Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 185

 

 

 

 

 

 

 

     

       

 

 

 

       

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

     

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж, шүүгч Л.Оюун, шүүгч Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч А.Баясгалан

шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч М.Машбат, Ж.Тэгшмандал

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзул, түүний өмгөөлөгч М.Жаргалсайхан

гэрч Х.Солонго, Ц.Наранзул, Г.Наранцэцэг

шинжээч Ж.Баттулга

иргэдийн төлөөлөгч Ж.Хандсүрэн

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас

Т.Бд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1705003190030 тоот, 2 хавтас бүхий хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 8 дугаар сарын 10-нд Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, дугуй засварын газар түрээслэн ажиллуулдаг, ам бүл 5; энхэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан суух,

ял шийтгэл: 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Октябрийн районы шүүхийн 213 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 2, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 2-т тус тус зааснаар нийт 4 жил хорих ялаар шийтгүүлсэн байсан,

дугаарын регистртэй, Боржигон овогт Тийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Б нь 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 00 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно “Автосервис” засврын газрын эсрэг автозамын баруун талын явган хүний зам дээр хохирогч Н.Мгийн зүүн хөлийн тахим хэсэгт архины шилээр зүсэж, улмаар Н.М зүүн хөлийн тахимны эрээн булчин, тараагуур, хураагуур судсыг тасалсан хатгагдаж, зүсэгдсэн шархны улмаас хурцаар цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Тэр орой би 23 цаг 40 минутын үед өөрийн дугуй засвар дээр очиход Жамбал, Ундрах, Солонго, талийгаач нар хамтдаа архи ууж байсан. Би Жамбал, Ундрах нарт яагаад энд архи уугаад байгаа юм бэ, больчихвол яасан юм гэж хэлтэл дугуй засврын цаад өрөө рүү нэг хүн гүйгээд орсон, араас нь ортол Солонгоо төхөөрөмжийн цаана нуугдаад сууж байсан. Тэгэхээр нь би Солонгоог нэг удаа алагдаад эндээс гар гэж хөөсөн. Хариан Ундрах нь тасарсан байдалтай, Жамбал согтуу сууж байсан. Талийгаач үүдний орчимд канистер дээр сууж байхаар нь чи хэн бэ? гэж асуухад дуугараагүй. Ингэж байх хоорондоо би Жамбалыг дуудаад Жамбалд чи яасан хачин юм, 3 машины граж барих гэж байхад архи уулаа гэтэл үгүй ээ ах аа гээд байсан. Тэнд тал шил архи байгаа харагдсан. Би эд нарыг архи уулаа гэж уурлах болсон шалтгаан нь өмнө нь бас хүмүүс архи ууж байгаад дугуй засварт гал гарч байсан юм.

Тэгээд би гартал 4-5 метрийн зайд талийгаач зогсчихсон архиа авъя гээд орилоод байхаар нь архийг нь чулуудаж өгчихөөд машиндаа суугаад гэр рүүгээ явсан. Энэ үед машин асаалттай нормальдаж байсан. Ингээд хойшоо явж байтал 5-6 минутын дараа Жамбал залгаад хүрээд ир, нөгөө таны хөөж гаргасан хүн чинь цус нөжөндөө холилдсон байна гэхээр нь эмнэлэг, түргэн дуудахгүй юу гэж хэлсэн.

Намайг эргээд очиход 102 цагдаа зэрэгцэж ирээд яасан, юу болсон гэж асуугаад, наад хүнийхээ цусыг тогтоо гэхээр нь би өмсөж явсан халатныхаа бүсээр хөлийг нь чангалж боосон. Тэгээд би цуснаас жаахан сэжиг төрөөд холдож тамхи татсан. Энэ үед Солонгоо талийгаачийн ам руу нь үлээгээд байсан. Цагдаа нар эхлээд Солонгыг авч явтал, тэр над руу та алаа биз дээ гээд орилоод байсан. Ундрахыг 2 цагдаа сугадаж авчирах үед 01 цаг болж байсан байх. Намайг мөн цагдаа нар гавлаад авч явсан. Цагдаа дээр ирээд коридорийн мухарын өрөөнд маргааш нь оройных нь 18 цаг хүртэл би байсан. Солонгоо гэх мөрдөн байцаагч чамайг 14 хоног хорино гэхлээр нь бүгд л адилхан хоригдсон юм байх гэж бодоод тэгээ тэг гэж хэлсэн. 14 дэх хоног дээр нь Солонгоо мөрдөн байцаагч ирээд өмгөөлөгч чинь хаана байна гэж надаас асуусан. Тэгээд бас юм биччихсэн цаасан дээр надаар гарын үсэг зуруулах гээд байхаар нь үгүй ээ, би гарын үсэг зурахгүй гэдгээ хэлсэн. 2 сарын дараагаас Машбат өмгөөлөгч ирж би тайлбараа өгсөн, би хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлсэн.

Миний хувьд маш их гомдолтой байна. Ямар шалтгаанаар намайг буруутгаад байгааг би ойлгохгүй байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би талийгаач Мгийн төрсөн ах нь. Бид нар хоорондоо ярилцаад намайг хохирогчоор оруулж байгаа. Би хавтаст хэрэгтэй танилцаад манай дүүг Б алсан нь тодорхой байна гэж үзэж байгаа. Хэргийг үнэн зөв шийдэж, зохих ял шийтгэлийг нь оногдуулж өгнө үү. Маш их гомдолтой байна, Бгийн зүгээс ямар ч уучлалт энэ тэр гуйгаагүй. Нэхэмжлэлд оршуулгын ажлын зардал, өмгөөллийн хөлс нийлээд 11 сая гаруй төгрөг, мөн дээрээс нь талийгаачийн хүүхдийн их сургуульд орж суралцах сургалтын төлбөрт 15 сая төгрөг нэхэмжилнэ.

Миний зүгээс болон манай ар гэрийнхээс гэрч Ундрах, Солонго нартай уулзаж байгаагүй гэв.

 

Гэрч Х.Солонго шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Би нэг жилийн өмнөөс буюу 2016 оны 8-9 сараас Бг таних болсон. Тэр өдөр Ундраа эгч, Сааралаа /Жамбал/, Ундраа эгчийн 2 найз эмэгтэй, тэгээд талийгаач бид нар нийлж архи уусан. Би хэр зэрэг архи ууснаа мэдэхгүй байна. Талийгаачийг, Бг, дараа нь цагдаа нар ирснийг санаж байна. Бас Б орж ирээд намайг алгадсаныг санаж байна.

Цагдаа дээр ирснээ санаж, талийгаачид хиймэл амьсгал хийснээ, Бг алсан гэж хэлснээ санахгүй байна. Миний хувьд тэр дугуй засвар дээр очиж олон удаа архи ууж байгаагүй. Гэхдээ очдог байсан. Тэндээс би мөнгө хулгай хийгээгүй. Тухайн үед Б ягаан цэцэгтэй, цайвар цагаан өнгийн халаттай байсан гэв.

 

Гэрч Ц.Наранзул шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед би гэр рүүгээ орох гээд явж байсан. Намайг 23 цаг 40 минутын үед Б ах гэрт хүргэж өгсөн. Манай гэр хүртэлх зай нь 5 км орчим болов уу. Энэ үед 94794989 гэсэн дугаараас Б ахтай 3-4 удаа утсаар ярьсан. Машин авч үлдсэний дараагаас тос маслоо янзалсан юм уу, мотор чинь дуугараад байна гэж ярьсан. Дараа нь Улаанаа /Жамбал/ ажил дээр архи уугаад байна гэж ярьсан. Дараа нь юу ярьсаныг сайн санахгүй байна, ахын дүү ирээд машинаа авчих, ажил дээр асуудал болсон байна гэсэн.

Б ах тэр үед цайвар цагаан өнгийн, гэрийн халаттай явж байсан гэв.

 

Гэрч Г.Наранцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Б ахыг танина, би 14 настай байхдаа Б ахын ажил дээр ирж ажилладаг байсан юм. Хохирогчийг танихгүй, Ундрахжаргал, Жамбал хоёрыг танина, Солонгыг танихгүй.

Би Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн хаалганы дэргэд Ундрах эгчтэй тааралдахад Б ах чинь хүн цохиод алчихсан гэж надад хэлсэн. Би шооконд ороод юу болсон юм бэ гэж асуухад Ундрахжаргал хэлэхдээ “Нарансолонго гэх эмэгтэй хэргээ хүлээчихгүй бол Б ахын чинь буруу болоод шоронд явна. Бид нар арьс арьсаа хамгаалаад гарчихна гэж байсан. Ундрахжаргал эгчийн хүүхэд 10-20 минутын дараа гарч ирээд “ээжээ та хоёрыг хорьчихвол яах юм бэ” гэхэд миний хүү болсон процессыг нь яриарай, болохгүй бол жаахан нэмээд ярьчихгүй юу гэж хэлж байсан.

Энэ тухайгаа Б ахын эхнэрт би утсаар хэлсэн. Тэр өдөр Баянгол дүүргийн цагдаа руу миний очсон шалтгаан нь би хороололд ТҮЦ ажиллуулдаг бөгөөд тамхи зарж байгаад баригдаад торгуулийн мөнгө төлөх гээд явж байсан юм.

Би “Нарансолонго” гэж өнөөдрийн шүүх хуралд гэрчээр ирсэн байгаа хүнийг хэлж байна гэв.

 

Шинжээч Ж.Баттулга шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Хувцасны урагдалт нь хагас дугуйрсан хэлбэрээр үүссэн байсан. Гэмтэл аль шилнээс үүссэн гэдгийг тогтоох боломжгүй гэв.

 

                                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Т.Бг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэж түүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1705003190030 тоот хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 00 цагийн үед Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зурагтын шинэ эцсийн автобусны буудлын хойно “Автосервис” засварын газрын эсрэг автозамын баруун талын явган хүний зам дээр хохирогч Н.Мгийн зүүн хөлийн тахим хэсэгт архины шилээр зүсэгдэж, улмаар Н.М зүүн хөлийн тахимны эрээн булчин, тараагуур, хураагуур судсыг тасалсан, хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурцаар цус алдаж, цус алдалтын шокоор нас барсан байна.

 

“Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн дээрх үйл баримтыг хэргийн бодит байдалтай шүүх харьцуулан дүгнэвэл:

 

Тухайн өдөр хэргийн хохирогч-талийгаач Н.М, гэрч Б.Ундрахжаргал, Д.Жамбал, Х.Солонго, ... ... гэсэн нэр бүхий хүмүүс иргэн Т.Бгийн ажиллуулдаг дугуй засварын газарт архидсан бөгөөд энэ байдлыг мэдсэн шүүгдэгч Т.Б нь уурлан тэдгээрийг хөөж, улмаар “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгджээ.

 

Гэмт хэрэг гарсан тухайн үеийн нөхцөл байдал хийгээд гэмт хэргийг хэн үйлдсэн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад

гэрч Хүүхэнжийгийн Солонго “... би 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүрэг, Зурагтын шинэ эцэстбайрлах нийтийн байрны 2 тоотод түрээсээр амьдардаг Ундраа эгчийн гэрт түр унтаж байгаад 17 цагийн орчим түүний ажилладаг Баянгол дүүргийн 23 дугаар хороонд харъяалагдах засварын газар руу очсон.

Очоод Ундраа эгчтэй ойр зуурын юм яриад сууж байтал Ундраа эгч Баясаа гэдэг залуутай утсаар яриад удалгүй засварын газрын гадаа Баясаа ах машинтайгаа ирсэн. Араас нь Ундраа эгчийн найз залуу саарал хочит Жамбал нь Мөөгий гэх найзтайгаа хамт орж ирээд найз Мөөгий нь удалгүй явсны дараа Ундраа эгч, Баясаа, Жамбал бид дөрөв үлдээд Жамбал пивонд яваад 2 литрийн савтай пиво авчраад хувааж уусан.

Дараа нь би дахин пивонд яваад 2 литрийн пиво авчраад түүнийгээ уугаад сууж байхад гаднаас Ундраа эгчийн найз Сараа, Туяа хоёр ирээд тэр пивоноос Сараа эгч уугаагүй, бусад нь уусан. Гэгээ тасраад харанхуй болчихсон байхад Сараа, Туяа, Баясаа ах гурав харьлаа гээд гарсан боловч Баясаа ах 20 орчим минутын дараа Ундраа эгчийн утас руу залгаж надтай яриад та нар байна уу, дахиад ганц юм уумаар байна гэхээр нь би Жамбалд хэлээд, бид нар Баясаа ахыг хүрээд ир гэж дуудсан.

Тэр хооронд би ганцаараа Зурагтын шинэ эцсийн ягаан дэлгүүр яваад 2 литрийн пиво аваад орох гэж явтал засварын газрын үүдэнд Баясаа ахтай надтай тааралдаад бид хоёр хамт дотогшоо орсон. Пивоо дөрвүүлээ хувааж уугаад Ундраагийн хүү Батзоригийг архинд явуулж, нэг шил 0,75 гр-ын “Сархад” архи авчруулаад тэр архинаас Ундраа эгч бид хоёр нэг нэг уугаад, тэгээд би муудсан. Нэг мэдэхэд Ундраа эгчийн хүү Батзориг бидэнд Б ахыг ирлээ гэж хэлэхээр нь би айгаад гарч явах гэтэл Б ах өөдөөс орж ирээд намайг алгадсан. Алгадуулаад би ухаан балартаад газарт хэсэг хугацаагаар хэвтэж байгаад босоод гадагшаа гартал гадаа дугуй засварын газраас урагшаа автобусны буудал орох зам дагуу нилээн олон хүн бөөгнөрөөд зогсчихсон байсан ба намайг тийшээ очиход цагдаагийн машин ирсэн, тухайн үед Баясаа ах төв замын хажууд явган хүний зам дээр газарт дээшээ хараад хэвтчихсэн, ямар ч хөдөлгөөнгүй, эргэн тойронд нь нил цус болчихсон байсан. Яг хаанаас нь цус гарсныг анзаараагүй, цагдаа нар намайг гавлаад цагдаагийн машинд оруулж суулгасан. Засварын газарт Б ахыг орж ирэхээс өмнө бид нарын хооронд ямар ч маргаан зодоон болоогүй. Б ах л гаднаас их ууртай орж ирээд дугуй засварын өрөөний үүдэнд намайг алгадаж унагаад цаашаа яваад өгсөн. Цаашаа тосолын өрөөгөөр дамжаад бид нарын архи ууж байсан амралтын өрөө рүү орсон.

Тэд нарын хооронд юу болсныг би мэдэхгүй, Б ах бид нарыг ажил дээр архидлаа гэж уурлаад Баясаа ахтай маргасан байх. Тэгээд ч Баясаа ахыг Б ах л алсан байх, Б ахаас гарцаагүй гэж бодож байна.

... намайг босоод гарахад Ундраа эгч амралтын өрөөнд ганцаараа унтаж байсан ба автозасварын газрын гадаа Б ах, Жамбал, Ундраагийн эгчийн хүү Батзориг нэг найзтайгаа хамт байж байсан.

Архи уугаад сууж байх хугацаанд Б ахаас өөр гадны гэх хүн ирээгүй, орж гараагүй.

Би одоогоос 10 орчим хоногийн өмнө Ундраа эгчээр дамжуулж Баясаа ахтай танилцсан, жирийн танилууд бөгөөд бид нар Баясаа гэж дууддаг. Жинхэнэ нэрийг нь мэдэхгүй. Баясаа ах өчигдөр өглөө 11 цагийн орчим Ундраа эгчийн ажилладаг засварын газарт ирээд машиныхаа дугуйг янзлуулаад явсан гэсэн. Тэгээд орой нь Ундраа эгчтэй утсаар ярьж байгаад юм ууя гээд ирсэн бололтой байна лээ.

Би Б ахтай 2017 оны 1 сарын орчим танилцаад, улмаар түүнийг Ундраа эгчтэй танилцуулж байсан юм.

Би Б ахтай танилцаад 2-3 хоногийн дараа түүнтэй бэлгийн харьцаанд орсон. Түүнээс хойш бид хоёр бэлгийн харьцаатай байж байгаад 2017 оны 5 сараас хойш Б ахтай уулзаагүй байсан ба би 2017 оны 7 дугаар сарын 20-ноос хойш Ундраа эгчийн түрээсийн байранд амьдарч байгаа. Тэгээд хааяа Ундраа эгчийн ажил дээр очихоороо Б ахын эзгүй хойгуур нь тийшээ очдог байсан.

Ундраа эгчийн ажилладаг тэр засварын газрыг Б ах хариуцаж ажиллуулдаг боловч өөрөө ажил дээрээ байнга байдаггүй. Ундраа эгчтэй утсаар ярьж байгаад голдуу өглөөгүүр юмуу, өдөр ирээд явдаг. Оройдоо бараг очдоггүй юм.

Өчигдөр орой бид нарыг дугуй засварын газарт архи ууж байгааг Б ах яаж мэдсэнийг мэдэхгүй, шөнө 00 цагийн орчим гаднаас маш их ууртай ирээд, ажил дээр архидлаа гээд байсан. Тухайн үед намайг хэн нэгэнтэй хардсан эсэхийг би мэдэхгүй. Би сүүлийн 2 сар гаруй хугацаанд Б ахтай огт харьцаагүй байсан.

Ундраа эгч түрүүлээд нилээн согтсон, би бас нилээн согтсон. Жамбал согтолттой ч бид хоёрыг бодвол гайгүй. Баясаа ах болохоор биднийг бодвол нэг их согтоогүй, халамцуу байдалтай байсан. ... Би Б ахыг эрүүл байна гэж бодсон” /1 дүгээр хх-н 109-110/ гэж,

гэрч Доржсүрэнгийн Жамбал “... 8 дугаар сарын 12-ны өдөр би Зурагтын шинэ эцэст байдаг дугуй засвар дээр Баатараа ахын ажилтан Ундраагийн хамт түрээсийн байранд нь байж байхад гаднаас 16 цагийн үед Солонгос Баясаа гэх залуугийн хамт орж ирээд бид хоёртой Солонго энэ манай найз байгаа юм гэж танилцуулаад Баясаа гэх залуу дэлгүүрээс 2 литрийн Нийслэл пиво хоёрыг аваад тэрийгээ дөрвүүлээ хувааж уугаад, Ундраа бид хоёр дахин хоёр пиво аваад тэр пивоо ууж дуусаад, дугуй засвар руу ороод 0.75 литрийн архи би аваад дахин бид дөрөв хувааж уугаад, дахин Баясаа нэг шил 0.75 литрийн архи аваад нөгөө архиа уугаад талд нь оруулж байсан чинь дугуй засварын эзэн Баатараа ах орч ирээд пизданууд минь ажил дээр юундаа архидаад байгаа юм зайл гээд хөөсөн. Тэр үед сүүлийн архи талдаа орсон байсан тэгсэн чинь Баясаа гарсан чинь Баатараа ах араас нь зайл гээд хөөгөөд гарсан тэгэнгүүтээ Баатараа ах буцаад ороод ирээд маргааш өглөө эрт ирнэ шүү пиздагууд минь архи мархиа болиорой гэж хэлээд машинаа асаагаад явсны дараа удалгүй Ундраагийн хүүхэд Бондоолой орж ирээд агаа нөгөө ах чинь замын хажууд сууж байна гэж хэлэхээр нь би гараад яваад очсон чинь зүүн талын гуяны дотор талаас цус гарч байхаар нь би эргэж ороод түргэн дуудсан чинь түргэн за за одоо очлоо гээд нилээн удсан.

Тэгэхээр нь би Баатараа ах руу залгаад нөгөө залуу чинь замын хажууд цус алдаад байна гээд хэлсэн чинь Баатараа ах буцаад ирээд түргэн дуудсан юм уу гэж хэлэхээр нь дуудсан гэж хэлээд байж байхад Баясаа хойшоо налаад газар хэвтсэн.

Гаднаас Баатараа ах орж ирээд Солонго айгаад гараад явсан. Тэгээд Баясаа гэх залуу гараад явахад Баатараа ах араас нь хөөгөөд гарсан. Би тэр үед орон дээр Ундраатай хэвтэж байсан.

Баатараа буцаж хүрч ирээд түргэн дуудсан юм уу гэж хэлсэн. Өөр юу ч хэлээгүй цус алдаж байгаа хөлийг нь өмсөж байсан халатныхаа бүсээр нь уяад байсан” 1 дүгээр хх-н 115-116/ гэж,

насанд хүрээгүй гэрч Ундрахжаргалын Батзориг “... Б ахын хариуцан ажиллуулдаг авто засварын газарт миний ээж Ундрахжаргал, саарал хочит Жамбал ах, Солонго эгч, Баясаа ах нар хамтдаа архи уугаад сууж байхад гаднаас 24 цагийн орчим Б ах орж ирээд тэд нарыг харчихаад уурлаад энэ та нарын архи уудаг газар биш, эндээс явцгаа гэж хөөсөн. Би найз Сэнгүм, дүү Энхжин нарыг гэр рүүгээ ороод байж бай гээд явуулчихаад ганцаараа дугуй засварын газраас гараад замын цаана явж байхдаа эргэж харахад Б ах дугуй засварын газраас ганцаараа гарч ирсэн. Тэр үед  Баясаа ах болохоор машин дугуй засварын газраас 2 м орчмын зайтай байсан машиныхаа тэнд зогсож байсан чинь Б ах түүнийг харчихаад би чамайг яв гээд байгаа юм биш үү гэж хэлсэн.

Баясаа ах цаашаа 2-3 метр орчим яваад төв замын хажууд зогсож байсан. Би жаахан цаашаа яваад тэднийг ажиглаад харж зогстол Баясаа төв замын тэнд явган хүний зам дээр суучихсан байсан ба Б ах гартаа архины бүтэн шил барьчихсан Баясаа ах руу явж очингуутаа гартаа барьсан архины шилээрээ Баясаа ахын хоёр хөлний хооронд цохиж хагалчихаад Б ах машин руугаа очиж суугаад хөдлөөд явчихсан юм.

Би гэр рүүгээ орох гээд нийтийн байрны шатаар өгсөж явтал манай найз Сэнгүм өөдөөс гарч ирээд надаас юу болсон, зүгээр үү гэж асуухаар нь би Б ахыг жаахан уурлаж байгаад машиндаа суугаад явчихлаа гэж хэлсэн, тэгээд би Сэнгүмтэй хамт Баясаа ах руу очиход Баясаа ах газарт хэвтээд өгсөн ба бүсэлхийнээс нь доош цус болчихсон, хаанаас нь цус гараад байгаа нь мэдэгдэхгүй байхаар нь би Баясаа ахын сим картыг хийчихсэн байсан ээжийн Нокиа Си-3 маркийн утаснаас 103 руу залгаад Зурагтын шинэ эцсийн буудлын хажууханд цус болсон хүн байна гэж хэлэхэд замаар машинтай явж байсан хүн Баясаа ахыг газарт хэвтэж байхыг харчихаад машинаа зогсоогоод миний ярьж байсан утсыг аваад 103-т бидний байгаа газрыг тодруулж хэлж өгчихөөд тэр машинтай хүн яваад өгсөн.

Би машиных нь номер дугаар маркийг анзаараагүй. Тэр машинтай танихгүй хүнийг хөдлөөд явахаас өмнө Жамбал ах цаанаас ирээд Баясаа ахыг харчихаад Баясаа ахын хөл нь гэмтчихэж гээд өөрийнхөө утаснаас бас 103 руу залгаад байсан. Дараа нь Жамбал ах Б ах руу залгаад яриад байсан ба бид нарыг тэнд овоорчихсон зогсож байхыг хараад цаанаас цагдаагийн машин ирсэн.

Удалгүй Б ах бас ирээд Баясаа ахыг харчихаад юу болсон юм гэж асуугаад байсан. Цагдаа нар Баясаа ахын цусыг тогтоо гэхэд Б ах өөрийнхөө өмсөж явсан халатны бүсээр Баясаа ахын зүүн талын хөлийг боож өгөөд цагдаа нар тэнд байсан хүмүүсийг аваад явсан” /1 дүгээр хх-н 111-12/ гэж,

насанд хүрээгүй гэрч Отгонбаярын Сэнгүм “... бид нарыг бүгд дугуй засварын газарт байж байхад томчуудын архи ууж байгаа өрөөний хаалгыг гаднаас нь хүн тогшсон чинь Батзориг цонхоор харчихаад Баатараа ах /Б гуайг тэгж дууддаг юм/ ирж байна гэж хэлсэн. Би наанаас харж байхад Солонго эгч босоод хаалга онгойлгоход Баатараа гэх ах орж ирэнгүүтээ зайл тонил гэж орилоод Солонго эгчийг амралтын өрөөний үүдний орчим алгадсан.

Батзориг айгаад намайг дүүтэйгээ хамт гэр рүү очоод байж бай гэж хэлэхээр нь би Энхжинтэй хамт дугуй засварын төв хаалгыг дотроос нь онгойлгоод тэндээс гүйж гарсан. Тэгээд би Энхжинг гэрт нь оруулж өгөөд гараад иртэл Батзориг /бондоолой хочит/ дугуй засварын газраас гүйгээд гараад ирсэн. Дараа нь Солонго эгч гүйж гарч ирээд нийтийн байрны шатны цаахан талд байдаг жорлонгийн тэнд очоод нуугдаад зогсчихсон. Удалгүй Баясаа гэх ах мөн дотроос гарч ирээд дугуй засварын газрын урд талд байсан машиныхаа өмнө очоод зогсоход Баатараа ах /Бг тэгж дууддаг/ гартаа мод барьчихсан араас нь гарч ирээд толгойг чинь хага цохихоос өмнө яваарай гэж хэлсэн чинь Баясаа гэх ах Баатараа ахаас 8-9 алхам орчим зайтай холдоод явган хүний замын тэнд очоод газарт сууж байсан. Баатараа ах буцаж дугуй засвар руу орсноо тэр дороо их хурдан гарч ирсэн, ирэхдээ гартаа архины шил барьчихсан байсан ба энийгээ аваад яв гэж хэлээд архины шилээ Баясаа гэх ах руу шидчихээд шууд дугуй засварын урд талд зам дээр зогсож байсан машиндаа суугаад явчихсан. Батзориг /бондоолой/ бид хоёр утсаа харж байгаад би Баясаа гэх ах руу харахад шонгийн гэрэлд Баясаа гэх ахын өмссөн шортны салтааных нь хэсэг нойтон улаан туяатай харагдаад байхаар нь Батзориг бид хоёр тийшээ очиход Баясаа гэх ахын шорт, хөл болон эргэн тойронд нь газарт цус болчихсон, хаанаас цус гарсан нь мэдэгдэхгүй байсан” /1 дүгээр хх-н 113-114/ гэж,

насанд хүрээгүй гэрч Ундрахжаргалын Энхжин “... би тэр өдөр дугуй засварын тос масло зардаг өрөөнд сууж байсан чинь Бондоолой ах /Батзориг ахыг тэгж дуудаг юм/ Баатараа ах ирлээ гэж хэлсэн. Баатараа ах /Б/ гаднаас орж ирээд Солонго эгчийг дугуй засвар дотор байхад алгадсан чинь Солонго газарт унаад уйлаад байснаа босоод хаалгаар шууд гараад явсан. Араас нь Бондоолой ах /Батзориг/ найз Сэнгүмийн хамт гарсан. Баатараа ах дугуй засварын захын өрөөнөөс дугуй засдаг төмөр аваад амралтын өрөө рүү орж очоод Сааралаа ахын /Жамбалыг тэгж дуудаг/ нуруу руу нэг цохиод амралтын өрөөнд байсан Баясаа ахыг хөөж гаргасан. Гаргахдаа Баясаа ахыг толгойгоо хагалуулахаас өмнө яваарай чи гээд байсан.

Баясаа ах гадаа машиныхаа хажууд байж байхад Баатараа ах араас нь архины шил барьсан ирээд Баясаа ахыг зайлаач гээд байсан. Баясаа ах цаашаа явган хүний замын тийшээ явсан чинь Баатараа ах араас нь архины шил шидсэн чинь Баясаа ах явж байснаа зогсоод толгойгоо бариад байснаа доошоо суусан. Тэгэнгүүт Баатараа ах Баясаа ах руу очиж харчихаад буцаж наашаа хүрч ирснээ “өөрөө архины шил барьж яваад унасан гэж хэлээрэй” гэж надад хэлчихээд машиндаа суугаад яваад өгсөн.

Баатараа ахыг явсны дараа би Баясаа ах руу очиход Баясаа ах сууж байснаа газарт хэвтчихсэн, газар цус болчихсон байсан. Намайг тэнд зогсож байхад дугуй засварын газрын эсрэг талын замын цаанаас нэг ах ирээд “миний дүү залуу хүүхэд байж ийм юм харж болохгүй, цаашаа яв” гэхээр нь би дугуй засварын газрын тийшээ гүйхэд Бондоолой ах /Батзориг/ найз Сэнгүмтэйгээ нийтийн байрны тэндээс зам гараад ирж байсан. Нөгөө намайг яв гээд байсан ах болохоор цаашаа буцаад зам гарсан. Миний өөдөөс Бондоолой ах /Батзориг/ ирээд чи Сэнгүм ахтайгаа гэр рүүгээ орж бай гэхээр би Сэнгүм ахыг дагаад нийтийн байр руугаа орсон. Би дахин гарч харах гэсэн боловч Сэнгүм ах намайг гарч болохгүй, агаа чинь гаргаж болохгүй гэсэн гээд байхаар нь би гараагүй. Нилээн байж байгаад би Сэнгүм ахтай хамт гарахад нийтийн байрны зарим хүмүүс гадаа гараад зогсчихсон, замын тэнд цагдаа, түргэний машин ирчихсэн байсан.

... Баатараа ах түрүүлж оччихоод буцаж ирснээ машиндаа суугаад явчихаар нь би очсон, цаанаас танихгүй ах ирээд намайг яв гэхээр нь би засварын газар руу гүйхэд Бондоолой ах /Батзориг/, Сэнгүм ах хоёр ирээд Баясаа ах руу очсон. Манай ээж согтоод амралтын өрөөнд унтаад өгсөн. Сааралаа ах /Жамбал/ орон дээр ээжийн хажууд байсан. Солонго эгч гадаа жорлонгийн тэнд байхыг би Баясаа ах руу очиж байхдаа харсан” /1 дүгээр хх-н 139-141/ гэж,

гэрч Цэдэнгийн Энхбаяр “... хэргийн талаар бол мэдэхгүй, манай нийтийн байранд амьдардаг 1 эмэгтэй /Ундрахжаргал/, эрэгтэй /Жамбал/ хоёр тэр өдөр нар жаргахаас өмнө нийтийн байранд архидаад байрнаасаа гараад дугуй засварын газар руу орж гараад, тортой юм барьж яваад архи уугаад байгаа бололтой байсан. Эрэгтэй нь тэр дугуй засварт ажиллаад байх шиг байдаг юм, ямар хүмүүстэй уусныг мэдэхгүй.

Тэгээд юу болсныг мэдэхгүй, би харанхуй болсон байхад бие засах гээд нийтийн байрны гадаа байдаг жорлон руу орчихоод гараад ирэхэд замын цаад талд байдаг замын анхааруулах тэмдэгтэй шонгийн хажууханд хүн хэвтэж байсан.

Мөн дугуй засварын газрын тэндээс нэг жаахан охин хүрч ирээд тэр хүн рүү очсон. Тэгэхээр нь би зам хөндлөн гараад тийшээ очиход газарт хэвтэж байгаа хүн нь эрэгтэй залуу хүн байсан, тэр хүний өмд нь богинохон, доошоо хөл нь цус болчихсон байхаар нь би тэр жаахан охиныг “чи ийм юм харж болохгүй яв” гэхэд тэр охин яваад өгсөн. Тэгээд би буцаад гэр рүүгээ орсон, өөр мэдэх зүйлгүй” /1 дүгээр хх-н 148-149/ гэж,

гэрч Цэгмидийн Мөнхбат “... 2017 оны 8 дугаар сарын 13-ны 00 цаг 30 минутын үед Хайрхан 10-аас Зурагтын шинэ эцэст хөлөө зүсүүлсэн хүн цус гоожоод хэвтэж байна гэсэн дуудлагын дагуу 00 цаг 36 минутад Зурагтын шинэ эцэс дээр очиход замын эсрэг талд тос масло зардаг газрын баруун талд явган хүний зам дээр шар өнгийн футболктой, 30-40 орчим настай, эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, газар нь битүү цус болсон байдалтай, хажууд нь 16 орчим насны Солонго гэх эмэгтэй хүн хашхираад хажуудаа байсан халаттай Баатараа гэх хүн рүү дайраад “... чи надтай явдаг байсан, чи хөөж гаргаад алсан” гэх зэргээр орилоод байсан.

Тэгэхээр нь салгаад Баатараа гэх хүнээр нь хөлний зүсэгдсэн шархыг нь Баатарын халатны бүсээр боолгосон. Тухайн үед 103 руу залгаж дуудаад 103 ирж үзээд нас барсан байна гэж хэлсэн” /1 дүгээр хх-н 107/ гэж,

гэрч Чулуунбаатарын Чинзориг “... хэргийн газрыг хамгаалаад байж байгаад Баатараа гэх залуу нь байхаар нь  юу болсон талаар асуухад “наад залуу чинь 30 минутын өмнө манай ажил дээр архи уугаад байхаар нь би хөөж гаргасан. Тэгээд би гэр рүүгээ явсан бөгөөд 30 минутын дараа над руу залгаад нөгөө хүн чинь цус алдаад байна гэхээр нь би ирсэн юм” гэж хэлсэн. Өөр юм яриагүй. 103 хэлэхдээ энэ хүн зүүн хөлний тахимных нь орчимд шилээр зүсэгдсэн юм шиг байна. Өөрөө бол хэзээ ч ингэж зүсэхгүй, өөр хүн зүссэн байна, бид нарыг ирэхэд аль хэдийн амьсгал хураасан байсан гэсэн. Тэгээд тэр орчмоор нь хагарсан шилнийх нь хүзүү хэсгийг нь хайсан боловч олдоогүй” /1 дүгээр хх-н 108/ гэж,

гэрч Батжаргалын Ундрахжаргал ”... миний бие 2016 оны 9 сараас хойш Баянгол дүүргийн 23 дугаар хороо, төв зам дагуу байршилтай иргэн Бгийн хариуцан ажиллуулдаг дугуй засварын газарт засварчнаар ажиллаж байгаа юм.

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр би ажлаа хийгээд байж байхад Б ахтай явалддаг Солонго гэдэг охин манай гэрт байж байгаад миний ажил руу ирээд бид хоёр хамт сууж байтал миний танил Баясаа гэдэг залуу 17 цаг 40 минутын орчимд гаднаас халамцуу байдалтай ирээд хамт ууя гэсэн. 18 цагийн үед миний хамтран амьдрагч Жамбал, найз Мөөгийгийн хамт орж ирээд удалгүй Мөөгий нь яваад өгсөн. Мөөгийг явсны дараа Жамбал автобусны тэндэх “Даргиат” хүнсний дэлгүүр рүү явж 2 литрийн савтай пиво авчраад түүнийг нь дөрвүүлээ хувааж уусан. Түүнээс хойш 19 цаг өнгөрч байхад манай найз Туяа, Сараа нар цуварч ирээд Баясаа, Солонго, Жамбал. Туяа, Сараа бид нар зургуулаа хамт авто засварын газраас гараад 10 м хүрэхгүй зайтай замынхаа эсрэг талд байдаг манай нийтийн байр руу очиж манай гэрт Баясаагаар 2 литрийн савтай пиво авхуулж хувааж уусан.

Дараа нь би Жамбалтай авто засварын газар руугаа буцаж ирихэд 22 цаг болж байсан. Тэгээд би том хүү Батзоригийг гэр рүүгээ явуулаад цаадуулаа явуул гэхэд Батзориг яваад буцаж ирэхдээ тэд нар явчихлаа гэсэн. Удалгүй Солонго гаднаас утсаар ярьсан орж ирхэд араас нь Баясаа орж ирсэн.

Солонго Баясааг дуудсан юм байна лээ. Бид нар дөрвүүлээ Баясаагийн гаднаас барьж орж ирсэн 2 литрийн том савтай пиво 2 жижиг савтай пивийг хувааж уугаад, дараа нь  Батзоригийг архинд явуулж “Даргиат” дэлгүүрээс 0.75 граммын “Сархад” архи авчруулаад уг архинаас Солонго бид хоёр 1 удаагийн жижиг аяганд хийж нэг нэг татаад түүнээс хойш юу болсонг мэдэхгүй, би унтчихсан байсан.

Нэг сэрсэн чинь гадаа цагдаагийн машин ирээд зогсчихсон авто засварын урд талд төв замын тэнд хүмүүс цуглачихсан байсан.

Би Жамбалаас юу болсонг асуухад Жамбал надад “Баясаа өнгөрчихсөн, Б ах цохьчихсон юм шиг байна” гэж хэлсэн. Цаанаас цагдаа нар ирээд Б ах Жамбал бид нарыг цагдаагийн машинд суулгаад Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү авчирсан.

Баясаа 2017 оны 8 дугаар сарын 12-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай засварын газарт авто машиныхаа дугуйг янзлуулах гэж ирээд дугуйгаа тавьчихаад 10 цаг өнгөрч байхад явсан. Түүнээс хойш 17 цаг өнгөрч байхад манай ажил дээр юм уучихсан байдалтай хүрч ирээд хамт ууя гээд байсан юм.

Б ахыг дуудсан хүн байхгүй, намайг архиндаа тасарчихсан байхад Б ах гаднаас ирээд Солонгыг зодоод, Баясааг хөөгөөд гаргасан, Баясаа гадаа машиныхаа хажууд хөлөө жийчихсэн сууж байсан гэж манай хүү Батзориг надад хэлсэн. Ажлын байранд архи уулаа гэж уурласан бололтой байна лээ, би Б ахыг хэдийд гаднаас орж ирснийг мэдээгүй.

... Миний том хүү Батзоригийн яриагаар бол өчигдөр орой Баясаа машиныхаа хажууд зогсож байсан чинь Баатараа ах (Б) цааш нь хөөсөн, Баясаа цаана очоод хөлөө алцайгаад хөлөө жийгээд суучихсан байсан чинь Баатараа ах очоод яв гээд байхад яагаад явахгүй байгаа юм бэ гээд архины шилээр 2 хөлнийх нь голд газар цохьсон. Тэгээд Баатараа ах машиндаа суугаад явчихсан гэж надад хэлсэн.

Бид нар Б ахыг бүгд Баатараа гэж дууддаг. Ажил дээр архи уулаа гэж бидэнд уурласан болов уу. Баясаа нь Солонгоог таних төдий, харин Б ах Солонготой явалддаг байсан юм. Сүүлийн үед тэр 2 ямар харилцаатай байгааг мэдэхгүй.

Солонгоогийн гэр нь Багануурт байдаг боловч хотод найз охинтойгоо байр түрээслэж амьдарч байгаад тэндээсээ гарсан гээд 2017 оны 7 дугаар сарын 30-ны орчим манай гэрт ирээд түүнээс хойш манай гэрт түр миний хүүхдүүдэд хань болоод түр хамт байгаа юм.

... Би таван хүүхэдтэй. Миний том хүү Ундрахжаргалын Батзориг 14 настай, Ундрахжаргалын Энхжин 12 настай, Ундрахжаргалын Маралмаа 9 настай, түүний ихэр Мичидмаа 9 настай, бага хүү Ундрахжаргалын Баторгил 4 настай.

... Энхжингийн яриагаар бол тэр шөнө Баатараа ах (Б) дугуй засварын газарт гаднаас орж ирээд Солонгыг алгадахыг харсан, Энхжин дугуй засварын газрын голын өрөө буюу тос масло зардаг өрөөнд сууж байхад Солонго гарч зугтаагаад, дараа нь Батзориг Сэнгүм хоёр гарсан. Баатараа ах дугуй засварын газрын өрөө рүү орж лапатка аваад талийгаачийг (М) тархиа хагалуулахаас өмнө яв гээд хөөсөн. Талийгаач гадаа машиныхаа хажууд зогсож байхад Баатараа ах ардаас нь цаашаа яваач гэхэд талийгаач цаашаа алхсан, алхаж явахад нь Баатараа ах архины шил араас нь шидээд удаагүй байхад талийгаач доошоо газар суусан, Баатараа ах талийгаач руу очиж харчихаад буцаж ирэхдээ Энхжинд “өөрөө архины шилээ барьж явж байгаад унасан гэж хэлээрэй” гэж хэлчихээд машин руугаа гүйж очоод машинаа асаагаад хурдан зугтаагаад явчихсан гэж надад хэлсэн.

Тэр үед Энхжин гадаа гарчихсан, үүд орчим хараад зогсож байсан бололтой байна лээ.

... Жамбал бид хоёрыг цагдаа дээр байж байгаад гэртээ очсоны дараа буюу хэрэг гарснаас хойш 2 хоногийн дараа нийтийн байрандаа байж байхад Жүүрий (Наранзул) гаднаас манайд орж ирээд ойр зуурын юм ярьж байснаа Баатараа ах ял аваад явах юм шиг байна, ямар хүн гэдгийг нь мэдэж байгаа биз дээ гэснээ хэрэг гарсан шөнө Баатараа ах цагдаад баригдахын өмнө Жүүрий рүү залгаад ах нь хүн алчих шиг боллоо гэж хэлсэн талаар Жүүрий бидэнд хэлсэн.

... Б согтуу хүн харахаараа уур нь хүрдэг, надтай хамт 2011 онд түр ажиллаж байсан нэрийг нь мэдэхгүй “Охиноо” гэж дууддаг 20 орчим насны эмэгтэйг ажил дээр архи уулаа гээд гадаа гараад хүрзний ишээр цохиж байсан.

Мөн 2017 оны 4 сард би найзуудтайгаа архи уугаад нийтийн байрны доод талын граж дотор байхад Б намайг архи уулаа гэж уурлаад гараараа цохиж унагааж байсан удаатай. Өөрөөр бидний хоороонд урдын маргаан зодоон, өс хонзонгийн гэх асуудал байхгүй.

2017 оны 6 сарын сүүлээр манай найз Туяа гэдэг эмэгтэй миний ажиллаж байсан дугуй засварын газарт талийгаачийг (Н.М) дагуулж ирээд тэгээд би талийгаачтай анх танилцсан.

Түүнээс хойш 7 дугаар сарын 28-ны өдөр Солонго манай нийтийн байранд ирсэн байх үеэр талийгаач жаахан уучихсан, пиво барьчихсан намайг сураглаж ажил дээр ирсэн байсан ба би ажил дээрээ байгаагүй тул талийгаач манай гэрт ирж надтай уулзахдаа Солонгоотой танилцсан байсан.

Талийгаач бид хоёрын хооронд эр эмийн харилцаа холбоо байгаагүй. Талийгаач урд өмнө нь дугуй засварын газарт ирэхдээ Б гуайтай огт тааралдаж байгаагүй, тэр хоёр бие биенийгээ танихгүй.

Хэрэг гардаг өдөр талийгаач над дээр ирж дугуйгаа янзлуулчихаад явсан мөртлөө 17 цаг 30 минутын орчим дахин над руу залгаад “найз нь уучихсан явж байна, яваад очъё, ганц нэг пиво уучихмаар байна” гэсээр удалгүй талийгаач машинаа барьчихсан 17 цаг 40 минутын үед дугуй засвар дээр ирсэн. Ирэхдээ гаднаас 2.5 литрийн савтай “Нийслэл” пиво барьчихсан ирснийг нь Солонго, талийгаач бид гурав хувааж уугаад сууж байхад Жамбал ажлаасаа ирсэн.

Тэр үед Жамбал Баянхошууунд хувиараа граж-д юм хийж байгаад 18 цагт гаднаас ирсэн юм. Жамбал ирээд бидний ууж байсан пивоноос аягаар 2 уусан. Тэгээд савтай пиво авчраад түүнийг бас хувааж ууцгаасан. Тэр пивийг дуусахад талийгаач Солонготой хамт явж 2.5 литрийн савтай пиво авчраад уг пивоо хувааж ууцгааж байхад манай найз Туяа 19-20 цагийн орчимд ирээд, бид нар бүгдээрээ манай нийтийн байранд очсон. Нийтийн байранд талийгаач, Солонго хоёр гарч яваад дахин 2.5 литрийн савтай пиво авчраад тавуулаа хувааж уусан.

Гэтэл манай найз Сараа гаднаас машинтай ирхээр нь би Жамбалтай хамт түрээлээд дугуй засвар руугаа очиход дугуй засварт миний хүү Бондоолой (Батзориг) найз Сэнгүмтэй хамт байхаар нь би Батзоригийг гэр рүүгээ гүйлгээд наад хэдийгээ одоо явуулчих гэсэн. Удалгүй дугуй засвар руу Солонго орж ирээд араас нь талийгаач Баясаа (М) орж ирсэн. Орж ирэхдээ талийгаач 2 жижиг савтай пиво, мөн 2.5 литрийн том савтай пиво барьсан орж ирснийг нь Жамбал, Солонго, талийгаач гурав хувааж уусан.

Талийгаач ганц хатуу юм уучихмаар байна гэхээр нь хүү Батзоригийг архинд явуулаад нэг шил 0.75 граммын “Сархад” архи авчруулаад тэр архинаас нь би ганц татаад орон дээр тасраад уначихсан байсан. Түүнээс хойш юу болсонг би мэдээгүй.

Нэг мэдэхэд цагдаа нар ирчихсэн, намайг сэрээсэн” /1 дүгээр хх-н 121-122, 123, 124-125/ гэж,

гэрч Лхамжавын Туяа “.. би Ундрахжаргалтай найз нөхдийн харилцаатай болохоор түүгээр дамжуулж Жамбал, Б нартай танилцаж байсан, талийгаач М нь дам дамаа манай найзын найз тул таньдаг юм.

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 18 цагийн орчим талийгаач М өөрийнхөө юнителийн дугаараас /дугаарыг санахгүй байна/ миний 89912810 дугаарт залгаад хоёулаа Ундрахжаргал руу очъё, би өдөр тийшээ очиж машинаа тавьчихаад жаахан юм уусан гэхээр нь би зөвшөөрсөн. Удалгүй М манай ажлын газрын гадаа такситай ирж намайг аваад бид хоёр Ундрахжаргалын ажилладаг Баянгол дүүргийн зурагтын шинэ эцэст байдаг дугуй засварын газарт очсон. Тэнд Ундрахжаргал, Жамбал, Солонго гэдэг охин хамт байсан ба жаахан халсан янзтай сууцгааж байсан. М бид хоёр гаднаас 2.5 литрийн савтай пиво авч ороод түүнийгээ тавуулаа хуваагаад ууж байхад бидний танил Сарантуяа тэрүүгээр машинтайгаа өнгөрч явж байгаад бид нар дээр орж ирсэн. Сарантуяа машин барьж явсан болохоор пиво уугаагүй, бид нартай ойр зуурын юм ярьж сууж байгаад талийгаач дахин нэг том савтай пиво нэмж авахуулсан санагдаж байна, тэгээд тэр пивоо аваад замын эсрэг талд байрлах Ундрахжаргалын гэрт нөгөө пивоо уучихаад нэмж архи ууцгаасан. Гэхдээ би архинаас нь уугаагүй болохоор тэд нар ямар хэмжээтэй ямар архи уусныг санахгүй байна, ямар ч гэсэн 22 цаг өнгөрөөгөөд Ундрахжаргал, Жамбал хоёр засварынхаа газар руу унтана гээд орсон.

Ундрахжаргалын гэрт Солонго гэдэг охин үлдсэн. М бид хоёр харина, Сарантуяагаар хүргүүлнэ гээд хамт явсан. Намайг гэртээ очиход 23 цаг дөхөж байсан, удалгүй би унтаад өгсөн. Гэтэл үүрээр 05 цаг өнгөрч байхад цагдаагийн газраас нэг хүн яриад намайг хаана байна гэж асуугаад утсаа тасалсан.

Өглөө нь би Ундрахжаргал руу залгаад яасан юу болсон юм гэж асуухад Ундрахжаргал надад Мг талийгаач болчихсон гэж хэлсэн. Мөн Баатараа ах ирээд та нар архи уулаа гэж загнаад Мг хөөгөөд шил шидчихсэн чинь цус алдсан гэнэ, ... би согтоод тасарчихаж, ... нэг мэдсэн чинь цагдаа нар ирчихсэн байсан гэх зэргээр надад ярьсан.

Тэгэхээр нь би Ундрахжаргалаас Мг Сарантуяа бид хоёртой хамт явсан мөртлөө яагаад тийшээ буцаад оччихсон юм гэж асуухад Солонго дуудсан бололтой байна лээ гэсэн. Өөр тодорхой мэдсэн зүйлгүй. Намайг тэд нартай хамт пиво уугаад сууж байхад засварын газар болон Ундрахжаргалын гэрт М, Жамбал нарын хооронд маргаан болоогүй, тэнд хоорондоо маргаж муудалцсан гэх хүн байхгүй. М бид хоёр бага зэргийн халамцуу, Солонго, Жамбал, Ундрахжаргал нар нилээн согтсон байдалтай байсан.

Намайг хамгийн сүүлд Ганданд бууж үлдэх үед М согтолт нь гайгүй, үйлдэл хөдөлгөөн, үг яриа гайгүй байсан боловч М дугуй засварын газар руу буцаж очоод архи нэмж уусан гэж дуулдсан.

Баатараа ах /Б/ ер нь Ундрахжаргалыг ууж идлээ гээд хэлж л байдаг. Надад эвгүй зан гаргаж байгаагүй, Баатараа ах талийгаач Мг танихгүй, тэр өдөр М тэр засварын газарт нь архи ууж байгаад сууж байхад нь Баатараа ах гаднаас очсон гэсэн.

Жамбал, М нарын хувийн байдлын талаар тодорхой мэдэхгүй ч аль аль нь дөлгөөн уур уцааргүй хүмүүс юм.

Солонго гэдэг охиныг бол би хэд хоногийн өмнө Ундрахжаргалынд түр байгаа гэж ярьж байсан. Сарантуяа 99615190 дугаарын утас барьдаг юм” /1 дүгээр хх-н 150-151/ гэж,

гэрч Оюунгэрэлийн Мөнхбаяр “... төв зам дагуух гэрлийн шон, замын явган хүний гарцны тэмдгийн харалдаа төв замын баруун талд газарт толгой хэсэг нь ертөнцийн зүгээр урд зүгт хандсан, дээгүүрээ шаргал өнгийн пудволка, доогуураа хагас богино шорт маягийн өмдтэй, зүүн хөлийн гуя орчимд нь цагаан ягаан хосолмол өнгийн бүс мэт уяагаар зангидсан байдалтай 35-40 орчим насны эрэгтэй хүний цогцос дээшээ харсан байдалтай хэвтэж байсан ба зүүн хөл орчмоос нь их хэмжээний цус алдсан, цогцосны толгой хэсгийн чанх баруун хажуу хэсэгт “Сархад” гэсэн шошготой архины шилний хагархай хэсэг /хэргийн газрын үзлэгээр №6 дугаартай/, мөн цогцосны зүүн гарын харалдаа баруун талд архины шилний хагархай хэсгүүд /№7 дугаартай/, цогцосны зүүн хөлийн шилбэний харалдаа чанх баруун талд архины шилний хагархай хэсгүүд /№5/, мөн №5, №7 дугаартай архины шилний хагархай хэсгүүд байгаа газрын голд буюу цогцосны ташаа хэсгийн чанх баруун талд тус тус архины шилний хагархай хэсгүүд газарт хөглөрсөн байдалтай /хэргийн газрын үзлэгийн зураг №7, 11, 13/ байсан.

“Сархад” гэсэн шошготой архины шилний хагархай хэсгүүдийн иж бүрдлийн байдлаас харахад тэдгээр хагархайнууд дунд амсар хэсгийнх нь хагархай хэсэг байхгүй байсан тул амсар хэсгийг нь олох зорилгоор хэргийн газар болон түүний ойр орчимд хааш хаашаа 30 метр орчим талбайг хамарсан газарт хайж үзсэн боловч архины шилний амсар хэсгийн хагархай нь олдоогүй” /1 дүгээр хх-н 135-136/ гэж,

гэрч Цогтын Наранзул “... би 2009 онд Чингэлтэй дүүргийн 7-р хороо, Зурагтын шинэ эцэст хувиараа авто кузов засварын газар ажиллуулж байхдаа Б ахтай танилцсан. Б ах манай засварын газрын эсрэг талд замынхаа цаана байрлах дугуй засварын газрыг бас хариуцан ажиллуулдаг байсан болохоор бид 2016 он хүртэл хөрш зэргэлдээ ажиллаж байгаад манайх 2017 оны 3 сараас хойш ажиллахаа больсон. Би Б ахтай хуурай ах дүүгийн харилцаатай байдаг юм.

2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Бөмбөгөр худалдааны төвд лангуун дээрээ сууж байхад Б ах миний 94794989 дугаарт өөрийнхөө 99250098 дугаараас залгахад ах нь Гранд Марк 2 машинаа зараад мөнгөтэй болчихлоо, хоёулаа хүйтэрхээс өмнө хамтарч ажлаа эхлүүлмээр байна, маргааш блок авна, чи ахдаа түр машинаа өгөөд явуулаач гэж ярьсан. Тэгээд би ажлаа тараад 21 цаг өнгөрч байхад гэртээ очоод удаагүй байхад Б ах над руу залгаад ах нь унтах гээд байна, машинаа дөхүүлээд өгчих гэхээр нь би 23 цагийн үед өөрийнхөө 40-15 УНП улсын дугаартай Мицубиши пажеро маркийн автомашинаа унаад Б ахынх руу очсон.

Б ахад тэдний гэрийн гадаа машинаа хүлээлгэж өгөөд явах гэхэд Б ах намайг гэр рүү чинь дөхүүлээд өгье гэсэн. Тэгээд машинтай доошоо уруудах үед би жолоо барьсан, биднийг Зурагтын шинэ эцсийн тэнд Б ахын ажлын газрын урдуур өнгөрч явахад тэдний дугуй засварын газрын гадаа Ундрахжаргал гэдэг ажилтных нь хүү бас нэг бандитай хамт хоёулаа зогсоод хүнд машины масло хийж байсан. Б ах тэр хоёр хүүхдийн харалдаа очиж зогсоод нэг хүүхдээс нь ээж чинь хаачсан юм гэж асуухад тэр хүүхэд ээж эмээгийнх рүү явсан, удахгүй ирнэ гэсэн. Тэгээд Б ах бид хоёр машинтайгаа хөдлөөд явсан, замд Б ах надад манай ажилтан Ундрахжаргал ажил дээр баахан хүмүүс шавуулж архидсан байсан, Ундрахжаргалыг ажлаас нь хөөх гэхээр 5 хүүхэдтэй болохоор өрөвдөөд хөөгөөд явуулчихаж чадахгүй байна, Ундрахжаргалын хүүхдүүдэд чи хичээлийн хэрэгслийн юм зээлээр ч гэсэн хамаагүй өгчихөөрэй гэх зэргээр ярьж байсан.

Б ах намайг Баянгол дүүргийн Төмөр замын арктай шар 6 дугаар байрны орцны үүдэнд буулгаад тэндээс өөрөө миний машиныг жолоодоод явсан. Тухайн үед машинд Б ахаас гадна 4 настай хүү нь хамт явсан, өөр хүн байгаагүй. Би гаднаас гэр рүүгээ ороод 10 орчим минут болж байтал миний утас дуугараад Б ах яриад чи тос масло нэмээгүй юм уу, машины чинь клапан дуугараад байна гэж асуучихаад утсаа тасалсан. Түүнээс хойш 30 орчим минут болж байтал манай найз Болор над руу яриад телевизийн шинэ эцсийн тэндээс машины 5 бул гаргаад өгөөч гэхээр нь би такси бариад Баянгол дүүргийн 23 дугаар хороо, телевизийн шинэ эцэс рүү өгсөж явтал замын доошоо явдаг урсгалд цагдаа нар хамгаалалт авчихсан, цагдаагийн болон түргэний машин ирчихсэн, Б ахын дугуй засварын газрын урдхан талд миний машин байж байхаар нь би гайхаад замынхаа эсрэг талд таксинаас буугаад яваад очтол Б ах ажлынхаа үүдэнд зогсож байсан.

Би Б ахтай уулзахад Б ах намайг буулгачихаад гэр рүүгээ харих замдаа ажлынхаа үүдэнд очиж зогсоод ажил руугаа ортол ажилтан Ундрахжаргал нь баахан хүмүүстэй архидаад байж байхаар нь тэндээс хөөж гаргачихаад явсан чинь Ундрахжаргал асуудал үүсгээд буцаад ажил руугаа очсон, хүн зодуулсан гэлүү нэг тодорхой бус юм яриад байсан. Гэтэл хажуунаас цагдаа Б ахийг цагдаагийн машинд суулгасан, би дугуй засварын гаднаас өөрийнхөө машиныг аваад хөдлөөд явсан. Угаасаа намайг тэнд очиход энэ машиныг холдуул гээд би машинаа тэндээс хөдөлгөсөн. Миний машины түлхүүр дотроо зоолттой байсан. Машинд байсан Б ахын хүүг эгч нь ирээд авч явсан. Би тухайн үед хүрэн өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн саравчтай малгайтай явсан.

Б ах гэрийн халат, доогуураа тавчиктай явж байсан. Б ах хүнд их тусархуу, архи уудаггүй 2 жилийн өмнө нэг удаа хуриманд яваад жаахан юм уусан байхад нь би очиж авч байсан удаатай, түүнээс өөрөөр архи уусан байхыг нь би харж байгаагүй. Хааяа уурлах үе байдаг ч тэгж айхтар уурлаад байхгүй, хүний сэтгэлд шингэсэн үг хэлдэг хүн, Б ахын холбогдсон гэх хэргийн талаар бол би мэдэхгүй, өөр нэмж ярих зүйлгүй.

Би мобикомын 94794989 дугаарыг эзэмшиж ашиглаад 5-6 жил орчим болж байгаа, энэ дугаар миний нэр дээр бүртгэлтэй, би 2017 оны 8 дугаар сарын 12-с 13-ны өдрүүдэд энэ дугаартай утсыг эзэмшиж ашиглаж байсан. Ойролцоогоор 23 цаг өнгөрч байхад Б ах намайг Баянгол дүүргийн Төмөр замын арктай шар 06-р байрны гадаа буулгаад миний машиныг жолоодоод тэндээс хөдлөөд явсны дараа би гэртээ ороод 10-20 орчим минут болж байхад Б ах над руу залгаад машины чинь клапан дуугараад гэж хэлж байсан.

Б ах 23 цаг 40 минут орчмоос хойш над руу хэд хэдэн удаа залгаж ярьсан. Эхлээд Улаанаа муу хулгайч (Жамбалыг хэлж байгаа гэх) энд ажил дээр Ундраатай хамт хүмүүс шавуулчихсан архи уугаад сууж байна гээд хашгичиж байгаад утсаа тасалсан. Хэсэг байж байснаа дахин залгаад бүгдийг нь хөөж гаргаад харих гээд явж байна гэж хэлсэн. Дахин залгахдаа хөөгөөд гаргасан хүн нь цус болчихсон байна гэж над руу ярьлаа, би буцаад ажил руугаа явж байна, миний дүү хүрээд ир гэж хэлсэн. Өөр тодорхой юм яриагүй.

Болор над руу 99180608 юмуу эсвэл 88642262, 89996666 80062510 гэсэн дугааруудын аль нэгэс нь залгасан санагдаж байна.

Би тэр үед Ундрахжаргалын хөлсөлж байсан нийтийн байранд нэг удаа очиход тэнд Ундрахжаргал, Жамбал, халимаг үстэй Солонго гэх охин нар хамт байсан. Би тухайн үед уг нийтийн байрны 1 давхарт байдаг засвар руу нь машиндаа юм хийлгэх гэж очоод тэгээд тэднийх рүү орсон юм.

Би нөгөө хэрэг төвөг чинь юу болж байна гэж Жамбалаас асуусан. Би Солонгыг танихгүй, би тэд нарт тийм зүйл яриагүй. Харин Жамбалд чамаас хүн юм асуухаар өөдөөс нь хариулахгүй чимээгүй сууж байж, буруу зөрүү ярьж байж хэрэгт оров гэж захиж хэлээд, би Жамбалыг жаахан загнаж байгаад гарснаа санаж байна.

Намайг очиход миний эзэмшлийн 40-15 УНП дугаартай Мицубиши пажеро маркийн автомашин Б ахын ажиллуулдаг дугуй засварын газрын урд зам дээр зогсоотой, наана нь түргэний болон цагдаагийн машин очсон байсан. Тэнд нэг цагдаа энэ машинаа олдуулаадах гэхээр нь би машинаа холдуулж шороо овоолсон байсан газар руу ухрааж тавьчихаад сүүлд цагдаа нар Б ахыг аваад явснаас хойш би өөрийнхөө машиныг тэндээс авч явсан.

Би машинаа тэндээс хөдөлгөж авч явснаас хойш автомашиндаа угаалга цэвэрлэгээ хийгээгүй.

Ундрахжаргалыг би сайн танихгүй, олон нялх хүүхэдтэй, хэцүүхэн амьдралтай учраас энд ажиллуулаад нийтийн байр хүртэл түрээслэж өгч байгаа юм гэж Б ах 2017 оны 6 сарын орчим надад ярьж байсан.

Би 2009 онд Зурагтын шинэ эцэст байрлах ЧД-ийн 7-р хорооны Даргиат нэртэй хүнсний дэлгүүрийн хажуугийн кузов засварын газрыг хариуцан ажиллуулж эхлэх үеээсээ Жамбалыг мэдэх болсон. Жамбал тухайн үед Ундрахжаргалынд амьдарч байсан тэр нийтийн байрны доод талын засварын газарт ажиллаж байгаад надтай танилцсан. Жамбалыг хүмүүс “Улаанаа”, “Сааралаа” гэж дууддаг, тэр нэрээр нь мэддэг байсан ба сая энэ хэрэг гарснаас хойш Жамбал гэдэг нэрийг нь би мэдэх болсон. Жамбал хар бор ажилд сайн, хүний үгээр, ямар нэгэн ажил хийчихээрэй, өглөө тэдэн цагт ирээрэй гэхэд яг цагтаа ирдэг, архи уусан үедээ агсам зангүй” /1 дүгээр хх-н 129-132/ гэж,

гэрч Эрдэнэбатын Энхдулам “... миний нөхөр Б 2017 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим өөрийн эзэмшлийн 99-33 УНК улсын дугаартай Гранд марк 2 машинаа зарна гээд гэрээсээ хүү 4 настай Ихгүрэнг дагуулж яваад орой 18 цаг өнгөрч байхад машинаа зарчихлаа гээд хүүгээ аваад гэртээ буцаж ирсэн.

Тэгээд хуурай дүү Наранзултай утсаар яриад ах нь машинаа зарчихлаа, чи ахдаа унаагаа түр өгөөч гэж хэлж байсан. Түүнээс хойш 23 цаг өнгөрч байхад Наранзул машинаа аваад манай гэрийн гадаа ирээд Бг утсаар нь ярьж дуудсан. Б Наранзулаас машиныг нь аваад Наранзулыг гэрт нь хүргэчихээд ирье гээд 23 цаг 30 минутын орчим хүү Ихгүрэнг дагуулаад явсан.

Удалгүй намайг гэртээ унтаж байхад 24 цагийн үед Б өөрийнхөө 99250098 дугаараас миний 99251098 дугаар руу залгаж яриад ажил дээр асуудал гарчихсан байна, чи ирээд хүүгээ аваадах гэхээр нь би такси бариад Бгийн хувиараа хариуцан ажиллуулдаг дугуй засварын газарт очиход цагдаа нар ирчихсэн байсан ба намайг Бтэй уулзуулаагүй.

Тэнд дугуй засварын газрын зам дагуу явган хүний зам дээр хашааны үзүүрийн орчим нэг эрэгтэй хүн дээшээ хараад хэвтчихсэн, тийшээ цагдаа нар ямар ч хүн ойртуулахгүй байсан тул би эгчийгээ утсаар дуудаад дугуй засварын газрын гадаа Наранзулын машинд суулгаад үлдээчихсэн байсан хүүгээ аваад эгчид хүүгээ өгч явуулчихаад Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс рүү очсон. Жижүүрийн цагдаагаас нь Бгийн талаар асуухад хүн амины хэрэгт сэжиглэгдсэн гэж хэлсэн, надад өөрөөр тодорхой мэдэх зүйлгүй.

... Наранзулыг машинтай хүргэж өгчихөөд буцахдаа дугуй засварын газар руугаа очиход нь Ундрахжаргал ажлын байран дээрээ архи уучихсан байснаас болоод Б уурласан бололтой байна лээ. Бгийн хариуцан ажиллуулдаг дугуй засварын тэр газар нь машины тос масло зэргийг зардаг, дугуй засварын үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Б өөрөө ерөнхийд нь хариуцаад Ундрахжаргал гэдэг эмэгтэйг өдрийн орлогоор нь цалинжуулан тэндээ ажиллуулдаг. Ундрахжаргал нь өдрийн 24 цаг 3 хоног тасралтгүй ажиллаад засварт нь Б нэгээс хоёр хоног ээлжээр ажилладаг болохоор Б дугуй засварын газар руу өдөр болгон очоод байдаггүй, бараа материал дуусах үед нь очиж дөхүүлж өгдөг юм.

“Охиноо” гэгч нь 2015-2016 оны орчимд Бгийн хариуцан ажиллуулдаг дугуй засварын газарт түр тос масло борлуулж ажиллуулж байгаад ажлаасаа гарчихсан. Охиноогийн жинхэнэ нэрийг би мэдэхгүй, Наранцэцэг билүү санахгүй байна, бид нар бүгд “Охиноо” гэж дууддаг бөгөөд голдуу харилцан итгэлцэл дээр хүн аваад дугуй засварын газраа ажиллуулчихдаг байсан болохоор гэрээ болон ажилтны анкет гэж авч үлдээгүй. Одоо ямар ч мэдээлэл байхгүй, СХД-ийн 7-р хороонд айлын хашаанд амьдарч байгаад тэндээсээ нүүгээд явчихсан байна лээ.

Охиноо нь 2017 оны 10 дугаар сард Орос руу явах гэж байна гээд 99310205 дугаараас миний 99250098 дугаар руу залгаж яриад Б ахыг хэрэгт холбогдсон гэж сонсоод залгаж байна, би 2017 оны 8 дугаар сард Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр явж байгаад Ундрахжаргал, Солонго хоёр хоорондоо анхныхаа өгсөн мэдүүлгээр арьс арьсаа хамгаалаад явна, одоо Баатараа ах шоронд явах нь тодорхой гэж ярьж байснаа Ундрахжаргал нь Солонгоо л хэргээ хүлээчихгүй бол бид нар яах ч үгүй гэж Охиноод хэлсэн гэсэн.

Тэгэхээр нь би Охиноог чи надтай хамт цагдаа дээр очоод энэ талаар мэдүүлэг өгчих гэхэд Охиноо тэгье, маргааш залгая гэж байсан мөртлөө маргаашнаас нь утсаа авахаа больчихсон. Дараа нь Орос явлаа гэсэн, дугаар руу нь залгахаар одоо холбогдохгүй байгаа. Би уг нь Охиноогийн ярьсан энэ яриаг CD дээр буулгаад өмгөөлөгчдөө өгсөн болохоор өмгөөлөгч уг CD-г өгсөн байх гэж бодсон” /1 дүгээр хх-н 126-127/ гэж,

гэрч Гантөмөрийн Наранцэцэг “... намайг бага байхын хүмүүс “Охиноо” гэж дуудаад сурчихсан болохоор Охиноо гэдэг нэрээр минь мэддэг юм. Миний албан ёсны нэр бол Наранцэцэг. Би Б гуайн ажиллуулж байсан дугуй засварын газарт 14 настайдаа анх ажилд орж тэнд автомашины тос масло хариуцан зарж борлуулдаг ба орлогынхоо 20%-иар цалинждаг байсан. Тэнд 5 жил ажиллаад 19 настайдаа ар гэрийн амьдралаас шалтгаалж ажлаасаа гарсан. Намайг 5 жил орчим ажиллаж байх хугацаанд Ундрахжаргал эгч надтай хамт ээлжээр ажилладаг, надтай адилхан тос масло зардаг байсан. Тэр үед би саарал хочит Жамбалыг таньдаггүй байсан” /2 дугаар хх-н 162-163/ гэж,

гэрч Тийн Билэгсайхан “... 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө 24 цаг өнгөрч байхад миний төрсөн ах Бгийн эхнэр Энхдулам өөрийнхөө 99251098 дугаарын утаснаас миний 91095359 дугаар руу залгаж яриад: чи хаана байна, ажил дээр хурдан хүрээд ир, ажил дээр хүмүүс архи уугаад зодоон болсон юм шиг байна гэхээр нь би ахынхаа хариуцан ажиллуулдаг дугуй засварын газар руу очиход бэр Энхдулам ахын найз Наранзул нар тэнд хамт байж байсан ба Б ахыг чинь цагдаа нар аваад явчихлаа гэж хэлсэн. Би юу болсон талаар асуухад тус дугуй засварын газарт саарал хочит Жамбал, ахын засварын газрын ажилчин Ундрахжаргал, мөн Солонго гэдэг эмэгтэй, бас нэг танихгүй залуугийн хамт ажлын байран дээрээ архидаад Ундрахжаргал нь согтоод тасарчихсан, Солонго, Жамбал нар талийгаач гэх залуутай хамт архи уугаад сууж байхад нь Б ах явж ороод тэднийг ажлын байранд архи уулаа, зайлцгаа гээд хөөхөд талийгаач гэх залуу тэндээс гараад явсан гэсэн. Б ах Жамбалд архи битгий уу, би маргааш эрт ирж ажлаа хийнэ гэж хэлчихээд тэндээс гарахдаа тэд нарын ууж байсан шилтэй архины үлдэгдэл байхаар нь хаячихая, тэд нар дахиад архи ууж магадгүй гэж бодоод аваад гарсан.

Гэтэл талийгаач залуу дугуй засварын газрын зүүн урд талд машиныхаа хажууд зогсож байхаар нь Б ах түүнийг зайл гэхэд тэр залуу архиа авмаар байна гэхээр нь Б ах авч л байхгүй юу гээд өөдөөс нь шилтэй архийг нь шидчихээд машинаа асаагаад яваад өгсөн. Б ахыг машинтай Баянхошууны шинэ эцэс өнгөрөөд явж байхад Жамбал манай ах руу утасдаад энэ хүн цус алдаад байна, та гялс хүрээд ир гэж дуудсан, Б ах буцаад  очиход тэнд алаг тэрэгтэй хоёр цагдаа ирчихсэн, хүмүүс тойроод зогсчихсон байхаар нь Б ах машинаасаа буугаад очтол тэр залуу явган хүний зам дээр машинаасаа нэлээн цаана оччихсон хөлнөөс нь цус гараад дээшээ хараад хэвтэж байсан гэдэг. Тэр үед цагдаа нар тэр талийгаач залуугийн хөлийг боо гэхээр нь Б ах өмсөж явсан халатныхаа бүсээр хөлийг нь чанга боочихоод цаашаа очоод сууж байтал түргэний тэрэг ирээд талийгаачийг өнгөрсөн байна гэж хэлэхэд Солонго гэдэг эмэгтэй Баатараа ахаа та сая хутгалаад алчихсан гэж орилсон чинь цагдаа нар Б ахыг гавлаад машиндаа суулгасан гэж бэр Энхдулам, ахын найз Наранзул нараас би сонссон. Тухайн үед хутга шөвөгний асуудал болсон эсэх талаар би тодруулж асуусан боловч Солонго нь шал согтуу тэгж орилоод байсан гэсэн. Мөн тэнд Ундрахжаргал болон хүү нь найзтайгаа хамт байсан, тэд нарыг бүгдийг нь цагдаа нар аваад явчихлаа гэсэн. Би ах дүү нартайгаа Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс рүү очсон боловч биднийг уулзуулаагүй. Маргааш орой нь 18 цаг өнгөрч байхад манай ахыг хорихоор болоод бусад хүмүүсийг нь гаргаад явуулсан, бид нар буцаад ахынхаа дугуй засварын газар руу очоод Ундрахжаргал, Солонго болон тэнд байсан гэх 2 хүүтэй уулзаад: яг юу болсон юм гэж асуухад Солонго нь би согтуудаа Баатараа ах хутгалсан гээд орилчихсон байна гэж хэлсэн. Ундрахжаргал би тасраад уначихсан болохоор юу ч мэдэхгүй, хараагүй гэсэн, Жамбал нь Баатараа ах дугуй засварын газраас гарч яваад гадаа хүн том дуугараад  зайл гээд орилоод байсан, тэгээд машин дуугараад би дугуй засвараас гарахад талийгаач гэх залуу зам дээр газарт сууж байсан, хажууд нь яваад очсон чинь цус гарч байсан, тэгэхээр нь би шууд түргэн дуудсан гэж ярьсан. Мөн Б ахыг тэр залуутай зодолдож муудалцсан юм уу гэхэд Жамбал би мэдэхгүй, би нүцгэн байсан болохоор хувцасаа өмсчихөөд гараад ирэхэд тэр залуу замын хажууд сууж байсан, хажууд нь яваад очтол цус гарч байсан гэж хэлсэн.

Ундрахжаргалын хүү Батзориг нь би найзтайгаа дугуй засварын газраас түрүүлж гараад замын эсрэг талд нийтийн байрны шатан дээр зогсож байхад бид хоёрын араас талийгаач залуу засварын газраас гарч ирсэн, удаагүй Баатараа ах араас нь гарч ирсэн. Баатараа ах тэр залууг зайлаач, яваач, ийшээ дахиж орохгүй шүү гэхэд тэр залуу архиа авна гээд Баатараа ахтай хэрэлдээд байсан. Тэгсэн чинь Баатараа ах май авахгүй юу гээд тэр залуугийн өөдөөс архийг нь шидсэн, тэр хоёр хоорондоо 4-5 алхам зайтай байсан гэхээр нь би тэр хоёр хүүгээс манай ах тэр залууг очоод барьж авсан уу, хоорондоо зодолдсон уу гэж асуухад Баатараа ах тэр ахын архийг нь шидчихээд алхаад явсан гэж хариулсан. Батзориг нь тэр үед гар утсаараа оролдоод доошоо тонгойсон байсан, архины шил шидэхийг нь хараагүй, архины шил хагарах чимээ гараад өндийгөөд харсан чинь Баатараа ах алхаад машиндаа суугаад яваад өгсөн гэж ярьсан. Тэр үед Жамбал хажууд нь байгаагүй, Баатараа ах машиндаа суугаад явсны дараа Батзориг найзтайгаа замын цаанаас хараад зогсож байсан чинь нөгөө залуу жаахан дайвж явж байгаад гараа гэдсэн дээрээ аваад газарт суусан, жаахан сууж байснаа хойшоо хэвтээд өгсөн, тэгэхээр нь бид хоёр тэр ах руу замын цаанаас гүйгээд очиход тэр ахаас цус гарч байсан, гэдэснээс нь цус гарч байгаа юм болов уу гэж бодоод бид хоёр түргэн дуудсан гэж надад хэлсэн. Гэтэл Жамбал болохоор намайг дотроос гарч ирэхэд талийгаач залуу зам дээр сууж байсан, би түргэн дуудсан гэх боловч Батзориг найзтайгаа түргэн дуудсан гэж бидэнд ярьсан тул би Батзоригийг байцаагчид үзэж харснаа үнэнээр нь яриарай гэж захисан юм.

Батзориг мөн тухайн үед ээжийгээ хоригдоно гэж айгаад эхлээд Баатараа ахыг цохьсон гээд хэлчихсэн гээд байхаар нь би Батзоригт ээжийнхээ төлөө худлаа хэлж миний ахыг хохироож болохгүй шүү гэж хэлсэн” /1 дүгээр хх-н 133-134/ гэж,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Нямбадарчийн Мөнхзул “... 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн ажилтнууд манай гэрийн хаягаар сураглаж ирээд та М гэдэг хүнийг таних уу, энэ хүн гадны нөлөөтэй нас барсны улмаас шүүх эмнэлэгт хүргэгдсэн байгаа гэж мэдэгдээд миний төрсөн дүү Мгийн цээж зурагтай лавлагааг надад үзүүлсэн. Тэгээд дүүгээ нас барсныг нь мэдсэн” /1 дүгээр хх-н 30-31/ гэж,

гэрч Нямбадарчийн Ундрахбилэг “... намайг Төв аймгийн Борнуур суманд хөдөө байхад 2017 оны 8 дугаар сарын 13-ны өдөр миний төрсөн ах Мөнхзул над руу яриад уйлаад намайг хурдан хүрээд ир гэсэн. Би юу болсон талаар асуухад миний төрсөн ах Мг нас барсан талаар надад дуулгасан тул би тэр өдрөө хөдөөнөөс ээжийгээ очиж аваад хот руу орж ирсэн.

Энэ хэргийн талаар бол тодорхой мэдэхгүй, талийгаач ах зүүн хөлөндөө шилээр зүсүүлсэн байдалтай гэмтэл авч нас барсан байсан. Талийгаач хэрэг гарсан гэх дугуй засварын газарт очсон, тэнд өөр хүмүүстэй архи уусан гэх сураг дуулдсан, хамт байсан гэх хүмүүсийг нь би танихгүй” /1 дүгээр хх-н 146-147/ гэж

тус тус мэдүүлсэн нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдэгдсэн, уг гэмт хэргийг шүүгдэгч Тийн Б үйлдсэн болохыг нотлож байна.

Өөрөөр хэлбэл дээрх нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэгт хэргийн бодит байдлын талаар эрс зөрүүтэй мэдүүлсэн зүйл байхгүй, мэдүүлгүүд нь хоорондоо харилцан хамааралтай байгаа нь гэмт хэрэг үйлдсэгдсэн үйл баримтын нотолгоо юм.

 

Иймд прокуророос зүйлчилсэн ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь тухайн хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Харин энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хувийн цэцэрлэгийн хяналтын камерийн бичлэг “Үзлэг хийсэн тэмдэглэл” гэх 1 ширхэг flash бүхий баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй байна.

Учир нь; шүүх хуралдаанаар нотлох баримтыг хэлэлцэх явцад талуудын хүсэлтээр уг flash дээр бичигдсэн бичлэгийг үзэх гэсэн боловч техникийн шаардлага хангахгүй байсан болно.

Үзлэг хийсэн тэмдэглэл” нь 2 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар хуудсанд авагдсан байгааг дурдах нь зүйтэй.

 

Энэ гэмт хэргийн хохирогч болох талийгаач Н.Мгийн үхлийн шалтгааны талаар

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... талийгаач Мгийн цогцост хийсэн эмнэлгийн задлан шинжилгээгээр зүүн хөлийн тахимны эрээн булчин, тараагуур, хураагуур судсыг таслан хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүр бүхий зүйлийн хатгагдаж зүсэгдэх үйлчлэлээр, 2017 оны 8 дугаар сарын 12-ноос 13-нд шилжсэн шөнө үүссэн байх боломжтой. Талийгаач нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ. Талийгаач нь зүүн хөлийн тахимны эрээн булчин, тараагуур, хураагуур судсыг таслан хатгагдаж зүсэгдсэн шархны улмаас хурцаар цус алдаж, цус алдалтын шокоор нас баржээ. Талийгаач нь үхэлд хүргэх архаг хууч өвчингүй байна. ...” гэсэн 1619 тоот дүгнэлт гарсан байна. /1 дүгээр хх-н 156-158/,

 

Түүнчлэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1209 тоот дүгнэлтэд “... талийгаач Мгийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр зүүн хөлийн тахимны эрээн булчин, тараагуур, хураагуур судсыг таслан хатгагдаж зүсэгдсэн гүн шарх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.8-д зааснаар учрах үедээ амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь хурц ир, ирмэг бүхий зүйлийн хатгагдах, зүсэгдэх үйлчлэлийн нэг удаагийн үйлдлээр, хутга болон архины шилний алинаар ч үүсгэгдэх боломжтой. Талийгаач уг гэмтлийг босоо болон суугаа байдлын алинд ч авах боломжтой. Талийгаач руу архины шил шидэх үед болон шидсэн архины шил талийгаачийг онох үед архины шил хагарч, уг гэмтлийг учруулах боломж муутай, шидсэн гэх архины шил газарт унаад хагарах үед хагарсан шилний хэсэг дээр зүүн хөл орчмоороо унах, суух, хэвтэх үед хагархай хэсэг нь зүүн хөлний орчим таарч уг гэмтлийг учруулах боломжтой. Талийгаачийн зүүн хөлийн тахимны эрээн булчин, тараагуур, хураагуур судсыг тасласан, хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтлийг авснаас хойш маш богино хугацаа буюу 5-10 минутанд цус алдалтын шоконд орох боломжтой, учир нь гэмтсэн судасны хэмжээ том, цус тогтоолт зохих ёсоор хийгдээгүй байна. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас нь аврагдах боломж муутай байжээ” /1 дүгээр хх-н 165-167/ гэсэн байх бөгөөд

шинжээчийн дээрх дүгнэлттэй холбогдуулж шинжээч эмч С.Чулуунсүхээс мэдүүлэг авчээ. /1 дүгээр хх-н 168-169/

 

Мөн шүүгдэгч Т.Бгийн хувийн байдлын талаар;

 

гэрч Эрдэнэбатын Энхдулам “... би Бтэй 2005 онд танилцаад 8 дугаар сард нь нэг гэрт орсон, албан ёсны гэр бүлийн баталгаагүй. Б урд өмнө нь амьдрал зохиож эхнэр, хоёр хүүхэдтэй байсан боловч эхнэрээсээ салаад хүү, охин хоёр нь эхийнхээ асрамжинд үлдсэн. Одоо охин нь хүнтэй суугаад тусдаа гарчихсан, хүү нь 17 настай.

Б бид хоёр амьдраад 12 жил болж байна. Бид дундаасаа 3 хүүхэдтэй. Том хүү Ихмөрөн надаар овоглодог. Тэр үед Б Солонгос руу ажил хийхээр явах гэж байсан учраас том хүү надаар овоглосон. Дунд хүү Бгийн Ихгүрэн 4 настай, бага хүү Бгийн Есөнтуг 1 нас 2 сартай. Миний нөхөр Б нь Говь-Алтай аймгийн харьяат, эцэг эхээс гурвуулаа, Б ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар анги төгссөн, жолооны курс дамжаа дүүргэсэн, голдуу хувиараа хөдөлмөр эрхэлж байсан. Мөн “Суурь” компанид жолоочоор хэсэг хугацаанд ажилласан гэж ярьдаг.

Б бусдад тусархуу, өрөвч зөөлөн сэтгэлтэй, огцом түргэн уурлаж уцаарлаад байдаггүй, тайван хүлээцтэй, гэр оронд байхдаа уурлаж бухимдаад санааг нь зовоогоод байхаар асуудал бараг байхгүй.

Харин Ундрахжаргал гэдэг ажилтан нь ажлын байран дээрээ хааяа архи уусан гээд согтуу байдаг. Заримдаа дугуй засварын газраасаа тос маслын орлогын мөнгө хулгайлснаас болоод Б түүнийг ажлаас нь халах гэсэн боловч Ундрахжаргал нь 4 хүүхэдтэй, ар гэрээ яаж тэжээх юм гээд гуйгаад байсан болохоор ажлаас нь халчихаж чаддаггүй юм.

Б бид хоёр 2006 онд уг дугуй засвар жиллаж байсан газрыг худалдаж аваад 2007 оноос хойш дугуй засварын газрын зориулалтаар ашиглаж байгаа. Дугуй засвар ажиллуулах зөвшөөрөлтэй эсэх талаар Б өөрөө мэдэх байх” /1 дүгээр хх-н 126-128/ гэж,

гэрч Бүүвэйжавын Алтанцэцэг ”... Б бид хоёр 2006 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүлээ батлуулсан. Хэдийгээр бид хоёр салсан боловч одоог хүртэл гэр бүлийн баталгаагаа салгуулаагүй байгаа. Бид хоёр дундаасаа охин, хүү хоёртой. Том охин Монголжинг төрөх үед Б хэрэгт холбогдоод ял эдэлж байсан учраас би охиноо өөрөөрөө овоглосон. Харин бага хүү Ихмонгол нь төрсөн эцэг Бгээрээ овоглодог. Миний том охин Монголжин 23 настай, нөхөр хоёр хүүхдийн хамт амьдардаг. Манай бага хүү Ихмонгол 17 настай, энэ жил тогоочийн мэргэжлээр коллежид суралцаж төгссөн, одоогоор ажилгүй байгаа.

Б надаас салснаасаа хойш Энхдулам гэдэг эмэгтэйтэй суусан, тэднийх одоо 3 хүүхэдтэй. Б хэдийгээр тусдаа амьдралтай ч гэсэн миний охин, хүү хоёрыг харж хандаж тусалж дэмждэг, халамжтай сайн аав бөгөөд зан байдлын хувьд бусдад нээлттэй, ямар ч хүнийг ойлгож тусалдаг, бусдад тусархуу, муу санаагүй, хүнд мөнгө, машин тэргээ зээлдүүлээд авч чадаагүй байж л нэмж өгөөд байдаг. Согтууруулах ундааны харшилтай гээд архи огт уудаггүй. Эрүүл мэндийн талаас бие тааруу, бөөр, ходоод, зүрх муутай, одоогоос 11 орчим жилийн өмнө Солонгост гэрээгээр ажиллаж байхдаа мотоциклийн осолд орж тархиндаа харвалт өгч, өрөөсөн хөл нь хугарч байсан. Түүнээсээ болоод толгой, хөл нь өвдөлт өгөөд зовиуртай байдаг. Хааяа уурлах зүйл гардаг ч жаахан үгэлж орилдог, хүүхдүүддээ болон надад гар хүрч байгаагүй, бусдад зөв талаас нь их сургамж өгдөг. Надтай хамт амьдарч байхдаа хувиараа Хархорин зах дээр мах зардаг байсан, мөн хувийн компанид том оврын краз машины жолооч хийж байгаад Солонгос руу ажиллахаар явсан. Солонгосоос бэртэж ирээд түүнээс хойш хувиараа голдуу ажил хийсэн, хамгийн сүүлд дугуй засварын газар ажиллуулж байсан ба миний хүү Ихмонгол аавынхаа ажлын байранд үе үе очиж сайн дураараа ажилд нь тусалдаг байсан.

Дугуй засварын газарт нь засварчнаар ажилладаг Ундрахжаргал гэдэг эмэгтэйг зүс танина. Тэр эмэгтэй хүүхдүүдээ ажил дээрээ авчраад миний хүү Ихмонголыг ажилтай үед хамт гардаг, ажил дээрээ үе үе архи уучихдаг зантай гэсэн. Бгийн холбогдсон гэх хэргийн талаар нь тодорхой мэдэхгүй, Б нь өөрөө эцэггүй өссөн болхоор хүүхдүүддээ их хайртай, халамжаар дутаахгүй гээд байнга санаа тавьж байдаг хүн” /1 дүгээр хх-н 144-145/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Бд ял оногдуулахдаа түүний хувийн байдал /үүнд; нэр бүхий гэрчүүд мэдүүлсэн/, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзав.

Тухайлбал, Т.Б урьд өмнө нь буюу 1993 онд шүүхээр ял шийтгүүлж байжээ. Гэвч түүний ялтай байдал хуульд зааснаар дуусгавар болсон байгаа нь “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

 

Шүүгдэгч Т.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

 

Нөгөөтэйгүүр шүүх шүүгдэгч Т.Бд холбогдох энэ хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд заасан “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаар”-ын хүрээнд хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

   

Хохирол төлбөрийн хувьд:

 

Хохирогчийн ар гэрээс талийгаач Н.Мгийн оршуулгын ажлын зардалд 6.257.325 төгрөгийг холбогдох баримтууд бүрдүүлж нэхэмжилсэн байна. /1 дүгээр хх-н 34-106/

Мөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзул “... өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсөнд төлсөн 5.000.000 төгрөгийг, талийгаач Н.Мгийн хүүгийн сургалтын төлбөрт 15.000.000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ” гэсэн тайлбарыг хэлэв.

 

Нэхэмжлэлийн дээрх шаардлагуудаас талийгаач Н.Мгийн оршуулгын ажил явдалд зарцуулсан 6.257.325 төгрөгийг шүүгдэгч Т.Бгээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Харин өмгөөлөгчийн өмгөөллийн хөлс гэх 5.000.000 төгрөгийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна. Учир нь, өмгөөлөгчид өгсөн мөнгө нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал биш юм.

Хохирогчийн зүгээс хүүхдийн /оюутаны/ сургалтын төлбөрт 15.000.000 төгрөг нэхэмжилж байгаа нь нотлох баримтгүй тул үүнийг жич нэхэмжлэх нь зүйтэй.

 

Т.Бгийн цагдан хоригдсон 91 хоногийг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцвол зохино.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг flash-ийг, “ANGTE” гэсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсарган үлдээж,

эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх “Сархад” нэртэй архины шилний хагархай хэсгүүд, шаргал өнгийн пивер бариултай ахуйн хэрэглээний хутга 1 ширхэг, талийгаачийн нас барах үедээ өмсөж байсан саарал өнгийн богино өмд 1 ширхэг, саарал өнгийн цэнэг нь дууссан Нокиа маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн цэнэг нь дууссан Нокиа маркийн гар утас 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Шүүх хуралдааны явцад шүүгдэгчийн өмгөөлөгч М.Машбат “... хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй хийгдсэн, ... Солонго гэгч эмэгтэй Б хүн алчихлаа гэж орилсоноос болж түүний үгэнд хөтлөгдөн Бг цагдан хорьсон. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “нотолвол зохих байдал” огт нотлогдоогүй. ... Б энэ хэргийг үйлдсэн гэх ямар ч нотлох баримт байхгүй. ... хэрвээ хүн алсан гэж байгаа бол гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн багаж, зэвсгийг нь олж тогтоож өгөөч гэж прокурорт хүсэлтээ гаргаж байсан. ... шинжээчийн дүгнэлтээр согтуу хүн шилэн дээр унаад шарх авах боломжтой гэсэн байгаа. ... гэрч Жамбалыг цагдан хорьж шалгуулах тухай хүсэлт гаргахад хүлээж аваагүй. ... прокурорын яллах дүгнэлтээр юуг ч нотолж чадсангүй. Иймд Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн,

 

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Тэгшмандал “... насанд хүрээгүй гэрч Энхжин Бг илт буруутгаж мэдүүлсэн нь зохиомол гэхээр байна. ... гэрч Сэнгүүм нь мэдүүлэхдээ архины шилийг шидэж өгчихөөд яваад  өгсөн гэдэг. ... Энхжингийн ээж Ундрахжаргалын мэдүүлэг дээрх мэдүүлгээс зөрүүтэй байдаг. ... камерийн бичлэг хуулийн шаардлага хангаагүй тул нотлох баримтаар үнэлэх боломжгүй. ... Б нь гэм буруугүй гэдэг учир түүнийг цагаатгах нөхцөл байдал бий болсон. Иймд түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий тайлбаруудыг тус тус гаргав.

 

Өмгөөлөгч нарын гаргасан дээрх тайлбарыг няцааж хохирогчийн өмгөөлөгч М.Жаргалсайхан “... хэрвээ талийгаач өөрөө архины шилэн дээр унасан юм бол архины шилний хүзүү хэсэг тэр хавьдаа байх ёстой. ... гэрчүүдийн мэдүүлэг зөрүүтэй биш. Учир нь, гэрчүүд өөр өөр цэг, байршлаас үзсэн харснаа мэдүүлдэг. ... насанд хүрээгүй гэрч Энхжинд тийм мэдүүлэг өгээрэй гэж хэн нэгэн үг заагаагүй” гэсэн тайлбар гаргасан болно.

 

Мэтгэлцэгч талуудын тайлбараас үзвэл хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбар нь үндэслэл бүхий буюу хэргийн бодит байдалд нийцэж байгааг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                            ТОГТООХ нь:

 

1. Боржигон овогт Тийн Бг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Бг 12 /арван хоёр/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Т.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 12 жил хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 

4. Т.Бгийн цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар Т.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж,

түүнийг 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс ШШГЕГ-ын Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хорьсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бгээс 6.257.325 төгрөг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Мөнхзулд олгож,

хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуульд зааснаар нотлох баримт бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг flash-ийг, “ANGTE” гэсэн бичлэг бүхий CD 1 ширхэгийг тус тус хэрэгт хавсарган үлдээж,

эд мөрийн баримтаар шүүхэд ирүүлсэн хэргийн газраас хураан авсан гэх “Сархад” нэртэй архины шилний хагархай хэсгүүд, шаргал өнгийн пивер бариултай ахуйн хэрэглээний хутга 1 ширхэг, талийгаачийн нас барах үедээ өмсөж байсан саарал өнгийн богино өмд 1 ширхэг, саарал өнгийн цэнэг нь дууссан Нокиа маркийн гар утас 1 ширхэг, хар өнгийн цэнэг нь дууссан Нокиа маркийн гар утас 1 ширхэг, ногоон өнгийн асаагуур 1 ширхэгийг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Бг цагдан хорьсонг хэвээр байлгасугай.

 

 

 

      

                              ДАРГАЛАГЧ,

          ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       О.ЖАНЧИВНЯМБУУ

                                          

                             ШҮҮГЧ                                    Л.ОЮУН

 

                               ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ