Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 124/ШШ2025/0034

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Увс аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Батдорж би, Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ээс ирүүлсэн “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г-ын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0953102 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий дүгнэлттэй улсын байцаагч П.Г-д холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: “...Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г-оос бүртгэлийн 197 дугаартай “С н з” ХХК нь “...барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн барилгын үйл ажиллагаа эрхлэх БУ/45-327/22 дугаарын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, А.С-т 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 0953102 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, шийдвэрлэжээ. Материалд авагдсан нотлох баримтуудаас дүгнэхэд “С н з” ХХК-ийн захирал А.С-ыг хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон, Улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа, холбогдогчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн тогтоогдож байна. Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад “Улсын бүртгэлд бүртгүүлэхээр мэдүүлэг гаргагч хуульд заасан үүргээ биелүүлээгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж хуульд заасан. Мөн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3 дахь хэсэгт зааснаар “Энэ хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” гэж хуульчилсан. Гэтэл эрх бүхий албан тушаалтан 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр 0953102 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч А.С-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50,000 төгрөгөөр торгож, шийтгэлийн мөнгөн дүнг төлүүлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Зөрчил, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно” гэж заасан хууль ёсны зарчмыг алдагдуулж, хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон тус аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г-ын 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 0953102 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичиж, хүргүүлэв” гэжээ.

Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 50 дугаартай “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгох тухай” прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г миний бие 2025 оны 05 дугаар сарын 29-ний өдөр бүртгэлийн 197 дугаартай “С н з” ХХК нь “...Барилга, хот байгуулалтын сайдын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн барилгын үйл ажиллагаа эрхлэх БУ/45-327/22 дугаарын тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаанд улсын бүртгэлд бүртгүүлээгүй” гэх зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хялбаршуулсан журмаар шалгаж, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулахаар зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулсан. Үнэт цаасны 0953102 дугаартай шийтгэлийн хуудсыг бичихдээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “С н з” ХХК-ийн захирал А.С-ыг таван зуун нэгжээр буюу 500,000 төгрөгөөр торгох байсныг шийтгэлийн хуудас бичиж байхдаа андуурч тус компанийн захирал А.С-ыг 50 нэгж буюу 50,000 төгрөгөөр торгож шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна. Иймд Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н тус шүүхэд Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн  хяналтын улсын байцаагч П.Г-д холбогдуулан 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0953102 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах шаардлага бүхий дүгнэлтийг шүүхэд гаргасан.

Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0953102 дугаартай шийтгэлийн хуудсаар А.С-т Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 15.23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар 50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 50,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г прокурорын дүгнэлттэй холбогдуулаад шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж шүүхэд бичгээр тайлбар гаргасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх эрхтэй, мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

Хэргийн оролцогч нарт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй...” талаар тайлбарласан ба түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэснээс үүсэх үр дагаврыг тайлбарласан тухай баримтад гарын үсэг зурсан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор С.Н-ийн “Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагчийн 2025 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 0953102 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтийг хариуцагч Увс аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн хяналтын улсын байцаагч П.Г хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх заалтад заасны дагуу прокурор нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болохыг дурдсугай.

 

 

 

                                        ШҮҮГЧ                                      О.БАТДОРЖ