн бичлэгийн цаг 16 цаг 32 минутад хүрэн морьтой адуучин залуу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш туухад, цавьдар үрээ, цоохор даага, хул даага, хонгор даага, халтар даага, халзан үрээ, хонгор морь, хоёр хүрэн халзан даага, хонгор халзан даагыг том хүрэн морь уначихсан туулаа ... 16 цаг 38 минутанд зүүнээс баруун тийш том хүрэн морийг унасан хүн 9 тооны адууг тууж хойд хэсэгт аваачиж, адуучин зүүн зүг рүү явав. 17 цаг 26 минутанд адуучин гарч ирээд адууг зүүн хойд зүгт туугаад ...зүүн зүгт явав. 17 цаг 52 минутанд адуучин хойд хэсгээс адууг туугаад хашаа руу оруулав. 19 цаг 43 минутанд адуучин хүрэн морь унаад хойд зүгт 9 тооны адуу туув” /1хх-н 22/ гэх тэмдэглэл,

“Юдинтакс тин аудит” ХХК-ийн 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01/04 дугаартай шинжээчийн “...Хурдан удмын угшил сайтай улсад уяаагүй даагыг өвөл, хавар, буюу баяр наадмын зун, намрын улиралд худалдаж авснаас шалтгаалан зах зээлийн дундаж үнэ 20.0-50.0 сая төгрөг байдаг бөгөөд бүс, улсын баяр наадамд түрүү, айраг авсан түүхтэй байвал үнэ ханш нь өсдөг байна. Хул ухаа зүсмийн халзан хурдан удмын угшилтай (сартай дөл тамгатай) нэг тооны даагыг 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрөөр 20.0/хорин сая/ төгрөгийн үнэтэй болохыг тогтоов...” /1хх-н 25-28/ гэх,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 07/403 дугаартай шинжээчийн “...Зах зээлийн хандлагаарх нийтэд арилжаалагддаг жиших гүйлгээний аргаар тооцсон зах зээлийн үнэ цэнэ үнэлгээний өдрөөр 19,700,000 /арван есөн сая долоон зуун мянган төгрөг/ гарч үйлчлүүлэгчид хүргүүлж байна...” /1хх-н 152-159/ гэх,

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 304 дугаартай шинжээчийн “...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тугал ухаа азарганы төл болох хул ухаа халзан зүстэй “хурдан удмын” гэх дааганы үнэ цэнэ 15,000.000 сая (арван таван сая) төгрөг болохыг тодорхойлов...” /1хх-н 242-250/ гэх дүгнэлтүүд,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан /1хх-н 2/ гэх, мөрдөн шалгах туршилт хийсэн /2хх-н 21-27/ тэмдэглэлүүд зэрэг мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Завших гэмт хэрэг нь хууль, эсхүл гэрээ, хэлцлийн үндсэн дээр итгэмжлэн хариуцуулсан бусдын эд хөрөнгө, түүнтэй холбоотой эрхийг хууль бусаар эзэмшилдээ шилжүүлж авсан идэвхтэй үйлдэл бөгөөд гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба Ц.Сын үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

4. Шүүгдэгч Ц.Сад холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

  6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Сын анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Эрдэнэхамба овогт Цэрэндагвын Сын цагдан хоригдсон 15 /арван тав/ хоногийн 1 /нэг/ хоногийг 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000 /арван таван мянга/ төгрөгөөр тооцож 225,000 /хоёр зуун хорин таван мянга/ төгрөгийг хасаж, торгох ялыг 4,775 /дөрвөн мянга долоон зуун далан тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,775,000 /дөрвөн сая долоон зуун далан таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоож, уг торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

7. Шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Г.Энхтүвшингээс “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийг яллахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нь хэрхэн нотлогдож байгаа нь огт ойлгомжгүй, таамаглалын шинжтэй, хуульд бүрэн дүүрэн нийцээгүй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-р зүйлд заасныг хангаагүй эргэлзээтэй байгааг анхаарч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9-р зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Хурдан удмын хонгор халзан даагыг алга болсны дараагаар төлбөр төлсөн баримт бүрдүүлж, уг дааганы үнийг өндөр үнэ зохиосон байх магадлал маш их байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарахыг хүсч байна. Шинжээчийн дүгнэлт, үнэлгээтэй санал нийлэхгүй байна” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хөрөнгө завших” гэмт хэргийн үндсэн шинж нь иргэн, хуулийн этгээд, байгууллагын өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээд нь бусдын өмч хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөлгүй, өөрийн өмчийн адил хууль бусаар эзэмшил тогтоох зэрэг байдлаар үйлдэгддэг.

Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогч Б.М /1хх-н 12/ болон шүүгдэгч Ц.С нарын гэрчээр /1хх-н 15-17/ тус тус өгсөн мэдүүлгүүдээр 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Ц.С нь Б.Мий уяачаар ажиллахаар амаар тохирч, түүний хонгор халзан даагыг бусад адууны хамт уяж маллаж байсан, улмаар 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр “Баянгол эко заамар” ХХК-ийн малчин А.Сүхбаатарынд 10 тооны адуу хүргэж өгөхөөр тууж явсан боловч 9 тооны адууг нь хүргэж өгсөн, хохирогч Б.М хонгор халзан даагаа буцааж өгөхийг шүүгдэгчээс шаардсан үйл баримт насанд хүрээгүй хохирогч Б.М/2хх-н 10-11/, гэрч Т.Ананд /1хх-н  3/, гэрч А.Сүхбаатар /1хх-н 4/, насанд хүрээгүй гэрч Д.Түвшинтөгс /1хх-н 10-11/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-н 22/ болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эдгээр байдлуудаас дүгнэхэд хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг нотолсон байна.

9. Хурдан удмын гэх 1 тооны хонгор халзан зүсмийн дааганы үнэлгээг тогтоолгохоор прокурорын 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 18 дугаар “Дахин шинжилгээ хийлгэх тухай” тогтоол гарсан. /1хх-н 238/

Прокурор шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэхдээ шинжээч нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулж, мөн хуулийн 27.4 дүгээр зүйл, тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд тус тус заасны дагуу шинжээчээр томилогдсон хүний тусгай мэдлэг, мэргэжил, чадварыг нотолсон баримт бичиг, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл байгаа эсэхийг шалгасан, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2-т зааснаар шинжээч нар нь хуульд заасан журмын дагуу томилогдсон, тусгай мэдлэг, мэргэжил эзэмшсэн этгээд байх шаардлагыг хангасан байх тул “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 304 дугаартай шинжээчийн “...2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар тугал ухаа азарганы төл болох хул ухаа халзан зүстэй “хурдан удмын” гэх дааганы үнэ цэнэ 15,000,000 сая (арван таван сая) төгрөг болохыг тодорхойлов...” /1хх-н 242-250/ гэх дүгнэлтийг үндэслэлгүй гэж үзэх боломжгүй байна.

10. Иймд шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 427 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Сын өмгөөлөгч Г.Энхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.МӨНХДАВАА

 

                              ШҮҮГЧИД                                     З.ТҮВШИНТӨГС

 

                                                                                          Р.МӨНХ-ЭРДЭНЭ