Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 240

 

   

                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                   

                          

 

 

 

 

                   

                      

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн

улсын яллагч Н.Энхболд

шүүгдэгч З.Б

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 1805012590272 дугаартай, 1 хавтас хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 3 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ойн инжинер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн тоотод оршин суух, ялгүй, дугаарын регистртэй, Авга овогт Згийн Б

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч З.Б 2018 оны 2 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 73 дугаар байрны 7 тоотод хамтран амьдрагч Т.Пүрэвзулыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч З.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

Миний хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргахгүй. Тиймээс ч өмгөөлөгч авах шаардлагагүй гэж үзсэн. Тухайн үед эхнэртэйгээ муудалцах шалтгаан нь хадам ээж бид нарын хоорондын мөнгө төгрөгний асуудлаас болсон. Эхнэртээ гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Бид хоёр дундаасаа нэг охинтой. Цаашид эхнэр, хүүхдээ зодож, зовоохгүй байж чадна. Одоо бид нар эвлэрээд хамтдаа байгаа. Баянгол дүүргийн 73-7 тоот бол манай хадам эхийн нэр дээрх байр юм. Бид нар тэр байранд нь амьдардаг байсан юм гэв.

    

 

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шүүх шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Түмэн-Өлзийн Пүрэвзул “... 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр гэртээ, өөрийн 9 настай охин Маралтайгаа байж байтал манай нөхөр Б шөнө 01:23 цагийн орчимд гаднаас шал согтуу орж ирээд надад агсам тавьж, миний эхийг болон манай хамаатан саданг муулж, шуналтай авгай, янхан, муу хятад авгай, та нар намайг барах юм уу гээд хэрүүл маргаан үүсгэсэн. Манай ээж Даваа руу утсаар залгаж муу шуналтай пизда авгай минь чиний охин чинь 3 давхраас унаад үхчихлээ, хохь чинь гээд орилж утсаар яриад байсан.

Би зугтаагаад гарах гэхэд намайг буцаж чирч оруулж ирээд боож газар унагаасан. Би сэтгэл санаагаар унаж гэрийнхээ болкон руу үсэрч амиа хоролмоор санагдаад гарсан. Хэсэг хугацааны дараа том эгчийн охин болох Цолмон нь 3 цагдаагийн албан хаагчтай манай гэрт орж ирсэн. Манай нөхрийг авч явсан. Түүнээс хойш би сэтгэл санаагаар унаж, 2 хоног гэртээ харилгүй нутаг руугаа очсон. Манайх Сэлэнгэ аймгийн Зүүнхараа сумын айл.

Б бид хоёр хамт амьдраад 12 жил болж байна. Ер нь бол гэр бүлийн маргаанаас болж зодуулж цохиулж байсан. Б нь надтай хамт амьдарч эхэлснээс хойш нэг жилийн дараагаас эхэлж зодож зоддог байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэргэлэдэг. Уухгүй удлаа гэхэд л 10 хоног болдог. Архи уусан үедээ байнга хэрүүл гуйж маргаан үүсгэх маягтай байдаг. Намайг тухайн өдөр аргаа бараад гэрээсээ гарах гэхэд араас боож татаад гэр рүү оруулж газар унагаасан. Одоо миний биеийн баруун гарын шуу тохой хүзүүний ар хэсэг зүүн гарын суга хэсэгт хөхөрсөн зүүн хөлний шилбэ шалбарсан. Надад агсам тавьж байх үед миний охиныг түлхэж унагаагаад, чи намайг л дагаж явах ёстой хүүхэд гээд муухай орилж хүүхдийг минь айлгасан.

Урьд нь Б манай ээж, дүүтэй мөнгөний асуудалтай байсан. Тэрнээс болж байнга танайхан шуналтай гээд хэрүүл хийдэг юм. Тэр өдөр ч гэсэн мөнгөний асуудлаас болж над руу уурлаж агсам тавьж хэрүүл хийсэн. Тэгээд сүүлдээ манай ээж рүү залгаж хэл амаар доромжлоод байсан. Тухайн үед намайг цохиж зодоогүй, намайг хаалгаар гарах гэж байхад чирч татаж оруулж хана руу түлхсэн.

Б заримдаа согтуу ирэхээрээ хэрүүл хийж хэл амаар доромжилж байгаад унтчихдаг. Урьд нь надад гар хүрч байгаагүй. Би 2009 онд эрүүлжүүлэхэд барьж өгч байсан. Б хувиараа мод үржүүлгийн компанитай. Согтууруулах ундааг сардаа 1 удаа уучихдаг. Уухаар 2-3 хоног ууна. Заримдаа ааш нь гайгүй агсам тавьдаггүй. Заримдаа агсам тавиад байдаг. Тэр өдрөөс хойш гэрээсээ гараад явсан. Хаана хэнтэй хамт амьдарч байгааг нь мэдэхгүй байна. Тэр өдрөөс хойш уулзаагүй, харин охинтойгоо утсаар ярьж сургууль дээр нь уулзсан байна лээ. Манай нөхөр огцом түргэн ааштай, тэгээд уур нь амархан гарна. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл алга” /хх-н 42-44, 50-51/ гэж,

гэрч Түмэн-Өлзийн Гантулга “... манай ээж Даваагийн утас руу хүргэн ах Б 2018 оны 2 дугаар сарын 22-ны шөнө 02 цаг 44 минутанд залган новшийн шуналтай пизда авгай минь гэх мэтээр утсаар элдвээр хэлж дарамталж мөн хэсэг хугацаа өнгөрсний дараа дахин дахин залгаж охин чинь үхчихлээ хохь чинь гэх мэтээр ээж рүү залган дарамталсан байсан. Миний ээж одоо 80 хүрч байгаа буурай. Ийм өндөр настай хүнийг шөнөөр гар утас руу нь залган дарамталж миний эгчийг бас олон жил дарамталж байсныг өнөөдөр л мэдлээ. Тэгээд манай ээж шөнө дүү Цолмонг дуудаад Баянгол дүүргийн Цагдаагийн хэлтэс рүү явуулаад тэндээсээ 2 цагдаа аваад эгчийнд очсон гэсэн. Очиход эгч хаалгаа тайлахгүй байхаар нь цагдаа нар хаалгыг нь эвдээд ороход манай эгчийг полкон дээрээ цоожилсон, 2 дугаар ангийн хүүхдээ жорлон дотроо цоожилсон, өөрөө өрөөндөө хэвтэж байсан гэсэн. Цагдаа нар Быг авч яваад саатуулах байранд саатуулаад, өглөө нь манай эгч өөрөө цагдаа дээр ирээд нөхрөө авсан гэсэн. Учир нь нөхрөө авахгүй бол нөхөр нь дахиад айлгах вий гээд өөрөө нөхрөө очиж аваад гомдолгүй гэж хэлсэн байгаа юм.

Бид нар энэ Б гэх хүнд гомдолтой. Энэ хүнд хуулийн дагуу зохих арга хэмжээ авахуулах хүсэлтэй байна” /хх-н 7-8/ гэж,

гэрч Жигжидийн Цолмон “... 02 цагийн орчимд манай эмээ рүү Б утсаар залгаж танай охин чинь 3 давхрын болкон дээрээс унаад үхсэн, хохь чинь, муу шуналтай пизда минь гэсэн байсан. Тэр даруй манай эмээ над руу залгаад эгчийг чинь Б алах гэж байх шиг байна, миний охин очоод ир гэсэн учир би очсон. Би гэхдээ гарахаасаа өмнө цагдаагийн 102 утсанд дуудлага өгсөн байсан. Очих замдаа охин Хорол руу нь залгаад юу болоод байгаа талаар асуусан чинь харин тийм ээ, ээжийг үхсэн гээд байна гэж хэлсэн. Мөн 10 настай Марал эгч рүүгээ залгаад аниа хурдан ир гээд уйлаад, орилоод байсан гэж хэлсэн. Ингээд цагдаагийн албан хаагч нартай гэр рүү нь орох гэсэн чинь гаднах бүргэд хаалга нь онгорхой мөртлөө дотор модон хаалга нь цоожтой байсан. Би дуудлагын цагдаа нарт хэлж эвдүүлж орсон чинь Б нь том өрөөндөө 2 гараа дэрлэсэн, юу ч болоогүй юм шиг согтуу хэвтэж байсан.

Надтай хамт дуудлагаар орсон цагдаа нар эгч дүү нарыг хайгаад өрөөнүүдийг шалгасан чинь манай эгч Пүрэвзулыг балкон дээр гаргаад дотроос нь цоожилсон байсан. 10 настай Марал охин 00 өрөөнөөс гарч ирсэн. Иймд би цагдаагийн газарт өргөдөл гомдол гаргасан.

Ер нь бол байнга архидан согтуурч гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг талаар зөндөө сонсож байсан. Намайг пизда, шээс минь чи миний гэрт орж ирдэг хэн бэ, чамайг биш, намайг манай эхнэр өмөөрнө гэж хэлсэн” /хх-н 19-21/ гэж,

гэрч Пүрэвдоржийн Хорол “... унтаж байтал хойд эцэг Б над руу залгаад би эмээтэй чинь мөнгө нэхсэн талаар ярьлаа гэж хэлээд утсаа салгасан. Удалгүй манай эмээ над руу залгаад Б намайг хэл амаар доромжилсон, шуналтай пизда авгай минь охиныг чинь 3 давхраас уначихлаа гээд залгаад байна, чи ярь даа, ээж чинь яаж байгаа бол гэхээр нь би ээжийн утас руу залгахад Б утсыг нь аваад эмээтэй чинь ярьсан гээд өөр нээх олигтой зүйл ярихгүй байсан. Ээжтэй яръя гэсэн чинь яриулаагүй, чи ир, ээж чинь 3 давхраас унчихлаа, чи ээждээ хайргүй юм уу гээд байсан.

Манай ээжийн утаснаас манай дүү Марал зөндөө залгаад хурдан ирээч гээд уйлаад байсан. Б ээж хоёр бараг 10 гаруй жил хамт амьдарч байгаа. Хойд эцэг Б байнга архи уудаг, согтсон үедээ хүнийг байнга хэл амаар доромжилдог. Намайг нэг удаа зодож цохиж байсан. Харин манай ээжийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ байнга хэл амаар доромжилж байдаг. Яг хэдэн удаа гар хүрч байсныг нь сайн санахгүй байна, ямар ч байсан гар хүрдэг байсан. Мөн манай ээж цагдаад өгсөн ч маргааш гараад ирнэ гэж боддог учраас нэг их цагдаад хандаад байсан удаа байхгүй гэж бодож байна. Энэ хүн нь байнга архидан согтуурдаг хажууд хүн байлгахын аргагүйгээр хэл амаар доромжилдог, дарамталдаг” /хх-26-28/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Түүнчлэн хохирогч Т.Пүрэвзулын гэмтэлтэй холбоотой “Т.Пүрэвзулын биед тархи доргилт, зүүн мөр, зүүн бугалга, баруун буглага тохой, шуунд цус хуралт, зүүн өвдөг, шилбэ, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаа эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” /хх-н 55/ гэсэн 3005 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан бөгөөд дээрх бичгийн баримтууд нь шүүгдэгчийн гэм буруутайг нотолно.

 

Иймд шүүгдэгч З.Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Өөрөөр хэлбэл прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүхээс шүүгдэгч З.Бт ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн Шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Шүүгдэгч З.Б бусдад төлөх төлбөргүй бөгөөд хохирогч Т.Пүрэвзул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч З.Б цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Түүнчлэн шүүгдэгч З.Б шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан бөгөөд энэ байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцсэнийг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.6 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйл, 37.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

                                                                                                                    ТОГТООХ нь:

 

  1. Авга овогт Згийн Быг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. З.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 750 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 750.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. З.Бт оногдуулсан 750.000 төгрөгийн торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаанд хэсэгчлэн буюу сар бүр 375.000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

 

4. З.Б торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. З.Б цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Т.Пүрэвзул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн зүйлгүйг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл З.Бт урьд авсан “хувийн баталгаа” гаргуулах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                                  ДАРГАЛАГЧ,

                         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          О.ЖАНЧИВНЯМБУУ