Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 124/ШШ2025/0033

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Алтанцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Б овгийн С.Ц, ................................................. оршин суух,

            Хариуцагч:Увс аймгийн Түргэн сумын 3-р багийн иргэдийн Нийтийн Хуралд  холбогдуулан гаргасан,

            Гуравдагч этгээд: Ө. Э, ......................................... оршин суух

            “Увс аймгийн -Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/06 дугаартай Ө.Э-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Н, нэхэмжлэгч С.Ц, түүний өмгөөлөгч Д.Д, хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.П, гуравдагч этгээд Ө.Э, гэрч Б.А  нар оролцов.

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч С.Ц нь Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан нэхэмжлэл гаргасан бөгөөд анх нэхэмжлэлдээ “Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн Засаг даргыг сонгох сонгуулийг хүчингүйд тооцож, багийн Засаг даргыг сонгох сонгуулийг дахин явуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон боловч шүүх хуралдаанд  нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа “Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/06 дугаартай Ө.Э-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг даалгах“ тухай гэж тодруулан өөрчилсөн болно.

            2. Нэхэмжлэгч нэхэмжлэлээ шүүхэд 2025 оны 6 дугаар сарын 02-ны өдөр ирүүлсэн нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасан хугацааны дотор буюу “шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30  хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж заасан хугацаанд шүүхэд хандсан байна.

            3.Нэхэмжлэгч С.Ц шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...С.Ц миний бие Түргэн сумын 3-р баг ЭрдэнэХайрхан багийн иргэн бөгөөд манай багийн ИНХ-ын даргын болон Багийн засаг даргын сонгууль 2025.05.19-ны өдөр Түргэн сумын Соёлын төв дээр болсон. Багийн ИНХ-ын даргын сонгууль болж шинээр Г.П сонгогдсон. Дараагийн шат болох Багийн Засаг даргын сонгууль болж 4 хүн нэр дэвшсэн бөгөөд эхний санал хураалтаар Ө.Э 90, С.Ц 61, Д.С 60, Х.Б 51 хүний санал авч дараагийн шатанд Ө.Э С.Ц миний бие үлдсэн бөгөөд сүүлийн санал хураалтаар Ө.Э 127, С.Ц миний бие мөн 127 хүний санал авч тэнцсэн.Үүний дараа Багийн даргын сонгуульд ирээгүй хүмүүсийг ачиж ирж санал өгүүлэх шийдвэр гарсан.Тухайн үед сонгуулийн цаг дууссан оройны 20.50 минутаас 21.50 минутын хооронд авахаар болж энэ хугацаанд 28 хүн ирж санал өгсөн бөгөөд Ө.Э-д 16 хүн, надад 12 хүн өгсөн. Би тухайн үед сонгууль шударга болсон гэж бодоод өрсөлдөгчдөө баяр хүргээд гарсан.Гэтэл уг сонгууль эхнээсээ сайтар найруулсан жүжиг байсан нь илэрсэн тул гомдолтой байна.Тухайн сонгуулийг шинээр сонгогдсон дарга болох Г.П удирдан зохион байгуулах ёстой байхад Сумын ИТХ-н нарийн бичиг Г.А чиглүүлж зөвлөгөө өгөх нэрийдлээр өрсөлдөгч талд илт нөлөөлж удирдан зохион байгуулсан ба тухайн багийн иргэдийн нэрсийг ХААМС программаас авч нийтэд ил тод байлгаагүй ,сонгууль явуулахад нэр дэвшигчээс шаардсан Улсын бүртгэлийн ажилтныг суулгаагүй техник тоног төхөөрөмжөөр хангаагүй тул саналын эрхгүй буюу Түргэн сумын Эрдэнэхайрхан 3-р багийн биш 9 хүнийг оруулж санал өгүүлсэн байна.Эдгээр хүмүүс нь бүгд Ө.Э-ын хамаарал бүхий хүмүүс бөгөөд Ө.Э-ын найз ах дүү хамаарал бүхий Төрийн Захиргааны тангараг өргөсөн Төрийн албан хаагч нар 10 гаруй машинаар зэрэг команд өгсөн юм шиг зүг зүг рүү хаа хол 35 км -н цаанаас, шөнийн цагаар хүмүүсийн амгалан тайван байдлыг алдагдуулан эрх мэдэл шунахай сэтгэлгээгээр ард түмний сонгох эрхэнд халдаж хүчлэн ачиж ирж санал өгүүлсэн. Тухайн үед багийн иргэд биш байна гээд шаардлага тавьсан боловч хүлээн аваагүй. Жишээ нь Багийн иргэн биш Д.О Улаангом сумын иргэн.гэтэл саналын нэрийн жагсаалтын 1-р хуудасны 3 дахь эгнээний 18 д бичигдсэн. У 1-р хуудасны 2 дахь эгнээний 44-д, Х.У 2дахь хуудасны 1-р эгнээний 24-д, Х.С 3-дахь хуудасны 1-р эгнээний 24-д, Ц.А 3 дахь хуудасны 1-р эгнээний 14-д, А.Б З дахь хуудасны 1 дэх эгнээний 26-д  А.Н З дахь хуудасны 1-р эгнээний 27-д, Б.Я З дахь хуудасны 1-р эгнээний 28-д, О.М 3 дахь хуудасны 1-р эгнээний 24- д тус тус бичигдэн санал өгсөн. Сүүлд ирсэн 28 хүний нэрийг З дахь хуудсанд бичсэн бөгөөд энэ хүмүүсээс 6 хүн нь сүүлийн санал хураалтад оролцсон.Тухайлбал: А.Б Наранбулаг сумын иргэн,А-ийн Н, Бийн Я нар нь Тэс сум,Ц.А, Х.С, О.М нар нь БаянХайрхан багийн иргэн байж санал өгсөн. Хэрэв эдгээр хүмүүс сүүлд ирж хууль бусаар санал өгөөгүй бол миний бие 4 хүний саналаар ялагдахгүй байсан .Өөрөөр хэлбэл миний дутуу саналын тоо хууль бусаар санал өгсөн хүний тооноос бага байгааг анхаарч алдагдсан саналыг эргүүлэн өгдөг болоход анхаарах ёстой гэж үзэж байна.

            Ер нь энэ сонгууль анхнаасаа хууль бус хурлын дэг байхгүй эхлэх хаах цаг байхгүй ,хүний сонгох эрхийг ноцтой зөрчсөн, шөнийн цагаар, хурлын ирц үл тоосон, илт нөлөөлсөн эрх мэдлийн төлөөх шунахайрал хэтэрсэн сонгууль болсонд гүнээ харамсан гомдож байна.

            Мөн энэ дашрамд дурдахад Сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч тангараг өргөсөн Д овогтой Т нь 2-р санал хураалтад Миний худ манай бэрийн эгч болох Т.Дг би итгэмжилж санал өгүүлдэг байсан.би гадаа тамхи татаж байхдаа хамаатныхаа хүнд өгөөд оруулахад замаас нь булаан авч Г.А-оос саналын хуудас шүүрэн авч саналын бүхээг дээр өөрийн хамаарал бүхий Э-ын төлөө зурж Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох эрхийг ноцтой зөрчихөд яг энэ мөчид 2 нэр дэвшигч тэнцсэн байдаг юм. Жич: Д нь хүн заагаад өгөхөд өөрөө дугуйлах бүрэн чадамжтай, сонсгол хараа гар хөл бүх бие эрүүл гагцхүү ярианы бэрхшээлтэй хүн юм.Тэрээр хэлэхдээ би Ц худдаа өгөх гэж байтал танихгүй хүүхэн миний гар хүргэлгүй зурчихлаа гэж гарч ирээд ард түмэнд хэлэхэд Т уучлаарай Ц ахаа гээд өнгөрсөн. Өөрөөр хэлбэл миний тэнцсэн санал дээр 1 санал нэмэгдэх байтал ингэж хууль бусаар алдагдаж 2 нэр дэвшигч тэнцсэн юм.Цаашлаад төр захиргааны болон төрийн албан хаагчдыг сонгууль болоход намын бодлого нэрийдлээр сонгуулийн хуулийг илт зөрчиж шударга бус сонгууль хийгээд байгаа нь олширсоор байна.Шударга бус ,хууль бус сонгуулийн талаар сумын ИТХ-д мөн багийн ИТХ-н даргад гомдол гаргасан боловч шийдэж өгөөгүй тул шүүхэд хандаж байна.Миний цаана шударга ёсыг эрхэмлэгч багийн өмнөх санал хураалтад шударгаар оролцсон 150 гаруй ард иргэд гомдон харуусч шударга сонгууль .шударга ёсыг тогтоож өгөөсэй гэж надтай хамт санал нэгтэйгээр шүүхэд хандаж байгааг уламжилж байна. Энэхүү багийн засаг даргын сонгууль хууль бусаар зохион байгуулж явуулсан,илт нэг талд үйлчилсэн,саналын эрхгүй хүнийг санал өгүүлсэн нь миний сонгогдох эрх,багийн иргэдийн сонгох эрхэнд халдаж байгаагаас гадна шударга ёсны хууль дээдлэх зарчмыг зөрчсөн болно.

            Сонгуулийг Г.П удирдах биш, Түргэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Г.А удирдсан. Багийн Засаг даргын сонгуульд дэг тогтоогоогүй. Нэр дэвшигчийн зүгээс Г.А-д санал хураалт илт хууль бус болж байна. Улсын бүртгэлийн ажилтныг суулга, тоног төхөөрөмж тавь ирцээ тулгаж оруулмаар байна гэсэн боловч шаардлагыг биелүүлээгүй. Г.А нэрсийн жагсаалтыг тулгаж оруулаагүйн улмаас сүүлийн 6 сард тухайн багт оршин суугаагүй, санал өгөх эрхгүй хүмүүсийг оруулсан. Орон нутгийн сонгуулийн цагийг баримтлаагүй зөрчсөн. Санал хураалтыг бүртгэлтэй 263 хүмүүсээс нь авах байтал ирцийн бүртгэлд ороогүй, өмнөх санал хураалтад оролцоогүй хүмүүсээр өгүүлсэн. 2 дахь санал хураалтад тэнцсэн байхад дараагийн санал хураалтын тов зарлаж, зогсоох байтал үргэлжлүүлэн 3 дахь санал хураалтыг хэлэлцүүлээд, аймгаас зөвлөмж авч шөнийн цагаар нэмэлт санал хураалт явуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүний сонгох эрхийг ноцтой зөрчсөн. Багийн засаг даргын томилсон тогтоолыг 263 хүний 50 хувьд нь хүргэхгүйгээр 38 гаруй өөрийн хүмүүсийн дунд тогтоолыг баталсан.Иймд тогтоолыг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж тодорхойлж байгаа болно...“ гэв.

            4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”...Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлд нутгийн өөрийн удирдлага дахь иргэдийн оролцоог, 32 дугаар зүйлд баг, хорооны иргэдийн Нийтийн Хурлыг хуульчилсан. Тухайн багийн иргэн хүн тухайн хуралдаан дээр өөрийн биеэр очсоноор хуралдааны оролцогч болж, хуралдаанд хэлэлцэх асуудлыг санаачлах, асуудал шийдвэрлэж, таслах эрхтэй оролцох, хуралдааны шийдвэрийг тайлбарлан таниулах, хуралдааны даргыг сонгох, түүнд сонгогдох, хуралдааны дэгийг сахих эрх үүргийг эдэлдэг. Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.2-т “Хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” гэж заасан. Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга сонгогдсоны дараа багийн даргын сонгууль явагдсан. Юуны өмнө дэгийг тогтоох ёстой. Гэтэл хуралдааны дэг байхгүй. Дэг байхгүй учраас цаашдаа хурал урсгал байдлаар явагдсан. Багийн иргэн хүн санал өгөх эрхтэй. Хэрэгт авагдсан материалуудаас харахад ХАӨМС дээр байхгүй хүмүүс нь улсын бүртгэлийн бүртгэлд байдаг. Анхнаасаа багийн иргэдийг оруулахдаа шад оруулах ёстой. 2 удаа санал явах ёстой. Эхний саналаар хэн нэг нь олонх болоогүй бол 2 дахь санал хураалтыг явуулна. 2 дахь санал хураалтаар тэнцвэл тодорхой хугацааны дараа дахин санал хураахаар тухайн асуудлыг шийдэх ёстой. Үүнийг дэгээрээ шийдэх ёстой байсан. Гэтэл тухайн хуралдаанд ирээгүй, ирэхийг хүсээгүй хүмүүсийг 2 нэр дэвшигчийг хөөж явуулж, хүчээр тэд нарыг авч ирж 3 дахь санал хураалтыг явуулсан нь хүний сонгох эрхэд халдаж байгаа хэлбэр. Сонгуулийн ерөнхий хууль, Улсын Их хурлын сонгуулийн тухай хууль, Орон нутгийн сонгуулийн тухай хууль зэрэг аль ч хуульд 3 дахь удаагийн санал хураалт гэж байдаггүй. 2 дахь удаагийн дахин санал хураалтын дараа дахин шинээр санал хураалт явах ёстой. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “ тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас, хорооны иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд хорооны хэсэг тус бүрийн 20 өрх тутмаас, аймгийн төв, 20 мянгаас дээш хүн ам бүхий хот, суурин газрын иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд 50 өрх тутмаас тус бүр нэгээс доошгүй хүн хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно. Иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны товыг хуралдаан болохоос ажлын таваас доошгүй өдрийн өмнө тухайн баг, хорооны оршин суугчдад мэдээлэх бөгөөд хуралдах байршил, цагийг тусгасан байна” гэж заасан. Хавтаст хэрэгт авагдсан хуралдааны зар байгаа ч тус зарыг хэн, хэзээ, хаанаас, ямар байдлаар зарлан мэдээлж байгаа нь тодорхойгүй байна. Нэхэмжлэлд дурдаад байсан хэл ярианы бэрхшээлтэй Т.Д өөрөө бичиг үсэг мэддэг. Гэтэл өөрийнх нь өмнөөс өөр хүн гарын үсэг зураад оруулсан. Тухайн хүн сонгуулиас гарч ирээд уурлаад хэлэхэд авч орсон хүн нь уучлал гуйгаад зөрсөн. 2 дахь удаагийн санал хураалтад 127 хүний саналаар тэнцсэн. 1 хүний санал асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдолтой. Т.Д гэдэг хүн мэдүүлэг өгөхүйц хэмжээний боломжтой хүн эсэхийг хармаар байна. Тиймээс Т.Д гэдэг хүнийг заавал асуух шаардлага байна. Хуульд багийн иргэдийн Нийтийн Хурлыг ирцийг тусгайлан заасан. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь хэсэгт “ Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас...” гэж заасан. Гэтэл улсын бүртгэлээс ирсэн баримтыг үзэхээр улсын бүртгэлд 507 хүн байгаа. 507 хүн хэдэн өрх вэ гэдэг нь тодорхойгүй байна. Тогтоолыг 38 хүнтэй баталж байгаа нь дээрх хуулийн заалтыг зөрчиж байна. Миний үйлчлүүлэгчийн хэлсэн Монгол Улсын үндсэн хуульд заасан сонгогдох эрхээ хэрэгжүүлэхэд нь санаатайгаар саад учруулж, багийн даргаар сонгогдох, баг иргэдийнхээ төлөө ажиллах гэсэн эрх ашигт нь хөндлөнгөөс нөлөөлсөн багийн даргын сонгуулийн асуудлыг дээрх байдлаар буюу хууль бус зохион байгуулсан.  Багийн даргын сонгууль санал хураалтыг зохион байгуулах, санал хураалтын үр дүнг баталгаажуулж уламжлах тогтоолоос зэргээс бүрдэнэ. Санал хураалт хүчингүй болсон байна. Тогтоол ирц хүрэхгүйгээр баталсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг Засаг даргад нэр дэвшүүлэх тухай тогтоолыг хүчингүй болгох гэж тодруулсан...” гэв.

            5.Хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Г.П шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Нэхэмжлэгчийн зүгээс Г.А хууль зөрчиж, илт давуу шийдвэр гаргасан гэж үзэж байна гэж тайлбарласан. Багийн иргэдийн Нийтийн хуралдаанд бэлтгэх, зохион байгуулах чиглэлээр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын алба, Засаг даргын Тамгын газраас мэдээлэл мэргэжлийн арга зүйн туслалцаа авч болно гэх чиглэлийн дагуу Г.А-оос чиглэл авч, багийн даргын төлөөллүүд байлцаж, дараагийн сонгуулийг зохион байгуулсан. 28 хүн дээр явуулсан нэмэлт сонгуулийн тухайд дараагийн ямар гарга байгааг бид хайж, дээд шатны холбогдох зөвлөхөөс асууж байхад С.Ц өөрийн биеэр орж ирж санал өгөөгүй хүмүүс дээр санал авах боломж байна хэлсэн. Үүнийг бид харгалзаж үзээд, тооллогын комисст эрхийг нь өгсөн. Шөнийн цагаар зохион байгуулсны тухайд хурлын дэгт 22:00 цаг хүртэл хурлыг зохион байгуулж болно гэж заасан. 20 цаг 50 минутаас 21 цаг 50 минутын хооронд буюу 1 цагийн хугацаа зааж бид сонгуулийн санал хураалтыг зохион байгуулсан. Шөнийн цагаар зохион байгуулсан гэж байгаатай миний санал нийлэхгүй байна. Т.Д-ийн тухайд би мэдэхгүй...” гэв.

            6.Гуравдагч этгээд Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2 дахь шатны санал хураалт явагдаж, санал тэнцсэн талаар танилцуулсан. Намайг дуудаж 3 дахь шатны сонгох санал хураалтыг ямар байдлаар зохион байгуулах талаар хууль судалж, мэргэжил арга зүйн зөвлөгөө авч байна гээд хэсэг хугацаанд хүлээлгэсэн. Хэсэг хугацааны дараа шийдвэр гарлаа гээд намайг дуудаад танилцуулахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд багийн Засаг даргад нэр дэвшсэн хүмүүст иргэд санал өгөөд олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан 2 хүнд дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг дарга даргад нэр дэвшүүлнэ гэж заасан байдаг юм байна. Тэнцсэн тохиолдолд яах талаар хуулийн зохицуулалт байхгүй байна гэсэн. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1 дэх хэсэгт “хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийн саналын тоо тэнцсэн бол адил санал авсан нэр дэвшигчдийн дунд нэмэлт санал хураалт явуулна” гэж заасан. 78.4 дэх хэсэгт “ нэмэлт санал хураалтад эхний санал хураалтад оролцоогүй, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн сонгогч оролцож, саналаа өгнө” 78.5 дахь хэсэгт “нэмэлт санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоог эхний санал хураалтад оролцсон сонгогчдын ирц, саналын тоон дээр нэмж тооцон тухайн тойргийн санал хураалтын дүнг гаргана” гэх заалт байгаа. Багийн Засаг даргын хувьд санал тэнцсэн тохиолдолд яах талаар хуулийн зохицуулалт байхгүй. Бид дээд шатны байгууллага болох Увс аймгийн хурлын мэргэжилтэн Э-аас зөвлөгөө авсны дагуу нэмэлт санал хураалтыг 20:50-21:50 цагийн хооронд зохион байгуулахаар боллоо гэж надад танилцуулсан. Үүний дагуу нэмэлт санал хураалт явагдсан. Тухайн нэмэлт санал хураалт явуулах шийдвэрийг нэр дэвшигчдийн төлөөллийг оролцуулсан тооллогын комисс хуралдаж шийдвэр гаргаад албажуулсан гэж би сонссон. Нэмэлт санал хураалтыг хуулийн дагуу болсон гэж үзэж байгаа. 22:00 цагийг шөнийн цаг гэж үзэх үү? Нийтлэг сонгууль 22:00 цаг хүртэл зохион байгуулагддаг. 2016 оны хурлын дэгт 22:00 цаг хүртэл зохион байгуулна аа гэсэн заалт байна. 38 хүнтэй тогтоолыг баталсан гэж нэхэмжлэгч тал тайлбарлаад байна. 38 хүний тоог ямар байдлаар гаргасныг ойлгохгүй байна. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын хуульд тухайн багийн 3 өрх тутмын тутмаас 1 төлөөлөл байхад тухайн багийн иргэдийн Нийтийн Хурал хүчин төгөлдөр болно гэж заасан. Манай баг 507 сонгогчтой боловч өрхийн тоогоор 200 гаруй өрхтэй. 3 өрх тутмын 1 нь гэж байгаа бол 200 өрхөөс 60 хүн нь байхад тухайн тогтоол батлахад хүчин төгөлдөр болно. 260 гаруй хүн санал өгсөн боловч 80 гаруй буюу соёлын төвийн сандал дүүрэхүйц хэмжээний хүн тогтоол батлахад сууж байсан. ХАӨМС-ийн программыг багийн дарга нар ашигладаг. Статистикийн программ гэж би боддог. Тухайн ХАӨМС-ийн программаар санал хураалтыг тухайн зохион байгуулах юм бол хүний сонгох, сонгогдох эрхэд халдсан болно. Учир нь Эрдэнэхайрхан багийн иргэн мөн боловч ямар нэгэн шалтгаанаар Улаангомд сумд эсвэл Улаанбаатар хотод тодорхой хэдэн хоногоос дээш хугацаагаар түр амьдрах юм бол тухайн тэр программаас тухайн аймаг руу шилжүүлдэг гэж би сонссон. Тиймээс ХАӨМС-ийн программаар санал хураалтыг зохион байгуулахад хүний сонго,х сонгогдох эрхэд халдсан хэрэг болох байх. Улсын бүртгэлийн газраас авсан лавлагаа тухайн оршин суугаа хаягийн эцсийн оршин суугаа хаяг болох байх. Миний зүгээс тухайн багийн иргэдийн Нийтийн Хурлыг хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж үзэж байна. Тухайн нэмэлт санал хураалтад явцын дунд  Эрдэнэхайрхан багийн биш, эргэлзээтэй хүн орж ирэнгүүт E-Mongolia-аас нь лавлаж байсан. Тиймээс өөр багийн иргэн санал өгсөн байх боломжгүй. Тухайн хуралдаан хуулийн дагуу зохион байгуулагдаж,  тогтоол шийдвэрээ гаргасан тул С.Ц-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан үзэж, үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

            2.Нэхэмжлэгч талаас “Саналын эрхгүй 9 хүнийг оруулж санал өгүүлсэн, хурлын дэг байхгүй, эхлэх, хаах цаг байхгүй, шөнийн цагаар явагдсан, Засаг даргыг нэр дэвшүүлэх тогтоолыг иргэд тарж явсан, ирц бүрдэхгүй байхад баталсан, мөн 2-р санал хураалтад миний худ Т.Д-ийн сонгох эрх зөрчигдсөн” гэсэн тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлжээ.

            3. Хариуцагч талаас “Тухайн үед эргэлзээтэй хүмүүсийг e-mongolia цахим системээс харж санал өгүүлсэн, 2 нэр дэвшигч тэнцэхэд тооллогын комисс хуралдаж 20:50-21:50 цагийн хооронд санал өгөөгүй сонгогчдын дунд нэмэлт санал хураалт явуулах шийдвэр гаргасан, хуучин дэгээ баримталж хуралдаанаа хийхээр шийдсэн” гэх тайлбар гарган нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

            4. Гуравдагч этгээдийн зүгээс “багийн Засаг даргыг сонгох сонгууль хуулийн дагуу зохион байгуулагдсан” гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байр суурийг илэрхийлсэн.

            5. Увс аймгийн Түргэн сумын 3-р баг буюу Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хуралдаж, иргэдийн Нийтийн Хурлын дарга, зөвлөлийн гишүүн, багийн Засаг даргыг сонгох санал хураалт зохион байгуулагдсан байна.

            6.Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад Ө.Э, Д.С,Д.Ц, Х.Б нар нэр дэвшиж, нийт 263 хүн санал өгснөөс 1 саналын хуудсыг хүчингүйд тооцогдож, Ө.Э 90, С.Ц 61, Д.С 60, Х.Б 51 иргэний санал авснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Ө.Э, С.Ц нарын дунд 2 дахь удаагийн санал хураалт зохион байгуулагдаж санал хураалтад 256 иргэн оролцож 2 саналын хуудас хүчингүйд тооцогдож, Ө.Э, С.Ц нар тус тус 127 иргэний санал авч тэнцсэн болох нь тооллогын комиссын 01, 02 дугаар тогтоол, хурлын хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.

            Хоёр нэр дэвшигчид өгсөн иргэдийн санал тэнцсэн тул тооллогын комисс хуралдаж санал хураалтад оролцоогүй иргэдийн дундаас нэмэлт санал хураалтыг 20:50-21:50 цагийн хооронд зохион байгуулахаар шийдвэр гарган нийт 28 иргэнээс нэмж санал авснаар Ө.Э 16, Д.Ц 12 хүний санал авч 4 саналын илүүгээр буюу нийт санал өгсөн иргэдийн 50,3 хувийн санал авсан тул Ө.Э-ыг 2025 оны 05 сарын 19-ний дөрийн 01/06 дугаар иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны тогтоолоор Эрдэнэхайрхан багийн Засаг даргад томилуулахаар сумын Засаг даргад уламжилж шийдвэрлэсэн нь тооллогын комиссын хурлын тэмдэглэл, тооллогын комиссын 3 дугаартай тогтоол, хурлын хуралдааны тэмдэглэл зэргээр тогтоогдсон, үйл баримтын талаар хэргийн оролцогчид маргаангүй байгаа болно.

            Нэхэмжлэгч талаас хурлын процесс ажиллагаатай маргаж байна.

            7. Нэхэмжлэгчийн маргаж буй өөр сум, багийн иргэд санал өгсөн гэх үндэслэлийн талаар:

            7.1 Нэхэмжлэгчээс багийн Засаг даргыг сонгох санал хураалтад оролцсон Д.О, У, Х.У, Х.С, Ц.А, А.Б, А.Н, Б.Я, О.М нар нь өөр сум, багийн иргэд байтал санал өгсөн гэж маргажээ.

            Шүүхээс тухайн нэр бүхий иргэдийн хаягийн лавлагааг Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс тодруулан иргэний үнэмлэхийн лавлагааг хэрэгт хавсаргасан.

            Тус лавлагаанаас үзэхэд Нямжавын У 2024 оны 8 сараас хойш, Халзаагийн У 2025 оны 3 сараас 2025 оны 6 сар,  Д.О 2013 оноос, Ц. А 2012 оноос, Х.С 2012 оноос, А. Б 2016 оноос, О. М 2024 оны 8 сараас 2025 оны 6 сар, А.Н 2024 оны 8 сараас, Б.Я 2024 оны 8 сараас хойш тус тус Түргэн сумын Эрдэнэхайрхан багт байнга оршин суух хаягтай байна.

            7.2 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Иргэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд сонгогдох, төлөөлөгчийг сонгох, баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд өөрөө оролцох, нутгийн өөрийн удирдлагын байгууллагад өргөдөл, гомдол гаргаж шийдвэрлүүлэх, хууль тогтоомжид заасан журмын дагуу мэдээлэл авах эрхтэй” , 30 дугаар зүйлийн  30.2-т Нутгийн өөрийн удирдлагад иргэн дараах хэлбэрээр шууд оролцоно:

            30.2.1.баг, хорооны иргэдийн Нийтийн Хуралд саналын эрхтэй оролцох “ гэж тус тус  заасан тул тухайн багт байнга оршин суух хаягийн бүртгэлтэй дээрх нэр бүхий иргэд Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцох эрхтэй.     

            Иймд нэхэмжлэгчийн “өөр сум, багийн иргэд Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралдаанд оролцож, санал хураалтад саналаа өгсөн” гэх тайлбар үндэслэлгүй байна.

            8. Хуралдаан хуралдааны дэггүй явагдсан, эхлэх, хаах цаг байхгүй, шөнийн цагаар хуралдсан, нэр дэвшигчийг уламжлах тогтоолыг хуралд оролцсон иргэд олонхоороо батлаагүй гэх үндэслэлийн талаар:

8.1 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт “Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ”, 56.5 дахь хэсэгт “Засаг даргад нэр дэвшүүлэх ажиллагааг дараах журмаар явуулна:

56.5.1-д “...багийн иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа болон хамтарч  энэ хуулийн 56.3, 56.4 -т заасан шаардлага хангасан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэхээр санал гаргана”

56.5.2-д “энэ хуулийн 56.5.1-д заасан хүний талаар санал хураалт явуулж, Хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”

56.5.3-д “ хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хураалт явуулж олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлэх”-ээр тус тус зохицуулсан.

Мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.1 дэх эсэгт “Иргэдийн Нийтийн Хурал нь шууд ардчиллын зарчмын үндсэн дээр үйл ажиллагаагаа явуулдаг, хуулиар олгогдсон бүрэн эрхийг хамтын удирдлагын зарчмын үндсэн дээр хэрэгжүүлдэг, иргэдийн өөрийн удирдлагын байгууллага мөн” гэж тодорхойлон, 32.8.2 дахь хэсэгт “хурлын хуралдааны дэг, зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” бүрэн эрхийг багийн иргэдийн Нийтийн хурал хэрэгжүүлэхээр заасан.

            8.2 Багийн Засаг даргыг сонгох санал хураалтад Ө.Э, Д.С,Д.Ц, Х.Б нар нэр дэвшиж, нийт 263 хүн санал өгснөөс 1 саналын хуудсыг хүчингүйд тооцогдож, Ө.Э 90, С.Ц 61, Д.С 60, Х.Б 51 иргэний санал авснаар хамгийн олон санал авсан нэр дэвшигч Ө.Э, С.Ц нарын дунд 2 дахь удаагийн санал хураалт зохион байгуулагдаж санал хураалтад 256 иргэн оролцож 2 саналын хуудас хүчингүйд тооцогдож, Ө.Э, С.Ц нар тус тус 127 иргэний санал авч тэнцсэн болох нь тооллогын комиссын 01, 02 дугаар тогтоол, хурлын хуралдааны тэмдэглэлээр тогтоогдсон.

            8.3 Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанаар хуралдааны дэгийг батлаагүй нь тухайн өдрийн хуралдааны тэмдэглэлд дэгийг хэлэлцэж баталсан талаар тэмдэглэгдээгүй байдал, нэхэмжлэгчийн “ хуралдаанаар дэг батлаагүй” гэх тайлбар, гэрч Б.А-ын “ хуралдааны дэг батлаагүй” гэх мэдүүлэг, хариуцагчийн “хуучин дэгээр хуралдаанаа явуулъя гэдгийг мэдэгдсэн боловч тухайн дэгийг иргэдэд танилцуулаагүй” гэх тайлбар зэргээр тогтоогдсон байна.

Хуралдааны дэгийг баталж мөрдөх нь аливаа асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхэд баримтлах чухал зохицуулалтын шинжтэй бөгөөд, өөрөөр хэлбэл хуралдааны дэгээр багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг хэрхэн зохион байгуулах, нэр дэвшигч танилцуулгыг хэрхэн хийх, асуулт хариултыг хэрхэн зохион байгуулах, хэлэлцэх шаардлагатай асуудлыг хэрхэн хэлэлцэж шийдвэрлэх зэрэг асуудлыг зохицуулах учиртай.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар зохицуулагдаагүй асуудлуудыг, тухайлбал багийн иргэдийн Нийтийн хурлын хуралдаан хэдий хугацаанд үргэлжлэх, маргаж буй 22:00 цагаас хойш хуралдах эсэх, хуралдаанд оролцогчид хурлыг орхиж явах тохиолдолд ирцийг хэрхэн тооцох зэрэг асуудлыг дэгээр тодорхой, ойлгомжтой батлахаар байна.

            Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар шөнийн цаг гэх ойлголтыг зохицуулаагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 88 дугаар зүйлийн 88.1-д “Орон нутгийн цагаар 22 цагаас дараагийн өдрийн 06 цаг хүртэлх хугацааг шөнийн цагт тооцно” гэж заасан.Уг ойлголтын хүрээнд хуралдааныг 22 цагаас хойш явуулах эсэх, зайлшгүй шаардлагатай бол хуралдааны хугацааг сунгах эсэх зэргийг хуралдааны дэгээр зохицуулсан байх ёстой.

8.4 Хоёр нэр дэвшигчийн санал тэнцсэн нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан  “зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх” бүрэн эрх Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8.2 дахь хэсэгт зааснаар тухайн багийн иргэдийн Нийтийн Хуралд буюу хуралдаанд оролцсон нийт иргэдэд хуулиар олгогдсон байхад санал тооллогын комисс тэнцсэн нэр дэвшигчдийн талаар хуралдаанд оролцоогүй иргэдээс нэмэлт санал авахаар шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Мөн хуралдаанд оролцоогүй 28 иргэнийг авч ирж нэмэлт санал авсныг  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5.2, 56.5.3-д заасан “хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналыг авсан байх” шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна.

8.5 Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6-д “Тухайн нутаг дэвсгэрийн иргэдийн болон хорооны хэсэг тус бүрийн төлөөллийг хангах зарчмаар багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд гурван өрх тутмаас, 400-аас дээш өрхтэй багт таван өрх тутмаас...хүрэлцэн ирсэн тохиолдолд хуралдааныг хүчинтэйд тооцно” гэж, мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн, баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар батална” гэж заасан.

Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/06 дугаартай тогтоолыг хуралдаанд оролцсон иргэдийн олонхын саналаар буюу хэдэн иргэний саналаар баталсан эсэх нь хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй, хэргийн оролцогчдоос “хурлын төгсгөлд иргэдийн зарим нь тарцгаасан байсан” талаар тайлбар гаргасан  тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг иргэдийн олонхын саналаар батлагдсан гэж үзэхээргүй байна.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “хуралдааны дэгийг батлаагүй, хуралдааны эхлэх, хаах цаг тодорхойгүй,тогтоолыг олонхын саналаар батлаагүй” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлтэй.

8.6 Дээр дурдсан хуульд нийцээгүй зөрчлүүд нь нэхэмжлэгчийн багийн Засаг даргад хуулийн хүрээнд нэр дэвших,өрсөлдөх  эрх, ашиг сонирхлыг хөндсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Түргэн сумын 3-р баг буюу Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/06 дугаартай “ Ө.Э-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

8.7 Маргаан бүхий акт буюу Өгөөмөр багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн тул багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин зохион байгуулж явуулах үр дагавар үүсэж байна.

Иймд тус багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин зохион байгуулахыг Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгаж шийдвэрлэх үндэслэлтэй.

9. Нэхэмжлэгчийн гаргасан “2-р санал хураалтад миний худ Т.Д-ийн сонгох эрх зөрчигдсөн” гэх тайлбарын талаар хувьд иргэн Т.Д нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2.1-д заасан “багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд саналын эрхтэй оролцох” эрхийнхээ хүрээнд саналаа өгсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн “Миний худ Т.Д хэл ярианы бэрхшээлтэй тул  би итгэмжилж санал өгүүлдэг байсан, би гадаа тамхи татаж байхдаа хамаатныхаа хүнд өгөөд оруулахад Д.Т замаас нь авч Э-ын төлөө санал өгүүлсэн, Т.Д хэлэхдээ “би Ц худдаа өгөх гэж байтал танихгүй хүүхэд миний гар хүргэлгүй зурчихлаа” гэж хэлсэн, миний тэнцсэн санал дээр нэг санал  нэмэгдэх байсан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй болно.

10. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх эсэгт зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.5, 56.5.2, 56.5.3, 32 дугаар зүйлийн 32.8.2 дахь хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгч С.Ц-ийн Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлын  хуралдааны 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 01/06 дугаартай “Ө.Э-ыг багийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай” тогтоолыг хүчингүй болгож, Эрдэнэхайрхан багийн Засаг даргыг сонгох санал хураалтыг дахин явуулахыг Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хуралд даалгасугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Түргэн сумын Эрдэнэхайрхан багийн иргэдийн Нийтийн Хурлаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.АЛТАНЦЭЦЭГ