Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ДШМ/10

 

          

 

                               П.У, П.Э нарт холбогдох

                                                       эрүүгийн хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч З.Түвшинтөгс даргалж, шүүгч М.Мөнхдаваа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Цэрэнтогтох,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Жаргал /цахимаар/

Нарийн бичгийн дарга Г.Бадам нарыг оролцуулан

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.У, П.Э, тэдний өмгөөлөгч Д.Жаргал нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч П.У, П.Э нарт холбогдох эрүүгийн 2234007550366 дугаар хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

У, 2000 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 8, эцэг, эх, дүү нарын хамт ... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,

Э, 2002 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Баянхонгор аймгийн Баянговь суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 8, эцэг, эх, ах, дүү  нарын хамт ... газар оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,.

Шүүгдэгч П.У, П.Э нар нь бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1 дүгээр багийн нутаг “Таван зуугийн пойл” гэх газарт А.Стай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодолдож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн прокурорын газраас П.У, П.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

            Анхан шатны шүүх: Шүүгдэгч У, Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У, П.Э нарыг тус бүрийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.У, П.Э  нарт оногдуулсан 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.У, П.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Угаас 546,250 /таван зуун дөчин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг, шүүгдэгч П.Эгаас  546,250 /таван зуун дөчин зургаан мянга хоёр зуун тавь/ төгрөг гаргуулж хохирогч С-д олгож,

Эрүүгийн 2234007550366 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нарын иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,

            Хохирогч А.Сын комьпютерт томографийн бичлэг бүхий 1 ширхэг СД-ийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд /цахимаар/ гаргасан саналдаа: “... 1. Хохирогч А.Сын /хх-21/-т мэдүүлэхдээ: "Гэмтэл согогийн үндэсний төвд 7 хоног хэвтэн эмчлүүлсэн" байхад хохирогч шүүх хуралдаан эхлэхийн өмнө "Ээлтэй оточ манал" эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн, эмчилгээ ор хоногийн төлбөр 630,000 төгрөг "нэхэмжлэх" гэх баримтыг шүүх хохиролд тооцож гаргасан байгаа нь шүүх нотлох баримтыг хууль зүйн талаас үнэн зөв дүгнээгүй гэж үзэж байна. Эмнэлгийн магадлагаа гэх баримтаар хэрэг гарсанаас хойш гэмтэлд хэвтэн эмчлүүлсэн гэх хохирогчийн мэдүүлгээс зөрүүтэй 2022 оны 10 дугаар 13-ны өдрөөс 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр гэх баримт байх ба өвчтөний онош "Биеийн ерөнхий доргилт, бугалга ясны далд хугарал" гэх онош байх ба энэ онош нь шүүх эмнэлгийн дүгнэлтэд дурьдагдаагүй гэмтэл юм. Харин Гэмтэл согогийн үндэсний төвийн онош: Зүүн талын 9,10-р хавирганы хугарал гэсэн бичиг байгаа. А.Сийн гаргаж өгсөн баримт нь нэхэмжлэх гэх баримт байх боловч хэнд хандаж хэдэн сарын хэдний өдөр гаргасан баримт болох, уг нэхэмжлэхийн дагуу А.С нь уг төлбөрийг хэрхэн төлсөн талаар баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна. Хавтаст хэрэгт хуулбар баримт байх ба шүүх хуралдаан эхлэх үед эх хувиар гаргаж өгсөн байх ба мөн хохирогчоор өгсөн мэдүүлэг болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар 2 эмнэлэгт зэрэг хэвтэн эмчлүүлсэн мэтээр хуурамч нотлох баримт гаргаж өгсөн байхад шүүх үүнийг анхаарч үнэн зөв эргэлзээгүй талаас нь хохирлын тооцоог гаргаагүй байна. А.Сад холбогдуулж миний үйлчлүүлэгч нарын төрсөн аав Г.П 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан ба уг гомдолд хэрэг бүртгэлтийн 223400752 дугаартай хэрэг нээсэн талаарх баримт хх-н 95-р талд авагдсан байгаа. Энэ хэрэгт холбоотойгоор нааш цааш явсан бензиний зардал А.Сад гарсан байх боломжтой баримтуудыг энэ хэрэг хохиролд тооцуулахаар гаргаж байгаад гомдолтой байна.

2. П.У, П.Э нарын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан баримтаар 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын нутаг 500 пойл гэх газарт 2 хэрэг гарсан ба тухайн цаг хугацаанд шүүгдэгч нарын төрсөн аав Г.Пүрэвжавын хотноос 1000 гаруй тооны бог мал хулгайд алдсан ба А.С хулгайлж явсан, харин А. С нь өөрийн биед учирсан гэмтлээ шүүгдэгч нарыг учруулсан гэх 2 хэргийг Төв аймгийн цагдаагийн газар шалгасан. Мөрдөн байцаалтын явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн үед А.С нь өөрийн гэм бурууг тодорхой хэмжээнд нотолсон мэдүүлгүүдийг өгч байсан ба шүүгч хохирогч болон шүүгдэгч нарын хэн нь үнэн зөв яриад байна гэж эргэлзэхэд хүрч байсан. Хохирогчийн мэдүүлэг үнэн зөв эргэлзээгүй байх байтал харин хохирогч өөр өөр мэдүүлэг өгсөн, шүүгдэгч нарын мэдүүлэг тогтвортой үнэн зөвөөр ярьж байгааг шүүх анхаарч гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Цэрэнтогтох тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хэвээр үлдээж, шүүгдэгч нарын болон тэдний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч П.У, П.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч нарын өмгөөлөгч Д.Жаргал, шүүгдэгч П.У, П.Э нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.    

            2. Шүүгдэгч П.У, П.Э нар бүлэглэн 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1  дүгээр багийн нутаг “Таван зуугийн пойл” гэх газарт иргэн А.Стай тухайн цаг хугацаанд үүссэн хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь

            Хохирогч А.Сын: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед Төв аймгийн Угтаалцайдам сумын пойлны ойр орчимд мотоциклтойгоо явж байхад манай пойлонд адуу орж ирсэн явж байсан. Тэгээд би адуунуудыг гаргах гээд хөөж явтал гэнэт манай гэрийн ойролцоо байдаг Пүүжээ гэх хүний хоёр эрэгтэй хүүхэд морьтой ирээд намайг мотоциклтэй явж байхад гар мөр хэсгээр бугуйлдаж унагаагаад намайг морьтойгоо 1 километр орчим газар чирээд явсан. ...Миний биеийн бөгс хэсгийг өөрсдийн барьж явсан сураар олон удаа цохисон. Би хэдэн удаа цохисон эсэхийг санахгүй байна. Мөн цээж хэсэг рүү зүүн талын хавирга тал руу өшиглөсөн, хэдэн удаа өшиглөснийг санахгүй байна. Тэгээд намайг боож ухаан алдуулж унагаасан. ...Яг хэн нь миний зүүн талын хавирга орчимд гэмтэл учруулсан талаар мэдэхгүй байна. Хүлж байгаад  өшиглөөд байсан. Хохирлын баримтыг шүүх дээр гаргаж өгнө. Гомдолтой байна. Би эмчилгээнд гаргасан зардал, болон замын зардлыг нэхэмжлэх болно.” /хх-н 20-21, 24/ гэх,

гэрч Т.Өсөхжаргалын: “...2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр би хаваржаандаа гэртээ байсан. Манай хоёр хүү өвөлжөөндөө байсан. Тус өдөр 19 цагийн үед малаа манай хоёр хүү усалж байгаад 21 цагийн үед малаа хашаандаа хотлуулж хаалга үүдийг нь уяад гэртээ орж унтацгаасан. Тэгээд аав нь болохоор хоёр хүүхдээ орхиод хаваржаа руугаа явсан байсан. Тэгээд шөнө нохой хуцаад байхаар нь 23 цагийн үед У сэрээд гартал хотлуулсан байсан 1000 гаруй хонь байхгүй байсан. Тэгээд ороод дүү Эг дуудаад хоёулаа байшингаасаа гараад баруун талын пойлд мотоцикль болон малын чимээ гарахаар араас нь том хүү У явган бага хүү Э морьтой явсан. Тэгээд очтол 1000 гаруй малыг гэрлээ унтраасан мотоциклтой хүн тууж явсан. Морьтой хүү болох Эг очиход мотоциклтой хүн цааш зугтсан. Э хонио эргүүлчхээд буцаад мотоциклтой хүний араас очиход С гэх хүн байсан гэж манай том хүү Э хэлсэн. Манай хоёр хүү хүнтэй хэрэлдэж муудалцсан болон цохиж зодсон зүйл хэрэг болсон хугацаанд болон урьд өмнө нь тийм асуудал гаргаж байгаагүй.” /хх-н 31-32/ гэх,

гэрч Б.Алтангүлийн: “...Би нөхөр С болон хоёр хүүхдийн хамт гэртээ байж байхад манай нөхөр С 2022 оны 10 дугаар сарын 11-ний орой 23 цагийн үед пойл тойрох гээд өөрийнх нь мотоцикл гэрэл нь асахгүй гээд дүү Сарнайгийн мотоциклтой гараад явсан. Тэгээд шөнө орж ирээгүй бөгөөд маргааш өглөө 09 цагийн үед дүү Сарнайгийн машинаар нь хүргүүлж гэртээ ирсэн. Шөнө пойл тойрч байгаад Пүүжээгийн хоёр хүүхдэд пойлоос малыг нь гаргасан гэж зодуулсан гэж хэлсэн. Тэгээд Бондоохой, Сейрэг гэх дүүг дуудаад машинтай нь Угтаалцайдам сумын эмнэлэгт очиж үзүүлээд гэртээ ирээд манай нөхрийн ах, дүү нар хотоос ирээд Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явсан.” /хх-н 34-35/ гэх,

гэрч А.Сарнайгийн: “Би Төв аймгийн Угтаалцайдам сумын Талын-Уул 1-р баг Тулгатын ам гэх газар амьдардаг бөгөөд манай төрсөн ах А.С нь манай гэрийн хойд пойлны ард талд байдаг юм. 2022 оны 10 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнө намайг гэртээ байж байхад үүрийн 04 цагийн үед манай ах С нь хүнд зодуулчихлаа гээд орж ирэхээр нь хэнд зодуулсан талаар асуухад Пүүжээгийн хоёр хүүхэд, намайг пойлноос мал тууж байхад ирээд зодчихсон гэж хэлсэн. Ах С манайд орж ирэхэд дээгүүрээ ажлын куртиктэй тэр нь шороо болсон, зүүн билүү баруун хамраас нь цус гараад хатчихсан байдалтай орж ирсэн. Толгой нь өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд манайд 20 гаран минут байж байгаад гараад явсан.” /хх-н 37-38/ гэх,

гэрч Х.Одончимэгийн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А.С гэх хүний биед үзлэг хийсэн. Үзлэг хийхээс өмнө надад "толгойн баруун хэсгээр хүзүү рүүгээ дагаж өвдөнө, дотор муухайрна, шөнө бөөлжис хүрсэн, хоёр хөл даагдахгүй өвдөнө, хөл бөгсөн биеэр бүхэлдээ хөндүүр, зовуурь ихтэй гэсний дагуу үзлэг хийхэд биеийн ерөнхий байдал дунд, ухаан саруул, байрлал бага зэргийн албадмал, хүзүү толгой баруун тал руу гилжийнэ, орчиндоо харьцаатай, хэсэг газрын үзлэгээр бөгс хоёр талдаа зодуулсан, улаан цоохор болсон ороолгуулсан оромтой зодуулсан, нуруу, бөгс хэсгүүд нь тэмтрэлээр эмзэглэлтэй, амин үзүүлэлтүүд хэвийн байсан.” /хх-н 40-41/ гэх,

гэрч И.Анармаагийн: “...Олон сар өнгөрсөн тул уг шинжилгээг сайн санахгүй байна. ...Би DVD-г дахин уншуулж үзэхэд баруун талын атгаал ясны анатомын хүзүү хэсэгт ясны сэлтэрхий хугарал харагдаж байна. Би өмнө нь гаргасан шинжилгээг алдаагүй гэж үзэж байна.” /хх-н 47/ гэх,

гэрч Ү.Алдарын: “....Би Төв аймгийн Угтаалцайдам суманд тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. А.С нь манай Угтаалцайдам сумын 500-тын ар гэх газар байрлах тариалангийн талбай харж манайхаас ажлын хөлсөндөө тэжээлийн будаа болон өвс ногоон тэжээл авдаг хүн юм. Албан ёсны гэрээ байгуулаагүй. Аман тохиролцооны үндсэн дээр манай талбайг хардаг байсан.” /хх-н 53-54/ гэх,

гэрч О.Оюунболдын: “...Би Төв аймгийн Угтаалцайдам сумын нутагт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Х.Баттулга нь бусдад хутгалуулж нас барсан гэх гэмт хэргийн дуудлагад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх үед 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр А.С гэх хүн бусдад зодуулсан гэж ирсэн бөгөөд хэсгийн төлөөлөгч байхгүй байсан тул би шинжээч томилсон тогтоол үйлдээд Төв аймгийн Зуунмод сум руу Төв аймгийн цагдаагийн газар очиж бүртгэлд оруулаад шинжээч эмчид үзүүлээрэй гэж хэлээд явуулсан юм. Гэтэл А.С гэх хүн шууд Төв аймгийн Шүүх шинжилгээний албанд очиж үзүүлээд буцаад гэр рүүгээ явсан байсан тул уг гомдол мэдээллийг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бүртгэлд оруулсан болно.” /хх-н 59/ гэх,

Шинжээч И.Ганболорын: “...Баруун атгаал ясны хугарал нь хүндэвтэр, зүүн талын 10-р хавирганы хугарал нь хөнгөн баруун өгзгөнд цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Лазер мед эмнэлгийн 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Компьютер томографын шинжилгээний хариуг үндэслэж дүгнэлтийг гаргасан. Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.” /хх-н 66-67/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөрийн 743 дугаартай шинжээчийн: “1.А.Сын биед хийсэн Компьютер томографикийн  шинжилгээгээр баруун атгаал ясны анатомийн хүзүү хэсэгт ясны эдийн бүтцийн өөрчлөлттэй, ясанд гэмтэлгүй байна. 2.А.Сын биед тухайн үед зүүн талын 10-р хавирганы хугарал, баруун өгзөгт цус хуралт гэмтэл учирчээ. 3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-н 83-86/,

хохирогч А.Сын Төв аймгийн цагдаагийн газарт гаргасан гомдол /хх-н 11/, “Лазер мед” эмнэлгийн компьютер томографын шинжилгээ /хх-н 69-71/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн зөвлөмж, эмнэлгийн магадлагаа /хх-н 72-73/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

3. Шүүгдэгч П.У, П.Э нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар мөрдөн шалгах ажиллагаа явуулж цуглуулж, бэхжүүлсэн байна.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн байх ба шүүгдэгч П.У, П.Э нар бүлэглэн иргэн А.Сын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх үйлдлийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

5. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр үнэлж, хэргийн бодит байдлыг анхан шатны шүүх хуралдааны явцад талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоон хянан шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

6. Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдсан.

Анхан  шатны шүүх шүүгдэгч П.У, П.Э нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч тус бүрийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

7. Шүүгдэгч П.У, П.Э нар болон тэдний өмгөөлөгч  Д.Жаргалаас “Хохирогч А.С /хх-21/-т мэдүүлэхдээ: "Хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн баримт болон А.Сад холбогдуулж миний үйлчлүүлэгч нарын төрсөн аав Г.Пүрэвжав 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гомдол гаргасан ба уг гомдолд хэрэг бүртгэлтийн 223400752 дугаартай хэрэг нээсэнтэй холбоотойгоор бензиний зардал А.Сад гарсан байх боломжтой баримтууд эргэлзээтэй байхад хохиролд тооцон гаргасан.

Хохирогч өөр өөр мэдүүлэг өгсөн, шүүгдэгч нарын мэдүүлэг тогтвортой үнэн зөвөөр ярьж байгааг шүүх анхаарч гэм буруутайд тооцож, оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

8. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцдог.

Хохирогч А.С нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол болох 1,038,500 төгрөгийн баримтыг шүүхэд гаргаж өгчээ.

Хавтаст хэрэгт хохирогч А.С нь “Ээлтэй оточ Манал” эмнэлэгт хэвтсэн баримт /хх-н 188/ авагдсан байх ба харин түүнийг Гэмтэл согогийн үндэсний төвд биеэ үзүүлсэн байх ч хэвтсэн эсэх баримт авагдаагүй тул нэг цаг хугацаанд 2 эмнэлэгт хэвтсэн баримт давхардуулан гаргаж өгсөн гэж үзэх боломжгүй байна.

2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 223400752 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Г.Пүрэвжав нь 2022 оны 10 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө тус багийн Таван зуутын хагархай гэх газарт байдаг өвөлжөөн дээрээс өөрийн эзэмшлийн 1012 тооны бог малаа алдсан” гэх бүртгэлийн М-3839 дугаартай гэмт хэргийн талаарх мэдээлэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. /хх-н 95/ Хохирогч А.Сын гаргаж өгсөн шатахууны баримтууд нь дээрх хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс өмнө авсан баримтууд байх тул эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүх гэмт хэргийн хохирлыг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх хэмжээг тогтоон шүүгдэгч П.У, П.Э нараас тус бүрээс нь 546,250 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч А.Сад олгохоор шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

9. Анхан шатны шүүх шүүгдэгч П.У, П.Э нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүгдэгч нарт хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь  Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх гэм буруугийн зарчим болон эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцсэн байна.

10. Иймд шүүгдэгч П.У, П.Э нар болон тэдний өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2023/ШЦТ/452 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.У, П.Э, тэдгээрийн өмгөөлөгч Д.Жаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            З.ТҮВШИНТӨГС

                              ШҮҮГЧИД                                   М.МӨНХДАВАА

                                                                                      Р.МӨНХ-ЭРДЭНЭ